Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц25 2 сар х. 14-19
  • Ехова нүглийг уучилдаг—Бид хэрхэн дуурайх вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Ехова нүглийг уучилдаг—Бид хэрхэн дуурайх вэ?
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • СЭТГЭЛИЙН ШАРХАА ХАЙХРАХГҮЙ ЯВААД БАЙЖ БОЛОХГҮЙ
  • УУРЛАЖ, ГОМДОХОО БОЛИХ
  • САЙН ТАЛЫГ НЬ ОЛЖ ХАРАХ
  • УУЧИЛДАГ БАЙХЫН АЧ ТУСЫГ АНХААРААРАЙ
  • Бие биеэ уучил
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Ехова «эмтэрсэн зүрхтэй хүмүүсийг анагаадаг»
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
  • Ах дүүстэйгээ дотно байх нь бидэнд сайн!
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Уучилдаг хүнийг Ехова ивээдэг
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
хц25 2 сар х. 14-19

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 8

ДУУ 35 Тэвчээртэй Бурхандаа талархъя

Ехова нүглийг уучилдаг—Бид хэрхэн дуурайх вэ?

«Ехова та нарыг дуртайяа уучилсны адил та нар бас дуртайяа уучлах учиртай» (КОЛ. 3:13).

ГОЛ САНАА

Таныг гомдоосон хүнийг уучлахад ямар 3 зүйл хийх нь тустайг энэ өгүүллээр ярилцана.

1, 2. а) Ялангуяа ямар үед бусдыг уучлах амаргүй байж болох вэ? б) Деннис яасан бэ?

БУСДЫГ уучлах нь хэцүү санагддаг уу? Ихэнхэд маань хэцүү байдаг. Ялангуяа хэн нэгний хэлсэн үг, хийсэн үйлдлээс болж сэтгэл шархалсан бол үнэхээр амаргүй. Гэсэн ч бид уурлахаа, гомдохоо больж, уучилж чадна. Туйлын бэрх үед ч ууч сэтгэл илэрхийлсэн Деннисa гэдэг Гэрч эмэгтэйн жишээг бодъё. Тэрбээр гэр бүлээрээ 2017 онд Еховагийн Гэрчүүдийн шинээр байгуулагдсан төвийг үзэхээр машинтайгаа явжээ. Гэтэл харих замд нь нэг машин тэднийг мөргөв. Деннис ухаан алдсан. Хүүхдүүд нь хүнд бэртэж, нөхөр Брайн нь амиа алдсаныг сэрээд мэдэв. Тэрбээр: «Би их шаналж, яахаа ч мэдэхгүй байсан» хэмээн тэр мөчийг дурсжээ. Осол гаргасан жолоочийн анхаарал сарниагүй, согтууруулах ундаа ч хэрэглээгүй, харин санамсаргүйгээр осол гаргасныг хожим нь мэдсэн. Гэсэн хэдий ч тайван байхын тулд Еховагаас тусламж гуйсан.

2 Жолооч баривчлагдаж, санамсаргүйгээр хүний аминд хүрсэн хэргээр шүүгдэх болов. Хэрэв буруутай нь тогтоогдвол шоронд хоригдох байлаа. Гэхдээ ял авах эсэх нь шүүх дээр юу ярихаас чинь хамаарна гэдгийг Деннист хэлсэн байна. Тэрбээр: «Эдгээгүй шархны минь оёдлыг аваад бөөн давс асгасан мэт санагдсан. Амьдралынхаа хамгийн муухай тэр мөчийг сөхөх хэрэгтэй болсон» гэжээ. Хэдхэн 7 хоногийн дараа шүүх танхимд суугаад гэр бүлд нь гашуун зовлон учруулсан тэр эрэгтэйн талаар юу бодож байгаагаа ярих болов. Юу ярьсан гэж санана? Түүнийг өршөөхийг шүүгчээс гуйсан.b Тэгэхэд нь шүүгч уйлаад «Би 25 жил шүүх хурал удирдахдаа ийм үг хэзээ ч сонсож байгаагүй. Хохирогчийн талаас яллагдагчид өршөөл үзүүлээч гэж гуйхыг болон ийм их хайр, ууч сэтгэл илэрхийлэхийг би хэзээ ч харж байгаагүй» гэж ярьжээ.

3. Деннис яагаад уучилж чадсан бэ?

3 Деннис яагаад уучилж чадсан бэ? Еховагийн ууч сэтгэлийг эргэцүүлэн бодсон (Мика 7:18). Ехова биднийг уучилдагт талархах тусам бусдыг уучлах хүсэл төрнө.

4. Ехова биднээс юу хүсдэг вэ? (Эфэс 4:32).

4 Ехова өөрийг нь дуурайж бусдыг дуртайяа уучлаасай гэж хүсдэг (Эфэс 4:32-ыг уншина). Таныг гомдоосон хүнийг ч уучлахад бэлэн байгаасай гэдэг (Дуу. 86:5; Лук 17:4). Энэ өгүүллээр илүү их ууч сэтгэлтэй байхад тустай 3 зүйлийг ярилцъя.

СЭТГЭЛИЙН ШАРХАА ХАЙХРАХГҮЙ ЯВААД БАЙЖ БОЛОХГҮЙ

5. Сургаалт үгс 12:18-д бичсэнээр, бусдын хэлсэн үг, хийсэн үйлдэл бидэнд хэрхэн нөлөөлж магадгүй вэ?

5 Хэн нэгний, тэр тусмаа дотнын найз юм уу гэр бүлийнхний хэлсэн үг, хийсэн үйлдлээс болж сэтгэл шархалж магадгүй (Дуу. 55:12–14). Энэ нь илдээр дүрсэн мэт санагдах нь бий (Сургаалт үгс 12:18-ыг уншина). Бид сэтгэлийн ийм шархаа хайхрахгүй байхаар шийдэж мэднэ. Гэхдээ ингэх нь биед зоогдсон хутгыг авахгүй орхихтой адил юм. Тоохгүй явлаа гээд сэтгэлийн шарх эдгэхгүй.

6. Хэн нэгэн сэтгэл шархлуулах юм хийх эсвэл хэлэхэд яаж магадгүй вэ?

6 Хэн нэгэн сэтгэл шархлуулах юм хийх эсвэл хэлэхэд шууд уур хүрч болох юм. Энэ талаар Библид бичсэн байдаг ч уураа дараарай гэсэн зөвлөгөө бас бий (Дуу. 4:4; Эф. 4:26). Яагаад? Сэтгэл хөдлөл нь үйлдэлд хүргэдэг. Уур уцаар нь сайн юманд хүргэнэ гэж бараг үгүй (Яак. 1:20). Юу юуны туханд хүрэлгүй уур оволздог нь үнэн боловч уураа дарах боломжтойг санаарай.

Юу юуны туханд хүрэлгүй уур оволздог нь үнэн боловч уураа дарах боломжтойг санаарай

7. Биднийг гомдооход ямар сэтгэл төрж болох вэ?

7 Хэн нэгэн биднийг гомдооход бас янз бүрийн таагүй юм бодогдож сэтгэл шаналж мэдэх юм. Жишээ нь Анн гэдэг Гэрч эмэгтэй: «Аав намайг хүүхэд байхад ээжийг хаяж миний асрагчтай гэрлэсэн. Намайг ч хаялаа гэж бодсон. Хожим нь тэд хүүхэдтэй болоход би одоо хэнд ч хэрэггүй хүн гэсэн бодол төрж, үүнээсээ салж чадалгүй өсөж том болсон» гэжээ. Нөхөр нь өөрт нь үнэнч бус болоход ямар хэцүү байснаа Жоржетт гэдэг Гэрч эмэгтэй ийнхүү ярьсан. «Бид багаасаа л найзууд байсан. Бүр хамтдаа эхлэгчээр үйлчилж байлаа! Зүрх минь зүсэгдэх шиг л болсон». Наоми гэдэг Гэрч эмэгтэй мөн «Нөхөр минь ингэж гомдооно гэж төсөөлж ч байгаагүй. Порно үздэг, үүнийгээ нуудаг байснаа хэлэхэд намайг хуурч, надаас урвасан гэж бодогдсон» гэжээ.

8. а) Бусдыг уучлах ёстойн зарим шалтгаан юу вэ? б) Уучлахын ач тус юу вэ? («Хэн нэгнээс болж сэтгэлийн хүнд шархтай болсон бол яах вэ?» гэсэн хавсралтыг үзээрэй).

8 Үг, үйлдлээрээ гомдоодог хүнийг бид хорьж цагдаж дийлэхгүй ч тийм үед яахаа өөрсдөө шийдэж чадна. Ер нь уучлах нь хамгийн сайн. Яагаад? Бид Еховаг хайрладаг, бас тэрбээр бусдыгаа уучлаасай гэж хүсдэг. Хэрэв уучлахгүй, уурласаар байвал мунхаг үйлдэл хийж, эрүүл мэндээрээ ч хохирч мэднэ (Сур. 14:17, 29, 30). Кристина гэдэг Гэрч эмэгтэйн жишээг бодоорой. Тэрбээр: «Би уур гомдолдоо автаж, инээхээ больж, эрүүл бус хооллодог болсон. Мөн хангалттай унтаж амрахгүй болохоор сэтгэл хөдлөлөө хянахад улам хэцүү байв. Энэ нь ханьтайгаа болон бусадтай харьцах харьцаанд муугаар нөлөөлсөн» гэжээ.

Хэн нэгнээс болж сэтгэлийн хүнд шархтай болсон бол яах вэ?

Уучлах гэдэг нь тухайн хүний хийсэн үйлдлийг нүдээ аниад өнгөрөөх эсвэл муу юм хийгээд байхыг нь зөвшөөрнө гэсэн үг биш шүү. Харин уурлан бухимдаж, гомдол тээгээд явахаа болино гэсэн үг. Ингэснээр та сэтгэлийн зовлонд унагасан хүнээс болж зовохоо болино. Мөн өөрөө өөртөө бэлэг өгч байгаатай адил. Сэтгэлийн шарх эдгэж, урагшилж чадна. Бид уурлахаа больсон ч тухайн хүн хийсэн хэргийнхээ хариуцлагыг Еховагийн өмнө хүлээх нь мэдээж. Тиймээс уурлахаа болих гэдэг нь дуулалчийн бичсэн «Ачаагаа ЭЗЭНд даатга» гэсэн зөвлөгөөг дагаж байгаа хэрэг (Дуу. 55:22). Сэтгэлийг маань шархлуулсан хүнийг Ехова шүүнэ гэдэгт бид итгэн асуудлаа түүнд даатгадаг. Ехова л хамгийн зөв, шударгаар шүүнэ. Бид өөрсдийнхөөрөө шийдлээ гэхэд хэзээ ч ийм сайн үр дүнд хүрэхгүй.

9. Яагаад уурлахаа болих ёстой вэ?

9 Гомдоосон хүн биднээс уучлалт гуйхгүй байсан ч амсаж буй сэтгэлийн зовлонгоо багасгаж чадна. Яаж? Дээр дурдсан Жоржетт: «Цаг хугацаа хэрэгтэй байсан. Гэхдээ би хуучин нөхөртөө уурлаад байхаа больсон. Тэгсэн чинь сэтгэл уужирч амар тайвныг мэдэрсэн» гэжээ. Уурлахаа больсон хүн сэтгэлдээ хорсол зэвүүцэл өвөрлөхгүй, бусадтай ч сайхан харьцаатай байна. Бас өөртөө бэлэг өгсөнтэй адил. Өөрөөр хэлбэл муу юм бодохоо больж, баяр хөөртэй амьдарна (Сур. 11:17). Гэхдээ уучилж чадмааргүй санагдаад байвал яах вэ?

УУРЛАЖ, ГОМДОХОО БОЛИХ

10. Уурлаж, гомдохоо болиход яагаад цаг хугацаа хэрэгтэй вэ? (Бас зургийг үзээрэй).

10 Уурлаж, гомдохоо болихын тулд яах хэрэгтэй вэ? Тайвширтал цаг хугацаа хэрэгтэй байдгийг санаарай. Гэмтэж бэртсэн хүн эмчилгээ сувилгаа хийлгэсэн ч тэр даруй эдгэрэхгүй. Үүнтэй адилаар сэтгэлийн шарх ч тэр даруй эдгэхгүй. Чин сэтгэлээсээ уучлахад хугацаа хэрэгтэй байж мэднэ (Ном. 3:3; 1 Петр 1:22).

Зургууд: Хүнд бэртсэн эрэгтэй цаг хугацаа өнгөрөх тусам эдгэж байна. 1. Түүнийг түргэн тусламжийн машинд оруулж байна. 2. Тэрбээр дахин алхдаг болохын тулд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байна. 3. Хүний туслалцаагүйгээр ганцаараа явж байна.

Гэмтэж бэртсэн үед эмчилгээ сувилгаа хийлгэдэг бөгөөд эдгэртэл цаг хугацаа хэрэгтэй. Сэтгэлийн шарх бас адил (10-р догол мөрийг үзээрэй)


11. Уучлахад залбирал тустай гэж яагаад хэлж болох вэ?

11 Еховад залбирч, уучлахад туслаач гэж гуйгаарай. Дээр дурдсан Анн залбирал тустай байсан талаар ийнхүү ярьсан. «Би Еховад хандан манай гэрийнхний хүн бүрийн хэлж, хийсэн буруу юмыг уучлахыг гуйсан. Тэгээд аав болон шинэ эхнэрт нь захиа бичиж, тэднийг уучилснаа хэлсэн». Ингэх нь амар байгаагүйг тэрбээр хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ «Ууч сэтгэлтэй Еховаг дуурайхыг хичээж байгааг минь тэд хараад Еховаг таньж мэдэх хүсэлтэй болох байх гэж би бодсон» гэжээ.

12. Еховагийнх зөв байдагт яагаад итгэх хэрэгтэй вэ? (Сургаалт үгс 3:5, 6).

12 Өөрт төрсөн сэтгэл мэдрэмжийг зөв гэхийн оронд Еховагийнх зөв байдагт итгээрэй (Сургаалт үгс 3:5, 6-г уншина). Бидэнд юу хамгийн сайн байдгийг Ехова ямагт мэддэг (Ис. 55:8, 9). Өөрсдийгөө хохироох юм хийхийг хэзээ ч шаардахгүй. Тэрбээр бусдыг уучлахыг уриалдаг. Энэ нь бидэнд л тустай гэдэгт итгээрэй (Дуу. 40:4; Ис. 48:17, 18). Нөгөөтээгүүр, сэтгэл мэдрэмжээ дагавал уучилж чадахгүй байж мэднэ (Сур. 14:12; Иер. 17:9). Дээр дурдсан Наоми: «Порно үзсэн нөхрөө уучлахгүй нь зөв гэж эхэндээ би бодсон. Намайг дахин гомдоох байх, ямар их зовоосноо мартчих байх гэж айсан. Ехова ч миний сэтгэлийг ойлгож байгаа гэж бодсон. Гэхдээ ойлгож байгаа нь санал нийлж байгаа гэсэн үг биш гэдгийг яваандаа ойлгосон. Ехова надад ямар санагдаж байгааг, сэтгэлийн шарх эдгэхэд хугацаа хэрэгтэйг мэддэг. Гэсэн ч уучлаасай гэж хүсдэг» хэмээн ярьжээ.c

САЙН ТАЛЫГ НЬ ОЛЖ ХАРАХ

13. Ром 12:18–21-ийг үзвэл бид яах хэрэгтэй вэ?

13 Сэтгэл шархлуулсан хүнийг уучилсан гэдэг нь болсон явдлыг дахин дурдахгүй байя гэж шийдээд л болчихдоггүй. Хэрэв таныг гомдоосон хүн итгэл нэгтэн бол эвлэрэхийг зорилго болгох учиртай (Мат. 5:23, 24). Бид уурлахын оронд өршөөж, уучилдаг (Ром 12:18–21-ийг уншина; 1 Петр 3:9). Харин ингэхийн тулд яах вэ?

14. Бид яахыг хичээх хэрэгтэй вэ? Яагаад?

14 Ехова хүмүүсийн сайхан зан чанарыг олж хардаг. Бид ч түүнийг дуурайж, нөгөө хүнийхээ сайн талыг олж харах гэж хичээх хэрэгтэй (Ш.дэд 16:9; Дуу. 130:3). Сайн, муугийн алийг нь харах нь биднээс л шалтгаална. Сайныг нь олж харвал уучлахад амар байна. Жэррод гэдэг Гэрч эрэгтэй: «Намайг гомдоосон хүний алдааг бус, олон сайн талыг бодоод байхлаар уучлахад амар байдаг» гэжээ.

15. Уучилснаа хэлэх нь яагаад чухал вэ?

15 Хийх ёстой бас нэг чухал зүйл нь уучилснаа хэлэх юм. Яагаад? Дээр дурдсан Наоми юу гэж ярьсныг анхааръя. «Нөхөр минь “Намайг уучилсан уу?” гэж асуухад “Уучилсан” гэж хэлье гэсэн ч хэлж чадаагүй. Тэр үед би үнэн голоосоо уучлаагүйгээ ойлгосон. Харин хэсэг хугацаа өнгөрсний дараа л “Би чамайг уучилсан” гэдэг чухал 3 үгийг хэлж чадсан. Тэгэхэд нөхрийн минь нүдэнд нулимс цийлгэнэж байв. Энэ 3-хан үг түүнийг, бас намайг тэгж их тайвшруулна чинээ бодоогүй. Үүнээс хойш түүндээ өмнөх шигээ итгэж, сайн найзууд болсон».

16. Та уучлах талаар юу мэдэж авсан бэ?

16 Бусдыгаа уучилдаг байгаасай гэж Ехова хүсдэг (Кол. 3:13). Гэсэн хэдий ч амаргүй санагдаж мэднэ. Харин сэтгэлийн шархаа зүгээр орхихгүйн зэрэгцээ уурлаж, гомдохоо болих гэж хичээвэл уучилж чадна. Тэгвэл хүний сайн талыг хардаг өөдрөг хүн болно («Уучлахад тус болох 3 зүйл» гэсэн хавсралтыг үзээрэй).

Уучлахад тус болох 3 зүйл

Зовж шаналсан Гэрч эмэгтэй цонхоор гадагшаа харж байна.

СЭТГЭЛИЙН ШАРХАА ХАЙХРАХГҮЙ ЯВААД БАЙЖ БОЛОХГҮЙ

  • Тоохгүй явлаа гээд сэтгэлийн шарх эдгэхгүй.

Мөнөөх эмэгтэй шаргуу залбирч байна.

УУРЛАЖ, ГОМДОХОО БОЛИХ

  • Тайвширтал цаг хугацаа хэрэгтэй байдгийг санаарай.

  • Уурлаж, гомдохоо болиход туслахыг Еховагаас гуйгаарай.

  • Өөрт төрсөн сэтгэл мэдрэмжийг зөв гэхийн оронд Еховагийнх зөв байдагт итгээрэй.

Тэрбээр нөхөртэйгөө хамт жаргалтай байна.

САЙН ТАЛЫГ НЬ ОЛЖ ХАРАХ

  • Еховаг дуурайн тухайн хүний сайхан зан чанарыг анхаарахыг хичээгээрэй.

  • Уучлахад туслахыг Еховагаас гуйгаарай.

  • Уучилснаа хэлээрэй.

УУЧИЛДАГ БАЙХЫН АЧ ТУСЫГ АНХААРААРАЙ

17. Уучлахын ач тус юу вэ?

17 Бусдыг уучлах олон шалтгаан бидэнд бий. Заримыг нь бодъё. Нэгд, өршөөнгүй Эцэг Еховагаа дуурайж, түүнийг баярлуулна (Лук 6:36). Хоёрт, биднийг сайхан сэтгэлээр уучилдагт нь талархдагаа харуулна (Мат. 6:12). Гуравт, эрүүл саруул байхын зэрэгцээ бусадтай сайн харьцаатай байна.

18, 19. Уучлах нь ямар үр дүнд хүргэж болох вэ?

18 Бусдыг уучлах нь төсөөлснөөс ч илүү сайн үр дүнд хүрч магадгүй. Жишээ нь өгүүллийн эхэнд гарсан Деннист тохиолдсон явдлыг бодъё. Осол гаргасан жолооч шүүх хурлын дараа амиа хорлоё гэж бодож байсныг тухайн үед Деннис мэдээгүй. Харин тэрбээр уучилснаа хэлэхэд жолоочийн сэтгэл ихэд хөдөлж, бүр Гэрчүүдтэй Библийн хичээл хийж эхэлсэн.

19 Уучлах гэдэг нь үнэхээр хэцүү. Гэхдээ хүртэх ивээл нь үнэхээр их ээ (Мат. 5:7). Тиймээс нүглийг уучилдаг Еховагаа дуурайхын тулд чадах бүхнээ хийцгээе.

ХЭН НЭГЭН ТАНЫГ ГОМДООВОЛ ...

  • сэтгэлийн шархаа хайхрахгүй яваад байж болохгүйн учир юу вэ?

  • уурлаж, гомдохоо болихын тулд яах хэрэгтэй вэ?

  • сайн талыг нь олж харахын тулд яах вэ?

ДУУ 21 Энэрэнгүй хүмүүс жаргалтай

a Зарим нэрийг өөрчлөв.

b Иймэрхүү тохиолдолд Христийн дагалдагч бүр яахаа өөрөө шийднэ.

c Порно үзэх нь нүгэл бөгөөд ханийнхаа сэтгэлийг шархлуулдаг ч энэ нь гэрлэлтээ цуцлуулах Библийн үндэстэй шалтгаан болохгүй.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах