Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмжицгээе!
«Бидний Эзэн ба Бурхан минь, Та алдар, хүндэтгэл, хүчийг авах нь зохистой. Учир нь Та бүх юмсыг бүтээсэн» (ИЛЧ. 4:11).
1, 2. Бид дор бүрнээ юуг ойлгох хэрэгтэй вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).
САТАНЫ дэгдээсэн маргаантай асуудлыг өмнөх өгүүллээр ярилцсан билээ. Ехова бүхнийг захирах эрхгүй, хүн хүнээ захирвал сайн сайхан явна гэж Сатан мэтгэсэн. Үнэхээр тийм үү? Өөрсдийгөө удирдахаар шийдсэн хүмүүс мөнх амьдрах боломжтой болсон гэж бодъё. Тэгвэл илүү сайхан амьдрах уу? Хэрвээ та Бурхнаас хамааралгүй амьдрах бүрэн эрхтэй, бас мөнх амьтай бол илүү жаргалтай болох уу?
2 Эдгээр асуултад хэн ч таны өмнөөс хариулж чадахгүй. Та өөрөө нухацтай бодох учиртай. Ингэвэл Бурхан бүхнийг захирах эрхтэй бөгөөд хамгийн сайн захирдаг нь тодорхой болно. Улмаар хэмжээгүй эрх мэдлийг нь чин сэтгэлээсээ дэмжих ёстойгоо ойлгоно. Ехова л ганцаараа орчлонт ертөнцийг захирах эрхтэйг Библи хэрхэн нотолдгийг авч үзье.
ЕХОВА ЗАХИРАХ ЭРХТЭЙ
3. Ехова яагаад ганцаараа орчлонт ертөнцийг захирах эрхтэй вэ?
3 Ехова төгс хүчит Бурхан, Бүтээгч учраас орчлонт ертөнцийн Эзэн байх эрхтэй (Ш.дээд 29:11; Үйлс 4:24). Христтэй хамт тэнгэрээс захирах 144 000 захирагч: «Бидний Эзэн ба Бурхан минь, Та алдар, хүндэтгэл, хүчийг авах нь зохистой. Учир нь Та бүх юмсыг бүтээсэн билээ. Таны хүслийн улмаас тэдгээр нь оршсон бөгөөд бүтээгдсэн юм» гэж хэлж байгаагаар Илчлэлт 4:11-д гардаг. Үнэхээр ч Ехова бүх юмыг бүтээсэн учраас тэнгэр газар дээрх бүх бүтээлээ захирах бүрэн эрхтэй.
4. Бид сонгох эрх чөлөөтэй ч яагаад Бурхны эрх мэдлийг эсэргүүцэх эрхгүй вэ?
4 Сатан юу ч бүтээгээгүй учраас орчлонт ертөнцийг захирах эрхгүй. Сатан ч, анхны хоёр хүн ч Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг эсэргүүцсэн нь эрээ цээргүй авирласан хэрэг байлаа (Иер. 10:23). Тэд сонгох эрх чөлөөтэй бүтээлүүд гэдэг нь үнэн. Тэгвэл Еховагийн эрх мэдлийг эсэргүүцэх эрхтэй гэсэн үг үү? Үгүй. Сонгох эрх чөлөө гэдэг бол сонгох, шийдэх эрх юм. Харин Бүтээгч, Амь өгөгчдөө тэрслэх эрх хэнд ч байхгүй. Тэгэхээр Еховаг эсэргүүцэж байгаа нь сонгох эрх чөлөөгөө буруу эдэлж байна гэсэн үг. Хүмүүс бид Еховагаар удирдуулж амьдрах ёстой бүтээл билээ.
5. Бурхны шийдвэр дандаа шударга байдаг гэдэгт яагаад итгэж болох вэ?
5 Ехова бүхнийг захирах эрхтэйн өөр нэг шалтгааныг бодъё. Тэрээр эрх мэдлээ эдлэхдээ төгс шударга байдаг. Ехова өөрийнхөө тухай «[Би] газар дэлхий дээр хайр энэрэл, шударга ёс, зөв шударгыг хэрэгжүүлдэг ЭЗЭН ... Учир нь Би үүнийг таалдаг» гэж хэлжээ (Иер. 9:24). Ехова хүний зохиосон хуулийг үндэс болгон юуг шударга, юуг зөв гэж тогтоодоггүй. Тэгэх ч шаардлага байхгүй. Өөрөө төгс шударга учраас хүмүүст зориулж хууль гаргасан. «Зөв шударга ба шударга ёс бол [Еховагийн] сэнтийн суурь» учраас бүх хууль, зарчим, шийдвэр нь зөв гэдэгт бүрэн итгэж болно (Дуу. 89:14; 119:128). Гэтэл Сатан Еховаг шударга Захирагч биш гэсэн атлаа дэлхий дээр шударга ёсыг тогтоож чадаагүй.
6. Ехова энэ ертөнцийг захирах эрхтэй гэхийн учир юу вэ?
6 Түүнээс гадна Ехова орчлонт ертөнцийг захирах мэдлэгтэй, мэргэн ухаантай учраас бүрэн эрхтэй Эзэн мөн. Жишээ нь ямар ч эмчийн анагааж чадаагүй өвчнийг эдгээх чадварыг Хүүдээ өгснийг нь бодоод үзье (Мат. 4:23, 24; Марк 5:25–29). Энэ нь бидний хувьд гайхамшиг боловч Еховагийн хувьд энгийн л зүйл юм. Хүний бие эрхтэн хэрхэн ажилладгийг мэддэг учраас ямар ч өвчин эмгэгийг эдгээж чадна. Бас үхэгсдийг амилуулж, байгалийн гамшгийг зогсоож чадна.
7. Еховагийн мэргэн ухаан хэр агуу вэ?
7 Сатаны захиргаанд байдаг хүн төрөлхтөн улс орон, дэлхий даяар энх тайвныг тогтоож чадахгүй байна. Ингэж чадах мэргэн ухаан зөвхөн Еховад л бий (Ис. 2:3, 4; 54:13). Еховагийн мэдлэг, мэргэн ухааны тухай бодохлоор элч Паулд төрсөн сэтгэгдэл бидэнд бас төрдөг. Тэрээр: «Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь ямар гүн гүнзгий вэ! Түүний шүүлтүүд нь ямар ухаарагдашгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ?» гэж бичжээ (Ром 11:33).
ЕХОВА ХАМГИЙН САЙН ЗАХИРДАГ
8. Ехова хамгийн сайн захирдаг гэсэн ямар нотолгоо байдаг вэ?
8 Ехова бүхнийг захирах эрхтэй төдийгүй хамгийн сайн захирдгийн нотолгоо Библид бий. Тэрээр хайрандаа хөтлөгдөн захирдаг. «Өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба энэрэл хайр, үнэнээр бялхам» гэдгийг нь бодохлоор бидний сэтгэл хөдөлдөг шүү дээ (Ег. 34:6). Бурхан үйлчлэгчдэдээ хүндэтгэлтэй ханддаг. Бидэнд өөрсдөөс маань ч илүү санаа тавьдаг. Ехова үйлчлэгчдэдээ сайн сайхан бүхнийг харамгүй өгдөг нь Сатаны худалчийг нотолдог. Тэр ч байтугай Ехова биднийг мөнх амьдруулахын тулд хамгаас хайртай Хүүгээ өгсөн! (Дуулал 84:11; Ром 8:32-ыг уншина).
9. Бурхан хүн тус бүрд санаа тавьдгийг хаанаас мэдэж болох вэ?
9 Ехова бүх үйлчлэгчдээ төдийгүй хүн тус бүрд санаа тавьдаг. Жишээ авъя. Тэрээр израйл үндэстнийг гурван зуун жилийн турш шүүгчдээр удирдуулж, өстөн дайснаа дарахад нь тусалсан. Ийм цөвүүн цагт ч хувь хүнд анхаарлаа хандуулж байв. Тэдний нэг нь Рут гэдэг бүсгүй юм. Рут израйл биш ч Еховагийн үйлчлэгч болохын тулд олон юмаа золиосолжээ. Ехова түүнийг ивээж нөхөртэй, хүүтэй болгосон. Ивээл нь үүгээр дуусаагүй. Хүү нь Мессиагийн өвөг дээдэс болсныг Рут амилахлаараа мэднэ. Бас өөрийнх нь түүх намтрыг «Рут» нэртэй ном болгож Библид хадгалан үлдээснийг мэдээд сэтгэл нь хэчнээн их хөдлөх бол! (Рут 4:13; Мат. 1:5, 16).
10. Ехова хэзээ ч дарангуйлан захирдаггүй гэж хэлж болохын учир юу вэ?
10 Ехова хэзээ ч дарангуйлан захирдаггүй. Түүнд захирагддаг хэн боловч эрх чөлөөг мэдэрч баяр баясгалантай байдаг (2 Кор. 3:17). «Түүний [Бурхны] өмнө сүр жавхлан, яруу алдар бий. Түүний газарт хүч чадал, баяр баясгалан бий» гэж Давид бичжээ (Ш.дээд 16:7, 27). Бас дуулалч Едан: «Баярт дууг мэддэг ард түмэн юутай ерөөлтэй вэ! Өө, ЭЗЭН, тэд Таны нүүр царайны гэрэлд алхдаг. Таны нэрд тэд өдөржин баярлаж, Таны зөв шударгаар тэд өргөмжлөгддөг» хэмээн бичсэн байна (Дуу. 89:15, 16).
11. Ехова хамгийн сайн захирдаг гэдэгт улам бүр итгэхийн тулд яах хэрэгтэй вэ?
11 Еховагийн сайхан сэтгэлийг эргэцүүлэн боддог бол хамгийн сайн захирдагт нь улам бүр итгэдэг болно. Тэгээд дуулалч шиг «Таны хашаан дахь нэг өдөр гадна байх мянган өдрөөс ч дээр» гэж бодно (Дуу. 84:10). Ехова хүнийг бүтээсэн учраас яавал жинхэнэ ёсоор жаргалтай амьдрахыг мэддэг. Хэрэгтэй бүхнийг маань элбэг дэлбэг хангаж өгдөг. Биднээс юу л хүснэ, тэр нь бидний сайн сайхны төлөө байдаг. Ямар нэгэн юмаа золиослох хэрэг гарсан ч үгэнд нь орвол бид баяр баясгалантай байна (Исаиа 48:17-г уншина).
12. Ямар хүн Сатаны худал үгэнд хэзээ ч хууртахгүй вэ?
12 Библид бичсэнээр, Христийн Мянган жилийн засаглалын төгсгөлд зарим хүн Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг эсэргүүцнэ (Илч. 20:7, 8). Яагаад? Диавол шоронгоосоо суллагдаад хүн төрөлхтнийг урьдын адил мэхлэхийг оролдоно. Еховад захирагдахгүйгээр мөнх амьдрах арга байгаа гэдэгт итгүүлэх гэж хичээх биз ээ. Хэлэх үг нь хэзээ ч биелэхгүй нь мэдээжийн хэрэг. Гэхдээ бид өөрөөсөө «Иймэрхүү худал хуурмаг зүйлд би итгэх болов уу?» гэж асуух хэрэгтэй. Еховаг хайрладаг, сайн гэдэгт нь итгэдэг, бүхнийг захирах эрхтэйг нь хүлээн зөвшөөрдөг хүн Сатаны худал үгэнд хэзээ ч хууртахгүй. Хайраар бялхсан Ехова Бурхандаа л захирагдаж амьдрахыг хүснэ.
БУРХНЫ ХЭМЖЭЭГҮЙ ЭРХ МЭДЛИЙГ ҮНЭНЧЭЭР ДЭМЖЬЕ
13. Еховаг дуурайдаг маань юуны баталгаа вэ?
13 Ехова бүхнийг захирах эрхтэй бөгөөд хамгийн сайн захирдгийг ярилцлаа. Тэгэхээр бид хэмжээгүй эрх мэдлийг нь бүрэн дэмжих хэрэгтэй нь ойлгомжтой байна. Бурхандаа хэзээ ямагт үнэнч үйлчилдэг бол эрх мэдлийг нь дэмжиж байгаа хэрэг. Өөр яах хэрэгтэй вэ? Цаг үргэлж Еховаг дуурайхыг хичээх хэрэгтэй. Юу ч хийсэн Еховаг дуурайдаг бол түүнийг хайрлаж, хэмжээгүй эрх мэдлийг нь дэмждэгийн баталгаа болно (Ефес 5:1, 2-ыг уншина).
14. Ахлагчид, өрхийн тэргүүнүүд Еховаг хэрхэн дуурайж болох вэ?
14 Ехова эрх мэдэлтэй ч хайрандаа хөтлөгддөгийг бид Библиэс мэдэж авсан. Хэмжээгүй эрх мэдлийг нь дэмждэг ахлагч, өрхийн тэргүүнүүд бусдыг захиргааддаггүй, хянаж цагддаггүй. Харин Еховаг, Хүүг нь дуурайдаг. Элч Паул ийм л хүн байсан (1 Кор. 11:1). Тэрээр бусдыг эвгүй байдалд оруулах юм уу зөв юм хийлгэх гэж дарамталж байсан удаагүй. Харин ч тэднээс гуйдаг байсан (Ром 12:1; Еф. 4:1; Флм. 8–10). Ехова бас яг ингэдэг. Еховаг хайрлаж, эрх мэдлийг нь дэмждэг хүн болгон ийм байх ёстой.
15. Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг өөр яаж дэмжих хэрэгтэй вэ?
15 Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмжье гэвэл өөр яах вэ? Еховагаас эрх мэдэл авсан хүмүүстэй хамтран ажиллах хэрэгтэй. Тэдний гаргасан шийдвэрийг сайн ойлгохгүй эсвэл өөр саналтай байлаа ч Бурхны тогтоосон журмаас гажих учиргүй. Еховад захирагддаг хүмүүс захирагддаггүй хүмүүсээс үүгээрээ эрс ялгардаг (Еф. 5:22, 23; 6:1–3; Евр. 13:17). Бурханд захирагдлаа гээд хэзээ ч хохирохгүй. Яагаад гэвэл Бурхан биднийг үргэлж сайн сайхан явуулахыг хүсдэг.
16. Бурхны хэмжээгүй эрх мэдлийг дэмждэг хүн аар саар зүйлийг хэрхэн шийддэг вэ?
16 Аар саар зүйлийг хэрхэн шийдэж байгаагаас Бурхныхаа хэмжээгүй эрх мэдлийг дэмждэг эсэх маань харагдана. Ехова алхам бүрийг зааж зааварлан ингэ тэг гэж тушаадаггүй. Харин үзэл бодлоо мэдүүлдэг. Жишээлбэл ямар хувцас өмсөж болох болохгүйг жагсаахын оронд Гэрч хүнд зохистой, даруу хувцаслаарай гэдэг (1 Тим. 2:9, 10). Бас шийдвэр гаргахдаа бусдад яаж нөлөөлөхийг бодоорой гэдэг (1 Кор. 10:31–33). Хэрэв бид Еховагийн үзэл бодолд тулгуурлан асуудлаа шийддэг бол удирдах аргыг нь хүлээн зөвшөөрч, эрх мэдлийг нь дэмждэгийн шинж болно.
Хувийн болон гэр бүлийн асуудлаа шийдэхдээ Бурхныхаа хэмжээгүй эрх мэдлийг дэмжээрэй (16–18-р догол мөрийг үзээрэй)
17, 18. Гэрлэсэн хүмүүс Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг хэрхэн дэмжиж болох вэ?
17 Гэр бүлтэй хүмүүс Еховагийн эрх мэдлийг хэрхэн дэмжиж болохыг авч үзье. Хамтын амьдрал нь санаснаар болохгүй байна гэж бодъё. Тэр байтугай түвэгтэй асуудал гарсан бол яах вэ? Ехова Израйлтай яаж харьцаж байсныг эргэцүүлж нэг бодоорой. Тэрээр өөрийгөө израйл үндэстний «нөхөр» гэсэн байдаг (Ис. 54:5; 62:4). Ямар хэцүү «гэр бүл» байсныг төсөөл дөө! Гэлээ ч Ехова Израйлаас холбоогоо тасалъя гэж бодоогүй. Дахин дахин өршөөл энэрлээ үзүүлж, гэрээгээ үнэнчээр биелүүлж байсан (Дуулал 106:43–45-ыг уншина). Ийм үнэнч хайр илэрхийлдэг Бурханд татагдахгүй байхын аргагүй биз дээ?
18 Гэрлэсэн хосууд Еховаг үнэхээр хайрладаг бол түүнийг дуурайхыг хичээнэ. Библийн үндэслэлгүйгээр гэрлэлтээ цуцлуулахыг оролдохгүй. Гэрлэлтийн тангаргийг нь Ехова чухалчлан үздэг бөгөөд нэг бие болоосой гэж хүсдэгийг тэд мэддэг. Завхайраагүй л бол ханиасаа салаад, өөр хүнтэй гэрлэх Библийн үндэслэл байхгүй (Мат. 19:5, 6, 9). Салж сарнихгүй сайхан амьдрахын тулд чадах бүхнээ хийдэг бол Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмжиж буй хэрэг болно.
19. Алдаа гаргачихвал яах хэрэгтэй вэ?
19 Бид төгс бус учраас заримдаа Еховаг гонсойлгох юм хийчихдэг. Ехова ч ингэхийг маань мэдээд Христийг золиос болгон өгсөн билээ. Тиймээс алдаа гаргачихвал Еховагаас уучлалт гуйх хэрэгтэй (1 Иох. 2:1, 2). Өөрийгөө зүхэхийн оронд алдаанаасаа сургамж авах нь зүйтэй. Еховатай дотно байсан цагт тэрээр биднийг уучилж, сэтгэлийн шархыг маань эдгээнэ. Бас хожим дахин тиймэрхүү явдал гарлаа гэхэд даван туулахад маань тусална (Дуу. 103:3).
20. Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг яагаад одоо дэмжих хэрэгтэй вэ?
20 Шинэ ертөнцөд бүх хүн Еховад захирагдаж, бүхнийг Еховагийн зааснаар хийж сурна (Ис. 11:9). Гэхдээ бид зөвхөн ирээдүйд сурах юм биш, одоо ч сурч байна. Бурхны хэмжээгүй эрх мэдлийн талаарх маргаантай асуудал удахгүй бүрэн шийдэгдэнэ. Одоо бол Бурхныхаа хэмжээгүй эрх мэдлийг дэмжих цаг мөн. Дуулгавартай, үнэнч байж, Бурхнаа дуурайхыг чадах чинээгээрээ хичээцгээе.