Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц22 8 сар х. 26-31
  • Еховагийн ард түмэн шударга ёсыг хайрладаг

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Еховагийн ард түмэн шударга ёсыг хайрладаг
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ШУДАРГА БАЙНА ГЭДГИЙГ ХЭРХЭН ОЙЛГОХ ВЭ?
  • ЕХОВАГИЙН ТОГТООСОН ХЭМ ХЭМЖЭЭГ УЛАМ ИХ ЭРХЭМЛЭХИЙН ТУЛД ЯАХ ВЭ?
  • Зөвт байдлыг чин зүрхнээсээ хайрлагтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2011
  • Эхлээд «Түүний зөвт байдлыг» хайгтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2010
  • Еховагийн зөвт байдлыг эрхэмлэгтүн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2002
  • Зөвт байдал биднийг хамгаална
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2006
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
хц22 8 сар х. 26-31

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 36

Еховагийн ард түмэн шударга ёсыг хайрладаг

«Шударга ёсны төлөө өлсөж, цангадаг хүн жаргалтай» (МАТ. 5:6).

ДУУ 46 Ехова бол бидний Хаан!

ТОЙМa

1. Иосефт ямар сорилт тулгарсан бэ? Тэгээд яасан бэ?

ЯАКОВЫН хүү Иосефт хүнд бэрх сорилт тулгарчээ. Түүнийг «Надтай унтаач» гэж нэг эмэгтэй өдөхөд Иосеф шууд татгалздаг. Тэр бол эзэн Потифарынх нь эхнэр юм. Зарим хүн өнөөдөр «Иосеф яагаад татгалзсан юм бол?» гэж бодож болох юм. Үнэндээ Потифар эзгүй байв. Бас Иосеф Потифарын боол байсан учраас эхнэрийнх нь хүслийг биелүүлэхгүй бол амьдрал нь хэцүү болох байсан. Гэхдээ Иосеф тэр эмэгтэйг гуйх болгонд нь зөвшөөрдөггүй байв. Яагаад? Тэрбээр: «Би яаж ийм их муухай хэрэг үйлдэж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ?» гэдэг (Эх. 39:7–12).

2. Завхайрах нь Бурхны эсрэг нүгэлт хэрэг гэдгийг Иосеф яаж мэдсэн бэ?

2 Завхайрахыг Бурхан «их муухай хэрэг» гэж үздэгийг Иосеф яаж мэдсэн бэ? «Чи бүү завхайр» гэсэн тодорхой тушаал энэ явдлаас хойш 200 жилийн дараа л Мосегийн хуульд бичигдсэн (Ег. 20:14). Гэхдээ Иосеф Еховаг маш сайн мэддэг байсан тул завхай явдлыг Ехова хэрхэн үздэгийг ойлгодог байжээ. Жишээлбэл Ехова гэр бүлийг санаачлахдаа нэг эрэгтэй нэг эмэгтэйтэй гэр бүл болохоор тогтоосныг Иосеф мэдэж байсан нь гарцаагүй. Бас элэнц эмээ Сараг нь хоёр ч удаа хүчинд автах аюулаас хамгаалахын тулд хөндлөнгөөс оролцож нөхөртөө үнэнч байхад нь тусалсан тухай дуулсан байх. Исаакийн эхнэр Ребекаг ч бас ийнхүү хамгаалсан (Эх. 2:24; 12:14–20; 20:2–7; 26:6–11). Иосеф эдгээр явдлыг эргэцүүлэн бодоод Ехова юуг зөв, юуг буруу гэж үздэгийг ойлгосон. Иосеф Бурханд хайртай байсан учраас түүний шударга ёсны хэм хэмжээг хайрлаж, бас тэр дагуу амьдрахаар бат шийдсэн байв.

3. Энэ өгүүллээр юуны тухай ярилцах вэ?

3 Та шударга ёсыг хайрладаг уу? Хайрладаг нь эргэлзээгүй. Гэхдээ бид төгс бус учраас сэрэмжтэй байхгүй бол юу нь зөв, юу нь буруу гэдэг талаарх ертөнцийнхний үзэлд автаж болзошгүй (Ис. 5:20; Ром 12:2). Тиймээс шударга байх гэдгийг хэрхэн ойлгохыг, шударга ёсыг хайрлавал ямар ач тустайг одоо ярилцъя. Тэгээд Еховагийн хэм хэмжээг улам эрхэмлэдэг болоход тустай гурван зүйлийг авч үзнэ.

ШУДАРГА БАЙНА ГЭДГИЙГ ХЭРХЭН ОЙЛГОХ ВЭ?

4. Шударга гэхээр заримд нь ямар хүн төсөөлөгдөж магадгүй вэ?

4 Шударга хүн гэхээр танд ихэмсэгдүү, шүүмжлэх дуртай, өөрийнхийгөө л зөв гэж боддог хүн төсөөлөгдөж магадгүй. Гэхдээ ийм хүн Бурханд огт таалагддаггүй. Есүс дэлхий дээр байхдаа шударга ёсны хэм хэмжээг өөрсдийнхөөрөө тогтоодог шашны удирдагчдыг хатуу зэмлэсэн (Ном. 7:16; Лук 16:15). Жинхэнэ шударга хүн дандаа өөрийнхийгөө л зөв гэж боддоггүй.

5. Библид бичсэнээр шударга байх гэдгийг юу гэж ойлгох вэ? Жишээ хэлнэ үү.

5 Шударга зан бол сайхан зан чанар. Товчхон хэлбэл шударга байх гэдэг нь Бурхны зөв гэж үздэгийг үйлдэхийг хэлнэ. Библид гардаг шударга гэдэг үгэнд хамгийн өндөр хэм хэмжээ буюу Еховагийн хэм хэмжээний дагуу амьдарна гэсэн санаа багтдаг. Жишээлбэл Ехова «зөв туухай» ашиглахыг худалдаачдад тушаасан (Д.хууль 25:15). Энд «зөв» гэж орчуулсан еврей үгийг бас «шударга» гэж орчуулж болно. Тиймээс Бурхны зөв гэж үздэгийг үйлддэг Христийн дагалдагч бизнес эрхлэхдээ үргэлж зөвийг үйлдэх учиртай. Бас Бурхны зөв гэж үздэгийг үйлддэг хүн шударга бус явдлыг үзэн яддаг. Жинхэнэ шударга хүн «Еховад улам их таалагдахын» тулд гаргах гэж байгаа шийдвэрийг нь Ехова хэрхэн үзэх бол гэж боддог (Кол. 1:10).

6. Зөв буруугийн талаарх Еховагийн хэм хэмжээнд бид яагаад итгэдэг вэ? (Исаиа 55:8, 9).

6 Библид бичсэнээр Ехова бол шударга ёсны Эх булаг юм. Тийм ч учраас түүнийг «Зөв шударгын орших газар» гэж бичжээ (Иер. 50:7). Бүтээгч Ехова юу нь зөв, юу нь буруу гэдэг хэм хэмжээг зөв тогтоож чадах цорын ганц Нэгэн юм. Тэгээд ч Ехова Бурхан төгс билээ. Харин нүгэлтэй, төгс бус бид зөв бурууг тэр бүр ялгаж чаддаггүй (Сур. 14:12; Исаиа 55:8, 9-ийг уншина). Гэхдээ бид Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн учраас шударга ёсны хэм хэмжээнийх нь дагуу амьдарч чадна, амьдрахыг ч хүсдэг (Эх. 1:27). Бид Эцгээ гэсэн хайрандаа хөтлөгдөн чадах бүхнээ хийж түүнийг дуурайдаг (Эф. 5:1).

7. Бидэнд яагаад найдвартай хэм хэмжээ хэрэгтэй вэ? Жишээгээр тайлбарлана уу.

7 Бид зөв буруугийн талаарх Еховагийн хэм хэмжээг баримтлаад ач тус хүртдэг. Яагаад? Дараах жишээг бодоорой. Хэрвээ банк болгон мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг тодорхойлох өөрийн гэсэн стандарт гаргавал, эсвэл барилгын компани бүр өөрийн гэсэн стандарт хэмжээ тогтоож, дагаж мөрдвөл юу болох вэ? Мэдээж эмх замбараагүй байдал үүснэ. Бас эмнэлгийн ажилтан тогтсон хэм хэмжээг баримталж эмчлэхгүй бол олон өвчтөн үхэх аюултай. Хэм хэмжээ нь найдвартай бол хамгаалалт болдог. Зөв буруугийн талаарх Бурхны хэм хэмжээ ч биднийг хамгаалдаг.

8. Зөвийг үйлдэхийг хичээдэг хүн ямар ивээл хүртэх вэ?

8 Ехова өөрийнх нь хэм хэмжээний дагуу амьдрахыг хичээдэг хүмүүсийг ивээдэг. Тэрбээр: «Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» гэж амласан (Дуу. 37:29). Хүн болгон Еховагийн хэм хэмжээг дагах тэр цагт бид хэчнээн аз жаргалтай, эв найртай амьдрахыг төсөөл дөө. Ехова биднийг ингэж л амьдраасай гэж хүсдэг. Тэгэхээр шударга ёсыг хайрлах нь хэчнээн чухал вэ! Яаж шударга ёсыг улам их хайрладаг болох вэ? Гурван зүйлийг ярилцъя.

ЕХОВАГИЙН ТОГТООСОН ХЭМ ХЭМЖЭЭГ УЛАМ ИХ ЭРХЭМЛЭХИЙН ТУЛД ЯАХ ВЭ?

9. Яавал шударга ёсыг хайрладаг болох вэ?

9 Нэгдүгээрт, хэм хэмжээ тогтоосон Нэгнийг хайрлаарай. Шударга ёсыг хайрладаг болохын тулд зөв буруугийн хэм хэмжээг тогтоосон Нэгнийг улам бүр хайрлах хэрэгтэй. Еховаг хайрлах тусам хэм хэмжээнийх нь дагуу амьдрах хүсэлтэй болно. Жишээ нь, Адам Ева хоёр яасан билээ? Тэд Еховаг хайрладаг байсан бол тушаалыг нь зөрчихгүй байх байсан (Эх. 3:1–6, 16–19).

10. Абрахам Еховагийн үзэл бодлыг ойлгохын тулд яасан бэ?

10 Бид Адам Ева хоёрын алдааг давтахыг хүсэхгүй нь мэдээж. Тийм учраас Еховагийн тухай мэдлэгээ тэлж, зан чанарыг нь эрхэмлэдэг болж, үзэл бодлыг нь ойлгохыг хичээх учиртай. Ингэдэг бол Еховаг улам бүр хайрлана. Абрахамын жишээг үзье. Тэрбээр Еховаг чин зүрхнээсээ хайрладаг байсан. Еховагийн шийдвэрийг ойлгоход хэцүү санагдсан ч түүнийг эсэргүүцэхийн оронд илүү сайн таньж мэдэхийг хичээсэн. Жишээ нь, Ехова Содом, Гоморра гэдэг хоёр хотыг устгахаар шийдсэнийг сонсоод тэрбээр «Газар дэлхийн Шүүгч» зөв шударга хүнийг бузар муу хүнтэй хамт устгах нь гэж эхэндээ айдаг. Ийм юм Абрахамын санаанд ч багтаагүй учраас Еховагаас хэд хэдэн асуултыг дөлгөөхнөөр асуудаг. Ехова ч тэвчээртэй байж хариулдаг. Абрахам эцэст нь Ехова хүмүүсийн зүрхийг хардаг бөгөөд буруугүй хүнийг буруутай нэгэнтэй хамт хэзээ ч шийтгэхгүйг ойлгосон (Эх. 18:20–32).

11. Абрахам Еховад хайртайгаа, түүнд итгэдгээ хэрхэн харуулсан бэ?

11 Абрахам Еховатай Содом, Гоморрагийн тухай ярилцаад сэтгэл нь их хөдөлсөн. Тэрбээр Эцгээ урьдынхаасаа ч илүү хайрлаж, хүндэлдэг болсон нь лавтай. Олон жилийн дараа Еховад итгэх Абрахамын итгэл соригддог. Ехова түүнд хайртай хүү Исаакаа тахил болгон өргөөрэй гэсэн. Абрахам нэгэнт Еховаг маш сайн мэддэг болсон учир түүнээс юу ч асуугаагүй. Хэлснийг нь хийхээр шийдсэн. Гэхдээ Абрахамын сэтгэл ямар их өвдсөнийг бодоод үз дээ. Абрахам Еховагийн тухай эргэцүүлэн бодсон нь гарцаагүй. Ехова бүхнийг хайрандаа хөтлөгдөн хийдэг, хэзээ ч буруу юм хийхгүй гэдгийг мэдэж байв. Элч Паулын бичсэнээр хайртай хүү Исаакийг нь Ехова амилуулах чадалтай гэж үзсэн (Евр. 11:17–19). Тэгээд ч Ехова Исаакийг олон үндэстний эцэг болгоно гэж амласан бөгөөд тухайн үед Исаак хүүхэдгүй байсан. Абрахам Еховаг хайрладаг байсан учир хэзээд зөв юм хийнэ гэдэгт итгэж байв. Амаргүй санагдсан ч хэлснийг нь дуулгавартай биелүүлж итгэдгээ харуулсан (Эх. 22:1–12).

12. Абрахамыг хэрхэн дуурайх вэ? (Дуулал 73:28).

12 Бид Абрахамыг хэрхэн дуурайх вэ? Еховагийн тухай мэдлэгээ үргэлж арвижуулах хэрэгтэй. Ингэдэг хүн Еховатай дотносож, түүнийг улам бүр хайрлана (Дуу. 73:28-ыг уншина). Бас сайн мөс чанартай болж Еховатай адил боддог болно (Евр. 5:14). Тиймээс хэн нэгэнд уруу татагдаж буруу юм хийхгүй. Тэнгэрийн Эцгээ зовоох юм уу түүнтэй тогтоосон харьцаандаа сэв суулгах аливаа бүхнийг үзэн ядна. Шударга ёсыг хайрладгаа өөрөөр яаж харуулах вэ?

13. Шударга зөвийн араас явахын тулд яах вэ? (Сургаалт үгс 15:9).

13 Хоёрдугаарт, шударга ёсыг улам их хайрладаг болохын тулд өдөр бүр хичээгээрэй. Булчингаа хөгжүүлье гэвэл өдөр бүр дасгал хийдгийн адил Еховагийн шударга ёсны хэм хэмжээг улам их хайрлахын тулд өдөр бүр хичээх учиртай. Энэ нь тийм ч хэцүү биш. Ехова биднээс чадахгүй юм шаарддаггүй (Дуу. 103:14). Тэрбээр «шударга зөвийн араас явагчдыг ... хайрладаг» гэдгээ батлан хэлсэн (Сургаалт үгс 15:9-ийг уншина). Бид тодорхой зорилго тавьж Еховад үйлчилдэг бол түүнийгээ биелүүлэхийн тулд хичээдэг шүү дээ. «Шударга зөвийн араас явах» нь үүн шиг юм. Шударга ёсыг улам бүр хайрладаг болоход маань Ехова тэвчээртэй тусалж хүч хайрлана (Дуу. 84:5, 7).

14. «Шударга сайн явдлыг хуяг» юуны бэлгэдэл вэ? Бидэнд яагаад хэрэгтэй вэ?

14 Зөвийг үйлдэх нь дарамт биш гэдгийг Ехова хайрын сэтгэлээр бидэнд сануулдаг (1 Ёох. 5:3). Харин ч энэ нь биднийг өдөр бүр хамгаалдаг. Паулын хэлсэн хуяг дуулгыг санаарай (Эф. 6:14–18). Дайчны зүрхийг юу хамгаалдаг вэ? «Шударга сайн явдлын хуяг» хамгаалдаг. Үүгээр Еховагийн шударга ёсны хэм хэмжээг бэлгэддэг. Хуяг хүний зүрхийг хамгаалдаг шиг Еховагийн шударга ёсны хэм хэмжээ бидний бэлгэдлийн зүрх буюу дотор хүнийг хамгаалдаг билээ. Тиймээс шударга сайн явдлын хуягийг өмсөөрэй. Иж бүрэн өмсгөл, зэр зэвсэгтэй эсэхээ шалгаарай (Сур. 4:23).

15. Шударга сайн явдлыг хуягийг хэрхэн өмсөх вэ?

15 Шударга сайн явдлын хуягийг хэрхэн өмсөх вэ? Өдөр бүр шийдвэр гаргахаасаа өмнө Бурхны тогтоосон хэм хэмжээг эргэцүүлэн боддог бол өмсөж байна гэсэн үг. Юу ярих, юу үзэх, ямар хөгжим сонсох, ямар ном уншихаа шийдэхээсээ өмнө эхлээд өөрөөсөө ингэж асуугаарай. «Миний сонгох гэж байгаа зүйл бэлгэдлийн зүрхэнд маань хэрхэн нөлөөлөх бол? Еховад таалагдах уу? Эсвэл Еховагийн буруу гэж үздэг садар самуун, хүчирхийлэл, шунал, аминч үзлийг дэвэргэдэг үү?» (Флп. 4:8). Хэрэв та Еховагийн хүсэл таалалд нийцсэн шийдвэр гаргадаг бол бэлгэдлийн зүрхээ хамгаалдаг гэсэн үг.

Нар жаргах үеэр давалгааг харж далайн эргээр зугаалж буй Гэрч эмэгтэй.

«Чиний үнэн зөв нь далайн давалгаа мэт байх болно» (16, 17-р догол мөрийг үзээрэй)

16, 17. Та Еховагийн шударга ёсны хэм хэмжээг үргэлж баримталж чадна гэдгийг Исаиа 48:18 хэрхэн баталдаг вэ?

16 Еховагийн шударга ёсны хэм хэмжээг үргэлж баримталж чадах болов уу гэж та санаа зовж байсан уу? Ехова ямар жишээ татсаныг Исаиа 48:18-аас мэдэж авъя (уншина). Тэрбээр: «Чиний үнэн зөв нь далайн давалгаа мэт байх болно» гэсэн. Та далайн эрэг дээр зогсоод тасралтгүй долгилон цалгилах давалгааг харж байна гэж төсөөлөөрэй. Далай хэзээ нэгэн цагт давалгаалахаа болих байх гэж та бодох уу? Үгүй шүү дээ! Үргэлжид давалгаалж ирсэн. Цаашид ч давалгаалсаар байх нь ойлгомжтой.

17 Давалгаа тасралтгүй цалгилдаг шиг та ч зөвийг үргэлж үйлдэж чадна! Яаж? Шийдвэр гаргахаасаа өмнө Ехова юу хүсэж байгааг эхлээд бодоорой. Тэгээд хүслийнх нь дагуу үйлдээрэй. Зөв шийдвэр гаргах нь хэчнээн хэцүү байсан ч хайр халамжтай Эцэг хажууд тань байж, зөвийг өдөр бүр тууштай үйлдэхэд тань тусална (Ис. 40:29–31).

18. Бид яагаад бусдыг өөрийнхөөрөө шүүхээс зайлсхийх ёстой вэ?

18 Гуравдугаарт, буруу зөвийг шүүхийг Еховад даатгаарай. Бид Еховагийн шударга ёсны хэм хэмжээг баримтлахыг хичээдэг ч бусдыг өөрийнхөөрөө шүүхээс зайлсхийх ёстой. Шүүх эрхгүй атлаа өөрийн гэсэн хэм хэмжээ тогтоож бусдыг дорд үзэхийн оронд Ехова бол «Газар дэлхийн Шүүгч» гэдгийг санаж явах учиртай (Эх. 18:25). Ехова бидэнд бусдыг шүүх эрх өгөөгүй. Есүс: «Бусдыг шүүдгээ боль. Тэгвэл та нарыг шүүхгүй» гэсэн шүү дээ (Мат. 7:1).b

19. Шүүх эрхтэй Еховад итгэдгээ Иосеф хэрхэн харуулсан бэ?

19 Шударга хүн Иосефын жишээг дахин ярилцъя. Тэрбээр бусдыг, тэр байтугай өөрт нь муу юм хийсэн хүнийг ч шүүхээс зайлсхийдэг байсан. Төрсөн ах нар нь түүн рүү дайрч, боол болгон худалдаж, аавдаа үхсэн гэж итгүүлсэн. Олон жилийн дараа тэрбээр гэр бүлийнхэнтэйгээ эргээд уулздаг. Египетийн захирагч болсон Иосеф ах нарыгаа хатуу шүүж, өшөө авч болох л байсан. Ах нар нь ч буруу юм хийсэндээ гэмшсэн ч Иосефыг өшөө авч магадгүй гэж бодоод айж байв. Гэхдээ Иосеф: «Битгий айцгаа. Би яахин Бурханыг орлох билээ?» гэдэг (Эх. 37:18–20, 27, 28, 31–35; 50:15–21). Иосеф ах нарыгаа шүүхийн оронд Еховад даатгаж даруу байсан.

20, 21. Бусдыг өөрийнхөөрөө шүүхээс хэрхэн зайлсхийх вэ?

20 Бид Иосефыг дуурайж бусдыг шүүдэггүй, харин Еховад даатгадаг. Жишээлбэл бид мэдэмхийрч итгэл нэгтнүүдээ яаран буруутгадаггүй. Бид хүний зүрхийг харж чаддаггүй, зөвхөн Ехова л хүмүүсийг «учир шалтгаанаар нь цэгнэн үздэг» (Сур. 16:2). Тэрбээр гарал үүсэл, соёл иргэншлээс үл хамааран бүх хүнийг хайрладаг. Бас бусдыгаа «илүү их хайрлахыг» бидэнд уриалдаг (2 Кор. 6:13). Бид ах дүүсийнхээ хэнийг нь ч шүүх ёсгүй, харин хайрлах учиртай.

21 Бид итгэл нэгтнүүд гэлтгүй бусад хүмүүсийг ч шүүх ёсгүй (1 Тим. 2:3, 4). Та Еховад итгэдэггүй хамаатнаа «Энэ хүн хэзээ ч үнэнийг хүлээж авахгүй» гэж дүгнэх үү? Ингэх нь их зан гаргаж, өөрийнхөөрөө дүгнэж байгаа хэрэг юм. Ехова «газар газрын бүх хүнд» гэмших боломжийг олгосоор байгаа (Үйлс 17:30). Өөрийнхийгөө үргэлж зөв гэж үздэг хүнийг Ехова буруу гэж үздэгийг санаж яваарай.

22. Та яагаад шударга ёсыг хайрлаж байхаар шийдсэн бэ?

22 Еховагийн шударга ёсны хэм хэмжээг хайрладаг бид баяр жаргалтай байдаг, биеэ зөв авч явдаг. Үүнийг харсан хүмүүс бидэнд ч, Бурханд маань ч татагддаг. Тэгэхээр «шударга ёсны төлөө өлсөж, цангадаг» байя (Мат. 5:6). Зөвийг үйлдэх гэж хичээж байгаа таныг Ехова хараад баярладаг гэдэгт итгээрэй. Энэ ертөнцийнхөн улам бүр шударга бус болж байгаа нь үнэн боловч санаа зовох хэрэггүй. Харин Ехова «зөв шударга хүмүүсийг хайрладаг» гэдгийг үргэлж санаж яваарай (Дуу. 146:8).

ТА ЮУ ГЭЖ ХАРИУЛАХ ВЭ?

  • Шударга байна гэдгийг хэрхэн ойлгох вэ?

  • Еховагийн шударга ёсны хэм хэмжээг баримталдаг хүн ямар ач тус хүртдэг вэ?

  • Еховагийн шударга ёсны хэм хэмжээг улам их хайрлахын тулд яах хэрэгтэй вэ?

ДУУ 55 Хүсэн хүлээсэн мөнхийн амь

a Өнөөгийн бузар муу ертөнцөд шударга хүн ховор ч шударга байхыг эрмэлздэг сая сая хүн бий. Та бас тэдний нэг гэдэг нь ойлгомжтой. Таны хайртай Ехова Бурхан шударга ёсыг хайрладаг учраас та ч шударга байхыг хичээдэг. Бид хэрхэн шударга ёсыг улам бүр хайрлах вэ? Энэ өгүүллээр шударга байна гэдгийг хэрхэн ойлгохыг, шударга ёсыг хайрлах нь ямар ач тустайг ярилцана. Бас шударга ёсыг улам бүр хайрладаг болохын тулд яах хэрэгтэйг үзнэ.

b Ноцтой нүгэл үйлдсэн хүнийг шүүж, гэмшсэн эсэхийг магадлах хэрэг ахлагчдад заримдаа гардаг (1 Кор. 5:11; 6:5; Яак. 5:14, 15). Гэхдээ тэд хүний зүрхийг нэвт шувт харж чаддаггүйгээ болон Еховагийн төлөө шүүдгээ хүлээн зөвшөөрч даруу байдаг (Шастирын дэд 19:6-тай харьцуулаарай). Бас ухаалаг, өршөөнгүй, шударга Бурхны хэм хэмжээг нухацтай бодож шийдвэр гаргадаг.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах