Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц19 7 сар х. 25-29
  • Ехова намайг төсөөлөхийн аргагүйгээр ивээсэн

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Ехова намайг төсөөлөхийн аргагүйгээр ивээсэн
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2019
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ИЧИМХИЙ ЗАН, ИДЭВХГҮЙ БАЙДЛАА ЯЛСАН МИНЬ
  • ЧУХАЛ ЮМ СУРСАН МИНЬ
  • МИССИОНЕРЫН СУРГАЛТ
  • КЕНИД ҮЙЛЧИЛСЭН МИНЬ
  • ЭТИОПТ БАЙХДАА ИВЭЭЛ ХҮРТСЭН МИНЬ
  • ЕХОВА УРГУУЛСАН
  • Еховад үйлчлээд авсан гэнэтийн сонин бэлгүүд болон сургамж
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2023
  • Агуу Багшаасаа амьдралынхаа туршид сурсан минь
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2019
хц19 7 сар х. 25-29
Манфрэд Гэйл хоёр хуримын өдрөө

НАМТАР

Ехова намайг төсөөлөхийн аргагүйгээр ивээсэн

Манфрэд Тонакийн яриа

«ЭХЛЭГЧ болох ёстой л доо. Боллоо гэхэд миний бодсон шиг сайхан байж чадах болов уу?» гэж би эргэлзэв. Тэр үед би Германд байсан бөгөөд тэндээс Африкийн Дар эс Салаам, Элизабетвиллэ, Асмара зэрэг өвөрмөц газрууд руу хүнсний бүтээгдэхүүн экспортолдог ажил хийдэг байлаа. Ажилдаа ч дуртай. Гэхдээ нэг л өдөр Еховагийн бүрэн цагийн үйлчлэгч болчихоод дээрх газруудаас гадна Африкийн өөр олон хотод очно гэж бодоо ч үгүй явлаа.

Эцэст нь эргэлзэхээ больж, эхлэгчээр үйлчилж эхлэхэд амьдрал минь төсөөлөхийн аргагүйгээр өөрчлөгдөж билээ (Эф. 3:20). Чухам юу болсныг та сонирхож байгаа байх. Эхнээс нь ярья.

Би 1939 онд дэлхийн ІІ дайн дэгдсэнээс хойш хэдхэн сарын дараа Германы Берлин хотод төрсөн. 1945 онд дайн дуусах дөхөж байтал Берлин агаарын дайралтад өртөж эхлэв. Нэг дайралтад манай гудамж өртөхөд бид гэр бүлээрээ зугтаж хоргодох байранд очсон. Аюул өнгөрсний дараа ээжийн төрсөн нутаг Эрфурт руу явсан юм.

Манфрэд Тонак аав ээж дүү гуравтайгаа, Герман, 1950-аад он

Аав ээж дүү бид дөрөв, Герман, 1950-аад он

Ээж маань үнэнийг шаргуу хайж байв. Философичдын номыг уншиж, янз бүрийн шашныг сонирхсон ч санаанд таарснаа олоогүй юм. Тэгтэл 1948 оны орчим Еховагийн хоёр Гэрч манайд ирэв. Ээж тэднийг гэртээ оруулаад асуултаар булж гарлаа. Бүтэн цаг ч өнгөрөөгүй байтал ээж маань дүү бид хоёрт «Би үнэнийг оллоо!» гэж хэлж билээ. Удалгүй ээж дүү бид гурав Эрфуртад цуглаанд явдаг болов.

Манайх 1950 онд Берлинд буцаж очоод Берлин-Кройцберг хурлын цуглаанд явж эхэлсэн. Дараа нь Берлиний өөр дүүрэг рүү нүүгээд Берлин-Темпелхоф хурлын цуглаанд явдаг болов. Удалгүй ээж баптисм хүртэж, харин би хойш суув. Яагаад?

ИЧИМХИЙ ЗАН, ИДЭВХГҮЙ БАЙДЛАА ЯЛСАН МИНЬ

Би их ичимхий байсан болохоор олигтой ахиц гаргадаггүй байв. Хоёр жилийн турш бусад дэлгэрүүлэгчийг бараадаад таг дуугүй явсан. Харин Еховад үнэнч, зоригтой ах эгч нартай танилцсанаар бүх юм өөрчлөгдсөн. Зарим Гэрч нацистын хорих лагерьт юм уу Зүүн Германы шоронд хоригдож байжээ. Зарим нь эрх чөлөөгүй болох аюулыг үл тоон Зүүн Германд ном хэвлэл нууцаар гаргадаг байсан гэсэн. Энэ тухай сонсоод сэтгэл их хөдөлсөн. Тэд Еховагийн төлөө, ах дүүгийнхээ төлөө эрх чөлөө, амь насандаа халтай юм хийж байхад, би гэдэг хүн ядаж л ичимхий зантайгаа тэмцэх ёстой юм байна гэж бодов.

1955 онд болсон дэлгэрүүлэх тусгай аянд оролцсоноосоо хойш ичих маань багассан. Энэ аян бол манай байгууллагын зохион байгуулсан аянуудаас хамгийн том нь гэж «Мэдээлэгч»a-д нийтлэгдсэн Нейтан Норр ахын захидалд бичсэн байдаг. Цааш нь бичихдээ, бүх дэлгэрүүлэгч оролцвол «энэ дэлхий дээр урьд хожид болж байгаагүй хамгийн гайхалтай дэлгэрүүлэх сар болно» гэжээ. Үнэхээр тийм байсан! Дараахан нь би Еховад өөрийгөө зориулав. Тэгээд 1956 онд аав дүү хоёртойгоо хамт баптисм хүртсэн. Удалгүй бас нэг чухал шийдвэр гаргах болов.

Эхлэгчээр үйлчлэх хэрэгтэйгээ мэдэж байсан ч нэлээн хэдэн жил хойш суусан. Эхлээд бөөний болон импорт, экспортын худалдааны чиглэлээр Берлинд суралцахаар шийдсэн юм. Дараа нь ажилдаа мэргэшихийн тулд мэргэжлээрээ хэсэг ажиллая гэж бодсон. Тийм учраас 1961 онд Германы хамгийн том боомт хот Хамбургт ажиллахаар болов. Ажилдаа хэдийчинээ зүрх сэтгэлээ зориулна, бүрэн цагаар үйлчлэхээ төдийчинээ хойшлуулдаг юм билээ.

Бурхны ажлыг хийх нь хамгийн чухал гэдгийг халамжтай ах нараар ойлгуулж өгсөн Еховадаа би баярладаг. Олон найз маань эхлэгчийн эгнээнд элсэв. Энэ нь надад үлгэр дуурайл болсон юм. Түүнээс гадна, хорих лагерьт хоригдож байсан Эрих Мундт ах Еховад найдаж сурахад тусалсан. Хорих лагерьт хоригдсон ах нарын зарим нь өөртөө найдаж байсан бөгөөд хожим идэвхгүй, итгэлгүй болсон байхад, Еховад бүрэн найдаж байсан нь үнэнч хэвээрээ үлдэж, хурлын багана болцгоосон гэж тэрээр надад ярьсан юм.

Манфрэд Тонак 1963 онд

Эхлэгч болсон үе, 1963 он

Бас сүүлд Удирдах Зөвлөлийн гишүүн болсон Мартин Пөтцингер ах: «Эр зориг бол та нарын хамгийн үнэтэй өмч мөн!» гэж хэлэн ах нарыг зоригжуулдаг байсныг санасан. Би энэ үгийг нухацтай бодсоны эцэст ажлаасаа гарч, 1963 оны 6 дугаар сараас эхлэгчээр үйлчилж эхэлсэн дээ. Амьдралдаа гаргасан шийдвэрүүдээс хамгийн сайн нь байсан! Хоёр сарын дараа, шинэ ажил хайж эхлээ ч үгүй байхад тусгай эхлэгчээр үйлчлэх урилга ирэв. Хэдхэн жилийн дараа Ехова намайг төсөөлөхийн аргагүйгээр ивээсэн. Би Гилеад сургуулийн 44 дэх ангид уригдлаа!

ЧУХАЛ ЮМ СУРСАН МИНЬ

«Томилолт авсан бол бүү шантраарай». Энэ бол ялангуяа Нейтан Норр, Лайман Свингл ах нараас сурсан хамгийн чухал зүйл минь. Хэчнээн хэцүү байсан ч шантралгүй даалгавраа биелүүлээд байхыг тэд уриалж байв. Норр ах: «Та нар юуг анхаарах вэ? Шавар шавхай, шавж хорхой, өлсгөлөн гуйланчлалыг уу? Эсвэл ой мод, цэцэг ногоо, баясгалантай царайг анхаарах уу? Хүмүүсийг хайрлаж сураарай!» гэж захисан юм. Зарим итгэл нэгтэн маань яагаад шантардгийг Свингл ах нэг өдөр тайлбарлаж байхдаа сэтгэлээ барьж чадалгүй уйлж билээ. Тайвшрахын тулд яриагаа хэсэг завсарлахад хүрсэн. Миний сэтгэл маш их хөдөлж, Христийг ч, ах дүү нарыг нь ч гонсойлгохгүй байхаар хатуу шийдсэн (Мат. 25:40).

Манфрэд Тонак, Клод Линдсей, Хайнрих Дээнбостел нар Конгогийн Лубумбашид миссионер байхдаа, 1967 он

Би, Клод, Хайнрих. Конгогийн Лубумбашид миссионероор үйлчилж байхдаа, 1967 он

Биднийг томилолт авахад зарим бетелчин хаашаа явахыг маань сонирхов. Манайхан хаашаа явахаа нэг нэгээрээ хэлэхэд тэд ч сайхан үг хэлж урамшуулж байлаа. Тэгтэл намайг «Конго (Киншаса)» гэж хэлэхэд хэсэг түгдэрснээ «Юу, Конго юм уу? Ехова чамтай хамт байх болтугай!» гэхээс өөр юм хэлээгүй. Тэр үед Конгод (Киншаса) дайн дажин, захиалгат аллага гарсан тухай мэдээ байнга дуулддаг байлаа. Гэхдээ би Гилеадад сурсан юмаа мартаагүй. 1967 оны 9 дүгээр сард сургуулиа төгсөөд Хайнрих Дээнбостел, Клод Линдсей бид гурав Конго улсын нийслэл Киншасаг зорьсон.

МИССИОНЕРЫН СУРГАЛТ

Бид Киншасад очоод 3 сар франц хэл үзэв. Дараа нь Конгогийн хамгийн урд хэсэгт, Замби улсын хилд ойрхон орших Лубумбаши хот руу нислээ. Урьд нь Элизабетвилле гэдэг нэртэй байжээ. Бид хотын төвд байдаг миссионерын байранд амьдрах болов.

Лубумбашид сайн мэдээ хүрээгүй газар маш их байсан болохоор үнэнийг түгээж буй анхны хүмүүс болсондоо сэтгэл их хөдөлж билээ. Удалгүй суралцагчдын тоо нэмэгдэж, хүн бүртэй хичээл хийх цаг олдохоо болив. Бид бас төрийн албан хаагчдад, цагдаагийн ажилтнуудад дэлгэрүүлсэн. Бурхны Үгийг, дэлгэрүүлэх ажлыг маань үнэлж хүндэлдэг хүн олон байлаа. Хүмүүс нь голдуу свахили хэлээр ярьдаг болохоор Клод Линдсей бид хоёр энэ хэлийг үзэж эхлэв. Дараахан нь биднийг свахили хэлний хуралд томилов.

Гоё сайхан юм ч их үзсэн, бэрхшээл ч их тохиолдсон. Буу барьсан согтуу цэргүүдийн ая эвийг олох, гэм хийгээгүй байхад буруутгадаг догшин ширүүн цагдаа нарыг тэвчих үе зөндөө байсан. Нэг удаа миссионерын байранд цуглаан хийж байтал буутай цагдаа нар дайрч орж ирээд биднийг төв байрандаа аваачин оройн 10 цаг хүртэл хорьж байгаад сулласан.

1969 онд намайг явуулын ажилд томилов. Тэр дүүргийг хариуцаж байхдаа өндөр өвс ургасан, намаг шавар болсон Африкийн өргөн уудам газраар явган аялахын амтыг мэдэрсэн дээ. Би нэг тосгонд хонов оо. Тэгтэл орны минь доор тахиа дэгдээхэйнүүдтэйгээ үүрлэчихэж. Нөгөөх маань чанга гэгч нь донгодоод үүр цайхаас өмнө намайг сэрээснийг ер мартдаггүй. Үдэш болоход ах дүү нартайгаа түүдэг тойрч суугаад Библийн үнэний тухай ярилцдаг байсан сайхан дурсамж одоо ч санаанд тодхон.

Бидэнд тохиолдсон хамгийн ярвигтай нэг бэрхшээл бол өөрсдийгөө Еховагийн Гэрч гэдэг Китавала хөдөлгөөнийхний асуудал байлаа.b Тэдний зарим нь хурлын гишүүн болж, бүр хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг байв. Хуралд шургалан орж «усан доорх хад» шиг нуугдсан энэ хүмүүс чин сэтгэлтэй итгэл нэгтнүүдийг маань мэхэлж чадаагүй юм (Юуд. 12). Яваандаа Ехова тэднийг хурлаас зайлуулахад үнэний замд орох хүмүүс улам бүр нэмэгдсэн.

Би 1971 онд Киншаса дахь салбарт томилогдож захидал харилцаа, хэвлэл захиалга, үйлчлэлтэй холбоотой асуудал гээд янз бүрийн ажил үүрэг гүйцэтгэсэн. Бетелд байхдаа дэд бүтэц муу хөгжсөн том улсад Хаант төрийн ажлыг хэрхэн зохион байгуулдгийг мэдэж авсан. Шуудангаар явуулсан ачаа бараа хурлуудад хүрэхгүй хэдэн сар болох тохиолдол хааяа гарна. Онгоцоор авчирсан шууданг завинд ачаад усны мандал дээр шигүү ургасан ургамлын дундуур хэдэн 7 хоног зүтгүүлэх хэрэгтэй болдог. Иймэрхүү бэрхшээл их ч ажил урагшилдаг байсан.

Маш бага мөнгөөр том том чуулган зохион байгуулж чаддаг ах дүү нараа хараад бишрэх сэтгэл төрдөг байв. Тэд морин шоргоолжны үүрийг зорж янзлан тайз хийж, африкийн аварга өвсийг босоогоор нь өрж тавиад хана, хуйлж ороогоод суудал болгоно. Хулсаар яс мод зангидаж, зэгсэн дэвсгэрээр дээвэр юм уу ширээний тавцан хийнэ. Хадаасыг модны холтсоор орлуулна. Өөдрөг, санаачилгатай ийм ах дүү нараа бишрэхгүй байхын аргагүй. Тэдэндээ их ч дассан даа. Шинэ томилолт авсны дараа тэднийгээ мөн ч их санаж билээ!

КЕНИД ҮЙЛЧИЛСЭН МИНЬ

Би 1974 онд Кени улсын Найроби хотод байдаг салбар луу шилжив. Кени салбар зэргэлдээх 10 улсын дэлгэрүүлэх ажлыг дэмждэг учраас хийх ажил зөндөө. Тэдгээр улсын зарим нь манай үйл ажиллагааг хориглосон байв. Би энэ улсуудад, ялангуяа Этиоп улсад очиж ах дүү нарыг эргэх даалгаврыг дахин дахин авч байлаа. Этиоп ах дүү нар маш их хавчигдан зовсон. Тэдэнтэй хүний ёсноос гажууд харьцаж, шоронд хийж, заримыг нь бүр алж хядаж байжээ. Гэвч тэд Еховатай болон бие биетэйгээ дотно байсан учраас үнэнч байж чадсан юм.

1980 онд миний амьдралд нэг сайхан үйл явдал тохиосон. Би Гэйл Матсон гэдэг канад бүсгүйтэй гэрлэв. Бид хоёр Гилеад сургуулийн нэг ангийнхан. Захидлаар байнга харилцдаг байлаа. Гэйл Боливи улсад миссионероор үйлчилж байв. Бид хоёр 12 жилийн дараа Нью-Йорк хотод дахин уулзсан. Удаа ч үгүй Кенид хуримаа хийв. Еховагийнх шиг үзэл бодолтой, байгаа юмандаа сэтгэл хангалуун байдаг, хэзээд өмөг түшиг болдог халамжтай эхнэртээ талархаж явдаг.

1986 онд Гэйл бид хоёрыг явуулын ажилд томилов. Үүний зэрэгцээ би Салбарын хороонд үйлчилж байлаа. Кени салбарын харьяанд байдаг олон улс оронд очиж ах дүү нартаа үйлчлэх нь явуулын ажлын нэг хэсэг байсан.

Манфрэд Тонак Асмарад (Эритре) болсон чуулганд илтгэл тавьж байгаа нь, 1992 он

Асмарад болсон чуулганд илтгэл тавьж байна, 1992 он

1992 онд Асмара улсад (Эритре) манай үйл ажиллагаа чөлөөтэй байх үед чуулганы бэлтгэл ажил хийж байснаа санаж байна. Бидэнд нэг муу малын саравчнаас өөр том байр олдоогүй юм. Доторх нь бүр ч долоон дор. Тэгтэл ах дүү нар маань тэр саравчийг Еховагаа шүтэхэд тохиромжтой болгон тохижуулсныг чуулганы өдөр хараад би гайхаж билээ. Олон гэр бүл гоё гоё даавуу авчирч аягүй харагдсан хэсгүүдийг халхлан бүтээжээ. Чуулганд 1 279 хүн хүрэлцэн ирж баяр хөөртэй сайхан чуулсан.

Явуулын ажлаар өөр өөр газар очиж, янз бүрийн байранд хоноглоно. Нэг бол, далайн эргийн тансаг харшид 7 хононо. Үгүй бол, ажилчдын төмөр чингэлэгт байрлана. Бие засах газар нь гадаа 100 метр зайтай. Гэхдээ хаана ч үйлчиллээ гэсэн, идэвх зүтгэлтэй эхлэгчид, дэлгэрүүлэгчидтэй хамт чөлөө завгүй үйлчилсэн өдрүүд л хамгийн сайхан дурсамж болж үлддэг дээ. Дараагийн томилолтоо аваад ижил дасал болсон найзуудаасаа хагацаж билээ. Тэднийгээ мөн ч их санасан даа.

ЭТИОПТ БАЙХДАА ИВЭЭЛ ХҮРТСЭН МИНЬ

1980–1990-ээд оны эхээр Кени салбарын харьяанд байдаг нэлээд хэдэн улс манай байгууллагад албан ёсны зөвшөөрөл олгосон юм. Үүний дүнд тэдгээр улсад салбар болон тухайн улсыг хариуцсан оффисууд нээгдсэн. Биднийг 1993 онд Этиопын нийслэл Аддис-Абеба дахь оффист томилов. Тус улсад манай үйл ажиллагаа хэдэн арван жил нууц байсны эцэст хууль ёсны зөвшөөрөлтэй болчихоод байгаа нь энэ юм.

Манфрэд Гэйл хоёр Этиопт, 1996 он

Этиопт явуулын ажил хийж явахдаа, 1996 он

Этиоп дахь манай үйл ажиллагааг Ехова ивээж иржээ. Олон хүн эхлэгчийн эгнээнд элссэн. 2012 оноос хойш нийт дэлгэрүүлэгчийн 20 гаруй хувь нь жил бүр байнгын эхлэгчээр үйлчилсэн байна. Түүнээс гадна, байгууллага янз бүрийн сургалт зохион байгуулсан бөгөөд цуглааны 120 гаруй танхим барьжээ. Бетелийн гэр бүл 2004 онд шинэ байранд нүүж орсон. Бетел болон чуулганы танхим нэг дор байдаг нь бас нэг ивээл юм.

Гэйл бид хоёр Этиопын ах дүү нартайгаа олон жил дотносон нөхөрлөжээ. Сайхан сэтгэлтэй, халамжтай тэдгээр ах дүүдээ бид маш их хайртай. Бид хоёр эрүүл мэндийн шалтгаанаар Төв Европ салбарт саяхан шилжиж ирсэн. Эндхийн ах дүү нар маань биднийг сайхан асарч байна. Гэвч Этиопт байгаа хайртай найзуудаа ямар их үгүйлдэг гээч!

ЕХОВА УРГУУЛСАН

Ехова яаж ургуулдгийг бид олон жил биеэрээ үзэж байна (1 Кор. 3:6, 9). Жишээ нь намайг анх Конгогийн Коппербелт гэдэг газар руанда уурхайчдад дэлгэрүүлж байхад Руанда улсад нэг ч дэлгэрүүлэгч байгаагүй. Харин одоо 30 000 гаруй итгэл нэгтэн тэнд үйлчилж байна. 1967 онд Конгод (Киншаса) 6 000 орчим дэлгэрүүлэгч байсан бол, одоо 230 000 болжээ. 2018 оны Дурсах цуглаанд 1 сая гаруй хүн ирсэн. Кени салбарын харьяанд байсан улсууд дахь дэлгэрүүлэгчдийн нийт тоо 100 000-аас хол давжээ.

Манфрэд Гэйл хоёр өнөөдөр

Одоогоос 50 гаруй жилийн өмнө Ехова янз бүрийн ахыг надтай уулзуулж бүрэн цагаар үйлчлэх хүсэлтэй болгосон. Би одоо ч ичимхий зантайгаа тэмцдэг. Гэхдээ Еховад бүрэн найдаж сурсан. Тэвчээртэй, байгаа юмандаа сэтгэл хангалуун байж сурахад Африкт үзэж туулсан бүхэн минь тус болдог. Гайхалтай зочломтгой, ямар ч хүнд асуудлыг эвтэйхэн зохицуулах чадвартай хайртай ах дүү нараа Гэйл бид хоёр хайрлаж хүндэлж явдаг. Бид бас Еховад найддаг, энэрэл нигүүлслээ үзүүлсэнд нь чин сэтгэлээсээ талархдаг. Ехова намайг хэзээ ч бодож байгаагүйгээр минь ивээсэн (Дуу. 37:4).

a Хожим нь «Христиан үйлчлэл», одоо «Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг—Цуглаанаар үзэх материал» гэдэг нэртэй болсон.

b «Китавала» гэдэг нь «ноёлох, удирдах, захирах» гэсэн утгатай свахили хэлнээс гаралтай үг юм. Энэ хөдөлгөөнийхний зорилго нь Бельгийн колоничлолоос чөлөөлөгдөж тусгаар тогтнолоо зарлах явдал байв. Китавалачууд Еховагийн Гэрчүүдийн ном хэвлэлийг олж аваад, уншиж судлан, хүмүүст тараадаг байжээ. Мөн улс төрийн үзэл баримтлал, мухар сүсэгт үндэслэсэн ёс заншил, садар самуун амьдралын хэв маягаа зөвтгөхийн тулд Библийн сургаалыг мушгин гуйвуулдаг байсан.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах