Зөнчдийг дууриагтун —Иоел
1. Дэлгэрүүлэхдээ яавал Иоел шиг даруу байх вэ?
1 Зөнч Иоел ямар хүн байсан бэ? Тэрбээр өөрийнхөө тухай «Петуелийн хүү» гэж л бичсэн байдаг (Иоел 1:1). Энэ даруу зөнч өөрийгөө дөвийлгөлгүй, Еховагаас ирсэн мэдээг голлон ярьсан. Үүнтэй адилаар, бид дэлгэрүүлэхдээ бусдын магтаал сайшаалыг хүлээхийг бодолгүй, анхаарлыг нь Ехова болон Библид хандуулдаг (1 Кор. 9:16; 2 Кор. 3:5). Түүнээс гадна, тунхагладаг мэдээ маань биднийг зоригжуулдаг. Иоелийн бичсэн ямар үг бидэнд идэвх зүтгэлтэй байх урам зориг нэмж, итгэл найдвар төрүүлдэг вэ?
2. Еховагийн өдөр ойрхон байгаа учир бид яах ёстой вэ?
2 «[Еховагийн] өдөр ойрхон байна» (Иоел 1:15): Энэ үг олон мянган жилийн тэртээ бичигдсэн ч гэлээ бид энэ зөгнөлийг эцсийн удаа биелэх үед амьдарч байна. Дэлхийн нөхцөл байдал уруудан доройтож, дэлгэрүүлдэг мэдээг маань хүмүүс үл тоомсорлож, элэглэн дооглож байгаа нь энэхүү ёс бус тогтолцооны эцсийн өдрүүд ирчихээд байгааг илтгэдэг (2 Тим. 3:1–5; 2 Петр 3:3, 4). Төгсгөл ойрхон байгааг эргэцүүлэн бодвол дэлгэрүүлэх ажлыг амьдралынхаа эн тэргүүнд тавих ёстойг сайн ойлгоно (2 Петр 3:11, 12).
3. Агуу их гай гамшиг ойртож байгаа өнөө үед дэлгэрүүлэх нь яагаад чухал бэ?
3 Ехова «ард түмнийхээ хоргодох газар» болно (Иоел 3:16): Энэ зүйлд гардаг чичрэх гэдэг үгээр агуу их гамшгийн үед Ехова энэ ертөнцийг шүүхийг хэлсэн. Тэр үед Ехова үнэнч үйлчлэгчдээ аварна гэж бодохлоор сэтгэл тайвширдаг (Илч. 7:9, 14). Дэлгэрүүлэх ажилд оролцож, Ехова биднийг дэмжиж зоригжуулдгийг биеэр үзэхийн хэрээр итгэл бэхжиж, агуу их гай гамшгийг давах тэсвэр хатуужилтай болдог.
4. Баяр хөөртэй байж, ирээдүйгээ итгэлтэйгээр угтаж болохын учир юу вэ?
4 Зарим хүн Иоелийн тунхагласан мэдээг таагүй мэдээ гэдэг. Гэвч тэрбээр аврагдах сайхан найдварын тухай Бурхны ард түмэнд мэдүүлсэн (Иоел 2:32). Тэгэхлээр ирээдүйгээ итгэлтэйгээр харж, Иоел 2:23-т байдаг «Өөрийн Бурхан ЭЗЭНий [Еховагийн] дотор баясаж баярлагтун» гэсэн үгийг анхааран Хаанчлалын сайн мэдээг идэвхтэй тунхаглацгаая.