Таны мэдлэгт
Эртний Израйлд дуу хөгжим хэр чухал байсан бэ?
ДУУ хөгжим нь израйлчуудын соёлын нэг чухал хэсэг байсан. Библид хөгжмийн зэмсэг тоглох, дуу дуулах талаар олон удаа гардаг. Судрын аравны нэг нь дуу бөгөөд тэдгээрийн ихэнх нь «Дуулал», «Соломоны дуун», «Гашуудал» номуудад бий. Нэг номд бичсэнээр, «Дуу хөгжимтэй холбоогүй үйл хэрэгт ч дуу хөгжим нь нэвт шингэсэн нийгмийг [Библид] тод томруун дүрсэлсэн байдаг» («Music in Biblical Life»).
Өдөр тутмын амьдралд. Израйлчууд хөгжим тоглож сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг байв (Ис. 30:29). Хаан ширээнд залах ёслол болон баяр наадмын үед, дайнд ялахлаараа эмэгтэйчүүд хэнгэрэг барин хөөр баясалтайгаар дуулж, бүжиглэдэг байсан (Шүү. 11:34; 1 Сам. 18:6, 7; Х.дээд 1:39, 40). Бас хэн нэгнийг нас барахад уй гашуугаа илэрхийлж гашуудлын дуу дуулна (Ш.дэд 35:25). Макклинток Стронг нарын нэвтэрхий тольд тэмдэглэснээр «еврейчүүд дуу хуурт дуртай ард түмэн байсан» нь эргэлзээгүй.
Хааны ордонд. Израйлын хаад дуу хөгжмийг таашаан сонсдог байсан. Саул хаан ордондоо Давидыг дуудаж хөгжим тоглуулдаг байв (1 Сам. 16:18, 23). Хожим нь Давид хаан өөрөө хөгжмийн зэмсэг зохион бүтээж, сайхан дуунууд зохиож, Еховагийн сүмд тоглох хөгжмийн чуулга байгуулсан (Ш.дэд 7:6; Ам. 6:5). Соломон хаан эрэгтэй, эмэгтэй дуучидтай байжээ (Ном. 2:8).
Шүтлэгт. Хамгийн гол нь израйлчууд Еховаг шүтэхдээ дуулж хөгжимддөг байсан. Иерусалимын сүмд 4 000 хөгжимчин үйлчилдэг байв (Ш.дээд 23:5). Тэд цан дуугаргаж, босоо ятга, ятга хөгжим тоглож, бүрээ үлээнэ (Ш.дэд 5:12). Гэхдээ эдгээр мэргэжлийн хүн л Еховаг шүтэхдээ дуулж хөгжимдөж байгаагүй. Олон израйл хүн жил бүр баяр тэмдэглэхээр Иерусалим руу явах замдаа дуу дуулдаг байсан. Тэдгээрийг «Өгсөх дуу» гэж нэрлэдэг (Дуу. 120—134). Мөн иудейн ном зохиолуудыг үзвэл израйлчууд Дээгүүр өнгөрөх баярын зоог барихдаа Халлел дууллыгa дуулдаг байжээ.
Дуу хөгжим Бурхны ард түмэнд одоо ч чухал хэвээрээ (Яак. 5:13). Бид Еховаг магтан дуулдаг (Эф. 5:19). Энэ нь биднийг нэгтгэдэг (Кол. 3:16). Бас хүнд хэцүү үед урам зориг өгдөг (Үйлс 16:25). Еховад итгэдгээ, түүнийг хайрладгаа дуу хөгжмөөр илэрхийлэх үнэхээр сайхан.
a Еховаг магтсан 113–118-р дууллыг иудейчүүд Халлел дуулал гэж нэрлэдэг.