СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 6
Библи зохиогчийнхоо тухай өгүүлдэг
«Миний чамд айлдсан бүх үгсийг номд бич» (ИЕР. 30:2).
ДУУ 37 Бурхны бичүүлсэн ном
ТОЙМa
1. Библи өгсөн Еховад та яагаад талархдаг вэ?
БИБЛИЙГ өгсөн Ехова Бурхандаа бид хэчнээн их талархдаг гээч! Ехова Библидээ бэрхшээлийг даван туулахад тустай зөвлөгөөнүүдийг бичүүлсэн. Бас гайхалтай найдвар хайрласан. Хамгийн гол нь өөрийнхөө сайхан зан чанаруудыг илчилдэг. Эдгээр зан чанарын тухай эргэцүүлэн бодохлоор сэтгэл хөдөлж, Бурхантайгаа улам дотносохыг хүсдэг (Дуу. 25:14).
2. Бурхан өөрийгөө хэрхэн илчилсэн бэ?
2 Ехова өөрийг нь мэдээсэй гэж хүсдэг. Аль эрт өнгөрөн одсон он жилүүдэд Ехова өөрийгөө зүүд, үзэгдлээр илчилж, санаа зорилгоо мэдүүлэхийн тулд тэнгэрийн элчүүдээ илгээдэг байв (Тоол. 12:6; Үйлс 10:3, 4). Гэхдээ зүүд, үзэгдэл, тэнгэрийн элчийн мэдээг бичүүлж үлдээгээгүй сэн бол бид яахан судлах билээ? Тиймээс Ехова мэдүүлэх гэсэн зүйлээ «номд бич» гэж тушаажээ (Иер. 30:2). «Бурхны зам төгс төгөлдөр» учраас ийн бичүүлж үлдээсэн нь онцлууштай бөгөөд бидэнд тустай (Дуу. 18:30).
3. Үгээ хадгалж үлдээхийн тулд Ехова яасан бэ? (Исаиа 40:8).
3 Исаиа 40:8-ыг уншина. Бурхан Үгээрээ олон мянган жилийн турш үнэнч эрчүүд, эмэгтэйчүүдэд найдвартай удирдамж өгсөөр ирсэн. Яаж? Эрт цагт Судрууд амархан мууддаг материал дээр бичигдсэн болохоор эх бичгүүдийн нэг нь ч өнөөг хүртэл олдоогүй. Гэвч Ехова санаа тавьж Ариун Судрыг хуулуулсан. Хуулан бичигчид төгс бус ч маш нямбай ажилласан. Жишээ нь Еврей Судрын талаар нэгэн эрдэмтэн «Эртний өөр ямар ч ном ийн найдвартай хадгалагдаж ирээгүйг баттай хэлж чадна» гэжээ. Тиймээс Библи эрт цагт элэгддэг материал дээр бичигдэж, хуулан бичигчид нь төгс бус байсан ч Зохиогч Еховагийн бодол санаа анх бичүүлсэн тэр л хэвээрээ байгаа гэдэгт итгэлтэй байж болно.
4. Энэ өгүүллээр юуны тухай үзэх вэ?
4 «Сайн, төгс бэлэг бүхнийг» Ехова л өгдөг (Яак. 1:17). Хамгийн сайхан бэлгүүдийнх нь нэг бол Библи юм. Тухайн хүн биднийг болон хэрэгцээг маань хэр сайн мэддэгийг бэлгээс нь ойлгох боломжтой. Библийг бэлэглэсэн Нэгний тухайд ч мөн адил. Библийг судалснаар бид Еховагийн тухай ихийг мэдэж авна. Биднийг болон хэрэгцээг маань хэр сайн мэддэгийг ойлгоно. Энэ өгүүллээр Еховагийн мэргэн ухаан, шударга зан, хайрын тухай Библид юу гэж байдгийг мэдэж авна. Эхлээд мэргэн ухааных нь тухай ярилцъя.
БУРХАН МЭРГЭН УХААНТАЙГ БИБЛИЭС МЭДЭХ НЬ
5. Бурхан мэргэн ухаантайг Библи илчилдэг гэхийн учир юу вэ?
5 Бидэнд зөвлөгөө хэрэгтэйг Ехова мэддэг. Түүний бэлэглэсэн Библи мэргэн үгсээр дүүрэн. Библид байдаг зөвлөгөө хүмүүст сайнаар нөлөөлж, амьдралыг нь өөрчилдөг. Библийн эхний хэдэн ном бичигдэж байх үед Мосе: «Энэ бол та нарт дэмий хоосон үг бус, үнэндээ та нарын амь амьдрал юм» гэж Бурхны ард түмэн израйлчуудад хэлжээ (Д.хууль 32:47). Судрын үгийг дуулгавартай дагадаг хүмүүс аз жаргалтай амьдрах байв (Дуу. 1:2, 3). Хэдийгээр Бурхны Үг эрт цагт бичигдсэн ч хүний амьдралыг өнөөдөр ч өөрчлөх чадалтай. Библи хүмүүст хүчтэй «нөлөөлдгийг» батлах олон жишээ jw.org сайтын «Библи хүнийг өөрчилдөг» буланд бий (1 Тес. 2:13).
6. Библи бусад номоос юугаараа ялгаатай вэ?
6 Бурхны Үгтэй зүйрлэх өөр ямар ч ном байдаггүй. Яагаад? Зохиогч нь төгс хүчтэй, мөнхөд оршдог, зүйрлэшгүй мэргэн ухаантай Ехова Бурхан юм. Хүмүүн зохиогчдыг нас барсны дараа номыг нь хүмүүс уншсаар байдаг ч зөвлөгөө нь ач тусаа өгөхөө болих нь олонтоо. Харин Библийн зөвлөгөөнүүд хэзээ ч хуучирдаггүй. Аль ч цаг үед амьдардаг бүх хүнд дандаа ач тусаа өгдөг. Энэ ариун номыг уншиж эргэцүүлэн боддог бол Зохиогчийн агуу хүчний тусламжаар зөвлөгөөг нь хэрхэн ажил хэрэг болгохоо мэдэж авдаг (Дуу. 119:27; Мал. 3:16; Евр. 4:12). Тийм ээ, Библийн Зохиогч нь амьд бөгөөд танд туслахыг хүсдэг. Ингэж бодохоор Библийг тогтмол унших хүсэлтэй болж байгаа биз?
Бурхны ард түмэн Библийн ачаар эрт үед ч, өнөөдөр ч эв нэгдэлтэй гэхийн учир юу вэ? (7, 8-р догол мөрийг үзээрэй)
7. Бурхны ард түмэн Библийн ачаар нэгдмэл байсан гэхийн учир юу вэ?
7 Библийн ачаар Бурхны ард түмэн гайхалтай эв нэгдэлтэй байдаг нь бас мэргэн ухаантайг нь илчилж байгаа хэрэг юм. Израйлчууд Амласан газарт ороод өргөн уудам нутагт оршин сууж, загасчид, малчид, тариаланчид болсон. Тархан суурьшсан израйлчууд хол байгаа нэгнээ сайн сууж байгаа эсэхийг бодохоо ч болих нь энүүхэнд болов. Гэхдээ Ехова израйлчуудыг жилд хэдэн удаа цуглуулж Үгийг нь уншиж, тайлбарлах боломжийг бүрдүүлсэн (Д.хууль 31:10–13; Нех. 8:2, 8, 18). Ийм чуулганд газар газраас ирсэн сая сая итгэл нэгтнүүдээ харсан хүний сэтгэл хэр их хөдөлснийг төсөөл дөө! Ийнхүү Еховагийн ачаар ард түмэн нь эв нэгдэлтэй байв. Хожим нь Христийн дагалдагчдын хуралд янз янзын хэлээр ярьдаг эрчүүд, эмэгтэйчүүд нэгдсэн. Тэдний дунд нэр алдартай болон эгэл жирийн, баян болон ядуу хүмүүс байсан. Гэхдээ тэд Судрыг эрхэмлэдэг учраас жинхэнэ Бурхныг шүтэж эв нэгдэлтэй байлаа. Бурхны үйлчлэгч болсон хүн итгэл нэгтнүүдийнхээ тусламжаар болон цуглаанд сууснаар л Бурхны Үгийг ойлгох байв (Үйлс 2:42; 8:30, 31).
8. Бурхны ард түмэн Библийн ачаар өнөөдөр ч нэгдмэл байгаагийн учир юу вэ?
8 Мэргэн ухаантай Бурхан маань өнөөдөр ч ард түмнээ нэгтгэхийн тулд Библиэ зааж, ойлгуулсаар байгаа. Библид бидний мэдвэл зохих Еховагийн тухай бүх үнэн бий. Бид Ариун Судрыг уншиж, тайлбарлахыг сонсохын тулд цуглаан, чуулганд тогтмол очдог. Иймээс ард түмэн нь «мөр зэрэгцэн» Еховадаа үйлчлэхэд Библи чухал үүрэгтэй (Зеф. 3:9).
9. Ямар зан чанартай хүн Библийг ойлгодог вэ? (Лук 10:21).
9 Ехова мэргэн ухаантай гэдгийг батлах бас нэг зүйлийг бодож үзээрэй. Судрынхаа олон хэсгийг зөвхөн даруу хүмүүст л ойлгогдохоор бичүүлсэн (Лук 10:21-ийг уншина). Хүмүүс хаана амьдардгаас үл хамааран Библийг уншдаг. Нэг судлаачийн тэмдэглэснээр «бусад номтой харьцуулахад [Библи нь] хамгийн олон уншигчтай бөгөөд хамгийн их анхаарч уншдаг ном юм». Гэхдээ зөвхөн даруу хүн л ойлгож, ойлгосноо амьдралдаа хэрэгжүүлдэг (2 Кор. 3:15, 16).
10. Бурхан мэргэн ухаантайгаа Библиэрээ илчилдэг бас нэг арга нь юу вэ?
10 Бурхан мэргэн ухаантайгаа Библиэрээ илчлэх бас өөр аргатай. Библи дэх үгээрээ ард түмнээ нийтэд нь сургаад зогсохгүй хүн нэг бүрийг сургадаг, тайвшруулдаг. Библийг уншиж байхдаа Ехова яг надад санаа тавьж байгааг мэдэрдэг (Ис. 30:21). Бэрхшээл тохиолдоход Библиэ уншаад яг надад зориулсан үг байна гэдгийг та олон удаа анзаарсан биз дээ? Гэхдээ Библийг сая сая хүнд зориулсан. Библид яагаад дандаа цаг үеэ олсон, яг танд хэрэгтэй мэдээлэл байдаг вэ? Учир нь Библийн Зохиогч нь орчлонт ертөнцийн хамгийн мэргэн ухаантай Нэгэн юм (2 Тим. 3:16, 17).
БУРХАН ШУДАРГА ЗАНТАЙГ БИБЛИЭС МЭДЭХ НЬ
11. Бурхан хэнийг ч ялгаварладаггүйгээ Библийг бичүүлэхдээ хэрхэн харуулсан бэ?
11 Ехова бас шударга зантай Бурхан билээ (Д.хууль 32:4). Шударга хүн бусдыг ялгаварладаггүй. Ехова ч ийм Бурхан (Үйлс 10:34, 35; Ром 2:11). Энэ нь тухайн үеийн ихэнх хүний ярьдаг хэлээр Библийг бичүүлснээс нь харагддаг. Библийн эхний 39 номын ихэнхийг Бурхны ард түмний ярьдаг еврей хэлээр бичүүлсэн. Харин МЭ I зуун гэхэд ихэнх хүн грекээр ярьдаг болсон учир сүүлчийн 27 номыг бараг бүгдийг нь грек хэлээр бичүүлжээ. Ехова Үгээ ганцхан хэлээр бичүүлье гэж бодоогүй. Өнөөдөр дэлхий дээр олон янзын хэлээр ярьдаг 8 тэрбум орчим хүн амьдардаг. Ийм олон хүн Еховагийн тухай хэрхэн мэдэж авах вэ?
12. Эцсийн өдрүүдэд Даниел 12:4-т бичсэн зөгнөл хэрхэн биелж байгаа вэ?
12 Эцсийн өдрүүдэд «мэдлэг өсөн нэмэгдэнэ» гэсэн зөгнөлөө Ехова зөнч Даниелаар бичүүлжээ. Тэгэхээр олон хүн Библийн үнэнийг ойлгох болно (Даниел 12:4-ийг уншина). Библи болон Библид үндэслэсэн хэвлэлийг орчуулж, хэвлэж, тарааж байгаа нь мэдлэг өсөн нэмэгдэж буйн нэг илрэл юм. Хамгийн олон хэлээр орчуулж, хамгийн олон тоогоор түгээсэн ном бол Библи юм. Ашгийн төлөө ажилладаг байгууллагуудын орчуулж хэвлэсэн Библи заримдаа их үнэтэй байдаг. Харин Еховагийн ард түмэн Библийг хэсэгчлэн болон бүхлээр нь 240 гаруй хэлээр орчуулсан бөгөөд бараг хүн бүр өөрийн гэсэн Библийг үнэгүй авдаг. Тийм учраас «Хаант төрийн тухай ... сайн мэдээг» төгсгөл ирэхээс өмнө бүх үндэстний хүн сонсох боломжтой (Мат. 24:14). Шударга зантай Бурхан маань бидэнд маш их хайртай учраас Библийг уншиж өөртэй нь танилцах боломжийг аль болох олон хүнд олгодог.
БУРХАН БОЛ ХАЙР ГЭДГИЙГ БИБЛИЭС МЭДЭХ НЬ
13. Библиэс Еховагийн хайрыг мэдэх боломжтой гэж яагаад хэлж болох вэ? (Ёохан 21:25).
13 Библиэс Зохиогчийнх нь хамгийн агуу чанар хайрын тухай мэдэж авдаг (1 Ёох. 4:8). Ехова Библид юуг бичүүлсэн, юуг бичүүлээгүйг бодож үзээрэй. Тэрбээр өөртэй нь дотно байж, аз жаргалтай амьдарч, мөнх амьтай болоход хэрэгтэй бүхнийг бичүүлсэн. Гэхдээ биднийг хайрладаг учраас хэтэрхий их мэдээлэл бичүүлээгүй (Ёохан 21:25-ыг уншина).
14. Бурхан Библиэрээ хайраа илчилдэг бас нэг арга нь юу вэ?
14 Ехова биднийг хайрладаг нь хүндэтгэлтэй харьцдагаас нь харагддаг. Тэрбээр Библидээ болно, болохгүй гэсэн түмэн тушаал бичүүлээгүй, бас үйлдэл болгоныг маань хянадаггүй. Харин зөв шийдвэр гаргаасай гэсэндээ хүмүүсийн түүх, сэтгэл хөдөлгөм зөгнөлүүдийг бичүүлж, өдөр тутмын амьдралд хэрэгтэй зөвлөгөө өгсөн. Ийнхүү Үгнийх нь тусламжтайгаар бид Бурхнаа хайрлаж, чин сэтгэлээсээ дуулгавартай болдог.
Ехова эрт үед үйлчлэгчидтэйгээ хэрхэн харьцаж байсныг яагаад эргэцүүлэн бодох хэрэгтэй вэ? (15-р догол мөрийг үзээрэй)
15. а) Ехова бидэнд санаа тавьдгийг Библи хэрхэн баталдаг вэ? б) Зураг дээрх охин, Гэрч залуу, настай Гэрч эмэгтэй Библид гардаг хэн хэний тухай эргэцүүлэн бодож байна вэ? (Эх. 39:1, 10–12; Х.дэд 5:1–3; Лук 2:25–38).
15 Библийг уншвал Ехова бидэнд маш их санаа тавьдаг нь илэрхий. Хэрхэн санаа тавьдаг вэ? Бурхны Үгэнд хүний сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн түүхүүд их бий. Библид гардаг хүмүүс «бидэн шиг л хүн» учраас сэтгэл, мэдрэмжийг нь бид ойлгодог (Яак. 5:17). Хамгийн гол нь Ехова тэдэнтэй хэрхэн харьцсаныг уншихлаар «Ехова их өрөвч, өршөөнгүй» гэдгийг бүр ч сайн мэдэж авдаг (Яак. 5:11).
16. Алдаа гаргасан хүнд Ехова хэрхэн ханддагийг Библиэс уншаад юу мэдэж болох вэ? (Исаиа 55:7).
16 Ехова хайраа илэрхийлдэг бас нэг аргыг Библиэс мэдэх боломжтой. Алдаа гаргахад Бурхан биднийг орхидоггүйг Судар баталдаг. Израйлчууд дахин дахин нүгэл үйлдэж Еховаг гомдоосон. Харин чин сэтгэлээсээ гэмшихэд нь уучилдаг байв (Исаиа 55:7-г уншина). Христийн I зууны дагалдагчид ч Бурхан өөрсдийг нь маш их хайрладгийг мэддэг байсан. Ноцтой нүгэл үйлдсэн хүн гэмшвэл «уучилж, тайвшруулахыг» элч Паул агуу хүчээр удирдуулан бичжээ (2 Кор. 2:6, 7; 1 Кор. 5:1–5). Ехова үйлчлэгчдээ алдаа гаргасан гээд орхидоггүй нь хэчнээн сайхан бэ! Харин ч хайраа илэрхийлж, засаж залруулж, дахин найз болохыг уриалдаг. Өнөөдөр ч гэмшсэн бүх нүгэлтэнд ингэхээ амладаг (Яак. 4:8–10).
«САЙН ... БЭЛГЭЭ» ЭРХЭМЛЭЭРЭЙ
17. Библийг яагаад гайхалтай бэлэг гэх вэ?
17 Ехова бидэнд гайхалтай бэлэг өгсөн. Яагаад тийм гайхалтай вэ? Библиэс Бурхны мэргэн ухаан, шударга зан, хайрыг мэдэж авдаг. Ехова өөрийгөө мэдүүлэхийг, бас өөртэй нь найзлахыг хүсдэгийг энэ ном ойлгуулдаг.
18. «Сайн ... бэлэг» өгсөн Еховад талархлаа хэрхэн илэрхийлэх вэ?
18 Бурхны Үг «сайн ... бэлэг» гэдгийг мартах ёсгүй (Яак. 1:17). Харин ч үргэлж талархаж байцгаая. Ингэхийн тулд залбирч байгаад уншиж, эргэцүүлэн боддог байх хэрэгтэй. Тэгвэл агуу Зохиогч хичээл зүтгэлийг маань ивээнэ, бид ч «Бурханы мэдлэгийг олж авна» (Сур. 2:5).
ДУУ 1 Еховагийн бахдам чанарууд
a Бид Библийг уншиж судлахлаараа Еховатай дотносдог. Энэ ариун номд Бурхны мэргэн ухаан, шударга зан, хайрынх нь тухай юу гэж байдаг вэ? Энэ асуултын хариуг авбал Бурхны Үгийг илүү эрхэмлэж, мөн тэнгэрийн Эцгийн маань өгсөн бэлэг гэдгийг ойлгож авна.