Сэтгүүл тогтмол авдаг хүнтэй байвал хичээл эхлэхэд тустай
1. Ямар учраас Еховагийн байгууллага дэлгэрүүлэгчдэд сэтгүүл тогтмол авдаг хүнтэй байхыг олон жил уриалсаар ирсэн бэ?
1 Библи заалгахыг боддоггүй ч манай сэтгүүлийг авч унших дуртай хүн олон байдаг. Тийм учраас Еховагийн байгууллага тийм хүмүүст сэтгүүл тогтмол хүргэж өгөхийг дэлгэрүүлэгчдэд олон жил уриалсаар ирсэн. Хүмүүс манай сэтгүүлийг уншдаг болоод ирэхлээрээ Бурхны үгийг хүсэн тэмүүлдэг (1 Петр 2:2). Аажимдаа уншсан ямар нэг зүйлдээ сэтгэл нь хөдөлж Библи судлахыг хүснэ.
2. Сэтгүүл тогтмол авдаг хүний сонирхлыг хэрхэн татаж болох вэ?
2 Үнэний үрийг «услах» нь: Айлын хүнд сэтгүүлээ өгчихөөд шууд явахын оронд яриа өдөж сайн танилцахыг хичээгээрэй. Ингэвэл айлын хүн ямар нөхцөлд байгааг, юу сонирхдогийг, юунд итгэж үнэмшдгийг мэднэ. Энэ нь ухаалаг ярихад тань тустай (Сур. 16:23). Уулзалт болгондоо бэлдээрэй. Боломжтой бол, сэтгүүлд бичсэн зүйлээс юм уу Библийн зүйлийг онцлон товчхон ярьж зүрх сэтгэлд нь буй үнэний үрийг услаарай (1 Кор. 3:6). Уулзалт бүрийн дараа тэмдэглэл хөтөлж хэзээ уулзсан, ямар хэвлэл үлдээж ямар сэдвээр, ямар Библийн зүйлээс ярьснаа бичээрэй.
3. Сэтгүүл тогтмол авдаг хүмүүстэй хэр тогтмол уулзах хэрэгтэй вэ?
3 Хэр тогтмол уулзах хэрэгтэй вэ? Сэтгүүл тогтмол авдаг хүмүүс дээр шинэ сэтгүүл гарах болгонд очих хэрэгтэй. Гэхдээ нөхцөл байдал, тухайн хүний сонирхлоос шалтгаалаад илүү олон удаа очихоор шийдэж болох юм. Жишээлбэл тухайн хүнд сэтгүүл өгөөд нэг юм уу хоёр долоо хоногийн дараа дахиж очоод «Танд өгсөн сэтгүүлээсээ нэг зүйлийг товчхон ярихаар ирлээ» гэж хэлж болно. Ингэвэл тэр хүн тодорхой нэг өгүүлэл унших хүсэлтэй болж болох юм. Хэрэв айлын хүн тэр өгүүллийг аль хэдийн уншсан бол өгүүллийн талаар санал бодлоо хуваалцаж товчхон ярилцаарай. Хэрэв тэр хүн манай хэвлэлийг унших дуртай байвал давтан уулзахдаа тухайн сард голлон тарааж буй танилцуулга, товхимол эсвэл ном өгч болно.
4. Сэтгүүл тогтмол авдаг хүний Библийн хичээл хийх хүсэлтэй эсэхийг мэдэхийн тулд үе үе юу хийж болох вэ?
4 Айлын хүнийг Библи хичээл хийе гэхийг нь хүлээх хэрэггүй. Санаачилга гаргаарай. Өмнө нь хичээл хийхээс татгалзсан байлаа ч үе үе «Харуулын цамхаг» сэтгүүлийн «Библитэй холбоотой асуултын хариу» гэсэн буланг үзүүлэн, энэ хэсгээс ярилцах дуртай байгаа эсэхийг нь мэдэж болно. Ингэвэл гэрийнх нь үүдэнд Библийн хичээл хийдэг болж болох юм. Гэхдээ Библийн хичээл эхлэх боломжгүй байлаа ч илүү сонирхдог болтол нь сэтгүүлээ хүргэж өгч болно.