Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц19 7 сар х. 20-24
  • Шүтлэггүй хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөх нь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Шүтлэггүй хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөх нь
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2019
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ҮРГЭЛЖ ӨӨДРӨГ БАЙГААРАЙ
  • ХҮМҮҮСИЙН СЭТГЭЛИЙГ ХӨДӨЛГӨӨРЭЙ
  • АЗИАС ИРСЭН ХҮМҮҮСТ ҮНЭНИЙГ ХҮРГЭХ НЬ
  • Сүсэг бишрэлгүй хүмүүст Бүтээгчтэйгээ танилцахад туслах нь
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2023
  • Дэлгэрүүлэхдээ үргэлж өөдрөг байгаарай
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2021
  • «Библийн сургаал» номоор хичээл хийхэд эртдэх хүмүүст туслах нь
    Христиан үйлчлгл 2013
  • Охид хөвгүүд ээ, итгэлээ бэхжүүлээрэй
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2016
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2019
хц19 7 сар х. 20-24

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 30

Шүтлэггүй хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөх нь

«Чадах бүхнээ хийж байгаад заримыг нь ч гэсэн аврахын тулд хүн бүрд тохируулан харьцдаг» (1 КОР. 9:22).

ДУУ 45 Урагшаа тэмүүлцгээе!

ТОЙМa

1. Сүүлийн жилүүдэд зарим улсад ямар өөрчлөлт гарсан бэ?

ХҮН төрөлхтний ихэнх нь олон зууны турш ямар нэгэн шашин шүтсээр иржээ. Харин сүүлийн хэдэн арван жил байдал эрс өөрчлөгдсөн. Өөрийгөө шүтлэггүй гэх хүмүүсийн тоо улам бүр нэмэгдэж байна. Тэр байтугай, зарим улсын хүн амын дийлэнх нь ямар ч шашин шүтдэггүй ажээb (Мат. 24:12).

2. Шашин шүтлэггүй хүний тоо яагаад нэмэгдэж байна вэ?

2 Өөрийгөө шүтлэггүй гэж үздэг хүний тоо яагаад улам бүр нэмэгдээд байна вэ?c Зарим хүн нэг бол зугаа цэнгэлд, нэг бол санаа зовоосон асуудалдаа хамаг анхаарлаа хандуулдаг (Лук 8:14). Зарим нь Бурханд итгэхээ больжээ. Бурханд итгэдэг ч шашныг үеэ өнгөрөөсөн, ямар ч хэрэгцээгүй, шинжлэх ухаантай тохирохгүй, эрүүл хүний ухаан санаанд багтамгүй гэж боддог хүн ч бий. Хувьслын үр дүнд амьдрал бий болсон гэж найз нөхөд, багш нарынхаа ярихыг эсвэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэхийг сонсдог. Харин Бурханд итгэх баттай шалтгаан барагтай бол сонсогддоггүй. Зарим хүн эд мөнгө, эрх мэдэлд шунасан лам санваартнуудад дургүй байдаг. Шашны үйл ажиллагааг хуулиар хязгаарладаг засгийн газар бас бий.

3. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

3 Есүс: «Бүх үндэстнийг шавь болгогтун» гэж тушаасан (Мат. 28:19). Шүтлэггүй хүнд Бурхныг хайрлаж сурахад нь, мөн Христийн шавь болоход нь хэрхэн туслах вэ? Мэдээнд маань хэрхэн хандаж байгаа нь тухайн хүн хаана өсөж хүмүүжсэнээс шалтгаалдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Жишээлбэл Европт төрж өссөн хүмүүс Азийн орны хүмүүсээс өөр үзэл бодолтой. Яагаад гэвэл Бурхан бүх юмыг бүтээсэн гэдгийг сонссон, Библийн тухай тодорхой хэмжээний ойлголттой байдаг. Харин Азийн улс орнуудын хүмүүсийн дийлэнх нь Библийн тухай огт мэддэггүй, Бүтээгчид итгэдэггүй. Бид дэлгэрүүлж явахдаа гарал үүсэл, итгэл үнэмшлээрээ ялгаатай ямар ч хүнтэй уулзсан, сэтгэлийг нь хөдөлгөх учиртай. Яаж гэдгийг энэ өгүүлэл хэлж өгнө.

ҮРГЭЛЖ ӨӨДРӨГ БАЙГААРАЙ

4. Бид яагаад өөдрөг байх хэрэгтэй вэ?

4 Өөдрөг байх. Шүтлэггүй хүн Еховагийн Гэрч болох тохиолдол жил бүр байдаг. Тэдний зарим нь ёс суртахууныг дээдэлдэг, шашныхны хоёр нүүр гаргадгийг хараад ой нь гутдаг байхад, нөгөө хэсэг нь ёс суртахууны доголдолтой эсвэл хорт зуршлаасаа салах тухай бодох ч үгүй явдаг байжээ. Тиймээс та Еховагийн тусламжаар «мөнх амь руу хөтлөх үнэнийг хүлээж авах зөв хандлагатай» хүмүүсийг олно гэдэгтээ итгэлтэй байгаарай (Үйлс 13:48; 1 Тим. 2:3, 4).

Гэрч залуу хамт ажилладаг эмчдээ дэлгэрүүлж байна; тэр эмч дараа нь манай саитаас Библийн онлаин хичээл хайж байна

Библид итгэдэггүй хүмүүст дэлгэрүүлэхийн тулд аргаа өөрчлөөрэй (5, 6-р догол мөрийг үзээрэй)d

5. Хүмүүс мэдээнд маань яагаад нааштай ханддаг вэ?

5 Эелдэг байж, эвтэйхэн ярих. Бидний юу ярьж байгааг төдийгүй яаж ярьж байгааг хүмүүс хараад мэдээнд маань нааштай хандах нь олонтоо. Эелдэг байж, эвтэйхэн ярьж, чин сэтгэлээсээ санаа тавихад тэд дуртай. Бид тэдэнд үзэл бодлоо тулгадаггүй. Харин шашны талаар ямар бодолтой явдгийг нь ойлгохыг хичээдэг. Жишээ нь танихгүй хүнтэй шашны тухай ярих дургүй хүн байдаг. Бурхны тухай ямар бодолтой явдгийг асуух нь бүдүүлэг хэрэг гэж зарим хүн үздэг. Еховагийн Гэрчүүдтэй ярилцаж, Библи уншиж байгаагаа бусад хүнд мэдэгдэхээсээ зовдог хүмүүс ч бий. Аль нь ч байсан, тэднийг ойлгох гэж хичээх хэрэгтэй (2 Тим. 2:24).

6. Элч Паул яаж уян хатан байсан бэ? Бид хэрхэн дуурайх вэ?

6 «Библи», «бүтээл», «Бурхан», «шашин» гэх мэтийн үг хэлэхээр тэр хүнд таалагдахгүй байгаа юм шиг санагдвал яах вэ? Элч Паулыг дуурайн ярих аргаа өөрчлөх нь зүйтэй. Паул иудейчүүдтэй ярихдаа Судраас эш татаж байсан. Харин Ареопагт Грекийн гүн ухаантнуудтай ярихдаа Сударт үндэслэн ярьж байгаагаа хэлээгүй (Үйлс 17:2, 3, 22–31). Паулыг хэрхэн дуурайх вэ? Библийг үл ойшоодог хүнтэй таарвал Библид үндэслэн ярьж байгаагаа хэлэхгүй байх нь зүйтэй болов уу. Библиэс уншуулахлаар тэр хүн бусдаас ичиж зовоод байгаа юм шиг санагдвал арай өөр аргаар, тухайлбал утас, таблет зэргээсээ уншуулаарай.

