Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц13 4/1 х. 3-6
  • Есүс амилсан гэж үнэн үү?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Есүс амилсан гэж үнэн үү?
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ХРИСТ АМИЛААГҮЙ БОЛ ЯАХ БАЙСАН БЭ?
  • ИТГЭХИЙН УЧИР
  • Амилах найдвар баттай!
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
  • Дахин амилах найдвар хүчтэй
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2000
  • Есүс амилсан нь бидэнд ач холбогдолтой
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
  • Дахин амилах тухай сургаал танд ч хамаатай
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2005
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
хц13 4/1 х. 3-6

ОНЦЛОХ СЭДЭВ: ЕСҮС АМИЛСАН БИДЭНД ХАМААТАЙ ЯВДАЛ

Есүс амилсан гэж үнэн үү?

ОДООГООС 2 500 жилийн өмнө амьдарч байсан Грекийн түүхч Геродот тухайн үеийнхээ египетчүүдийн талаар өгүүлсэн байдаг. «Баячуудын цайллага дээр зоог барьсны дараа нэг юм уу хоёр тохой урт, модоор хийсэн юм барьсан хүн орж ирнэ. Тэр нь авсан дахь цогцос яг л ийм байдаг байх гэмээр харагдах аж. Түүнийгээ бүх хүнд үзүүлж, „Энийг сайн харж ав. Үхсэн хойноо ийм л болно. Одоо л уу, наргиж цэнгэ“ гэдэг» хэмээн бичжээ.

Амьд явах хийгээд үхэхийн тухайд египетчүүд л ингэж боддог байсан хэрэг биш ээ. Өнөөгийн хүмүүс ч: «Идэж ууж, жаргаж байгаад үхнэ» гэж ярьдаг. Хэрэв энэ яваа насаар бүх юм дуусдаг юм бол амьддаа л жаргая гэж бодохыг зөв ч гэмээр юм шиг. Үнэнч шударга явж, сайныг үйлдэнэ гэж зүтгэхийн хэрэг байна уу? Үхээд л бүх юм дуусах юм бол өнөөдрөөрөө амьдрах нь ухаалаг гэж бодогдмоор. Элч Паул ч иймэрхүү үг бичсэн байдаг. Тэрбээр: «Хэрэв үхэгсэд амилуулагдахгүй юм бол „Маргааш бид үхэх учраас цөмөөрөө идэж ууцгаая“» гэж бичихдээ, нас барсан хүн амилна гэж итгэдэггүй хүмүүсийн үзлийг илэрхийлсэн (1 Коринт 15:32).

Гэхдээ Паул өөрөө, үхэл бол бүх юмны төгсгөл гэж бодож байгаагүй. Нас барагсад амилна, амилаад дахин үхэхгүй байх боломжтой гэдэгт итгэдэг байв. Ийн итгэх болсон нь нэг чухал үйл явдлаас үүджээ. Есүс Христийн амилсныг худал гэж няцаахын аргагүй гэж Паул үзэж байв.a Үнэхээр ч энэ агуу үйл явдал эртний христиануудын итгэлийг бэхжүүлсэн билээ.

Есүсийн амилсан нь бидэнд ямар ач холбогдолтой вэ? Есүсийн амилсныг гарцаагүй үнэн гэж үзэх ямар баримт байна вэ? Коринт дахь христиануудад Паулын бичсэн захидлаас дээрх асуултын үнэн зөв хариуг мэдэж авцгаая.

ХРИСТ АМИЛААГҮЙ БОЛ ЯАХ БАЙСАН БЭ?

Коринтын зарим христиан Есүсийн амилсныг сайн ойлгодоггүй, зарим нь нас барагсад амилна гэдэгт огт итгэхгүй байжээ. Элч Паул, үхсэн хүн амилна гэдэг ор үндэсгүй юм бол ямар үр дагавар гарахыг Коринтын христиануудад илгээсэн эхний захидалдаа ингэж тайлбарлажээ. «Хэрэв үхэгсдийн амилалт байхгүй бол Христ ч амилуулагдаагүй болно. Хэрэв Христ амилуулагдаагүй бол бидний тунхаглал хоосон, та нарын итгэл ч хоосон болох юм. ... Бид Бурханы тухай хуурамч гэрчлэгчид болно. ... Та нарын итгэл хэрэггүй ажээ. Та нар ч нүгэл дотроо байсаар байна. Тэгвэл Христ дотор нойрсогсод ч мөн мөхсөн болно» хэмээжээ (1 Коринт 15:13–18).

