«Сайтар гэрчил»
1. Элч Паул ямар сайхан жишээ үлдээсэн бэ?
1 «Сайтар үйлчил» (2 Тим. 4:5, Byington). Элч Паул өөрөө сайтар гэрчилдэг байсан учир Тимотод энэ зөвлөгөөг өгөхдөө ичиж зовоогүй. МЭ 47–56 онуудад Паул гурван ч удаа миссионерын аяллаар яваад иржээ. «Үйлс» номд Паулыг «сайтар гэрчилсэн» (ШЕ) тухай хэд хэдэн удаа дурдсан байдаг (Үйлс 23:11; 28:23). Өнөө үед яавал сайтар гэрчлэх вэ?
2. Айлаар дэлгэрүүлэхдээ хэрхэн сайтар гэрчлэх вэ?
2 Айлаар: Сайн мэдээг огт сонсож байгаагүй хүнтэй уулзъя гэвэл тохиромжтой цагт очих хэрэгтэй. Хүмүүс оройн цагаар эсвэл хагас бүтэн сайнд гэртээ байж болох юм. Айл болгоны хүнтэй уулзахыг хичээгээрэй. Хаалгыг нь тогшсон ч хүн байгаагүй бол олж уулзах хүртлээ байн байн очих хэрэгтэй. Тэгээд ч хүнтэй уулзаж чадаагүй бол яах вэ? Утсаар юм уу, захидлаар дэлгэрүүлэх нь үр дүнтэй байдаг.
3. Олон нийтэд болон албан бусаар гэрчлэх ямар боломж танд байна вэ?
3 Олон нийтэд болон албан бусаар: Еховагийн үйлчлэгчид «мэргэн ухааныг» тунхагладаг. «Гудамжнуудад», «олон хөлийн газар» ч тунхаглах нь бий (Сур. 1:20, 21). Өдөр тутмын ажлаа хийхдээ дэлгэрүүлэхийг хичээдэг үү? Та «өөрийгөө үгэнд бүрэн зориулсан» уу? (Үйлс 18:5). Тийм бол «сайтар гэрчил» гэсэн даалгавраа биелүүлж байна гэсэн үг (Үйлс 10:42; 17:17; 20:20, 21, 24).
4. Сайтар гэрчлэхийн тулд залбирч, эргэцүүлэн бодох нь яагаад чухал бэ?
4 Сул тал юм уу, ичимхий зангаасаа болоод дэлгэрүүлэхээс хойш суудаг хүн байдаг. Ехова хэр чадлыг маань мэддэг нь лавтай (Дуу. 103:14). Ярих зүрх зориг гуйн залбирч болно (Үйлс 4:29, 31). Мөн Библи бие даан судалж, эргэцүүлж боддог бол сайн мэдээ ямар их үнэ цэнэтэй болохыг ойлгоно (Флп. 3:8). Тэгвэл сайн мэдээг идэвх зүтгэлтэй дэлгэрүүлэх хүсэлтэй болно!
5. Иоелын зөгнөлийг биелэхэд хэрхэн хувь нэмэр оруулж болох вэ?
5 Иоелийн зөгнөсөн ёсоор, агуу аймшигт өдрийг нь болохоос өмнө Еховагийн үйлчлэгчид ямар ч саадыг даван сайн мэдээг дэлгэрүүлэх аж (Иоел 2:2, 7–9). Тиймээс хэзээ ч давтагдашгүй энэ ажлыг хамаг чадлаараа хийцгээе!