Гэрч биш гэрийнхнийхээ зүрх сэтгэлийг хөндөх нь
«ГЭРТЭЭ, өөрийнхөн дээрээ оч. Эзэн чамд ямар агуу зүйлс хийж, чамд хэрхэн өршөөлөө үзүүлснийг тэдэнд мэдэгд». Дагалдагч нь болохыг хүссэн нэгэн хүнд Есүс ийн хэлэхдээ Галил нуурын зүүн өмнө зүгт Гадара гэдэг газар байсан бололтой. Ер нь хүн сонирхолтой, чухал гэж үзсэн зүйлээ ойр дотныхоо хүмүүст хэлж ярих хүсэлтэй байдаг. Есүс үүнийг сайн ойлгодог байсныг хэлсэн үгнээс нь мэдэж болно (Марк 5:19).
Өнөө үед ч хүмүүсийн энэ хандлага бараг өөрчлөгдөөгүй. Сурч мэдсэн зүйлээ гэр орныхонтойгоо хуваалцах нь зарим газар түгээмэл байдаг. Тиймдээ ч, жинхэнэ Бурхан Еховаг шүтдэг болсон хүн итгэл үнэмшлийнхээ талаар гэрийнхэндээ ярьж өгөхийг хүсдэг. Харин яаж ярих вэ? Өөр шашин шүтдэг юм уу огт шүтлэггүй хүний зүрх сэтгэлийг хэрхэн хөндөх вэ? Библид эдгээр асуултын хариу бий.
«БИД МЕССИАГ ОЛЛОО»
Нэгдүгээр зуунд, Есүсийг Мессиа гэдгийг мэдсэн анхны хэдэн хүний нэг нь Андрей байв. Тэрбээр Мессиаг олсноо хамгийн түрүүнд хэнд хэлсэн бэ? «Эхлээд өөрийн ах Симоныг олоод, түүнд „Бид Мессиаг (грекээр Христ) оллоо“ гэж» хэлээд ахыгаа Есүстэй уулзуулав. Ийнхүү Есүсийн шавь болох боломж Симон Петрт нээгджээ (Иох. 1:35–42).
Энэ явдлаас хойш зургаан жилийн дараа Петрийг Иоппад байхад цэргийн дарга Корнел гэртээ урьжээ. Тэднийх Иоппагаас хойд зүгт орших Кайсарид байдаг аж. Петрийг ирэхэд хэн хэн байсан бэ? «Тэднийг [Петр болон түүнтэй хамт яваа хүмүүсийг] хүлээж байсан Корнел төрөл садан болон дотны андуудаа дуудаж цуглуулсан байв». Ийнхүү Петрийн яриаг сонсож, сонссон зүйлдээ үндэслэн шийдвэр гаргах боломжийг Корнел хамаатнууддаа олгожээ (Үйлс 10:22–33).
Андрей Корнел хоёр ойр дотныхондоо хэрхэн хандсан бэ? Тэднийг яаж дууриах вэ?
Тэд гэрийнхнээ зөнд нь орхиогүй. Андрей өөрийн ах Петрийг Есүстэй биечлэн танилцуулсан. Корнел Петрийн яриаг сонсгохоор хамаатан садан, найз нөхдөө цуглуулсан. Гэхдээ Андрей Корнел хоёрын хэн нь ч тэднийгээ Христийн дагалдагч болгох гэж айлган сүрдүүлж, шахаж шаардах юм уу уран арга хэрэглээгүй. Энэ нь бидний хувьд дууриавал зохих жишээ болдог. Гэрийнхэнтэйгээ бодол санаагаа хуваалцахын зэрэгцээ Бурхны тухай үнэнийг мэдэх, Гэрчүүдтэй уулзах боломж олгохыг хичээгээрэй. Ингэхдээ сонгох эрх чөлөөг нь хүндэтгээрэй. Шахаж шаардан дургүйг нь хүргэхээс болгоомжлоорой. Ойр дотныхондоо хэрхэн тусалж болдгийг Германд амьдардаг Юүргэн Петра нарын түүхээс мэдэж авъя.
Петра Еховагийн Гэрчүүдтэй Библийн хичээл хийж баптисм хүртжээ. Түүний нөхөр Юүргэн цэргийн офицер байв. Эхнэрээ Библи судлахад эхэндээ их дургүй байсан гэнэ. Харин яваандаа Гэрчүүдийг үнэн юм ярьдгийг ойлгоод Еховад өөрийгөө зориулжээ. Одоо хуралдаа ахлагчаар үйлчилдэг аж. Өөр итгэл үнэмшилтэй гэрийнхнийхээ зүрх сэтгэлийг хэрхэн хөндөх талаар Юүргэн ямар зөвлөгөө өгөх бол?
Тэрбээр: «Гэрийнхнээ албадах юм уу Библийн сэдвээр хэтэрхий их яриад байх хэрэггүй. Залхчихна шүү дээ. Харин тохиромжтой үед бага багаар ярьдаг бол алсдаа сайн үр дүнд хүрч болох юм. Бас адилхан юм сонирхдог, үе тэнгийнх нь Гэрчтэй танилцуулах хэрэгтэй. Ингэвэл тэдэнд туслахад арай хялбар болно» хэмээн зөвлөж байна.
«Гэрийнхнээ албадах юм уу Библийн сэдвээр хэтэрхий их яриад байх хэрэггүй»—Юүргэн
Элч Петр болон Корнелийн ойр дотныхон Библийн мэдээг сонссон даруйдаа Христийн дагалдагч болцгоосон. Гэхдээ хүн болгон үнэнийг тэр дор нь хүлээж аваагүй юм. Бурхны хүсэл тааллын дагуу амьдрах шийдвэр гаргахад цаг хугацаа хэрэгтэй байлаа.
ЕСҮСИЙН ДҮҮ НАР
Есүсийг дэлхий дээр үйлчилж байх үед хамаатан садангаас нь нэлээд хэдэн хүн түүнд итгэдгээ үйлсээрээ харуулжээ. Элч Иаков Иохан хоёр Есүсийн үеэл бөгөөд тэдний эх Саломе нагац эгч нь байсан бололтой. Есүс болон элч нарт «өөрсдийнхөө өмч хөрөнгөөр тус нэмэр болж байсан» эмэгтэйчүүдийн дунд Саломе байсан байх (Лук 8:1–3).
Харин бусад хамаатан нь Есүст шууд итгээгүй. Үүнийг батлах нэг явдлыг авч үзье. Есүсийг баптисм хүртсэнээс хойш жил гаруйн дараа сургаалыг нь сонсохоор олон хүн нэгэн байшинд цугларсан байлаа. «Үүнийг сонсоод хамаатнууд нь Есүсийг авчрахаар явав. Учир нь [тэд] Түүний тухай „Тэр ухаан мэдрэлээ алджээ“ гэж ярьж байлаа». Нэг удаа дүү нар нь Есүсийн хаашаа явахыг ярилцаж байв. Тэгэхэд нь Есүс ямар төлөвлөгөөтэй байгаагаа тодорхой хэлээгүй. Яагаад? Тэд «Түүнд итгээгүй байжээ» (Марк 3:21; Иох. 7:5).
Ойр дотныхондоо хандах талаар Есүс бидэнд ямар жишээ үзүүлсэн бэ? Хамаатнууд нь түүнийг ухаан мэдрэлээ алдсан гэж хэлэхэд гомдож дургүйцээгүй. Цаазлуулаад амилсныхаа дараа ч гэрийнхнээ урамшуулан зоригжуулахын тулд дүү Иаковтаа үзэгдсэн. Ингэснээр Иаков төдийгүй бусад дүү нь түүнийг Мессиа мөн гэдэгт итгэжээ. Тийм учраас тэд Иерусалимд нэгэн байшингийн дээд давхрын өрөөнд элч нар болон бусад шавьтай хамт байж ариун сүнс авсан юм. Хожим нь Иаков болон өөр нэг дүү Иуда нь хариуцлагатай үүрэг хүлээдэг болжээ (Үйлс 1:12–14; 2:1–4; 1 Кор. 15:7).
ЗАРИМ ХҮНД ХУГАЦАА ХЭРЭГТЭЙ
«Тэвчээд л бай, тэвчээд л бай! Тэгсэн цагт үр дүнг нь үзнэ»—Росвита
Амь руу хөтлөх зам дээр гарч зогсоход нь зарим хүнд хугацаа хэрэгтэй байдаг. Ромын католик шашин шүтдэг байсан Росвита гэдэг эмэгтэйг жишээ болгон авъя. Нөхрийгөө 1978 онд баптисм хүртэж Еховагийн Гэрч болоход нь эхэндээ эсэргүүцдэг байжээ. Яваандаа эсэргүүцэх нь багассаар эцэстээ, Гэрчүүд үнэнийг заадгийг ойлгож 2003 онд баптисм хүртсэн аж. Росвитаг ингэж өөрчлөгдөхөд нь юу нөлөөлсөн бэ? Эсэргүүцлээ гэж нөхөр нь түүнд гомдоогүй. Түүгээр барахгүй бодлоо өөрчлөх боломж олгодог байжээ. Росвита юу гэж зөвлөдөг вэ? «Тэвчээд л бай, тэвчээд л бай! Тэгсэн цагт үр дүнг нь үзнэ».
Моника гэдэг эмэгтэйг 1974 онд баптисм хүртсэнээс хойш арваад жилийн дараа хоёр хүү нь Еховагийн Гэрч болжээ. Харин нөхөр Ханс нь огт эсэргүүцдэггүй байсан хэдий ч 2006 онд л баптисм хүртсэн аж. Эднийхэн хуримтлуулсан туршлагадаа үндэслэн «Еховад үнэнч байж, итгэл үнэмшлээ тууштай баримтлаарай» хэмээн зөвлөж байна. Гэрийнхэн нь Ханст хайртайгаа цаг үргэлж илэрхийлдэг байсан нь их тус болсон. Бас цөхрөөгүй, тууштай байсны ачаар Ханс Еховаг шүтдэг болжээ.
ҮНЭНИЙ УСААР СЭРГЭЭХ НЬ
Есүс Библийн үнэнийг мөнхийн амь өгөх устай зүйрлэсэн байдаг (Иох. 4:13, 14). Бид ойр дотныхоо хүмүүсийг үнэний цэнгэг ус ууж сэргээсэй гэж хүсдэг. Гэхдээ нэг дор хэтэрхий их ус хүчээр уулгавал хахаж цацах нь тодорхой. Сэргэх үү, хахаж цацах уу гэдэг нь бид тэдэнд итгэл үнэмшлээ хэрхэн тайлбарлахаас шалтгаална. «Шударга зөв хүний зүрх яаж хариулахаа цэгнэдэг», «Мэргэн хүний зүрх амаа сургадаг бөгөөд уруулдаа ятгалгыг нэмдэг» гэж Библид байдаг. Энэ зөвлөгөөг хэрхэн дагах вэ? (Сур. 15:28; 16:23).
Эхнэр нь юунд итгэж үнэмшдэгээ нөхөртөө тайлбарлахыг хүсжээ гэж бодъё. «Яаж хариулахаа цэгнэвэл» үгээ зөв сонгоно, бодлогогүй үг хэлэхгүй. Өөрийгөө зөв шударга, их юм мэддэг гэсэн сэтгэгдэл төрүүлэхгүй. Сайтар бодож байж хэлсэн үг хүний сэтгэлийг сэргээж, тайвшруулдаг. Нөхөртэйгөө хэзээ яривал дээр вэ? Нөхөр маань ямар сэдвээр ярих, унших дуртай билээ? Шинжлэх ухаан, улс төр, спорт сонирхдог уу? Нөхрийнхөө үзэл бодлыг хүндэтгэн, сэтгэл санааг нь харгалзан үзэхийн зэрэгцээ яавал Библийг сонирхдог болгох вэ? Эдгээр асуултыг бодож үзвэл ухаалаг байж, зөв ярина.
Одоохондоо Гэрч болоогүй гэрийнхнийхээ зүрх сэтгэлийг хөндье гэвэл итгэл үнэмшлээ тайлбарлаад л болчих уу? Үгүй. Хэлж ярьдаг зүйлээ баталж биеэ зөв авч явах ёстой.
БИЕЭ ЗӨВ АВЧ ЯВАХ НЬ
«Библийн зарчмыг өдөр тутмын амьдралдаа тууштай хэрэгжүүлээрэй. Ингэвэл тэд тэгтлээ сайшаахгүй байлаа ч сонирхож эхэлнэ» гэж дээр дурдсан Юүргэн хэлсэн юм. Эхнэрээ баптисм хүртсэнээс хойш 30 жилийн дараа Еховагийн Гэрч болсон Ханс үүнтэй санал нэг байдаг. «Христиан хүн биеэ зөв авч явах нь чухал. Бурхны тухай үнэн үнэхээр үр нөлөөтэй байдгийг гэрийнхэн нь олж хардаг» гэж Ханс хэлжээ. Итгэл үнэмшлийнхээ ачаар зөв, сайн хүн болж өөрчлөгдсөнөө гэрийнхэндээ батлаарай.
«Христиан хүн биеэ зөв авч явах нь чухал. Бурхны тухай үнэн үнэхээр үр нөлөөтэй байдгийг гэрийнхэн нь олж хардаг» —Ханс
Гэрч биш нөхөртэй эмэгтэйчүүдэд элч Петр үнэтэй зөвлөгөө өгчээ. «Та нар нөхөртөө захирагд. Ингэх нь нөхрүүдийн чинь зарим нь үгийг дагахгүй байгаа ч гэсэн, тэд эхнэрүүдийнхээ үггүйгээр, биеэ авч явах байдлаар аврагдана. Тэд та нарын журамт байдал болоод эелдэг зан байдлыг чинь ажиглана шүү дээ. Та нарын үс сүлжилт, алтан эдлэл зүүх, эсвэл хувцаслалт гэх мэт чимэглэл чинь зөвхөн гадна талын үзэмж бүү байг. Харин зүрхэнд нуугдсан хүнийг дөлгөөн ба даруу сэтгэлийн мөхөшгүй чанараар чимэглэ. Энэ нь Бурханы өмнө асар үнэтэй болой» (1 Петр 3:1–4).
Эхнэр нь биеэ зөв авч явдаг бол нөхөр нь яваандаа итгэгч болж болдгийг Петр бичжээ. Криста гэдэг эмэгтэй 1972 онд баптисм хүртсэнээсээ хойш нөхрийнхөө зүрх сэтгэлийг хөндөхийн тулд Библийн энэ зөвлөгөөг даган, биеэ зөв авч явахыг хичээдэг аж. Нөхөр нь нэг хэсэг Библийн хичээл заалгасан ч одоохондоо Гэрч болоогүй байна. Тэрбээр цуглаанд хааяа очдог бөгөөд хурлынхантай сайхан харьцдаг. Хурлынхан ч сонгох эрх чөлөөг нь хүндэтгэдэг. Криста нөхрийнхөө зүрх сэтгэлийг хөндөхийн тулд яадаг вэ?
«Би Еховагийн таалалд нийцүүлж амьдрахаар эргэлт буцалтгүй шийдсэн. Үүний хажуугаар биеэ зөв авч яван нөхрөө „үггүйгээр“ талдаа оруулахыг хичээдэг. Библийн зарчимтай зөрчилдөхгүй л бол нөхрийнхөө хүссэнээр байдаг. Тэгээд бусдыг нь Еховад даатгачихдаг» гэж Криста хэлсэн юм.
Уян хатан байхын чухлыг Кристагийн жишээнээс харж болно. Тэрбээр цуглаандаа явах, идэвхтэй дэлгэрүүлэх гэх зэргээр сүнслэг үйл хэрэгт тогтмол оролцож хэвшжээ. Үүний зэрэгцээ нөхрөө хайрлан халамжилж, цаг заваа зориулахаа ч мартдаггүй. Гэрч биш гэрийнхнээ ойлгож, уян хатан байх нь ухаалаг хэрэг юм. «Бүх юмс цаг хугацаатай» гэж Библид бичсэн байдаг. Тиймээс гэрийнхэндээ, ялангуяа итгэгч бус ханьдаа цаг зав гаргаж байх нь зүйтэй. Цагийг хамт өнгөрөөдөг бол илэн далангүй ярилцаж, бодол санаагаа хуваалцана. Ингэвэл ойр дотныхон, хань ижил нь ганцаардаж, өөрийгөө хаягдсан гэж бодох юм уу харддаггүйг олон хүний амьдрал баталдаг (Ном. 3:1).
ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ЦӨХРӨӨРЭЙ
«Гэрийнхэндээ хайраа илэрхийлж тэдний төлөө залбирах нь их чухал байдаг» гэж Хольгер хэлжээ. Тэднийхнийг баптисм хүртээд 20 жил болсны дараа Хольгерын аав өөрийгөө Еховад зориулсан аж. Дээр дурдсан Криста: «Нөхөр маань хэзээ нэгэн цагт Еховагийн талд орж, үнэний замаар явна гэдэгт би ерөөсөө эргэлздэггүй» гэж ярьсан юм. Бид итгэгч бус ойр дотныхоо хүмүүсийн талаар үргэлж өөдрөг сэтгэлтэй байж, хэзээ ч цөхрөх учиргүй.
Бидний зорилго бол гэрийнхэнтэйгээ байнга ойр дотно байж, Бурхны тухай үнэнийг мэдэх боломж олгон, зүрх сэтгэлийг нь хөндөх явдал юм. Бид ямар ч үед «дөлгөөн байдлаар болон хүндэтгэлтэйгээр» биеэ авч явах ёстой (1 Петр 3:15).