7. Элч Паулыг дуурайхын тулд 1 Коринт 9:20–23-т бичсэнээр яах нь зүйтэй вэ?

7 Ойлгохыг хичээх, сонсох. Тухайн хүний үзэл бодолд юу нөлөөлснийг ойлгохыг хичээгээрэй (Сур. 20:5). Паулын жишээг авч үзье. Тэрээр Еховаг болон Судрыг мэддэг иудейчүүдийн дунд өссөн хүн. Харин энэ талын ямар ч мэдлэггүй харь үндэстнүүдэд дэлгэрүүлэх хэрэгтэй болсон тул хуучин арга барилаа өөрчлөхөд хүрсэн байх. Бид хэсгийнхээ хүмүүсийн үзэл бодлыг ойлгоё гэвэл дэлгэрүүлэх аргаа өөрчлөх юм уу хурлынхаа туршлагатай хүнтэй зөвлөлдөх хэрэгтэй байж болох юм (1 Коринт 9:20–23-ыг уншина).

8. Библид үндэслэсэн яриа эхлэх нэг арга юу вэ?

8 Бидний зорилго бол «зохистой хүнийг» олох юм (Мат. 10:11). Зорилгодоо хүрье гэвэл санал сэтгэгдлийг нь асууж, анхааралтай сонсох хэрэгтэй. Англид амьдардаг нэг Гэрч хүмүүстэй ярилцахдаа ханьтайгаа жаргалтай амьдрах, хүүхэд хүмүүжүүлэх, шударга бус явдлыг хэрхэн тэвчих талаар ямар бодолтой явдгийг нь асуудаг ажээ. Яриаг нь сонссоныхоо дараа «2 000-аад жилийн өмнө бичигдсэн нэг зөвлөгөө танд ямар санагдах бол?» гэж асуугаад утсандаа татсан Библийн зүйлийг үзүүлдэг. Гэхдээ «Библи» гэдэг үг хэлдэггүй гэнэ.

ХҮМҮҮСИЙН СЭТГЭЛИЙГ ХӨДӨЛГӨӨРЭЙ

9. Бурхны тухай ярилцахаас зайлсхийдэг хүний сэтгэлийг хэрхэн хөдөлгөх вэ?

9 Бурхны тухай ярилцахаас зайлсхийдэг хүмүүстэй сонирхдог сэдвээр нь ярилцвал сэтгэлийг нь хөдөлгөж болох юм. Жишээлбэл олон хүн байгаль дэлхийг биширдэг. Дараах маягаар ярьж болно. «Зохион бүтээгчид шинэ бүтээл бүтээхдээ байгаль дээр байдаг зүйлийг хуулбарладгийг та мэдэх байх. Жишээ нь микрофоныг зохион бүтээгчид чихийг, камер бүтээгчид нүдийг судалсан байдаг. Нүд, чихийг судлаад санаа авч байгаа тэр инженерүүд хэнээс суралцаж байгаа бол? Та юу гэж бодож байна вэ?» гэж асууж болно. Юу ярихыг нь анхааралтай сонссоныхоо дараа «Надад сонирхолтой санагдсан эртний нэг яруу найрагт “Чихийг бүтээсэн Тэрээр сонсохгүй гэж үү? Нүдийг бүтээсэн Тэрээр харахгүй гэж үү? [Тэрээр] хүнд эрдэм мэдлэгийг заадаг” гэсэн үг байдаг. Зарим эрдэмтэн энэ үгийг хүлээн зөвшөөрдөг» гэж хэлнэ (Дуу. 94:9, 10). Дараа нь jw.org®-ийн «Ярилцлага» булангийн «Амьдралын үүслийн талаар ярьж байна» цуврал видеоноос үзүүлж болох юм (ХЭВЛЭЛ > ВИДЕО гэж орно уу). Эсвэл jw.org®-ийн «Санамсаргүй бий болсон уу?» буланд байдаг өгүүллээс үзүүлж болно (БИБЛИЙН СУРГААЛ > ШИНЖЛЭХ УХААН БА БИБЛИ гэж орно уу).

10. Бурхны тухай ярилцах хүсэлгүй хүнтэй хэрхэн яриа өрнүүлэх вэ?

10 Ихэнх хүн сайхан ирээдүйг хүсэн хүлээдэг. Гэхдээ дэлхий сөнөнө эсвэл хүн амьдрах аргагүй болно гэхээс айдаг хүмүүс ч бий. Бурхны тухай ярилцах хүсэлгүй хүмүүс дэлхийн нөхцөл байдлын талаар ярилцах дуртай байдаг гэж Норвегид үйлчилдэг дүүрэг хариуцагч хэлсэн юм. Тэрээр хүнтэй мэндлээд, «Таны бодлоор бол, ирээдүйг хэн сайхан болгох вэ? Улс төрчид үү, эрдэмтэд үү, өөр хэн нэгэн үү?» гэж асуудаг ажээ. Хариулахыг нь анхааралтай сонссоныхоо дараа сайхан ирээдүйн талаар бичсэн Библийн зүйлийг уншиж өгөх юм уу хэлж өгдөг гэнэ. Дэлхий үүрд орших бөгөөд сайн хүмүүс дэлхий дээр мөнх амьдарна гэсэн Библийн амлалтад зарим хүний сэтгэл хөдөлдөг (Дуу. 37:29; Ном. 1:4).

11. Яагаад олон янзын аргаар ярилцах хэрэгтэй вэ? Ром 1:14–16-д бичсэн Паулын жишээг хэрхэн дагах вэ?

11 Уулзсан хүмүүстэйгээ янз янзын аргаар ярилцах нь сайн. Яагаад? Хүн болгон адилхан биш шүү дээ. Нэг хүнд сонирхолтой сэдэв нөгөө хүнд таатай санагдахгүй байж болох юм. Бурхан болон Библийн тухай ярилцахаас татгалздаггүй хүн байхад, өөр юмны тухай ярьж байгаад дараа нь энэ сэдэв рүү ороход сонсдог хүн ч бий. Аль ч тохиолдолд, хүнтэй ярилцах боломжийг алдахгүй байх хэрэгтэй (Ром 1:14–16-г уншина). Зөв юманд дуртай хүний зүрхэнд үнэний үрийг ургуулдаг нэгэн бол Ехова гэдгийг мартаж болохгүй (1 Кор. 3:6, 7).

АЗИАС ИРСЭН ХҮМҮҮСТ ҮНЭНИЙГ ХҮРГЭХ НЬ

Гэрч эмэгтэй Христийн бус шашинтай орноос ирсэн бүсгүйд амьдралд хэрэгтэй Библийн зөвлөгөө үзүүлж байна

Дэлгэрүүлэгчид Христийн бус шашинтай улс орноос ирсэн хүмүүст чин сэтгэлээсээ санаа тавьж, амьдралд хэрэгтэй Библийн зөвлөгөө үзүүлдэг (12, 13-р догол мөрийг үзнэ үү)

12. Азийн улс орноос ирсэн, Бүтээгчийн тухай бодож байгаагүй хүмүүстэй хэрхэн ярилцах вэ?

12 Дэлхийн өнцөг булан бүрд байдаг олон дэлгэрүүлэгч Азийн улс орноос, тухайлбал, засгийн газар нь зарим шашны үйл ажиллагааг хязгаарласан улсаас ирсэн хүмүүстэй тааралддаг. Бүтээгчийн тухай хэзээ ч нухацтай бодож үзээгүй хүн Азид олон байдаг. Сониуч зандаа хөтлөгдөөд Библийн хичээл хийх саналыг шууд хүлээж авдаг нэг нь байхад, эхэндээ сонирхдоггүй хүн ч бий. Тийм хүмүүстэй хэрхэн ярилцах вэ? Энгийн юм ярьж, найрсаг байгаарай. Дараа нь Библийн ямар зарчмыг хэрэгжүүлээд яаж сайжирч өөрчлөгдсөнөө цагийг нь олоод ярих нь сайн. Туршлагатай дэлгэрүүлэгчид ийм арга хэрэглээд үр дүнд хүрчээ.

13. Хүмүүс Библийн юунд татагддаг вэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

13 Библид байдаг мэргэн үгийг анх сонсоод сэтгэл татагдсан хүн цөөнгүй (Ном. 7:12). Нью-Йоркт амьдардаг Гэрч эмэгтэй хятад хэлтэй хүмүүст дэлгэрүүлдэг ажээ. Тэрээр: «Би хүмүүст санаа тавьж, яриаг нь сонсохыг хичээдэг. Хэрэв энд цагаачилж ирээд удаагүй хүн байвал “Хэр төвхнөж байна даа? Ажил олсон уу? Манай эндхийнхэн танд тусалж байна уу?” гэх мэтээр асуудаг» хэмээн ярьсан юм. Ингэснээр Библийн хичээлийн тухай танилцуулах боломж хааяа олддог ажээ. Тэгээд тохиромжтой бол, «Таны бодлоор хүмүүстэй учир зүйгээ олохын нууц нь юу вэ? Библиэс нэг сургаал үг үзүүлэх үү? Энд “Эвдрэлцлийн эхлэл болбоос ус даланг цөмлөхтэй адил агаад даамжрахаас нь өмнө хэрүүлийг зогсоогтун” гэж байна. Бусадтай эвтэй найртай байхад энэ зөвлөгөө тус болох болов уу?» гэж асуудаг гэнэ (Сур. 17:14). Ийм маягаар яривал тэр хүнтэй дахин дахин уулзах хэрэгтэй эсэхээ мэдэж авна.

14. Алс Дорнодод амьдардаг Гэрч эрэгтэй Бурханд итгэдэггүй гэж хэлдэг хүмүүст хэрхэн дэлгэрүүлдэг вэ?

14 Бурханд итгэдэггүй гэж хэлдэг хүмүүст хэрхэн дэлгэрүүлэх вэ? Шашин шүтлэггүй хүмүүст дэлгэрүүлэх талаар нэлээд туршлага хуримтлуулсан Алс Дорнодын нэг Гэрч эрэгтэй: «Хэрэв хүн: “Бурханд итгэдэггүй” гэж хэлбэл өөрийнхөө шашны бурхдад итгэдэггүй гэсэн үг. Үнэндээ тийм бурхад хүний бүтээл бөгөөд жинхэнэ биш гэж би хэлдэг. Тэгээд Иеремиа 16:20-д байдаг “Хүн өөртөө бурхдыг хийж чадах уу? Гэлээ ч тэд бурхад биш” гэдэг үгийг уншиж өгдөг. Дараа нь “Жинхэнэ бурхныг хүний хийсэн бурхдаас хэрхэн ялгаж мэдэх вэ?” гэж асуудаг. Хариулахыг нь сайн сонсоод, дараа нь Исаиа 41:23-аас “Ирээдүйд болох юмсыг мэдүүлэгтүн. Тэгвэл би та нарыг бурхад гэж мэдэх болно” гэдгийг уншуулдаг. Тэгээд Ехова ирээдүйг хэрхэн зөгнөснийг үзүүлдэг» гэжээ.

15. Зүүн Азид амьдардаг Гэрч эрэгтэйгээс юу сурч болох вэ?

15 Зүүн Азид амьдардаг Гэрч эрэгтэй давтан уулзалт хийхдээ дараах аргыг хэрэглэдэг байна. Тэрээр: «Би хүмүүст Библийн мэргэн зөвлөгөө, биелсэн зөгнөлүүд, бүх ертөнцийг захирдаг хуулиудыг үзүүлдэг. Дараа нь энэ бүхэн бол мэргэн ухаантай амьд Бүтээгч байдгийн баталгаа гэдгийг тайлбарладаг. Хэрэв хүн Бүтээгч байдгийг хүлээн зөвшөөрвөл Библид Еховагийн талаар юу гэж байдгийг үзүүлдэг» гэж ярьсан юм.

16. Еврей 11:6-д бичсэнийг үзвэл, суралцагчид яагаад Бурханд болон Библид итгэдэг болох шаардлагатай вэ? Тэдэнд хэрхэн туслах вэ?

16 Шашин шүтлэггүй хүмүүст Библийн хичээл заахдаа Бурхан байдаг гэдэгт бат итгүүлэх хэрэгтэй (Еврей 11:6-г уншина). Бас Библид итгэдэг болоход нь туслах шаардлагатай. Зарим сургаалыг олон дахин заах хэрэг гарч мэднэ. Хичээл хийх бүрдээ Библи бол Бурхны Үг гэдгийн баталгааг ярилцах нь зүйтэй. Жишээ нь Библийн зөгнөлүүд хэрхэн биелсэн, Библи шинжлэх ухаан болон түүхийн баримттай хэр тохирдог, өдөр тутмын амьдралд ямар ач тустайг товчхон ярилцаж болох юм.

17. Хүмүүсийг хайрлах хэрэгтэйн учир юу вэ?

17 Христийн шавь бэлдэхийн тулд шүтлэгтэй ч бай, үгүй ч бай, бүх хүнийг хайрлах хэрэгтэй (1 Кор. 13:1). Тэдэнтэй хичээл хийхдээ Бурхан биднийг хайрладаг бөгөөд биднээр хайрлуулах хүсэлтэй байдгийг ойлгуулах зорилго өвөрлөөрэй. Урьд нь шашныг бараг сонирхдоггүй байсан хэдэн мянган хүн жил бүр баптисм хүртэж байна. Учир нь тэд Бурхныг хайрладаг болжээ. Тиймээс өөдрөг байж, хэнийг ч ялгалгүй хайрлаж байгаарай. Яриаг нь сонсож, үзэл бодлыг нь ойлгохыг хичээгээрэй. Христийн шавь ямар байх ёстойг өөрийн биеэр үзүүлээрэй.

ТА ЮУ ГЭЖ ХАРИУЛАХ ВЭ?

  • Дэлгэрүүлэхдээ үргэлж өөдрөг байхын тулд яах хэрэгтэй вэ?

  • Шүтлэггүй хүмүүсийн сэтгэлийг хэрхэн хөдөлгөх вэ?

  • Уулзсан хүн болгонтойгоо Бурхны тухай ярилцах нь яагаад чухал вэ?

ДУУ 153 Ямар гоё байдаг гээч!

a Өнөө үед шашин шүтлэггүй хүнтэй таарах нь элбэг болжээ. Библийн үнэнийг тэдэнд хэрхэн хүргэж, Библи болон Ехова Бурханд итгэхэд нь хэрхэн туслахыг энэ өгүүллээр үзнэ.

b Судалгаанд оролцсон зарим улс орныг нэрлэвэл: Австрали, Австри, Азербайжан, Албани, Британи, Вьетнам, Герман, Дани, Израйл, Ирланд, Испани, Канад, Нидерланд, Норвег, Өмнөд Солонгос, Франц, Хонконг, Хятад, Чех, Швед, Швейцар, Япон ордог.

c ҮГИЙН ТАЙЛБАР: Энэ өгүүлэлд шүтлэггүй гэдгээр шашны байгууллагын гишүүн биш эсвэл Бурханд итгэдэггүй хүнийг хэлж байна.

d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч залуу хамт ажилладаг эмчдээ дэлгэрүүлж байна. Тэр эмч манай саитаас «Библийн онлаин хичээл» гэсэн хэсгийг хайж байна.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах