Уншигчдын асуулт
2 Самуел 21:7–9-д Давид «Мефибошетыг үлдээв» гэсэн атлаа яагаад бас Мефибошетыг «гибеончуудын гарт өгсөн» гэж байдаг вэ?
Зарим хүн энэ хэсгийг хальт уншаад дээрх асуултыг асуудаг. Үнэндээ Мефибошет гэдэг нэртэй хоёр өөр хүний тухай бичсэн. Болсон явдлыг нягталж судалбал их сургамжтай.
Израйлын хаан Саул 7 хүү, 2 охинтой байсан. Саулын ууган хүү нь Ионатан. Харин бас нэг хүү Мефибошет нь татвар эм Ризпагаас төрсөн. Сонирхолтой нь, Ионатан бас Мефибошет гэдэг хүүтэй байжээ. Тэгэхээр Саул Мефибошет гэдэг нэртэй хүүтэй, бас ач хүүтэй байсан гэсэн үг.
Саул хаан израйлчуудын дунд амьдарч байсан гибеончуудаас нүүр буруулж, тэднийг үндсээр нь устгахыг оролдсон. Тиймээс олон хүн алагдсан бололтой. Энэ нь үнэхээр буруу хэрэг байлаа. Яагаад гэвэл Иошуаг захирагч байх үед Израйлын удирдагчид гибеончуудтай энхийн гэрээ байгуулсан юм (Иош. 9:3–27).
Энэ гэрээ Саул хааны үед ч хүчин төгөлдөр байжээ. Тэрбээр гибеончуудыг устгах гэж оролдсоноороо уг гэрээг зөрчсөн. Тиймээс «Саул болон гэрийнхэн нь гэмтэй болсон» (2 Сам. 21:1, ШЕ). Хожим нь Давидыг хаан байхад амьд үлдсэн гибеончууд энэ ноцтой хэргийн тухай түүнд мэдэгддэг. Тэгэхэд нь Давид Саулын үйлдсэн энэ аймшигт хэргийг яаж цайруулахыг тэднээс асуудаг. Ингэж цайруулж чадвал Ехова газар нутгийг дахин ивээх байлаа. Гибеончууд мөнгө нэхэхийн оронд өөрсдийг нь «үлдээлгүй устгахаар төлөвлөж байсан» хүний 7 хүүг бидэнд тушаагтун гэжээ (Тоол. 35:30, 31). Давид ч хэлснийг нь хийв (2 Сам. 21:2–6).
Тухайн үед Саул Ионатан хоёр амьд байгаагүй, харин Ионатаны хүү Мефибошет амьд байв. Тэрбээр хүүхэд байхдаа осолд орж гэмтээд хөл муутай болсон. Өвөөгөө гибеончуудтай тулалдахад оролцоогүй. Давид Ионатантай нөхөрлөлийн гэрээ байгуулахдаа үр удмыг нь харж хамгаалахаа амласан учраас Ионатаны хүү Мефибошетыг ивээлдээ авсан (1 Сам. 18:1; 20:42). Библид «[Давид] хаан Саулын хөвгүүн болох Ионатаны хөвгүүн Мефибошетыг ... ЭЗЭНд тангарагласан тангаргийн улмаас амьд үлдээжээ» гэж байдаг (2 Сам. 21:7).
Гэсэн хэдий ч Давид гибеончуудын хүсэлтийг хүлээн авч Саулын 2 хүү (нэг нь Мефибошет) болон 5 зээ хүүг тэдэнд тушаасан (2 Сам. 21:8, 9). Ийнхүү Давид газар нутгаас гэм нүглийг зайлуулсан.
Библид бичсэн энэ түүх бидэнд сургамжтай. Бурхны хуульд «Хүү нь ч эцгээсээ болж цаазлагдах ёсгүй» гэж тодорхой байдаг (Д.хууль 24:16). Саулын 2 хүү, 5 зээ хүү гэмгүй байсан бол Ехова алуулахыг зөвшөөрөхгүй байсан. Хуулийг цааш нь үзвэл «Хүн бүр өөрийнхөө нүглийн төлөө цаазлагдах ёстой» гэж байдаг. Тэгэхээр Саул гибеончуудыг бүхлээр нь устгах хэрэгт тэр долоо биечлэн оролцсон бололтой. Тэд өөрсдийнхөө гэм нүглийн улмаас л амь насаа алдсан.
Буруу юм хийсэн хүн: «Би ердөө л удирдлага зааврыг дагасан шүү дээ» гэж биеэ зөвтгөх аргагүйг энэ түүхээс мэдэж болно. «Хөлийнхөө доорх замыг хар. Тэгвэл бүх зам чинь дайвшгүй байх болно» гэсэн нэг мэргэн үг байдаг (Сур. 4:24–27; Эф. 5:15).