«Энэрлийн хуулийг» сахиарай
«ГЭРЧҮҮДИЙН энэрэнгүй сэтгэл надад хамгийн их нөлөөлсөн». Библийн үнэнд анх хэрхэн татагдсанаа Лиса ийн хэлжээ.a Энн ч мөн адил. «Сургаалд нь гэхээс илүү энэрэнгүй сэтгэлд нь хамаг учир байсан» гэж дурсжээ. Лиса ч, Энн ч одоо Библи уншиж, эргэцүүлэн бодох дуртай. Гэхдээ хурлынхан нь энэрэнгүй байсан нь тэднийг Гэрч болоход хамгийн их нөлөөлжээ.
Эргэн тойрныхоо хүмүүст хэрхэн энэрэнгүй хандах вэ? Үг яриагаараа, үйл хэргээрээ энэрэнгүй байх тухай одоо ярилцъя. Дараа нь бүх хүнд энэрэнгүй хандах хэрэгтэйг авч үзнэ.
ҮГ ЯРИАГААРАА
«Сургаалт үгс» номын 31-р бүлэгт бичсэнээр арван хуруу тэгш эхнэр үг яриагаараа «энэрлийн хуулийг» сахидаг (Сур. 31:26, ШЕ). Энэ нь юуг, яаж ярихаа боддог гэсэн үг. Эцэг хүн ч «энэрлийн хуулийг» сахих учиртай. Эцэг эхчүүд хатуу ширүүн үг хэлж, хүйтэн хөндий харьцвал хүүхдэд муугаар нөлөөлж чин сэтгэлээсээ дуулгавартай байхад амаргүй болно. Харин энэрэнгүй харьцдаг бол үгэнд нь дуртайяа орно.
Та эцэг эх ч бай, үгүй ч бай ярихдаа хэрхэн энэрэнгүй байх вэ? Энэ асуултын хариу Сургаалт үгс 31:26-гийн эхний хэсэгт байгаа. «Тэр мэргэн үгээр ярьдаг». Өөрөөр хэлбэл, үгээ зөв сонгож, дууныхаа өнгийг анхаарна гэсэн үг. Өөрөөсөө «Миний хэлэх гэж байгаа зүйл бусдын уурыг хүргэх юм биш биз? Эсвэл хурцадмал байдлыг намжаах уу?» гэж асуух нь зүйтэй (Сур. 15:1). Тийм ээ, бодож байж амаа нээх нь ухаалаг хэрэг юм.
«Илдээр дүрэхтэй адил бодлогогүй ярьдаг хүн байдаг» гэсэн цэцэн үг бас бий (Сур. 12:18). Үг яриа, дууны өнгө нь бусдад яаж нөлөөлөхийг боддог хүн хэлэх үгэндээ хянамгай байж чадна. Тэгэхээр бид «энэрлийн хуулийг» сахидаг бол хатуу ширүүн үг хэлэхгүй, хүйтэн хөндий харьцахгүй (Эф. 4:31, 32). Сөрөг муу юм бодож, ярихын оронд энэрэнгүй сэтгэлээр өөдрөг юм ярина. Энэ тал дээр Ехова сайхан жишээ үзүүлжээ. Еховагийн илгээсэн тэнгэрийн элч айдаст автсан Елиаг тайвшруулахдаа «намуун ... дуугаар» ярьсан (Х.дээд 19:12). Энэрэнгүй сэтгэл үг яриагаар төдийгүй үйл хэргээр илрэх учиртай. Яаж?
ҮЙЛ ХЭРГЭЭРЭЭ
Энэрэнгүй сэтгэлийг үг яриагаараа төдийгүй үйл хэргээрээ илэрхийлдэг бол Еховаг дуурайж байна гэсэн үг (Эф. 4:32; 5:1, 2). Гэрчүүд өөрт нь яаж энэрэнгүй хандсаныг дээр дурдсан Лиса ийнхүү ярьжээ. «Манайхыг гэв гэнэт нүүх хэрэгтэй болоход хурлын хоёр гэр бүл юм хумаа баглахад маань тусалж билээ. Бүр ажлаасаа чөлөө аваад шүү! Тэр үед би Библийн хичээл ч эхлээгүй байлаа!» Тэдний энэрэнгүй сэтгэл Лисагийн Библи судлах хүслийг бадраажээ.
Дээр дурдсан Энн бас өөрт нь энэрэнгүй хандсан Гэрчүүдэд талархжээ. Энн: «Хүмүүст итгэх итгэл маань бүр алдарчихсан байсан үе л дээ. Анх Гэрчүүдтэй уулзаад тэдэнд ч итгэж чадахгүй байсан. “Яагаад надад санаа тавиад байгаа юм бол?” гэж бодсон. Гэхдээ Библийн багш маань надад үнэн голоосоо энэрэнгүй хандаж байгааг хараад бодлоо өөрчилсөн» гэжээ. Тэгээд яасан бэ? Тэрбээр: «Би заалгаж байгаа зүйлдээ илүү нухацтай ханддаг болсон» хэмээн дурссан юм.
Хурлын хүмүүсийн энэрэнгүй сэтгэлд татагдсан Лиса Энн хоёр үнэнийг хүлээн аваад зогсохгүй Еховад ч, ард түмэнд нь ч итгэдэг болсныг анхаараарай.
БУРХНЫГ ДУУРАЙЖ ЭНЭРЭНГҮЙ БАЙГААРАЙ
Зарим хүн өссөн орчноосоо шалтгаалаад багаасаа эелдэг харьцаж, инээмсэглэж сурсан байж магадгүй. Энэ нь сайн хэрэг. Гэхдээ багаасаа сурсан юм уу ийм соёлтой гээд л энэрэнгүй байх нь Бурхныг дуурайн энэрэнгүй байгаа хэрэг биш юм (Үйлс 28:2-той харьцуулаарай).
Жинхэнэ энэрэнгүй сэтгэл Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог (Гал. 5:22, 23). Тиймээс жинхэнээсээ энэрэнгүй байя гэвэл бодол санаа, үйл хэргээ Бурхны агуу хүчээр удирдуулах хэрэгтэй. Ингэдэг бол Ехова Есүс хоёрыг дуурайж чадна. Түүнээс гадна бид Христийн дагалдагчид учраас бусдад чин сэтгэлээсээ санаа тавьдаг. Бидний энэрэнгүй сэтгэл Еховаг, бас хүмүүсийг гэсэн хайраас эхтэй. Ехова ч үүнийг таалдаг.
БҮХ ХҮНД ЭНЭРЭНГҮЙ ХАНДАХ ХЭРЭГТЭЙ
Өөрсдөд маань сайн юм хийж байсан эсвэл таньж мэддэг хүмүүстээ энэрэнгүй хандаж, талархах амархан (2 Сам. 2:6; Кол. 3:15). Тэгвэл зарим нэг хүнд энэрэнгүй сэтгэл гаргамааргүй санагдвал яах вэ?
Ехова энэрэнгүй байхын хамгийн сайхан жишээг үзүүлдэг. Бас энэ чанарыг хэрхэн илэрхийлэхийг Библиэр дамжуулан бидэнд заадаг. Грек Сударт энэрэл гэдэгтэй ойролцоо утгатай «нигүүлсэл» гэдэг үг олон удаа гардаг. Бурхан хэрхэн энэрч нигүүлсдэг вэ?
Ехова сая сая хүнийг шаардлагатай бүхнээр хангаж, энэрэнгүй ханддагийг бодоорой (Мат. 5:45). Үнэндээ өөрийг нь мэдэхээс ч өмнө хүмүүст нигүүлсэнгүй сэтгэлээ илэрхийлсэн (Эф. 2:4, 5, 8). Жишээлбэл, хүн төрөлхтний төлөө хамгийн эрхэм, цорын ганц Хүүгээ өгсөн. Энэ золиосыг өгсөн Еховагийн талаар элч Паул бичихдээ «Бурхны нигүүлсэл юутай агуу вэ!» гэжээ (Эф. 1:7). Хэдийгээр бид нүгэл үйлдэж, сэтгэлийг нь гонсойлгодог ч Ехова биднийг удирдан чиглүүлж, зааж сургасаар байдаг. Үг сургаал нь «зөөлөн бороотой» адил юм (Д.хууль 32:2, ШЕ). Үргэлж нигүүлсэнгүй ханддаг Еховагийн ачийг бид хэзээ ч гүйцэд хариулж чадахгүй. Ехова энэрч нигүүлсээгүй бол бид сайхан найдвар өвөрлөхгүй байх байсан (1 Петр 1:13-тай харьцуулаарай).
Бид энэрэнгүй сэтгэлтэй Еховад татагдаж, түүнийг дуурайх хүсэл маань бадардаг. Тиймээс зарим нэг хүнд л бус, бүх хүнд өдөр бүр энэрэнгүй хандахыг хичээдэг (1 Тес. 5:15). Дандаа энэрэнгүй байдаг бол хүйтэн өдөр асаасан галтай адил болно. Гэр бүлийнхнээ, итгэл нэгтнүүдээ, хамт ажилладаг хүмүүсээ, ангийнхнаа, хөршүүдээ «дулаацуулна».
Сайхан үг хэлж, энэрэнгүй хандвал зохих хүн гэр бүл эсвэл хуралд тань байна уу? Жишээ нь гэр орон, хашаа хороо цэвэрлэх, хүнс цуглуулах зэрэгт тусламж хэрэгтэй хүн байж болох юм. Түүнчлэн дэлгэрүүлж явахад тань тус дэм хэрэгтэй хүн таарвал боломжоороо туслаарай.
Еховаг дуурайн «энэрлийн хуулийг» сахиж үгээрээ, үйл хэргээрээ үргэлж энэрэнгүй байцгаая.
a Нэрсийг өөрчлөв.