СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 24
«Бурхны тухай мэдлэгтэй зөрчилддөг аливаа саадыг» нураая!
«Бид буруу ойлголт, Бурхны тухай мэдлэгтэй зөрчилддөг аливаа саадыг нурааж байгаа» (2 КОР. 10:5).
ДУУ 18 Бурхны хайр энэрэл
ТОЙМa
1. Элч Паул Христийн тослогдсон дагалдагчдад юу гэж хэлсэн бэ?
«БОЛЬ» гэж элч Паул анхааруулжээ. Юуг болих вэ? «Өнөө үеийн хэвэнд цутгуулахаа боль» гэжээ (Ром 12:2). Паул энэ үгийг Христийн І зууны дагалдагчдад бичсэн. Бурханд өөрийгөө зориулсан, агуу хүчээр тослогдсон хүмүүст яагаад ингэж шулуухан хэлэх болов? (Ром 1:7).
2, 3. Биднийг Еховагаас холдуулахыг Сатан хэрхэн оролддог вэ? Ой ухаанд шингэсэн «цайз» мэт үзэл бодлыг хэрхэн «нураах» вэ?
2 Паул яагаад санаа зовсон бэ? Зарим дагалдагч Сатаны ертөнцийн хөхиүлэн дэмждэг зохисгүй үзэл баримтлал, сургаал номлолын нөлөөнд автсан бололтой (Эф. 4:17–19). Ийм аюул хэнд маань ч тулгарч болох юм. Биднийг Еховагаас холдуулахын тулд өнөө үеийн бурхан Сатан янз бүрийн арга хэрэглэдэг. Жишээлбэл бусдаас илүү болох гэсэн хүсэл байвал түүгээр урхидаж мэднэ. Бас олж авсан хүмүүжил, сургууль соёлоос сурсан зүйлийг маань ашиглан өөрийнхөө хүссэнээр бодуулах гэж оролдож магадгүй.
3 Ой ухаанд шингэсэн «цайз» мэт үзэл бодлыг «нураах» боломжтой юу? (2 Кор. 10:4). Паул юу гэж хариулсныг анхаараарай. «Бид буруу ойлголт, Бурхны тухай мэдлэгтэй зөрчилддөг аливаа саадыг нурааж, бодол санаа бүрийг өөрчилж, Христэд дуулгавартай болгож байгаа» гэжээ (2 Кор. 10:5). Тэгэхээр Еховагаас тусламж авбал буруу үзэл бодлоо засаж залруулж болдог байх нь ээ. Бурхны Үг нь Сатаны ертөнцийн муу нөлөөнөөс ангижрахад тусалдаг. Үүгээрээ хор тайлах ерөндөгтэй адил юм.
«ҮЗЭЛ БОДЛОО ӨӨРЧИЛ»
4. Олон хүн үнэнийг анх хүлээж аваад юугаа өөрчилсөн бэ?
4 Та Бурхны Үгэнд байдаг үнэнийг анх хүлээж аваад Еховад үйлчлэхээр шийдэхдээ юугаа өөрчлөх шаардлагатай болсноо сана даа. Жишээлбэл Бурханд таалагддаггүй юм хийхээ болих хэрэгтэй байсан хүн цөөнгүй (1 Кор. 6:9–11). Нүгэл үйлдэхээ болиход тусалсан Еховадаа бид үнэхээр их талархдаг!
5. Ром 12:2-т бичсэнээр, бид яах ёстой вэ?
5 Гэхдээ сэтгэл ханаж болохгүй. Баптисм хүртэхээсээ өмнө үйлдэж байсан ноцтой нүглээсээ салсан ч хуучин зуршилд дахин автуулах гэсэн аливаа бүхнээс хол байхын тулд ихээхэн чармайх шаардлагатай. Яаж? Паул: «Өнөө үеийн хэвэнд цутгуулахаа боль. Харин ... үзэл бодлоо өөрчилснөөр өөрийгөө өөрчил» хэмээн бичжээ (Ром 12:2). Тэгэхээр, хоёр юм хийх хэрэгтэй байх нь ээ. Нэгд, энэ ертөнцийн «хэвэнд цутгуулахаа болих» шаардлагатай. Хоёрт, «үзэл бодлоо өөрчилснөөр өөрийгөө өөрчлөх» хэрэгтэй.
6. Матай 12:43–45-д бичсэн Есүсийн үгээс ямар чухал зүйлийг ойлгох хэрэгтэй вэ?
6 Паулын хэлсэн «өөрчлөх» гэдэг үг нь гаднаасаа л өөрчлөгдөхийг биш, харин бүх талаараа өөрчлөгдөхийг хэлдэг («Өөрчлөгдсөн үү, өнгөлөн далдалсан уу?» гэсэн хавсралтыг үзээрэй). Үзэл бодлоо буюу хандлага, сэтгэл, хүслээ бүрмөсөн өөрчилнө гэсэн үг. Тиймд хүн бүр өөрөөсөө «Би гаднаа гяланцаг дотроо паланцаг байгаа юм биш биз? Эсвэл зүрх сэтгэл, оюун бодлоо өөрчилж, Христийн жинхэнэ дагалдагч болж байна уу?» гэж асууцгаая. Энэ нь маш чухал. Яах хэрэгтэйг Матай 12:43–45-д бичсэн Есүсийн үгээс мэдэж болно (уншина). Эндээс нэг чухал зүйлийг ойлгох хэрэгтэй. Юу гэвэл, буруу юм бодохоо болихоос гадна Бурхны таалалд нийцдэг сайн юмыг боддог болох шаардлагатай.
«ОЮУН УХААНАА БАЙНГА ШИНЭЧИЛ»
7. Дотроосоо хэрхэн өөрчлөгдөх вэ?
7 Хандлагаа өөрчлөх буюу дотроосоо өөрчлөгдөх боломж байдаг уу? Бурхны Үгэнд хариу нь бий. «[Та нар] оюун ухаанаа байнга шинэчлэх ёстой гэж заалгасан. Түүнчлэн, шударга сайн, үнэнч байхыг сургадаг Бурхны хүслийн дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмсөх учиртай гэж заалгасан» (Эф. 4:23, 24). Тэгэхээр, дотроосоо өөрчлөгдөх боломжтой. Гэхдээ амархан биш. Хүслээ хорьж, буруу юм хийхээ болих нь хангалтгүй. «Оюун ухаанаа» өөрчлөх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хүсэл, хандлага, сэдлээ өөрчилнө гэсэн үг. Үүний тулд байнга хичээх учиртай.
8, 9. Нэг Гэрчид тохиолдсон явдлыг бодож үзвэл яаж өөрчлөгдөх нь чухал вэ?
8 Гэрч болохоосоо өмнө архидан согтуурч, зодоон цохион хийдэг байсан нэг хүний тухай ярилцъя. Түүнийг муу зуршлаасаа салж баптисм хүртэхэд нутгийнхан нь гайхан шагшжээ. Ийнхүү тэрээр Еховаг алдаршуулсан байна. Гэвч баптисм хүртээд удаагүй байхдаа нэгэн орой гэнэт соригдов. Согтуу эр тэднийд ирээд зодолдох гээд өдөж эхлэв. Эхэндээ Гэрч биеэ барьж байлаа. Гэтэл нөгөө эр Еховагийн нэрийг доромжилж гарав. Шинэхэн Гэрчийн хувьд энэ нь тэвчихийн аргагүй явдал байлаа. Тэрээр гадагш гарч мань эрийг зодчих нь тэр. Яагаад ийм юм болов? Библи судалсны ачаар зодоон цохион хийх хүслээ дарсан ч «оюун ухаанаа» шинэчлээгүй байжээ. Өөрөөр хэлбэл, дотроосоо өөрчлөгдөөгүй хэрэг.
9 Гэхдээ итгэл нэгтэн маань бууж өгсөнгүй (Сур. 24:16). Ахлагчдын тус дэмээр сайжирсаар байлаа. Яваандаа ахлагч болжээ. Тэгтэл нэг орой цуглааны танхимын гадаа хэдэн жилийн өмнөхтэй төстэй явдал болох нь тэр. Хөлчүү эр ахлагчдын нэгийг зодох гэж дайрчээ. Нөгөө Гэрч эрэгтэй яасан бэ? Тайван, дөлгөөн байж, хөлчүү эртэй эвтэйхэн ярьж тайвшруулаад хурцадмал байдлыг намжаасан төдийгүй хөл дээрээ арай ядан тогтож байсан тэр хүнийг гэрт нь хүргэж өгчээ. Яагаад ингэж чадав? Оюун ухаанаа өөрчилжээ. Дотроосоо өөрчлөгдсөн учраас тайван, даруу хүн болсон байна. Ийнхүү Еховаг алдаршуулжээ!
10. Дотроосоо өөрчлөгдөхийн тулд яах шаардлагатай вэ?
10 Хүн хормын төдийд эсвэл хар аяндаа л өөрчлөгддөг юм биш ээ. Олон жилийн турш «хүчээ дайчлан» ажиллах шаардлагатай (2 Петр 1:5). Еховад он удаан жил үйлчлэхээр л ийм өөрчлөлт гарчихгүй. Дотроосоо бүрэн өөрчлөгдөхийн тулд маш их хичээж мэрийх ёстой. Ийнхүү өөрчлөгдөхөд тус болох үндсэн хэдэн арга бий. Одоо заримыг нь үзье.
ОЮУН УХААНАА ХЭРХЭН ӨӨРЧЛӨХ ВЭ?
11. Оюун ухаанаа өөрчлөхийн тулд яагаад залбирах ёстой вэ?
11 Залбирах нь эхний чухал арга юм. «Бурхан, миний дотор цэвэр зүрхийг бүтээж, миний дотор зөв сүнсийг шинэчлээч» хэмээн дуулалч шиг залбирах нь зүйтэй (Дуу. 51:10). Оюун ухаанаа шинэчлэх шаардлагатайгаа хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ Еховагаас тусламж гуйх учиртай. Өөрчлөгдөхөд Ехова тусална гэдэгт итгэж болох уу? Езекиелийн үеийн зөрүүд израйлчуудад Ехова юу гэж амласныг үзвэл итгэж болно. Тэрээр: «Би тэдэнд ганц зүрхийг өгч, тэдний дотор шинэ сүнсийг тавина. Би ... тэдэнд махан [буюу Бурхны заавар зөвлөгөөг дуртайяа дагадаг] зүрхийг өгнө» хэмээн амлажээ (Езе. 11:19). Израйлчууд өөрчлөгдөх шаардлагатай байлаа. Ехова тэдэнд туслахад бэлэн байсан. Бидэнд ч туслахад бэлэн.
12, 13. а) Дуулал 119:59-д бичсэнээр, юуны талаар эргэцүүлэн бодох нь зүйтэй вэ? б) Өөрөөсөө юу гэж асуух вэ?
12 Эргэцүүлэн бодох нь хоёр дахь чухал арга юм. Бурхны Үгийг өдөр бүр шимтэн уншихдаа ямар бодол, хандлагаа өөрчлөх хэрэгтэйг цаг зав гаргаж байгаад эргэцүүлэн бодох шаардлагатай (Дуулал 119:59-ийг уншина; Евр. 4:12; Яак. 1:25). Ертөнцийнхний үзэл бодлын нөлөөнд автсан эсэхээ олж мэдэх нь чухал. Дутагдлаа хүлээн зөвшөөрч, түүнийгээ арилгахын тулд нөр их хөдөлмөрлөх ёстой.
13 Жишээ нь дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. «Өчүүхэн ч гэсэн атаархах сэтгэл надад төрдөг үү?» (1 Петр 2:1). «Өсөж хүмүүжсэн орчин, олж авсан мэдлэг боловсрол, мөнгө төгрөгний боломжтой гэдгээрээ жаахан ч гэсэн бардамнадаг уу?» (Сур. 16:5). «Надад байгаа юм нөгөө хүнд байхгүй байвал эсвэл тэр хүн өөр үндэстэн бол би түүнийг дорд үздэг үү?» (Яак. 2:2–4). «Сатаны ертөнцийн сурталчилгаанд татагддаг уу?» (1 Ёох. 2:15–17). «Садар самуун, зодоон цохионтой зугаа цэнгэлд дурладаг уу?» (Дуу. 97:10; 101:3; Ам. 5:15). Эдгээр асуултад хариулах явцдаа та юуг анхаарах хэрэгтэйгээ мэдэж авна. Ой ухаанд шингэсэн буруу үзэл бодолтойгоо тэмцэж ялбал тэнгэрийн Эцгээ баярлуулна (Дуу. 19:14).
14. Сайн найзтай байх нь яагаад чухал вэ?
14 Сайн найз нөхөдтэй байх нь гурав дахь чухал арга юм. Бид найз нөхдийнхөө нөлөөнд автсан байдаг (Сур. 13:20). Бурханд таалагдах үзэл бодолтой болоход туслах найз нөхдийг ажил, сургуулиас олох нь юу л бол. Харин цуглаанд очвол хамгийн сайн найзыг олж болно. «Сайн юм хийдэг, хайрладаг болох» хүслийг бадраахад цуглаан тустай (Евр. 10:24, 25).
«ИТГЭЛЭЭ БАТЖУУЛЖ БАЙ»
15, 16. Сатан бодлыг маань өөрчлөхийн тулд ямар арга хэрэглэдэг вэ?
15 Сатан бодлыг маань өөрчлөх зорилготойг бүү мартаарай. Бурхны Үгний ачаар бид зөв бодож сэтгэдэг болсон. Харин Сатан эргэлзээ төрүүлэх асуултаар бодлыг маань өөрчлөхийг хичээдэг.
16 Сатан Евагаас «... гэж Бурхан үнэхээр хэлсэн үү?» хэмээн асуусан. Яг энэ асуултаа одоо ч асууж байгаа (Эх. 3:1). Сатаны ертөнцийнхөн дараах асуултыг тавьж эргэлзээ төрүүлэхийг оролддог. «Ижил хүйстний гэрлэлтийг Бурхан үнэхээр зөвшөөрдөггүй гэж үү? Шинэ жил, төрсөн өдрийг бүү тэмдэглээсэй гэж Бурхан үнэхээр хүсдэг үү? Цус сэлбүүлэхээс татгалзаасай гэж танай Бурхан үнэхээр хүсдэг юм уу? Хурлаас хасагдсан ойр дотнын хүнтэйгээ харьцаж болохгүй гэж хайр халамжтай Бурхан үнэхээр хэлдэг үү?».
17. Эргэлзээ төрүүлэм асуулт гарч ирвэл яах хэрэгтэй вэ? Тэгвэл Колосай 2:6, 7-д бичсэнээр ямар үр дүнд хүрэх вэ?
17 Бид итгэл үнэмшлийнхээ төлөө бат зогсох ёстой. Хэрэв эргэлзээ төрүүлэм асуултын хариуг олохгүй яваад байвал итгэж үнэмшдэг зүйлдээ эргэлзэж эхэлнэ. Яваандаа бодол өөрчлөгдөж, Еховад итгэхээ болино. Тэгвэл яах хэрэгтэй вэ? Оюун ухаанаа бүрэн өөрчлөхийг Бурхны Үг зөвлөдөг. Ингэснээр «Бурхны сайн, тааламжтай, төгс төгөлдөр хүслийг» өөрөө өөртөө батална (Ром 12:2, зүүлт). Библийг тогтмол судалбал тэндээс мэдэж авсан үнэнийг өөрөө өөртөө баталж, Еховагийн хэм хэмжээ зөв гэдэгт бүрэн итгэнэ. Итгэл батжихын хэрээр бид үндэс сайтай мод адил болно (Колосай 2:6, 7-г уншина).
18. Сатаны ертөнцийн муу нөлөөнд автахгүй байя гэвэл яах хэрэгтэй вэ?
18 Хэн ч таны өмнөөс итгэлийг тань батжуулж чадахгүй. Тиймд «оюун ухаанаа байнга шинэчлээрэй». Тасралтгүй залбирч, Еховагаас агуу хүчийг нь гуйж байгаарай. Сайтар эргэцүүлэн бодоорой. Бодол, хандлагаа шалгаж байгаарай. Сайн найз нөхөдтэй болохыг хичээгээрэй. Оюун ухаанаа өөрчлөхөд тусалдаг хүмүүстэй найзлаарай. Ингэдэг бол Сатаны ертөнцийн муу нөлөөнд автахгүй байж, «буруу ойлголт, Бурхны тухай мэдлэгтэй зөрчилддөг аливаа саадыг нурааж» чадна (2 Кор. 10:5).
ДУУ 48 Өдөр бүр Еховатай алхъя
a Амьдралд тохиолдсон явдал, соёл боловсрол нь хүний бодол санаанд нэг бол сайнаар, нэг бол муугаар нөлөөлдөг. Зарим нэг буруу үзэл бодол бидний ой ухаанд шингэсэн байж болох юм. Тийм үзэл бодлыг хэрхэн өөрчлөхийг энэ өгүүллээр үзнэ.