«Та бас эхлэгч болж чадна»
1. Нэгэн Гэрч эмэгтэй эхлэгчээр үйлчилдэг тухайгаа юу гэж хэлсэн бэ?
1 «Сэтгэлийг минь үүн шиг сэргээж, баяр жаргал авчирдаг ажил хаана ч байхгүй» гэж Кэйт Палм хэлжээ. Бусдыг гэсэн сэтгэлтэй тэрбээр Өмнөд Америкийн Чили орноор хөндлөн гулд явж олон жил дэлгэрүүлсэн ажээ. Бүрэн цагаар үйлчлээд сайхан амьдарч байгаа хүмүүсийг хараад хэн нэг нь танд «Та бас эхлэгч болж чадна» гэж хэлж байсан биз ээ.
2. Бурхныг шүтэхтэй холбоотой үйл хэрэгт оролцвол улам их сэтгэл хангалуун болдгийн учир юу вэ?
2 Сэтгэл хангалуун амьдрал: Бидний үлгэр дууриал болсон Есүс, Эцгийнхээ хүслийг биелүүлээд жинхэнэ ёсоор сэтгэл хангалуун явдаг байжээ (Иох. 4:34). Тийм учраас Еховаг шүтэхтэй холбоотой үйл хэрэгт оролцвол жинхэнэ ёсоор сэтгэл хангалуун байдгийг дагалдагчдадаа батлан хэлсэн. Еховагийн таалалд нийцдэг ажил хийн завгүй байвал сэтгэл дүүрэн байдаг. Мөн бусдад туслахын тулд цаг зав, хүч хөдөлмөр, мөнгө төгрөгөө зориулахын хэрээр баяр жаргалаар бялхдаг (Үйлс 20:31, 35).
3. Их дэлгэрүүлэх тусам баяр хөөрөөр цалгина гэхийн учир вэ?
3 Их дэлгэрүүлэх тусам олон хүнтэй Библийн хичээл хийж баяр хөөрөөр цалгидаг. Зарим газрын хүмүүс сонирхдоггүй юм шиг санагдаж болох юм. Гэхдээ дэлгэрүүлэх ажилд туршлага сууж, илүү чадварлаг болохын хэрээр тийм газар ч сонирхох хүн байгааг олж мэднэ. Нэг жил эхлэгчээр үйлчилсэн хүн Эхлэгчийн сургуульд сууж тэндээс олж авсан арвин баялаг мэдлэгээ дэлгэрүүлэх ажилдаа хэрэгжүүлдэг (2 Тим. 2:15). Үнэний үрийг шантралгүй таривал цаг нь болохоор хурааж авна (Ном. 11:6).
4. Сургуулиа төгсөх гэж байгаа охид хөвгүүд юун тухай бодох хэрэгтэй вэ?
4 Охид хөвгүүд: Чи ерөнхий боловсролын сургуулиа төгсөх гэж байгаа бол ирээдүйнхээ тухай нухацтай бодсон уу? Одоохондоо хичээл сургууль гээд завгүй байгаа биз ээ. Харин сургуулиа төгсөөд юу хийх вэ? Нэр алдрын хойноос хөөцөлдөхийн оронд байнгын эхлэгч болохыг зорьж энэ тухай шаргуу залбирахад болохгүй нь юу билээ? Эхлэгчээр үйлчилбэл янз янзын хүмүүст дэлгэрүүлэх, бэрхшээлээ даван туулах, хувийн зохион байгуулалттай байх, заах аргаа сайжруулах гэх мэтийн амьдралд хэрэгтэй олон чадвар эзэмшинэ.
5. Эцэг эх болон хурлынхан нь охид хөвгүүдийг эхлэгч болохыг хэрхэн урамшуулах вэ?
5 Эцэг эхчүүд ээ, та бүхэн үр хүүхдээ бүрэн цагаар үйлчилдэг болоход нь тусалж байна уу? Хаанчлалыг эн тэргүүнд тавьдаг болоход нь туслахын тулд үг яриа, үйл хэргээрээ сайн жишээ үзүүлээрэй (Мат. 6:33). Ахлах сургуулиа төгсөөд эхлэгчээр үйлчилж эхэлсэн Рэй: «Эхлэгчид хамгийн их сэтгэл хангалуун амьдардаг гэж ээж маань хэлдэг байсан» гэжээ. Хурлын бүх гишүүн, охид хөвгүүдийг эхлэгч болохыг урамшуулж дэмжих хэрэгтэй. Испанид амьдардаг Хосе: «Залуу хүнд эхлэгчээр үйлчлэхээс илүү сайхан ажил байхгүй гэж манай хурлынхан үздэг. Тэд маань эхлэгчдийг магтан ярьж, эхлэгчээр үйлчлэхийг эрхэмд үзэн, үргэлж тусалж дэмжиж байсан болохоор надад эхлэгч болоход амар байсан» хэмээн ярьжээ.
6. Одоохондоо эхлэгчээр үйлчлэх хүсэлгүй бол яах вэ?
6 Саадыг давах нь: Эхлэгчээр үйлчлэх хүсэлгүй бол яах вэ? Хүсэл төрөхгүй байвал энэ тухайгаа Еховад хэлж «Би эхлэгчээр үйлчилж чадах эсэхээ мэдэхгүй байна. Гэхдээ таалалд тань нийцэхийг хүсэж байна» гэж залбираарай (Дуу. 62:8; Сур. 23:26). Тэгээд Үг болон байгууллагаас нь удирдлага заавар хайгаарай. Туслах эхлэгчээр үйлчилж үзээд эхлэгчээр үйлчлэх ямар байдгийг мэдсэн хүн байнгын эхлэгч болох нь олонтаа (Дуу. 34:8).
7. Цагийн нормоо биелүүлж чадахгүй юм шиг санагдвал яах нь зүйтэй вэ?
7 Сар бүр 70 цаг дэлгэрүүлж чадахгүй юм шиг санагдвал яах вэ? Таныг ойлгох эхлэгчтэй зөвлөлдөөрэй (Сур. 15:22). Хэд хэдэн төлөвлөгөө гаргаарай. Онцын шаардлагагүй юманд цагаа зарцуулахын оронд дэлгэрүүлэх ажлаа анхаарвал цагийн нормоо биелүүлэхэд амар байна (Еф. 5:15, 16).
8. Ямар байгаагаа үе үе бодож үзэх ёстойн учир юу вэ?
8 Дахин нэг бодож үзээрэй: Цаг цагаараа байдаггүй. Ямар байгаагаа үе үе бодож үзэх нь чухал. Та тэтгэвэрт гарах гэж байна уу? Тэтгэвэртээ эрт гарсан Рэнди: «Ийм шийдвэр гаргасан болохоор эхнэртэйгээ хамт эхлэгчээр үйлчлэх боломжтой болсон. Одоо дэлгэрүүлэгч хэрэгтэй газар үйлчилж байна. Их ч ивээл хүртсэн. Хамгийн гол нь, чадах бүхнээ хийж байгаадаа сэтгэл хангалуун явдаг» гэсэн юм.
9. Нөхөр эхнэр хоёр юун тухай бодох нь зүйтэй вэ?
9 Зарим хос сайтар бодсоны үндсэн дээр хоёул хоёулаа олон цагаар ажиллах хэрэггүй юм байна гэдгийг ойлгодог. Амьдралаа энгийн болгох хэрэг гардаг нь үнэн. Ингэх амаргүй ч үр шимийг нь заавал хүртэнэ. Нэг Гэрч эмэгтэй дэлгэрүүлэх ажилд түлхүү оролцохын тулд ажлаасаа гарчээ. Нөхөр Жон нь: «Эхнэр маань өдөржингөө дэлгэрүүлж байгааг харах шиг сайхан юм алга» гэжээ.
10. Христиан хүн юунд хөтлөгдөн эхлэгч болох тухай боддог вэ?
10 Итгэл ба хайрын илрэл: Дэлгэрүүлэх ажил бол Еховагийн бидэнд даалгасан хамгийн чухал ажил. Одоогийн тогтолцоо тун удахгүй сүйрнэ. Еховагийн нэрийг дууддаг хүн л аврагдана (Ром 10:13). Еховаг чин зүрхнээсээ хайрлаж, хийсэн бүхэнд нь талархсандаа бид Хүүгийнх нь идэвхтэй дэлгэрүүл гэсэн тушаалыг биелүүлдэг (Мат. 28:19, 20; 1 Иох. 5:3). Түүнчлэн эцсийн өдрүүдэд амьдарч байгаагаа ойлгодог хүн ертөнцийг бүрэн ашиглалгүй, үлдсэн богинохон хугацаанд дэлгэрүүлэхийн төлөө хамаг хүчээ дайчилдаг (1 Кор. 7:29–31).
11. Хэн нэг нь таныг эхлэгч болж чадна гэвэл юу гэж үзэх вэ?
11 Байнгын эхлэгчээр үйлчилнэ гэдэг бол зөвхөн байгууллагын журмыг дагаж байгаа хэрэг биш. Харин Бурханд хайртайгаа харуулж байгаа хэрэг юм. «Та эхлэгч болж чадна» гэж хэн нэг нь танд хэлбэл үнэлж хүндэлж байна гэж үзээрэй. Тэгээд эхлэгч болох эсэхээ сайтар бодож, залбирч байгаад шийдээрэй.
[3-р хуудасны товчлол]
Эцэг эхчүүд ээ, та бүхэн үр хүүхдээ бүрэн цагаар үйлчилдэг болоход нь тусалж байна уу?
[4-р хуудасны товчлол]
Дэлгэрүүлэх ажил бол Еховагийн бидэнд даалгасан хамгийн чухал ажил.