Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц13 4/15 х. 3-6
  • Тэд сайн дураараа үйлчилдэг—Мексикт

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Тэд сайн дураараа үйлчилдэг—Мексикт
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • «АМЬДРАЛАА ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ ЮМ БИЛЭЭ»
  • «ЁСТОЙ САЙН ЮМ БОЛСОН»
  • МЯНГА МЯНГАН ХРИСТИАН САЙН ДУРААРАА ҮЙЛЧИЛДГИЙН УЧИР
  • БЭРХШЭЭЛ
  • ӨӨРИЙГӨӨ ЯАЖ БЭЛДЭХ ВЭ?
  • Тэд сайн дураараа үйлчилдэг
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2017
  • Тэд сайн дураараа үйлчилдэг—Тайваньд
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
  • Тэд сайн дураараа үйлчилдэг—Филиппинд
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
  • Ехова «сайн гэдгийг амсаж үз»
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2021
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
хц13 4/15 х. 3-6

Тэд сайн дураараа үйлчилдэг—Мексикт

ЭГЭЛ жирийн амьдарч, үйлчлэлээ өргөжүүлж байгаа христиан залуучууд олон болж байгааг харах ямар сайхан бэ! (Мат. 6:22). Тэд амьдралаа яаж өөрчилдөг вэ? Ямар бэрхшээл тулгардаг вэ? Эдгээр асуултын хариуг мэдэж авахын тулд Мексикт үйлчилж байгаа зарим залуустай танилцъя.

«АМЬДРАЛАА ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ ЮМ БИЛЭЭ»

Дастин Еэса хоёр

Америкаас ирсэн Дастин Еэса хоёр 2007 оны 1 дүгээр сард гэрлэжээ. Төд удалгүй олон жилийн хүслэн болсон дарвуулт завиа худалдаж аваад тэндээ жил тойрон амьдарчээ. Тэд АНУ-ын Орегон мужийн Асториа хотын ойролцоох эрэгт завиа бэхэлсэн аж. Асториа нь Номхон далайн ойролцоо оршдог өтгөн ойтой, мөнх цаст уултай үзэсгэлэнт хот юм. «Хаашаа ч харсан байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар даа!» гэж Дастин ярьсан юм. 7,9 метрийн урттай завинд аж төрж, цагийн ажил хийж, гадаад хэлний хуралд хамрагдаж, үе үе туслах эхлэгчээр үйлчилдэг болохоор Еховад найдаад эгэл жирийн амьдарч байна гэж боддог байв. Гэвч өөрсдийгөө хуурч байсныгаа хэсэг хугацааны дараа ойлгожээ. Нөхөр нь: «Бид хоёр хурлынхандаа нэмэр болохын оронд завиа засахад хамаг цагаа зориулдаг байсан. Еховаг эн тэргүүнд тавья гэвэл амьдралаа өөрчлөх хэрэгтэй юм билээ» гэжээ.

Еэса: «Би гэрлэхээсээ өмнө Мексикт амьдарч, англи хэлний хуралд үйлчилдэг байлаа. Үнэхээр сайхан байсан болохоор буцаж очих юмсан гэж боддог байв» гэж ярьсан юм. Тэр хоёр гэр бүлийн хичээлээрээ Гэрчүүдийн намтрыг уншдаг болов. Ялангуяа, гадаадад очоод хураахад бэлэн болсон талбайд ажилласан хүмүүсийн намтрыг унших тусам хилийн чанадад үйлчлэх хүсэл нь улам бүр оргилж эхэлжээ (Иох. 4:35). «Бид хоёр бас тэдэн шиг баяр хөөртэй болохыг хүссэн» гэж Дастин хэлсэн юм. Шинээр байгуулагдсан нэг бүлэгт тусламж хэрэгтэй байгааг Мексикт байдаг найзуудаасаа сонсоод тийшээ явахаар шийджээ. Тэгээд ажлаасаа гарч, завиа зараад Мексик рүү нүүсэн байна.

«ЁСТОЙ САЙН ЮМ БОЛСОН»

Дастин Еэса хоёр одоо Текоман хотод амьдарч байна. Энэ нь мөн л Номхон далайтай ойрхон боловч Асториагаас 4 345 километрийн зайтай оршдог аж. Дастин: «Сэрүүн салхи сэвэлзсэн уулархаг нутагтай адилгүй. Хаашаа ч харсан нимбэгийн мод ургасан аагим халуун нутаг» гэж ярив. Эхэндээ тэд ажил олж чадсангүй. Мөнгө төгрөг нь ч дуусаж, өдөрт хоёр удаа будаа, шош л иддэг болжээ. Еэса: «Цаашдаа ийм маягаар амьдарч чадахгүй нь гэж бодох яг тэр үед суралцагчид маань манго, гадил, папаяа, тор дүүрэн нимбэг өгч билээ!» гэв. Яваандаа тэр хоёр ажил олж, Тайвань улсын онлайн сургуульд Интернетээр хэл заахаар болсон байна. Цалин нь өдөр тутмын хэрэгцээгээ хангахад элбэг хүрэлцдэг гэнэ.

Дастин Еэса хоёр одоогийн амьдралынхаа талаар ямар бодолтой явдаг бол? «Энд ирсэн маань ёстой сайн юм болсон. Еховатай болон бие биетэйгээ ийм дотно болно гэж бодоогүй. Бид хоёр дэлгэрүүлэх, суралцагчдаа хэрхэн туслах талаар ярилцах, цуглаандаа бэлдэх зэргээр олон зүйлийг өдөр бүр хамт хийдэг. Бас ямар ч хэрэггүй ачаа үүрэхээ больсон» гээд цааш нь «„ЭЗЭН сайн гэдгийг амсаж үз“ гэсэн Дуулал 34:8-д байдаг үгийн үнэн болохыг одоо л сайн ойлгож байна» гэж ярив.

МЯНГА МЯНГАН ХРИСТИАН САЙН ДУРААРАА ҮЙЛЧИЛДГИЙН УЧИР

Мексикт нүүж очоод дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газар үйлчилж буй 2 900 гаруй Гэрч байна. Тэдний дотор 20–30 насныхан олон бөгөөд зарим нь гэр бүлтэй, зарим нь ганц бие аж. Яагаад ийм амаргүй ажилд гар бие оролцохоор шийдсэн юм бол? Тэд энэ асуултад хариулахдаа гурван гол шалтгаан хэлсэн юм. Ямар гурван шалтгаан бэ?

Летисиа Эрмило хоёр

Ехова болон бусдад хайраа илэрхийлэхийн тулд. 18 настайдаа баптисм хүртсэн Летисиа: «Би Еховад өөрийгөө зориулахдаа бүх зүрх, бүх сэтгэлээсээ түүнд үйлчлэх ёстойгоо ухаарсан. Тиймээс Еховаг үнэхээр хайрладгаа үйл хэргээрээ харуулж илүү олон цагаар, илүү идэвхтэй үйлчлэхийг хүссэн» гэж ярьсан юм (Марк 12:30). Летисиатай гэрлэсэн Эрмило 20 гаруй насандаа дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газар очсон байна. Тэрбээр: «Хөршөө хайрлах хамгийн сайн арга бол сүнслэг хэрэгцээгээ хангахад нь туслах явдал гэдгийг ойлгосон юм» гэжээ (Марк 12:31). Монтеррей гэдэг их хөлийн хотын банкинд ажиллан тав тухтай амьдарч байсан тэрбээр энэ бүхнээ орхиод жижиг хот руу нүүжээ.

Эсли

Үргэлж баяр хөөртэй байхын тулд. Летисиа баптисм хүртсэнийхээ дараахан туршлагатай эхлэгчтэй хамт нэг сар хөдөө үйлчилжээ. Тэрбээр: «Бидний хүргэж байгаа Хаанчлалын сайн мэдээг хүмүүс сонирхож байгааг хараад гайхах баярлах зэрэгцсэн. Тэндээс буцах болоход „Хүслэн болсон ажил минь энэ шүү дээ“ гэж өөрөө өөртөө хэлж билээ» хэмээн дурссан юм. 20 гарч яваа Эсли гэдэг ганц бие бүсгүй бас ийм бодолтой ажээ. Дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газар идэвх зүтгэлтэй үйлчилдэг Гэрчүүдтэй ахлах ангид байхдаа уулзсан тэрбээр: «Тэдний баяр хөөртэй байгааг хараад тэдэн шиг л амьдаръя гэж бодсон» хэмээн ярьсан юм. Эслитэй санал нийлдэг бүсгүйчүүд олон бий. Дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газар үйлчилдэг ганц бие Гэрч эмэгтэйчүүд Мексикт 680 гаруй бий. Дууриавал зохих ямар сайхан жишээ вэ!

Утга учиртай, сэтгэл хангалуун амьдрахын тулд. Эслийг дунд сургуулиа төгсөхөд их сургуульд тэтгэлэгтэй сургая гэсэн санал иржээ. Энэ саналыг хүлээж аваад «хүнээс дутахгүй амьдар» гэж үе тэнгийнхэн нь ятгасан аж. Тэдний үгэнд орвол үнэмлэх диплом, мэргэжил боловсрол, машин тэрэгтэй болж, аялж зугаална гэсэн үг байлаа. Эсли тэдний ятгалгад автсангүй. Тэрбээр: «Гэрч найзуудын маань нэлээд хэд нь энэ бүхний араас явж, сүнслэг зүйлийг эн тэргүүнд тавихаа больсныг би анзаарсан. Бас энэ ертөнцөд татагдахын хэрээр янз бүрийн зовлон үзэж эцэстээ цөхрөнгөө барж байгааг нь харсан. Тийм учраас, залуу насаа Еховад бүрэн дүүрэн зориулахаар шийдсэн» гэлээ.

Ракел Филлип хоёр

Эсли эхлэгчээр үйлчлэхэд тохирсон ажил олохын тулд мэргэжлийн хэд хэдэн сургалтад хамрагджээ. Тэгээд дэлгэрүүлэгч нэн хэрэгцээтэй газар луу нүүсэн байна. Үүгээр зогсолгүй, отоми болон тлапаникочуудын хэлийг сурахаас зүрхшээсэнгүй. Тэрбээр хөдөө гурван жил дэлгэрүүлснээ дурсаж: «Хэрэгцээ ихтэй газар үйлчлээд жинхэнэ ёсоор утга учиртай амьдарч, сэтгэл хангалуун болсон. Хамгийн гол нь, Еховатай илүү дотноссон» гэжээ. 30 гарч яваа Филлип Ракел гэдэг гэр бүлийн хоёр Америкаас ирсэн. Тэд: «Дэлхийн нөхцөл байдал маш хурдан өөрчлөгдөж, хүмүүсийн амьдрал тогтворгүй болж байна. Гэхдээ манай энд Библийн мэдээг сонирхдог хүн олон байдаг болохоор бид үнэхээр сэтгэл хангалуун, утга учиртай амьдарч байна» гэж ярьсан юм.

БЭРХШЭЭЛ

Вероника

Дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газар үйлчлэх тийм ч амар биш. Жишээ нь, санааны зоргоор ажил олдохгүй. Амьдралаа залгуулъя гэвэл олдсон ажлыг голохгүй хийдэг байх ёстой. Туршлагатай эхлэгч Вероника: «Би урьд нь нэг газар үйлчилж байхдаа түргэн хоол хийж зардаг байсан. Дараа нь өөр газар нүүж очоод хувцас зарж, үс засдаг болсон. Одоо айлын гэр цэвэрлэхээс гадна шинэхэн аав ээжүүдэд зориулсан анги нээн хичээллүүлж байна. Хүүхэдтэйгээ яаж харьцах талаар зөвлөгөө өгч байгаа» гэж туршлагаасаа ярив.

Өөр хэл соёл, зан заншилтай оронд идээшин дасна гэдэг тийм ч амар юм биш. Тэгэх тусмаа, нутгийн уугуул омгийнхны дунд амьдрах нь бүр ч том бэрхшээл юм. Нахуатл хэлтнүүдийн нутагт үйлчилдэг Филлип Ракел хоёрт чухамдаа ийм юм тохиолджээ. Филлип: «Соёлын ялгаа үнэхээр их байсан» гэж ярьсан. Яаж дассан юм бол? «Нахуатл хүний сайн талыг анхаардаг байсан. Гэр бүл хамаатан садантайгаа их дотно, ямар ч хүнтэй үнэн сэтгэлээсээ ярьдаг, өгөөмөр зантай хүмүүс юм билээ» гэв. Ракел цааш нь: «Бид хоёр энд ирээд их юм мэдэж авсан. Мөр зэрэгцэн үйлчилдэг итгэл нэгтнүүдээсээ сурсан юм их бий» гэж ярьжээ.

ӨӨРИЙГӨӨ ЯАЖ БЭЛДЭХ ВЭ?

Дэлгэрүүлэгч хэрэгцээтэй хөдөө газар үйлчлэх хүсэлтэй хүн өөрийгөө яаж бэлдэх вэ? «Нүүхээсээ өмнө амьдралаа эгэл жирийн болгож, байгаа юмандаа сэтгэл хангалуун байж сураарай» гэж туршлагатай хүмүүс зөвлөж байна (Флп. 4:11, 12). Өөр яах хэрэгтэй вэ? Летисиа: «Би урт хугацааны гэрээ байгуулдаг газар ажилд орохгүйг боддог байсан. Шаардлагатай үед гэрээгээ цуцлах боломжтой газар ажиллах дуртай байсан» гэж ярив. Эрмило: «Би хоол хийж, хувцас угааж, индүүдэж сурсан» гэлээ. Вероника: «Гэрийнхэнтэйгээ амьдарч байхдаа гэр орноо цэвэрлэж, хямд төсөр боловч шим тэжээлтэй хоол хийж сурсан. Бас мөнгө хадгалж сурсан» гэжээ.

Амилиа Лийвай хоёр

Гэрлээд найман жил болсон Лийвай Амилиа хоёр АНУ-аас иржээ. Тэд нэгд нэгэнгүй тодорхой залбирсны ачаар Мексикт үйлчлэхэд бэлэн болсон тухайгаа ийн ярьж байна. Лийвай: «Бид хоёр гадаадад нэг жил үйлчлэхэд яг хэдий хэрийн мөнгө хэрэгтэйг нарийн тооцоод дараа нь ийм хэмжээний мөнгөтэй болоход туслахыг гуйн Еховад залбирсан» гэв. Хүссэн мөнгөө хэдэн сарын дотор олмогцоо нүүжээ. Лийвай: «Хамаг юмаа нэгд нэгэнгүй хэлж залбирсныг маань Ехова сонсоод хариулсан юм чинь одоо бидний ээлж байлгүй яах вэ» хэмээн ярьсан. Цааш нь Амилиа: «Нэг жил л болно гэж бодсон чинь долоон жил болчихож. Явах тухай ерөөсөө бодохгүй байна! Ехова тусалж дэмжиж байгааг шууд мэдэрдэг. Бас Еховагийн сайхан сэтгэлийг өдөр бүр ойлгодог» гэлээ.

Адам Женнифер хоёр

Мексикийн англи хэлний хуралд үйлчилдэг Адам Женнифер гэдэг гэр бүлийн хоёр АНУ-аас ирсэн. Энэ хоёрт бас залбирал тус болжээ. Тэд: «Таатай нөхцөл бүрдэхийг хүлээх хэрэггүй. Гадаад улсад үйлчлэх хүсэлтэй бол залбирч, үүнийгээ ажил хэрэг болгоорой. Эгэл жирийн амьдарч сураарай. Үйлчлэхийг хүсэж байгаа орныхоо салбар луу захидал бичээрэй. Зардлаа тооцсоныхоо дараа нүүгээрэй!» гэж зөвлөсөн юм. Дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газар нүүж очвол сүнслэг үйл хэрэгт идэвхтэй оролцож, баяр хөөртэй амьдарна.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах