Ямар хүн байх ёстойгоо анхаарцгаая
«Ариун байдал ба сүсэглэл дотор та нар ямар төрлийн хүмүүс байх ёстой вэ?» (2 ПЕТР 3:11).
1, 2. Бурхны тааллыг олъё гэвэл ямар байх ёстой вэ?
ИХЭНХ ХҮН бусдад ямар харагдахаа анхаардаг. Энэ нь ч гайхаад байх зүйл биш. Харин христианууд бид Еховад ямар харагдахыг илүү чухал гэж үздэг. Учир нь Ехова бол орчлонт ертөнц дэх хамгийн агуу Бодгаль, «амийн эх булаг» юм (Дуу. 36:9).
2 Ехова Бурхны тааллыг олъё гэвэл «ариун байдал ба сүсэглэл дотор байх» хэрэгтэй гэж элч Петр бичжээ (2 Петр 3:11-ийг уншина уу). «Ариун байдал ... дотор» байх гэдэг нь бодол санаа, явдал үйл, шүтлэг мөргөлөө цэвэр ариун байлгана гэсэн үг. «Сүсэглэл дотор» байх гэдэг нь Бурхнаа бишрэн хүндэтгэж, Бурхандаа чин үнэнч байхыг хэлдэг. Тэгэхлээр тааллыг нь олохын тулд зөвхөн үйл хэргээ төдийгүй, дотор хүнээ ч анхаарах ёстой. Ехова «зүрхийг тандан мэддэг» учир биеэ зөв авч яваа эсэх, өөрт нь чин үнэнч байгаа эсэхийг маань сайн мэддэг (Ш.дээд 29:17).
3. Бид ямар асуултыг бодож үзэх хэрэгтэй вэ?
3 Сатан Диавол Бурхантай тогтоосон харьцааг маань эвдэн бусниулах гэж чадах бүхнээ хийдэг. Бурхнаас холдуулахын тулд худал хэлэх, хууран мэхлэх аргыг өргөн хэрэглэж толгой эргүүлэхийг оролддог (Иох. 8:44; 2 Кор. 11:13–15). Тийм учраас, бид дор бүрнээ «Сатан хүмүүсийг хэрхэн мэхэлдэг вэ? Еховатай тогтоосон харьцаагаа бат бэх байлгахын тулд би юу хийх хэрэгтэй вэ?» гэж бодох учиртай.
САТАН ХҮМҮҮСИЙГ ХЭРХЭН МЭХЭЛДЭГ ВЭ?
4. Бурхантай тогтоосон харьцааг маань эвдэхийн тулд Сатан юуг бай болгодог вэ? Яагаад?
4 «Хүсэл тачаалдаа автаж, уруу татагдах үедээ хүн бүр соригддог. Тэгээд хүсэл тачаал нь үр тогтоон нүглийг төрүүлдэг. Нүгэл нь биеллээ олохоороо үхлийг авчирдаг аж» хэмээн шавь Иаков бичжээ (Иак. 1:14, 15). Сатан Еховатай тогтоосон харьцааг маань эвдэн бусниулахын тулд хүсэл тэмүүлэл оргилон гардаг зүрхийг онилдог.
5, 6. а) Сатан юуг зэвсэг болгон ашиглаж бидний зүрхийг онилдог вэ? б) Ямар гурван өөш хэрэглэдэг вэ? Хэр туршлагатай вэ?
5 Сатан юуг зэвсэг болгон ашиглаж бидний зүрхийг онилдог вэ? «Бүх ертөнц нь муу нэгний дотор байдаг» гэж Библид бичжээ (1 Иох. 5:19). Сатан «ертөнцөд байгаа зүйлсийг» зэвсгээ болгодог (1 Иохан 2:15, 16-г уншина уу). Хүн төрөлхтнийг хууран мэхлэхийн тулд бидний эргэн тойронд байгаа бүхнийг олон мянган жил гарамгай ашиглаж ирсэн. Христианууд бид энэ ертөнцөд амьдардаг учир түүний башир аргад хууртахгүйн тулд өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй (Иох. 17:15).
6 Диавол зүрхэнд маань зохисгүй хүсэл төрүүлэх гэж оролддог. Элч Иоханы бичсэнээр, Сатан 1) «махан биеийн хүсэл тачаал», 2) «нүдний хүсэл тачаал», 3) «амьдралын бардам бахдал» гэсэн гурван янзын өөш хэрэглэдэг. Есүсийг цөлд байхад энэ гурван өөшийг хаяж хорхойг нь хүргэх гэж оролдсон. Олон мянган жилийн туршлагатай Сатан өнөөдөр ч хүн бүрийн хүсэл сонирхолд тохируулаад энэ аргаа үр дүнтэй хэрэглэдэг. Одоо, өөрийгөө хамгаалахын тулд яах ёстойг ярилцахаасаа өмнө, Диавол Еваг яаж мэхэлснийг, Бурхны Хүүг мэхэлж чадаагүйн учрыг мэдэж авъя.
«МАХАН БИЕИЙН ХҮСЭЛ ТАЧААЛ»
Ева «махан биеийн хүсэл тачаалдаа» дийлдсэн (7-р догол мөрийг үзнэ үү)
7. Сатан Еваг уруу татахын тулд «махан биеийн хүсэл тачаал» гэдэг өөшийг хэрхэн хэрэглэсэн бэ?
7 Хүний үндсэн хэрэгцээний нэг нь хоол хүнс юм. Бурхан дэлхийг бүтээхдээ элбэг дэлбэг хоол хүнстэй байх нөхцөлийг бүрдүүлжээ. Сатан биднээр Бурхны хүсэл таалалд нийцэхгүй зүйл хийлгэхийн тулд идэж уух төрөлхийн хүслийг маань ашиглахыг оролдож мэдэх юм. Еваг хэрхэн мэхэлснийг үзье (Эхлэл 3:1–6-г уншина уу). Сатан Евад «сайн мууг мэдүүлэгч модны» жимснээс идвэл үхэхгүй, харин ч идсэн тэр өдөртөө Бурхантай адил болно хэмээн худлаа хэлсэн (Эх. 2:9). Угтаа бол Бурханд дуулгавартай байх шаардлагагүй гэж хэлсэн хэрэг байв. Яасан худалч юм бэ! Диавол ийм бодол төрүүлсэн учир Ева хоёр зүйлийн аль нэгийг сонгох шаардлагатай болов. Ийм юм бодохоо болих уу, эсвэл лавшруулж бодсоор байгаад хүслээ гүйцээх үү? Бусад бүх модны жимсийг идэж болох байсан ч Ева цэцэрлэгийн голд байгаа модны талаар Сатаны хэлсэн үгийг дахин дахин бодсоор байлаа. Эцэст нь жимсийг «авч иджээ». Сатан Евад Бүтээгчийнхээ хориглосон жимсийг идэх хүслийг ийнхүү төрүүлж дөнгөсөн юм.
Есүс хамгийн чухал юмаа мартаагүй (8-р догол мөрийг үзнэ үү)
8. Сатан Есүсийг сорихын тулд «махан биеийн хүсэл тачаал» гэдэг өөшийг хэрхэн хэрэглэсэн бэ? Яагаад үр дүнд хүрээгүй вэ?
8 Сатан Есүсийг яг энэ аргаар сорьсон. Цөлд 40 өдөр, 40 шөнө мацаг бариад өлссөн байхад нь түүнийг уруу татахыг оролдон: «Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол энэ чулуунд талх бол гэж тушаа л даа» гэжээ (Лук 4:1–3). Есүс махан биеийнхээ хэрэгцээг хангах гэж гайхамшиг үйлдэх үү, үгүй юү гэдгийн аль нэгийг сонгох хэрэгтэй болов. Ийм чадварыг амин хувийн зорилгоор ашиглаж болохгүйг тэрбээр мэдэж байлаа. Тиймээс өлсөж байсан ч Еховатай тогтоосон харьцаагаа хоолноос илүү чухал гэж үзээд, «„Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна“ гэж бичигдсэн байдаг» хэмээн хариулсан (Мат. 4:4; Лук 4:4).
«НҮДНИЙ ХҮСЭЛ ТАЧААЛ»
9. «Нүдний хүсэл тачаал» гэдэг үгийг юу гэж ойлгох вэ? Сатан Еваг энэ өөшөөр хэрхэн сорьсон бэ?
9 Сатаны хэрэглэдэг өөр нэг өөш нь «нүдний хүсэл тачаал» юм. Хүн зэрвэсхэн харсан зүйлээ ч хүсэж болохыг Иохан энэ үгээрээ хэлсэн. Сатан Евагийн өмнө ийм өөш тавьжээ. Сатаныг «Нүд чинь нээгдэнэ» гэж хэлэхэд Ева хориглосон жимсийг харсаар байлаа. Харах тусам «нүд булааж», идэх хүсэл нь улам оргилжээ.
10. Сатан «нүдний хүсэл тачаал» гэгч энэ өөшөөр Есүсийг хэрхэн сорьсон бэ? Есүс яасан бэ?
10 Сатан «нүдний хүсэл тачаал» гэгч энэ өөшөөр Есүсийг хэрхэн сорьсон бэ? «Хоромхон зуур дэлхийн бүх хаанчлалыг үзүүлээд», «Энэ бүх эзэмшил болон тэдгээрийн сүр хүчийг би чамд өгье» гэсэн (Лук 4:5, 6). Диавол Есүст бүх хаанчлалыг бодитоор бус, ер бусын аргаар үзүүлжээ. Хаанчлалуудын сүр хүчийг мэдрүүлбэл сэтгэлийг нь татна гэж бодсон аж. Тэгээд ичих ч үгүй, «Хэрэв Чи надад мөргөвөл, энэ бүгд Чинийх болно» гэв (Лук 4:7). Есүс Сатаны хүслийг гүйцэлдүүлэхийг өчүүхэн ч хүсээгүй тул огт тээнэгэлзэлгүй «„Чи өөрийн Бурхан Эзэндээ мөргөж, зөвхөн Түүнд үйлчил“ гэж бичигдсэн байдаг» хэмээн хариулжээ (Лук 4:8).
«АМЬДРАЛЫН БАРДАМ БАХДАЛ»
11. Ева Сатанд хэрхэн хууртсан бэ?
11 Иохан ертөнцөд байгаа зүйлсийн тоонд «амьдралын бардам бахдалыг» оруулжээ. Энэ нь, өөрт байгаа зүйлээрээ гайхуулах хандлага юм. Адам Ева хоёрын хувьд хоёулхнаа байсан учир ийм урхинд орох аюул байгаагүй нь мэдээж. Гэхдээ л тэд бардам болцгоосон. Сатан Еваг сорихдоо «сайн мууг мэдүүлэгч модны жимснээс» идсэн тэр өдөртөө л «Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно» гэсэн нь Бурхан түүнээс ямар нэгэн сайн юмыг нуусан гэж хэлсэн хэрэг байв (Эх. 2:17; 3:5). Еховагүйгээр амьдарч чадна гэж бодуулах гэсэндээ ийн хэлжээ. Ева бардам зангаасаа болоод энэ худал үгэнд итгэсэн болов уу. Тэгээд, үнэхээр үхэхгүй гэж итгээд хориотой жимсийг авч иджээ. Даанч том алдаж дээ!
12. Сатан Есүсийг хэрхэн сорьсон бэ? Есүс хариуд нь яасан бэ?
12 Харин Есүс гайхалтай даруу байснаараа Евагаас эрс ялгаатай! Сатан Есүсээр Бурхныг сориулахын тулд бусдыг бишрүүлэх юм хийлгэх гэж оролджээ. Гэвч Есүс ийм юм хийх нь бүү хэл, бодохыг ч хүсээгүй. Гайхуулж сүржигнэх нь бардам зангийн илрэл болох байлаа! Тиймээс Сатанд «„Чи өөрийн Бурхан Эзэнээ сорьж үл болно“ гэж бас айлдсан байдаг» хэмээн шууд бөгөөд тодорхой хэлсэн (Лук 4:9–12-ыг уншина уу).
ЕХОВАТАЙ ТОГТООСОН ХАРЬЦААГАА ХЭРХЭН БАТ БЭХ БАЙЛГАХ ВЭ?
13, 14. Сатан өнөөдөр хүмүүсийг хэрхэн сорьдог вэ?
13 Сатан өнөөдөр хүмүүсийг хэрхэн сорьдог вэ? Ева Есүс хоёрт хэрэглэсэн тэр л өөшөөрөө биднийг сорьдог. «Махан биеийн хүсэл тачаал» гэдэг өөшөөр сорихын тулд садар самуун явдлыг өөгшүүлж, хэтэрхий их идэж уух хүсэл төрүүлдэг. «Нүдний хүсэл тачаал» гэдэг өөшөөр сорихдоо порно материал ашиглан хорхой хүргэдэг. Аливаа юманд хөнгөн хуумгай ханддаг хүн, ялангуяа интернетэд холбогдож байхдаа ийм урхинд орох нь бий. «Амьдралын бардам бахдал» гэдэг өөшинд хууртсан хүн бардам болж эрх мэдэл, нэр алдар, эд хөрөнгөтэй болохыг хүсдэг.
Та ийм үед Библийн ямар зарчмыг санах вэ? (13, 14-р догол мөрийг үзнэ үү)
14 «Ертөнцөд байгаа зүйлсийг» загасчны өөштэй зүйрлэж болно. Өөшинд хууртсан загас дэгээ үмхээд загасчны олз болдог. Сатан хүмүүсээр Бурхны хуулийг зөрчүүлэх юм хийлгэхийн тулд хэрэгтэй гэж боддог зүйлийг нь ашигладаг. Хэрэв хүн хэрэгцээгээ хангах, тав тухтай амьдрахыг Бурхны хүсэл тааллыг биелүүлэхээс илүү чухал гэж боддог болбол Сатаны энэ башир аргад хууртаж байна гэсэн үг. Та Сатанд хууртмаар байна уу?
15. Сатаны тавьсан урхинд орохгүйн тулд Есүсийг хэрхэн дууриах вэ?
15 Ева Сатаны мэхэнд орсон. Харин Есүс хууртаагүй. Соригдох бүрдээ «гэж бичигдсэн байдаг» хэмээн Судраас иш татаж байв. Бид бас Библийг нямбай судалж гүнзгий мэдлэгтэй болох хэрэгтэй. Ингэвэл хорхой хүргэм зүйл тулгарахын цагт хэрэг болох ишлэлийг санана (Дуу. 1:1, 2). Мөн Бурхны эртний үнэнч үйлчлэгчдийг санаж, тэднийг дууриах хүсэл төрнө (Ром 15:4). Түүнчлэн Еховаг чин сэтгэлээсээ бишрэн хүндэтгэнэ. Өөрөөр хэлбэл, хайрладаг зүйлийг нь хайрлаж, үзэн яддаг зүйлийг нь үзэн яддаг болно. Үүний ачаар Сатаны урхинд орохгүй (Дуу. 97:10).
16, 17. Бодол санаа хүнд яаж нөлөөлдөг вэ?
16 Бурхныхтай адилхан үзэл бодолтой болъё гэвэл сайтар эргэцүүлэн бодож байхыг Библи бидэнд уриалдаг. Ингэвэл ертөнцийнхөн шиг болохгүй. Бодол санаагаа сайтар хянаж байхын чухлыг элч Паул онцлон: «Бид цэцэрхэл болон Бурханы мэдлэгийн эсрэг босогч аливаа өндөрлөг зүйлийг устгаж, ямар ч бодол санааг Христийн дуулгавартай байдалд олзлуулдаг» гэж бичжээ (2 Кор. 10:5). Ямар хүн байх маань юу боддогоос ихээхэн шалтгаалдаг. Тиймээс бид Бурханд таалагдах зүйлийг л «бодож санадаг» байх учиртай (Флп. 4:8).
17 Ариун байя гэвэл зохисгүй юм бодохгүй, хүсэхгүй байх хэрэгтэй. Еховаг «цэвэр зүрхээр» хайрлах ёстой (1 Тим. 1:5). Гэтэл бидний зүрх хуурамч. Түүнчлэн «ертөнцөд байгаа юмс» хэр их нөлөөлж байгааг бид тэр бүр мэддэггүй (Иер. 17:9). Тиймээс Библиэ уншиж судлахдаа «итгэл дотроо байгаа эсэхээ» шалгаж «өөрсдийгөө батлах» учиртай (2 Кор. 13:5).
18, 19. Еховагийн таалалд нийцдэг хүн байхын төлөө хичээх ёстойн учир юу вэ?
18 «Ертөнцөд байгаа зүйлсэд» татагдахгүйн тулд Иоханы бичсэн үгийг санаж явах хэрэгтэй. Тэрбээр: «Ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрнө. Харин Бурханы хүслийг үйлддэг нэгэн нь мөнхөд оршдог» хэмээн ариун сүнсээр удирдуулан бичжээ (1 Иох. 2:17). Сатаны тогтолцоо энэ хэвээрээ байх юм шиг санагдаж магадгүй. Гэвч нэг л өдөр сүйрнэ. Энэ ертөнцөд байгаа бүхэн мөдхөн үгүй болно гэдгийг санадаг бол Диаволд хууртахгүй.
19 «Бурхны таалалд нийцдэг хүн байхыг элч Петр бидэнд зөвлөсөн. «Еховагийн өдөр ирэхийг хатуу санаж, хүлээх» (ШЕ) зуураа энэ зөвлөгөөг сахицгаая. «Тэнгэр шатан устаж, халуун илчинд нь бодисууд хайлах» тэр өдөр тун удахгүй ирнэ (2 Петр 3:12). Ехова Сатаны ертөнцийг бүхэлд нь устгана. Тэр болтол Сатан яах вэ? Ева Есүс хоёрыг сорьсон шигээ биднийг ч мөн сорьж, «ертөнцөд байгаа зүйлсээр» татахыг оролдсоор байна. Хэрэв бид өөрийнхөө хүслээр явсан Еваг дууриавал Сатаныг бурхнаа болгож байна гэсэн үг болно. Сатаны өөш хорхой хүргэм байсан ч татагдаагүй Есүсийг дууриах учиртай. Еховагийн таалалд нийцдэг хүн байхын төлөө дор бүрнээ хичээцгээе.