«Тэр таван зуун гаруй ах дүүд нэг мөчид үзэгдсэн. ... Дараа нь Тэр Иаковт, тэгээд бүх элчид үзэгдсэн. Бүгдийн эцэст ... надад1 ч Тэр бас үзэгдсэн билээ»(1 Коринт 15:6–8).

Паул үгийнхээ эхэнд няцаахын аргагүй нэг баримтыг бичжээ. Хэрэв үхсэн хүн амилахгүй юм бол, Христ ч бас амилаагүй болох байв. Христ амилаагүй юм бол сайн мэдээ нь худал болж, сайн мэдээг дэлгэрүүлэхийн ч хэрэггүй байжээ гэсэн үг. Христ амилсан гэдэг сургаал христ шашны нэг гол сургаал бөгөөд Бурхны хэмжээгүй эрх мэдэл, нэр, Хаанчлал, хүн төрөлхтний аврал гэх мэтийн үндсэн сургаалтай салшгүй холбоотой. Тэгвэл Христ амилаагүй юм бол Паул болон бусад элч нар мөн чанартаа худал мэдээ тунхагласан болж таарна.

Цаашилбал, христийн шашин ч худал хуурмагт үндэслэсэн хоосон юм болох байв. Есүсийг үхээд амилсан гэж тунхаглаж явсан Паул гэх мэтийн элч нар Ехова Бурхан Есүсийг амилуулсан хэмээн Есүсийн ч тухай, Бурхны ч тухай худал ярьсантай адил болно. Бас Христ «бидний нүглийн төлөө үхсэн» хэмээх тунхаглал ч худал болж таарна. Аврагч нь өөрөө үхэлд дийлдээд амилаагүй байж яаж бусдыг аврах билээ? (1 Коринт 15:3). Христ амилаагүй юм гэвэл, итгэл үнэмшлээсээ болж амиа алдсан христианууд өөрсдийгөө амилна гэж найдсан нь дэмий хэрэг болно.

Эдгээрт үндэслэн Паул: «Хэрэв бид зөвхөн энэ амьдралдаа Христ дотор найдсан бол бид бүх хүнээс хамгийн өрөвдөлтэй нь болно» хэмээн дүгнэжээ (1 Коринт 15:19). Бусад христианы адилаар Паул ч нас барсан хүн амилна, амилаад ач тус хүртэнэ гэдэгт итгэдгээсээ болж хавчигдаж, гарз хохирол үзэж, үхэлтэй нүүр тулж явсан. Гэтэл нас барсан хүн амилахгүй бол дэндүү харамсалтай явдал болох бус уу!

ИТГЭХИЙН УЧИР

Паул итгэл үнэмшлээ үндэс баримтгүй гэж хэзээ ч бодож байгаагүй. Тэрбээр Есүсийн амилсныг мэддэг байсан бөгөөд үүнийг баримтаар батлан Коринт дахь христиануудад ийн бичжээ. «Судрын дагуу Христ бидний нүглийн төлөө үхсэн бөгөөд оршуулагдан, Судрын дагуу гурав дахь өдөртөө амилуулагджээ. Тэрээр Кефт, дараа нь өнөөх арван хоёрт үзэгдэв.b Үүний дараа Тэр таван зуун гаруй ах дүүд нэг мөчид үзэгдсэн бөгөөд одоо болтол тэдний олонх нь амьд байна. Харин зарим нь нойрсжээ. Дараа нь Тэр Иаковт, тэгээд бүх элчид үзэгдсэн. Бүгдийн эцэст ... надад ч Тэр бас үзэгдсэн билээ» (1 Коринт 15:3–8).

Энэ удаад Паул Христийг бидний нүглийн төлөө үхсэн, оршуулагдан, амилуулагджээ хэмээсэн баттай баримтаар үгээ эхэлжээ. Ямар учраас ийм итгэлтэй байсан юм бол? Юуны түрүүнд, нүдээр үзсэн гэрчүүд байсных юм. Есүс амилсныхаа дараа ганц нэг хүнд (Паулд ч бас), бүлэг хүнд, бүр 500 хүнд үзэгдсэн билээ. Тэднээс олон нь Есүсийг амилсан гэж дуулаад итгэж ядан байжээ (Лук 24:1–11). Паулыг дээрх үгээ бичих үед Есүсийг харсан хүмүүсийн ихэнх нь амьд сэрүүн байсан учир тэднээс асууж лавлаж болох байв (1 Коринт 15:6). Ганц хоёр хүний үгийг тоохгүй байж болох ч 500 гаруй гэрчийн үгийг үндэсгүйд үзэх аргагүй шүү дээ.

Паул Есүсийг «Судрын дагуу» үхэж, оршуулагдан, амилуулагджээ гэж хоёр ч удаа бичсэн нь анхаарал татдаг. Эдгээр үйл явдал Мессиагийн талаар Еврей Судрын зөгнөлүүд биелж, Есүс бол үнэхээр Бурхны амласан Мессиа байсныг баталсан.

Есүсийн амилсныг батлах гэрчүүдийн үг, Судрын тайлбарт итгэдэггүй хүмүүс байсан, одоо ч байдаг. Зарим хүн шавь нар л Есүсийн цогцсыг хулгайлчихаад, амилсныг нь харсан гэж ярьсан гэдэг. Гэвч үнэндээ Есүсийн шавь нар бол Есүсийн булшийг манаж байсан Ромын цэргүүдээс илүү эрх мэдэлтэй, нэр нөлөөтэй хүмүүс байгаагүй. Нөгөө талаас, амилсан Есүсийг харсан гэдэг хүмүүс үнэндээ хий юм харсан гэж тайлбарладаг хүмүүс байдаг. Гэхдээ энэ тайлбарыг үндэсгүй гэж үзэх баримт бол Есүс амилсныхаа дараа олон хүнд өөр өөр нөхцөлд үзэгдсэн явдал юм. Жишээ нь, амилсан Есүс Галил нуурын эрэгт загас хайрч, шавь нартаа өгдөг. Ямар нэг хий юм загас хайрчээ гэж итгэх нь ухаалаг хэрэг гэж үү? (Иохан 21:9–14). Бас хүн төрхтэй харагдах хий юм биедээ гар хүргүүлэх байсан гэж үү? (Лук 24:36–39).

Түүнээс гадна, Есүс амилсан гэдэг яриаг шавь нар нь л зохиосон гэх хүмүүс байдаг. Тэгвэл ямар хэрэгтэй гэж ийм худал үг ярьсан байх вэ? Шавь нар нь Есүсийг амилсан гэж гэрчилснийхээ төлөө олны элэг доог болж, хавчлагад өртөн, амь насаа алдаж байсан. Худал үг тараах гэж амиараа дэнчин тавих хүн байх уу? Тэд Есүсийг амилсан хэмээн хамгийн түрүүнд Иерусалимд тунхагласан. Гэтэл Иерусалимд тэднийг юугаар ч болов шалтаглан барьж хориход бэлэн эсэргүүцэгчид байсан шүү дээ.

Есүсийн амилсан нь түүний шавь нарт харгис хавчлагаас шантрахгүй Эзнийхээ тухай гэрчлэх эр зориг өгсөн юм. Бас энэ явдал христ шашны сургаалын нэг цөм болсон. Эртний христианууд ердөө л, хүний гарт амиа алдсан нэг сайн багшийн талаар ярих гэж бус, харин Есүсийг амилсан гэж тунхаглах гэж амиараа дэнчин тавьж байсан. Учир нь Есүс амилсан нь өөрсдийг нь удирдаж, дэмжиж явсан тэр хүн бол үнэхээр Бурхны Хүү, Христ мөн байсныг, дахин хүчирхэг бодгаль болсныг баталсан. Тэгэхлээр, тэд ч бас амилна гэсэн үг байлаа. Хэрэв Есүс амилаагүй бол христ шашин гэж байхгүй, та бид ч Есүсийн талаар сонсохгүй байх байсан.

Гэхдээ Христийн амилсан нь бидний хувьд чухам ямар ач холбогдолтой вэ?

a Библид «амилах» гэж орчуулдаг грек үг нь «дахин босох» гэсэн утгатай бөгөөд хүн давтагдашгүй зан чанар, ой ухаанаа алдалгүй дахин амилах гэсэн санаа илэрхийлдэг.

b «Элч нар» Искариотын Иудасыг үхсэний дараа нэг хэсэгтээ 11-үүлээ байсан ч тэднийг «өнөөх арван хоёр» гэж хэлжээ. Есүсийг үзэгдэхэд 12 элчээс, хамгийн олондоо, 10 нь байсан бололтой. Учир нь элч Томас эзгүй байж таарчээ (Иохан 20:24).

БАЙНГА ТАВЬДАГ АСУУЛТ

Хэн амилах вэ?

«Зөв, зөв бус хүмүүсийн хэн хэн нь амилна» (Үйлс 24:15, МБОХ, 1996). Зөв хүмүүс гэдэг нь Ноа, Абрахам, Сара нарын Бурханд үнэнч хүмүүсийг хэлдэг. Зөв бус хүмүүс гэдэг нь Бурхны хэм хэмжээний талаар сурч мэдэж, дагаж мөрдөх боломжгүй байсан учир шаардлагыг нь хангаагүй хүмүүсийг хэлдэг.

Амилсан хүмүүс хаана амьдрах вэ?

Зарим хүн үхэшгүй мөнхийн сүнсэн биетэй болж тэнгэрт амилаад Христтэй хамт хаан, тахилчаар дэлхийг захирна (Илчлэлт 5:9, 10). Гэхдээ ихэнх хүн дэлхий дээр амилж, Диваажин дэлхийд мөнх амьдарна (Дуулал 37:29).

Хүмүүс хэзээ амилах вэ?

Дэлхий дээр ёс бус хүмүүс үгүй болсны дараа амилна. Есүсийн Мянган жилийн засаглалын үед дэлхий диваажин болоход бүр олон хүн амилахыг Библид бичсэн байдаг (Илчлэлт 20:6).

Улаан өндөгний баярын зан үйл Есүсийн амилсантай холбоотой юу?

Улаан өндөгний баярын бэлгэдэл болох туулай, өндөг, лаа, сараана цэцэг нь хуурамч шашнаас үүсэлтэй. Есүсийн амилсныг Улаан өндөгний баяраар тэмдэглэдэг гэж зарим хүн ойлгодог ч үнэн хэрэгтээ уг баяр ч, бэлгэдэл нь ч Есүсийн амилсантай огт холбоогүй юм. Үүнийг мэдэх нь их чухал. Бурхан биднийг хуурамч шашнаас тусгаар байхыг, өөрийг нь «сүнс ба үнэнээр» шүтэхийг Үгээрээ уриалдаг (Иохан 4:23, МБОХ, 1996; 2 Коринт 6:17).

Шашны зарим урсгалынхан Есүсийг Бурхан гэдэг. Тэгвэл Есүсийг хэн амилуулсан бэ?

Есүс бол Бурхан биш, Бурхны Хүү юм. Бурхныг Ехова гэдэг бөгөөд Бурхан Есүсийг амилуулсан (Ром 10:9). Библи судлаач нэг эрдэмтэн: «Өөрийгөө амилуулна гэдэг бүтэшгүй хэрэг л дээ. Христ ч ингэж чадахгүй» гэж тайлбарлажээ.c

c Эдгээр асуултын дэлгэрэнгүй хариуг Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 7, 8-р бүлэг юм уу www.jw.org сайтаас үзнэ үү.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах