Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц14 5/15 х. 16-20
  • Ехова надад тусалдаг

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Ехова надад тусалдаг
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • БИБЛИ БА ЖИЖИГ ХАР ДЭВТЭР
  • ЕХОВА НАМАЙГ ЗОРИГЖУУЛСАН
  • «АХ ДҮҮСТЭЭ САНАА ТАВЬЖ БАЙГААРАЙ»
  • ҮНЭНЧ ЭХНЭР
  • СУРЧ БОЛОВСОРДОГ, СУРСНАА ЗААДАГ ГАЗАР
  • Бүрэн цагаар үйлчлээд гайхалтай үр дүнд хүрлээ
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
  • Далан жил нэг иудей хүний хувцаснаас зуурч явна
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Бурхантай дотно хүмүүстэй хамт ажилласан минь ивээл
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2017
  • Еховад үйлчлээд авсан гэнэтийн сонин бэлгүүд болон сургамж
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2023
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
хц14 5/15 х. 16-20
Кеннет Эвлин хоёр

НАМТАР

Ехова надад тусалдаг

КЕННЕТ ЛИТЛИЙН ЯРИА

Эхнэр бид хоёр гэрлээд удаагүй байхдаа Хорнпэйн гэдэг нэг жижиг хотод очсон юм. Тэр хот Канадын Онтарио мужийн хойд хэсэгт алс бөглүү газар байв. 1957 оны айхтар хүйтэн тэр өглөө Гэрч эрэгтэй биднийг галт тэрэгний буудлаас тосож авлаа. Гэрт нь очоод эхнэр, хүүхэдтэй нь тавуулаа сайхан хооллов. Дараа нь бид хэд цас туучин явж айлаар дэлгэрүүлсэн. Өдөр нь би илтгэл тавилаа. Дүүргийн харгалзагч болоод анх удаа илтгэл тавьсан минь тэр. Цуглаанд бид таваас өөр хэн ч ирсэнгүй.

Кеннет Литл

ҮНЭНИЙГ хэлэхэд, миний илтгэлийг цөөхөн хүн сонссон нь надад эвгүй санагдаагүй юм. Би бага байхын л бүрэг ичимхий хүү байлаа. Манайд хүн ирэхлээр таньдаг хүн ч байсан нуугдчихдаг тийм л ичимхий хүүхэд байсан.

Тэгсэн хэр нь Еховагийн байгууллагад гүйцэтгэж байсан ихэнх даалгавар минь хүмүүстэй харьцах ажил байсан гэхлээр та лав гайхах байх. Ичимхий зан, өөртөө итгэлгүй байдалтайгаа одоо ч тэмцэж явна. Тийм болохоор үүрэг даалгавраа амжилттай биелүүлж байсан нь миний сайных гэж хэзээ ч боддоггүй. Ехова: «Би чамайг тэнхрүүлж, үнэхээр чамд тусална. Би заавал Өөрийн зөв баруун мутраар чамайг хамгаална» гэж амласнаа биелүүлдгийг нь биеэрээ үзэж байна (Ис. 41:10). Ялангуяа, итгэл нэгтнүүдээр минь дамжуулж намайг «тэнхрүүлсээр» ирсэн. Надад урам зориг хайрлаж байсан зарим хүний тухай ярья. Бага наснаасаа эхэлье.

БИБЛИ БА ЖИЖИГ ХАР ДЭВТЭР

Кеннет хүүхэд байхдаа гэрийнхээ гадаа зогсож байгаа нь

Онтариогийн баруун өмнөд хэсэгт гэрийнхээ гадаа

Манайх Онтариогийн баруун өмнөд хэсэгт аж ахуй эрхэлж амьдардаг айл байлаа. 1940-өөд оны ням гаригийн нэг сайхан өглөө Элси Хантинфорд гэдэг эмэгтэй манайд ирэв. Ээж хаалга тайлж, аав бид хоёр гэр дотроос сонсож байлаа. Аав минь бас над шиг ичимхий хүн. Аав тэр эгчийг юм зарах гэж ирсэн хүн гэж бодоод, ээжийг хэрэгтэй хэрэггүй юм авчихна гэж санаа нь зовж л дээ. Тэгээд тэсэлгүй хаалга руу очоод, бидэнд хэрэггүй гэв. Хантинфорд эгчийг «Та нар Библи судлахыг хүсэхгүй байна уу?» гэхэд аав: «Тэгвэл ч харин өөр хэрэг шүү» гэж хариулсан.

Хантинфорд эгч манайд яг цагаа олж ирсэн юм. Аав ээж хоёр маань Канадын Нэгдсэн сүмийн идэвхтэй гишүүд байв. Гэвч сүмдээ дахиж очихгүй гэж шийдчихээд байсан үе. Яагаад? Сүмд хандивласан мөнгөнийх нь хэмжээгээр хүмүүсийн нэрсийг жагсааж бичээд бүх хүнд харагдахаар газар тавьдаг байв. Аав ээж хоёр маань мөнгө багатай учир жагсаалтын сүүлд бичигдэнэ. Тиймээс пасторууд мөнгө нэмж өгөхийг шаарддаг байв. Түүнээс гадна, нэг пастор ажлаа алдахгүйн тулд итгэж үнэмшдэггүй юмаа заадгаа хэлсэн. Ийм ийм шалтгаанаас болоод манайх сүмд очихгүй байхаар шийдсэн. Гэхдээ л Бурхны тухай мэдэх юмсан, Бурхныг шүтэх юмсан гэсэн хүслээ орхиогүй.

Тэр үед Канад дахь Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагаа хориотой байсан болохоор Хантинфорд эгч манай гэрийнхэнтэй хичээл хийхдээ Библи, жижиг хар тэмдэглэлийн дэвтрээс өөр юу ч авчирдаггүй байв. Манай гэрийнхэн өөрийг нь барьж өгөх хүмүүс биш гэдгийг Хантинфорд эгч хожим ойлгоод Библид үндэслэсэн ном хэвлэл авчирж өгдөг болсон. Хичээл болгоныхоо дараа бид хэвлэлээ сайн гэгч нь нуудаг байлаа.a

Кеннет Литлийн эцэг эх

Хантинфорд эгч айлаар дэлгэрүүлсний үрээр аав ээж хоёр минь 1948 онд баптисм хүртсэн

Эсэргүүцэл хавчлага, саад бэрхшээл тулгарсан ч Хантинфорд эгч сайн мэдээг идэвхтэй дэлгэрүүлдэг байсан нь миний гайхлыг төрүүлж, үнэний зам дээр зогсох хүслийг минь бадраасан. Аав ээж хоёрыг баптисм хүртэж Еховагийн Гэрч болсноос хойш нэг жилийн дараа би Еховад өөрийгөө зориулсан. Мал усалдаг төмөр онгоцонд 1949 оны 2 дугаар сарын 27-нд 17-тойдоо баптисм хүртэж билээ. Дараа нь бүрэн цагаар үйлчлэхээр шийдсэн.

ЕХОВА НАМАЙГ ЗОРИГЖУУЛСАН

Кеннет Литл Бетелд ажиллаж байгаа нь

1952 онд Бетелд уригдаад их гайхсан

Гэхдээ шууд эхлэгч болсонгүй. Эхлэгчээр үйлчлэхийн тулд эхлээд мөнгөтэй болох хэрэгтэй гэж бодоод банкинд, бас нэг албан газарт ажилд оров. Залуу, туршлагагүй байсан болохоор цалин буунгуут үрчихдэг байв. Зоригтой байж, Еховад найдахыг Тед Саржент гэдэг ах надад зөвлөлөө (Ш.дээд 28:10). Ингээд би 1951 оны 11 дүгээр сард эхлэгчээр үйлчилж эхлэв. Тэр үед надад 40 доллар, хуучин унадаг дугуй, шинэ цүнхнээс өөр юу ч байсангүй. Гэхдээ Ехова хэрэгтэй бүхнээр маань үргэлж хангадаг байлаа. Эхлэгчээр үйлчлэх урам зориг хайрласан Тед ахдаа талархаж явдаг! Энэ шийдвэрийг гаргаад их ивээл хүртсэн.

1952 оны 8 дугаар сарын сүүлчээр Канадын Торонтод байдаг салбараас утасдаж, 9 дүгээр сараас эхлэн Бетелд үйлчлэхгүй юү гэлээ. Угийн ичимхий, бас дээр нь салбарт очиж үзээгүй хэрнээ энэ урилгыг аваад их баярлаж билээ. Эхлэгч нар Бетелийн талаар сайхан юм ярьдаг байсан болохоор тэр л дээ. Би Бетелийн амьдралд хурдан дассан.

«АХ ДҮҮСТЭЭ САНАА ТАВЬЖ БАЙГААРАЙ»

Бетелд ороод хоёр жил өнгөрсний дараа Торонтогийн нэг хуралд үйлчлэх болж, хурлын үйлчлэгч (одоогийн ахлагчдын зөвлөлийн зохицуулагч) Билл Еэкос ахын халааг авав. 23-хан настай би гэдэг хүн хөдөөнөөс ирсэн гэнэн хүүхэд шиг л байлаа. Сайхан сэтгэлтэй, даруухан Еэкос ах юу хийхийг минь зааж өгсөн. Бас Ехова надад тусалсан.

Үргэлж инээмсэглэж явдаг, намхан махлаг Еэкос ах бусдад чин сэтгэлээсээ санаа тавьдаг хүн байв. Итгэл нэгтнүүдээ хайрладаг болохоор тэд ч түүнд хайртай байсан. Тэднийгээ зөвхөн зовж зүдэрсэн цагт нь эргэж тойрох бус, харин байнга гэр орноор нь очдог байв. Намайг ч бас тэгэхийг зөвлөж, хурлынхантайгаа хамт дэлгэрүүлэхийг захисан. Еэкос ах: «Кен ээ, ах дүүстээ санаа тавьж байгаарай» гэж билээ. Ингэвэл нэгнийхээ алдааг уучлахад хялбар болдог гэсэн юм.

ҮНЭНЧ ЭХНЭР

Ехова 1957 оны 1 дүгээр сараас эхлэн намайг онцгой их ивээсэн. Гилеад сургуулийн 14 дэх ангийг дүүргэсэн Эвлин гэдэг эмэгтэйтэй би тэр сард гэрлэсэн юм. Эвлин надтай гэрлэхээсээ өмнө франц хэлтнүүд амьдардаг Кэбэк мужид үйлчилж байсан. Тухайн үед Кэбэк мужид католик шашин нэлээд нөлөөтэй байсан тул тэнд дэлгэрүүлэх нь амаргүй даваа байлаа. Гэхдээ Эвлин маань Еховад үнэнч байж энэ даалгавраа тууштай биелүүлсэн.

Кеннет Эвлин хоёрын хуримын өдөр

Эвлин бид хоёрын хуримын өдөр, 1957 он

Эвлин надад ч үнэнч байж өмөг түшиг минь болсоор ирсэн (Еф. 5:31). Бид хоёрыг дөнгөж гэрлэсний дараа болсон явдлууд үүнийг баталсан юм. Уг нь бид бал сараа АНУ-ын Флорида мужид өнгөрүүлэхээр төлөвлөж байв. Гэтэл хуримын маргааш Канад дахь салбараас утасдаж долоон өдөр болох уулзалтад урилаа. Эвлин бид хоёр Еховагийн хүсэл тааллын дагуу юу ч хийхэд бэлэн байсан болохоор төлөвлөгөөгөө өөрчилж салбар луу явав. Эвлин долоо хоногийн турш салбарын ойролцоо дэлгэрүүлсэн. Тэндхийн хэсэг Кэбэкийнхээс тэс өөр байсан ч эхнэр минь чадах бүхнээ хийсэн.

Ердөө төсөөлөөгүй юм тэр долоо хоногийн сүүлээр болов. Намайг Онтарио мужийн хойд хэсэгт дүүргийн харгалзагчаар томилчихлоо. 25-хан настай, туршлагагүй, гэрлээд удаагүй байсан надад Ехова тусална гэдэгт огтхон ч эргэлзээгүй. Канадад өвлийн жавар ид тачигнаж байхад бид шөнийн галт тэргээр Онтариог зорилоо. Томилогдсон газар луугаа буцаж яваа туршлагатай явуулын харгалзагчидтай тэр галт тэргэнд таарав. Тэд биднийг их урамшуулсан. Нэг ах Эвлин бид хоёрыг тухгүй суудалд хонуулахгүй гэсэндээ ятгасаар байгаад купендээ оруулж билээ. Ингээд маргааш өглөө нь Хорнпэйнд очсон юм. Энэ тухай намтрын эхэнд дурдсан. Тэгэхэд Эвлин бид хоёр гэрлээд ердөө 15 хонож байлаа.

Хэдэн жилийн дараа бидний амьдрал дахиад өөрчлөгдлөө. 1960-аад оны эцэст дүүргийн харгалзагчаар үйлчилж байхад минь Гилеад сургуулийн 36 дахь ангид 10 сар суралцах урилга ирлээ. Сургалт 1961 оны 2 дугаар сард Нью-Йоркийн Брүүклинд эхлэх гэж байв. Библийг нямбай судлах ийм боломж олдсонд би их баярлаж байсан ч Эвлинийг уриагүйд сэтгэл гонсойж билээ. Намайг Брүүклинд байх хугацаанд Эвлин Канадад үлдэхийг зөвшөөрснөө илэрхийлж, уригдаагүй бусад эхнэрийн адилаар захидал бичих болов. Бие биеэсээ удаан хугацаагаар хол байна гэж бодохлоор Эвлинд хэцүү байсан ч намайг Гилеадад сурахыг зөвшөөрсөн юм. Их чухал юм сурах гэж байгаад минь Эвлин баяртай байлаа.

Намайг Брүүклинд байх зуур Эвлин Канадын Бетелд үйлчилж Маргарет Ловелл гэдэг тослогдсон эгчтэй хамт амьдрах завшаан эдэлсэн юм. Эвлин бид хоёр бие биеэ их санаж байсан ч Еховагийн ачаар даалгавраа биелүүлж чадсан. Еховагийн төлөө, байгууллагын төлөө эрх ашгаа хойш нь тавьдаг эхнэрээрээ би их бахархсан.

Гилеад сургуульд ороод 3 сар шахам болж байлаа. Тэгтэл тухайн үед дэлхий дахинд явагддаг дэлгэрүүлэх ажлыг удирдаж байсан Нейтан Норр ах надтай уулзав. Сургуулиа төгсөлгүй Канадад эргэж очоод Христиан үйлчлэлийн сургуульд түр багшлахгүй юү гэсэн санал тавьдаг юм байна. Гэхдээ энэ даалгаврыг заавал хүлээж авах шаардлагагүй, хүсвэл Гилеад сургуулиа дүүргээд миссионерээр үйлчилсэн ч болно гэлээ. Харин Канад руу буцаж очно гэвэл Гилеадад дахин уригдахгүй байж магадгүйг санууллаа. Эхнэртэйгээ ярьж байгаад шийдээрэй гэв.

Би эхнэрийнхээ юу гэж хэлэхийг мэдэж байсан болохоор шууд л «Еховагийн байгууллагаас ямар ч даалгавар өгсөн бид дуртайяа биелүүлнэ» гэж Норр ахад хариулсан юм. Өөрсдөө хүсэхгүй байлаа ч Еховагийн байгууллагын томилсон газар луу явах нь л хамгийн зөв гэдэгт бид итгэлтэй байв.

Ингээд би Христиан үйлчлэлийн сургуульд багшлахаар 1961 оны 4 дүгээр сард Канад руу буцлаа. Дараа нь, эхнэр бид хоёр Канадын Бетелд уригдсан юм. Тэгж байтал нэг гайхалтай явдал болов. 1965 онд эхлэх Гилеад сургуулийн 40 дэх ангид намайг урьжээ. Эвлин дахиад л ганцаараа үлдэхийг зөвшөөрсөн захиа бичлээ. Гэтэл надад урилга ирснээс хойш хэдхэн долоо хоногийн дараа Эвлинд бас урилга ирдэг байгаа! Хөл газар хүрэхгүй баярлаж билээ.

Бид хоёртой хамт Гилеад сургуулийн франц хэлний ангид сурч байгаа бүх хүнийг Африк руу томилно гэж Норр ах хэлсэн юм. Харин төгсөлтийн ёслол дээр Канадад үйлчлэх томилолт гардуулахад бид хоёр их гайхсан. Намайг салбарын харгалзагчаар (одоогийн салбарын хорооны зохицуулагч) томиллоо. 34-хөн настай надад энэ үүрэг ахдаж байна гэхэд минь Норр ах сэтгэлийн дэм өгч зоригжуулж билээ. Би салбарын харгалзагч болсон цагаасаа эхлэн чухал шийдвэр гаргах бүрдээ Бетелд үйлчилдэг туршлагатай хүмүүстэй зөвлөлддөг болсон юм.

СУРЧ БОЛОВСОРДОГ, СУРСНАА ЗААДАГ ГАЗАР

Бетелд үйлчлэх хугацаанд бусдаас сурах сайхан боломж их гарсан. Би салбарын хорооны бусад гишүүнээ хүндэтгэж, тэднээрээ бахархдаг. Бас Бетелд болон янз бүрийн хуралд хамт үйлчилсэн хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй олон зуун итгэл нэгтнээсээ ихийг сурлаа.

Кеннет Литл өглөөний мөргөлийг хөтөлж байгаа нь

Канад дахь Бетелийн гэр бүлийн өглөөний мөргөлийг хөтөлж байгаа нь

Үүнээс гадна, бусдад зааж сургах, итгэлийг нь бэхжүүлэх завшаан олдсон. Элч Паул: «Юу сурсан дотроо байнга бай» гэж Тимотод захисан. Бас «Олон гэрчийн өмнө надаас сонссон зүйлсийг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүст даатга» гэсэн байдаг (2 Тим. 2:2; 3:14). Бетелд 57 жил үйлчлэхдээ юу сурсан бэ гэж итгэл нэгтнүүд маань заримдаа асуудаг юм. Миний хариулт их энгийн. Еховагийн байгууллага ямар л даалгавар өгнө, Ехова тусална гэж найдаад тэр дор нь дуртайяа хүлээж авч сурсан гэдэг.

Бетелд анх ирсэн өдрөө би тод санаж байна. Туршлагагүй, их ичимхий залуу байлаа. Гэхдээ энэ олон жилийн турш Ехова «баруун гараас» минь атгасан. Ялангуяа хайр халамжтай итгэл нэгтнүүдээр маань яг хэрэгтэй үед туслуулж «Бүү ай. Би чамд тусална» гэсэн амлалтаа биелүүлж ирсэн (Ис. 41:13).

a Канадын засгийн газар 1945 оны 5-р сарын 22-нд хориог цуцалсан.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах