Заах чадвараа сайжруулах гурван арга
1. Заах чадвараа сайжруулах хэрэгтэйн учир юу вэ?
1 Христиан хүн бүр багшийн ажил хийдэг. Бид хүмүүстэй ярилцахдаа, давтан уулзахдаа, Библийн хичээл заахдаа мэдээ хүргэдэг. Бидний хүргэдэг мэдээ бол жирийн мэдээ биш. Тэр мэдээний ачаар хүмүүс «авралд хүргэх мэргэн ухааныг» өгөх чадалтай «Ариун Бичээсүүдийг» ойлгодог (2 Тим. 3:15). Ямар том завшаан бэ! Заах чадвараа сайжруулах гурван аргыг ярилцъя.
2. Энгийн заана гэж яахыг хэлдэг вэ?
2 Энгийн заах: Бид өөрсдийнхөө сайн мэддэг зүйлийг бусдад бас шууд ойлгомжтой байх юм шиг бодож болох юм. Тиймээс Библийн хичээл заахдаа нарийн ширийн зүйл олныг тайлбарлах хэрэггүй. Харин гол санааг онцлох хэрэгтэй. Сайн заана гэдэг их ярихын нэр биш (Сур. 10:19). Ер нь, Библийн гол зүйлийг унших нь хамгийн сайн. Тэгээд тухайн зүйлийн, үзэж байгаа сэдэвт шууд хамаатай санааг онцлон ярилцаарай. «Матай» номын 5—7-р бүлэгт бичсэн «Ууланд айлдсан номлол»-доо Есүс олон нарийн юм заахдаа ч цөөн үгээр, энгийн тайлбарласан байдаг шүү дээ.
3. Жишээ татах нь ямар ашигтай вэ? Ямар жишээ татах нь сайн бэ?
3 Жишээ татах: Жишээ нь хүний бодох үйл явцыг идэвхжүүлж, сэтгэлийг нь хөдөлгөж, гол санааг тогтооход тус болдог. Оновчтой жишээ хэлэх гэж байгаа нь энэ гээд их ярих хэрэггүй. Есүс ихэнхдээ богино, энгийн жишээ татдаг байсан (Мат. 7:3–5; 18:2–4). Гол санааг онцлох бас нэг сайн арга бол энгийн зураг зурж тайлбарлах юм. Хичээлдээ сайн бэлдвэл тохирох жишээ олоход амар байдаг.
4. Асуултыг яаж үр өгөөжтэй ашиглах вэ?
4 Асуулт тавих: Асуулт хүнийг бодуулдаг. Тийм учраас асуулт тавьсныхаа дараа тэвчээртэй хүлээгээрэй. Өөрөө яаран хариулбал суралцагчийнхаа юу ойлгодог, юу ойлгодоггүйг мэдэхгүй хоцорно. Суралцагч буруу хариулбал шууд засахын оронд нэмэлт асуулт тавьж өөрөөр нь зөв дүгнэлт хийлгэх нь дээр (Мат. 17:24–27). Бидний хэн нь ч төгс багш биш ээ. Тиймээс Библи биднийг «сургаал» буюу заах урлагтаа үргэлж анхаарал хандуулахыг уриалдаг. Анхаарал хандуулах нь өөрсдөд маань болон сонсогчдод маань ач тустай (1 Тим. 4:16).