Еховатай өдөр бүр хамтран ажиллаарай
«Бид бол Бурхны хамтран зүтгэгчид» (1 КОР. 3:9).
1. Еховатай хамтран ажиллах ямар ямар арга байдаг вэ?
БҮТЭЭГЧ МААНЬ анх төгс хүнтэй хамтран ажиллаж санаа зорилгоо биелүүлнэ гэж бодож байжээ. Гэвч хүн төрөлхтөн төгс бус болсон. Хэдий тийм боловч Еховатай өдөр бүр хамтарч ажиллах боломжтой. Жишээ нь Хаант төрийн тухай сайн мэдээ тунхаглаж, шавь бэлдвэл «Бурхны хамтран зүтгэгч» болдог (1 Кор. 3:5–9). Орчлонт ертөнцийг бүтээсэн төгс хүчит Эзэн энэ чухал ажлаа бидэнтэй хамтарч хийдэг гээд бод доо! Ямар их завшаан бэ! Дэлгэрүүлэх, шавь бэлдэхээс гадна өөр олон аргаар Бурхантай хамтарч ажиллах боломжтой. Гэр бүл болон итгэл нэгтнүүддээ тусалбал, зочломтгой байвал, байгууллагын ажилд сайн дураараа оролцвол, үйлчлэлээ өргөжүүлбэл Бурхантай хамтран ажиллаж байгаа хэрэг. Эдгээрийг дэлгэрэнгүй үзье (Кол. 3:23).
2. Өөрийгөө яагаад бусадтай харьцуулж болохгүй вэ?
2 Энэ өгүүллийг үзэх явцдаа өөрийгөө бусадтай бүү харьцуулаарай. Нас сүүдэр, эрүүл мэнд, ахуй амьдрал, авьяас чадвараараа хүн болгон харилцан адилгүй учраас Еховагийн төлөө хийж чадах зүйл нь ч бас ялгаатай шүү дээ. «Хүн бүр үйл хэргээ шалгаг. Тэгвэл өөрийгөө бусадтай харьцуулахгүй, өөрийнхөө үйлсэд баярлана» хэмээн элч Паул бичжээ (Гал. 6:4).
ГЭР БҮЛИЙНХЭН БОЛОН ИТГЭЛ НЭГТНҮҮДДЭЭ ТУСЛААРАЙ
3. Гэр бүлдээ санаа тавих нь Бурхантай хамтран ажиллаж байгаа хэрэг гэхийн учир юу вэ?
3 Гэр бүлдээ санаа тавихыг Ехова үйлчлэгчдээсээ хүсдэг. Жишээ нь та гэрийнхнийхээ хэрэгцээг хангахын тулд ажил хийх шаардлагатай байж болох юм. Ээжүүд хүүхдээ хараад гэртээ суух хэрэгтэй байдаг. Чадал тэнхээ нь доройтсон, настай эцэг эхээ халамжлах үүрэг үр хүүхдэд нь оногддог. Эдгээр нь зайлшгүй хийх ёстой зүйл. Энэ тухай Библид «Хэрэв хүн өөрийнхнийхөө, ялангуяа, гэр бүлийнхнийхээ хэрэгцээг хангахгүй бол Бурханд итгэхээ больсон хэрэг бөгөөд сүсэг бишрэлгүй хүнээс дор юм» гэж бичжээ (1 Тим. 5:8). Та дээр дурдсан хүмүүсийн нэг бол Бурхны ажилд хүссэнээрээ оролцож чаддаггүй биз ээ. Гэхдээ сэтгэлээр унах хэрэггүй! Гэрийнхэндээ санаа тавьж байгааг тань Бурхан хараад баярладаг (1 Кор. 10:31).
4. Эцэг эхчүүд Хаант төрийн үйл хэргийг хэрхэн эн тэргүүнд тавих вэ? Энэ нь ямар үр дүнтэй вэ?
4 Эцэг эхчүүд Бурхантай хэрхэн хамтран ажиллах вэ? Бурханд үйлчлэх зорилго тавихад нь хүүхдэдээ туслах хэрэгтэй. Энэ нь ямар үр дүнтэй вэ? Олон залуус Еховад бүрэн цагаар үйлчлэхээр шийджээ. Тэдний зарим нь миссионер болсон. Зарим нь хэрэгцээ ихтэй газар нүүж очоод эхлэгчээр үйлчилж байхад, нөгөө зарим нь Бетелд ажиллаж байна. Эцэг эхээсээ хол байдаг учраас хүссэн үед нь хүрээд ирж чаддаггүй нь үнэн. Гэсэн ч томилогдсон газраа тууштай үйлчилж буй тэднийг эцэг эх нь магтаж урамшуулдаг. Яагаад? Хүүхдүүд нь Бурхны үйл хэргийг амьдралынхаа эн тэргүүнд тавьдаг учраас тэд баяртай байдаг (3 Ёох. 4). Өөрсдийнхөө эрх ашгийг хойш нь тавьдаг эцэг эхчүүдийн сэтгэл Ханнагийнхтай адилхан. Ханна, хүү Самуелаа Еховад «зориулсан» гэж хэлсэн байдаг. Тэд Бурхантай ийнхүү хамтран ажилладгаа завшаанд тооцдог (1 Сам. 1:28).
5. Итгэл нэгтнүүддээ хэрхэн туслах вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).
5 Өндөр настай, өвчин эмгэгтэй, гачигдал зовлонтой эсвэл гэр бүлийнхнээ асарч сувилдаг итгэл нэгтэндээ туслах боломж танд бий юү? Хурлынхныгаа тойруулаад нэг хараарай. Хэнд тусламж хэрэгтэй байна вэ? Жишээ нь өндөр настай эцэг эхээ асардаг Гэрч эмэгтэй байж магадгүй. Эцэг эхийг нь хэсэг зуур харж өгвөл тэрээр бусад ажлаа амжуулж болох юм. Эсвэл итгэл нэгтнээ цуглаанд авч очих, дэлгүүрээс юм авахад нь хамт явах, гар хурууных нь үзүүрт зарагдах, эмнэлэгт хэвтэж байгаа бол эргэж очих зэргээр тусалж болно. Та ийнхүү тусалбал тэд залбирлынхаа хариуг авна. Та ч Еховатай хамтран ажилласан хэрэг болно (1 Коринт 10:24-ийг уншина).
ЗОЧЛОМТГОЙ БАЙГААРАЙ
6. Зочломтгой байх гэж яахыг хэлэх вэ?
6 Бурхны хамтран зүтгэгчид зочломтгой байдгаараа хүмүүсийн анхаарлыг татдаг. «Зочломтгой байх» гэж орчуулсан грек үг нь «танихгүй хүмүүст сайхан сэтгэл гаргах» гэсэн утгатай (Евр. 13:2; зүүлт). Хэрхэн зочломтгой байхыг харуулсан олон сайхан жишээг Бурхны Үгнээс уншаарай (Эх. 18:1–5). Ямар ч хүнд, ялангуяа итгэл нэгтнүүддээ туслах боломжийг бүү алдаарай (Гал. 6:10).
7. Бүрэн цагийн үйлчлэгчдэд зочломтгой хандах нь ямар ач тустай вэ?
7 Та дүүрэг хариуцагчийг эргэлтээр ирэхэд нь гэртээ хонуулах боломжтой юу? Ийнхүү зочломтгой байвал Бурхантай хамтарч ажиллаж байна гэсэн үг (3 Ёохан 5, 8-ыг уншина). Урьсан, уригдсан хэн хэн нь «урамшин зоригжино» (Ром 1:11, 12). Олафын жишээг ярилцъя. Хүүхэд байхад нь ганц бие дүүрэг хариуцагч тэдний хуралд эргэлт хийхээр иржээ. Гэтэл түүнийг гэртээ байлгах айл ганц ч байсангүй. Тэгэхээр нь Олаф дүүрэг хариуцагчийг гэртээ хонуулж болох эсэхийг Гэрч биш эцэг эхээсээ асуув. Эцэг эх нь зөвшөөрчээ. Харин Олаф зочны өрөөний буйдан дээр унтахаас өөр аргагүй болов. Ингэлээ гээд харамсах юм байсангүй. Олаф: «Тэр 7 хоног ямар сайхан өнгөрсөн гэж санана! Дүүрэг хариуцагч бид хоёр өглөө бүр эрт босож цайгаа уунгаа сонирхолтой юм их ярьдаг байлаа. Би маш их урамшиж, бүрэн цагаар үйлчлэх чин хүсэлтэй болсон» хэмээн дурссан. Тэрээр сүүлийн 40 гаруй жил янз бүрийн улсад миссионероор үйлчилж байна.
8. Талархах сэтгэлгүй юм шиг харагддаг хүмүүст ч сайхан сэтгэл гаргах хэрэгтэйн учир юу вэ? Жишээ хэлнэ үү.
8 Танихгүй хүнийг, тэр байтугай хичээл зүтгэлийг маань үнэлэхгүй байгаа хүнийг ч хайрлах олон арга бий. Жишээ авъя. Испанид амьдардаг Гэрч Эквадороос цагаачилж ирсэн Еэсика гэдэг эмэгтэйтэй Библийн хичээл хийж байжээ. Тэгтэл тэр суралцагч учиргүй уйлж гарав. Юу болсныг асуухад, энд ирэхээсээ өмнө маш ядуу байснаа ярилаа. Бүр хоолгүй хонох ч энүүхэнд байжээ. Нэг удаа охиндоо уснаас өөр өгөх юмгүй болсон тул хүчээр унтуулах гэж оролдонгоо Бурхнаас тусламж гуйн залбирчээ. Удалгүй хоёр Гэрч гэрт нь ирэв. Тэднийг сэтгүүл өгөхөд Еэсика уурлан, сэтгүүлийг нь урж хаяад «Би үүнийг чинь хүүхдэдээ идүүлэх юм уу?» гэж хашхичиж гарчээ. Гэрчүүд түүнийг тайвшруулах гэж оролдсон ч чадсангүй. Дараа нь сагстай хоол хүнс авчирч үүдэнд нь тавив. Еэсика Гэрчүүдийн сайхан сэтгэлд уярсан байна. Бурхан залбиралд нь хариулсныг тухайн үед анзаараагүйгээ ойлгоод уйлсан ажээ. Харин одоо Еховад үйлчлэхээр сэтгэл шулуудсан байна. Өгөөмөр байвал ийм л сайн үр дүнтэй! (Ном. 11:1, 6).
БАЙГУУЛЛАГЫН АЖИЛД САЙН ДУРААРАА ОРОЛЦООРОЙ
9, 10. а) Сайн дурын ажилд оролцох ямар боломж эртний израйлчуудад гардаг байсан бэ? б) Хурлынхандаа туслах ямар боломж эрчүүдэд олддог вэ?
9 Эртний Израйлын түүхийг сөхвөл сайн дурын ажил хийх боломж их гардаг байжээ (Ег. 36:2; Ш.дээд 29:5; Нех. 11:2). Өнөөдөр ч бас сайн дурын ажилд цаг зав, эд хөрөнгө, авьяас чадвараа зориулах боломж их бий. Та энэ боломжийг ашиглан ах дүүдээ тусалбал ивээл хүртэж, жаргал эдэлнэ.
10 Гэрч эрчүүд Еховатай хамтран ажиллая гэвэл ахлагч, туслах үйлчлэгч болох нь зүйтэй (1 Тим. 3:1, 8, 9; 1 Петр 5:2, 3). Ингэвэл хурлынхандаа янз бүрийн аргаар туслах боломжтой болно (Үйлс 6:1–4). Ахлагчид танаас зохицуулагчаар ажиллах, хэвлэл хуваарилах, хэсэг хариуцах, засвар хийх зэрэг ажилд туслаач гэж гуйж байсан уу? Ийм маягаар хурлынхандаа тусалдаг хүмүүс маш их жаргалтай байдаг.
Барилгын ажилд сайн дураараа оролцвол шинэ найзуудтай болно (11-р догол мөрийг үзээрэй)
11. Нэг Гэрч эмэгтэй барилга дээр ажиллаж шинэ найзуудтай болсон нь ямар ач тустай байсан бэ?
11 Барилгын ажилд сайн дураараа оролцвол шинэ найз нөхөдтэй болно. Маржи гэдэг Гэрч эмэгтэй цуглааны танхим барих ажилд 18 жил оролцохдоо залуу бүсгүйчүүдэд санаа тавьж, мэддэг чаддаг бүхнээ зааж сургасаар иржээ. Барилгын ажилд оролцсоноор бие биеэ урамшуулан зоригжуулах гайхалтай боломж бүрдсэн гэж тэрээр ярьж байна (Ром 1:12). Сайн дурын ажил хийж байхдаа шинэ найзуудтай болсон нь ямар ач тустай байсан бол? Зовох цагт нь тэд Маржид тус дэм болж, урамшуулан зоригжуулдаг байжээ. Та барилгын ажилд сайн дураараа оролцож үзсэн үү? Онцгой авьяас чадваргүй хүн ч оролцох боломжтой шүү.
12. Гамшигт нэрвэгдэгсдэд туслах ямар арга байдаг вэ?
12 Гамшигт нэрвэгдсэн ах дүүдээ туслах нь Еховатай хамтран ажиллаж буй хэрэг юм. Жишээлбэл, тэдэнд мөнгө төгрөг хандивлаж болно (Ёох. 13:34, 35; Үйлс 11:27–30). Бас гамшгийн дараа засвар, цэвэрлэгээний ажилд оролцох арга байна. Польшид амьдардаг Габриела гэдэг Гэрч эмэгтэйн байшин үерт автжээ. Хөрш хурлынх нь итгэл нэгтнүүд туслахаар ирэхэд тэрээр ихэд баярлав. Габриела тэр явдлыг санахдаа алдсан эд хогшлоо биш, харин юу олж авснаа л боддог ажээ. «Бурхны ард түмний дунд байх нь хосгүй завшаан бөгөөд баяр баясгалантай, аз жаргалтай байхын эх үндэс гэдгийг энэ явдал баталсан» гэж ярьсан юм. Гамшгийн үед тусламж авсан олон хүн яг ийм бодолтой явдаг. Бас Еховатай хамтран ажиллаж итгэл нэгтнүүддээ тусалсан хүмүүс ч сэтгэл хангалуун, аз жаргалтай байдаг (Үйлс 20:35; 2 Коринт 9:6, 7-г уншина).
13. Сайн дурын ажилд оролцох нь Еховатай дотносоход тустай гэхийн учир юу вэ? Жишээ хэлнэ үү.
13 АНУ-д амьдардаг Стефани болон бусад дэлгэрүүлэгч дайны улмаас дүрвэж ирсэн Гэрчүүдэд тусалж, Бурхантай хамтран ажиллахын баяр хөөрийг эдэлжээ. Тэд дүрвэгч гэр бүлүүдэд байр, тавилга олж өгч тусалсан байна. «Дэлхий даяар байдаг ах дүүгийнхээ хайрыг биеэрээ мэдрээд баярлаж, талархлаа илэрхийлэхэд нь бидний сэтгэл их хөдөлсөн. Тэд биднийг л тусалсан гэж бодоод байгаа. Үнэндээ бол тэд биднээс илүү тусалсан. Хайр, эв нэгдэл, итгэл, Еховад ямар их найддагийг нь хараад Еховаг улам бүр хайрлах сэтгэл төрсөн. Бас байгууллагаараа дамжуулж өгдөг бүхнийх нь төлөө бүр ч их талархдаг болсон» гэж Стефани ярьсан юм.
ҮЙЛЧЛЭЛЭЭ ӨРГӨЖҮҮЛЭЭРЭЙ
14, 15. а) Зөнч Исаиа яасан бэ? б) Өнөөгийн дэлгэрүүлэгчид Исаиаг хэрхэн дуурайж болох вэ?
14 Та Еховагийн төлөө илүү ихийг хиймээр байна уу? Дэлгэрүүлэгч шаардлагатай газар нүүж очиход бэлэн үү? Еховад үйлчлэхийн тулд хүн болгон хол нүүх албагүй л дээ. Гэхдээ зарим итгэл нэгтэн маань боломж бололцоотой учраас нүүдэг. Тэд бол зөнч Исаиатай адилхан сэтгэлтэй хүмүүс юм. «Би хэнийг явуулах вэ? Хэн Бидний төлөө явах вэ?» хэмээн Еховаг асуухад Исаиа: «Би энд байна. Намайг явуулаач» гэж хариулдаг (Ис. 6:8). Хэрэв та Еховагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих боломжтой бөгөөд хүсэлтэй бол яах хэрэгтэй вэ?
15 Дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажлын талаар Есүс: «Ургац арвин боловч ажилчид цөөн байна. Тиймээс ургацын Эзнээс ажилчид явуулахыг гуйцгаа» хэмээн хэлжээ (Мат. 9:37, 38). Та хэрэгцээ ихтэй газар эхлэгчээр үйлчлэх боломжтой юу? Эсвэл тийм боломжтой хүнд тусалж чадах уу? Бурхныг болон бусдыг хайрладгаа батлах хамгийн сайн арга нь хэрэгцээ ихтэй газар эхлэгчээр үйлчлэх явдал гэдгийг олон итгэл нэгтэн маань ойлгожээ. Таны хувьд үйлчлэлээ өргөжүүлэх өөр ямар арга байгаа вэ? Та зоригловол баяр баяслаар бялхах нь дамжиггүй.
16, 17. Үйлчлэлээ өргөжүүлэх ямар боломж таны өмнө байна вэ?
16 Та Бетелд үйлчлэх юм уу барилгын ажилд туслах боломжтой юу? Түр хугацаагаар эсвэл 7 хоногт нэг ба түүнээс олон өдөр ажилласан ч болно. Ер нь хаана ч очоод үйлчлэхэд бэлэн, ямар ч даалгаврыг хүлээж аваад дуртайяа биелүүлдэг хүн Еховагийн байгууллагад хэрэгтэй байдаг. Тодорхой нэг ажлын дадлага туршлагатай, чадвартай байлаа ч таныг өөр газар ажиллуулж магадгүй шүү. Юутай ч, хэрэгцээ ихтэй газар үйлчлэхэд бэлэн, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй хүнийг Ехова өндөр үнэлдэг (Дуу. 110:3).
17 Хаант төрийн үйл хэрэгт түлхүү оролцохын тулд та сурч боловсрохыг хүсэж байна уу? Тэгвэл Сайн мэдээ тунхаглагчийн сургуулийн анкет бөглөөрэй. Энэ сургуульд бүрэн цагаар үйлчилдэг туршлагатай Гэрчүүд суралцдаг бөгөөд Еховагийн төлөө илүү ихийг хийх чадвартай болдог. Хаана ч томилогдоход бэлэн хүн энэ сургуулийн анкетыг бөглөх ёстой. Та энэ боломжийг ашиглан Еховагийн төлөө илүү ихийг хиймээр байна уу? (1 Кор. 9:23).
18. Еховатай өдөр бүр хамтран ажиллахын ач тус юу вэ?
18 Еховагийн үйлчлэгчид өгөөмөр, энэрэнгүй, сайхан сэтгэлтэй, хайр халамжтай хүмүүс. Тэд хүмүүст өдөр бүр санаа тавьдаг. Үүний үр дүнд баяр баясгалантай, амар тайван, аз жаргалтай байдаг (Гал. 5:22, 23). Таны амьдралын бололцоо ямар ч бай, Еховаг дуурайн өгөөмөр байхын зэрэгцээ Еховатай цаг үргэлж хамтран ажилладаг бол баяр хөөртэй байна! (Сур. 3:9, 10).