Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц25 8 сар х. 14-19
  • Ехова таныг уучилсанд итгээрэй

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Ехова таныг уучилсанд итгээрэй
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ЕХОВА УУЧИЛСАНД ЯАГААД ИТГЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
  • ЯАВАЛ УУЧИЛСАНД НЬ ИТГЭХ ВЭ?
  • ЕХОВА БИДНИЙ ТУХАЙ ЮУГ САНАДГИЙГ БҮҮ МАРТААРАЙ
  • ӨӨРТӨӨ ИТГҮҮЛСЭЭР БАЙ
  • Ехова нүглийг уучилдаг—Танд ач тустай гэхийн учир юу вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Ехова бол хамгийн агуу ууч сэтгэлтэй Нэгэн
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
  • Ехова уучилсан бол нүглийг мартдаг уу?
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2017
  • Еховагийн ууч сэтгэл танд хэр чухал бэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
хц25 8 сар х. 14-19

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 34

ДУУ 152 Бидний хүч, бидний найдвар, бидний итгэл

Ехова таныг уучилсанд итгээрэй

«Та миний нүглийг уучилсан билээ» (ДУУ. 32:5, ШЕ).

ГОЛ САНАА

Ехова биднийг уучилсан гэдэгт яагаад итгэх хэрэгтэй вэ? Тэрбээр гэмшсэн хүнийг уучилдгийг Библи хэрхэн баталдаг вэ?

1, 2. Еховагаар уучлуулсан хүн яадаг вэ? (Бас зургийг үзээрэй).

ДАВИД хаан үйлдсэн нүглээсээ болж өөрийгөө буруутгах ямар хэцүү байдгийг мэддэг байсан (Дуу. 40:12; 51:3; оршил). Тэрбээр хэд хэдэн ноцтой алдаа гаргаж байжээ. Гэхдээ чин сэтгэлээсээ гэмшихэд нь Ехова уучилсан (2 Сам. 12:13). Тийм учраас Еховагаар уучлуулаад сэтгэл хэчнээн уужирдгийг бас ойлгодог байсан (Дуу. 32:1).

2 Бид Давидын адилаар Еховагийн өршөөлийг хүртээд тайвшрах боломжтой. Хэрэв бид чин сэтгэлээсээ гэмшиж, нүглээ илчилж, алдаагаа давтахгүйн тулд чадах бүхнээ хийвэл Ехова нүглийг, тэр ч байтугай ноцтой нүглийг уучлахад бэлэн гэдгийг мэдэх нь үнэхээр тайтгармаар! (Сур. 28:13; Үйлс 26:20; 1 Ёох. 1:9). Мөн биднийг ерөөсөө нүгэл үйлдээгүй юм шиг бүрмөсөн уучилдгийг мэдэх шиг баярламаар юм үгүй! (Езе. 33:16).

Давид хаан тагтан дээр суугаад босоо ятга тоглон дуулж байна.

Давид хаан Ехова хэрхэн уучилдаг талаарх олон дуулал зохиосон (1, 2-р догол мөрийг үзээрэй)


3, 4. Баптисм хүртсэний дараа Женниферт ямар санагдаж байсан бэ? Энэ өгүүллээр юу үзэх вэ?

3 Зарим хүн Ехова өөрийг нь уучилсан гэдэгт итгэж чаддаггүй. Женниферийн жишээг бодъё. Тэрбээр Гэрч айлд өссөн ч өсвөр насандаа муу юм хийдэг болсноо эцэг эхээсээ нуудаг байв. Харин хэдэн жилийн дараа Ехова руу эргэн ирж, эцэст нь баптисм хүртэх шаардлага хангажээ. Тэрбээр: «Өмнө нь би садар самуун явдалтай, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, мөнгийг чухалчилдаг, уур уцаартай хүн байлаа. Гэмшиж, уучлалт гуйсан учраас Ехова Христийн золиосонд үндэслэн намайг уучилсныг оюун ухаанаараа ойлгож байсан ч сэтгэл зүрхээрээ хүлээж авч чадахгүй байв» гэжээ.

4 Ехова таны гаргасан алдааг уучилсан гэдэгт итгэх танд заримдаа хэцүү байдаг уу? Уучилсан гэдэгт нь итгэж Давидын адилаар тайвшраасай гэж Ехова биднээс хүсдэг. Энэ өгүүллээр Ехова уучилсан гэдэгт яагаад итгэх хэрэгтэйг, яавал үүнд итгэхийг ярилцана.

ЕХОВА УУЧИЛСАНД ЯАГААД ИТГЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

5. Сатан биднийг юунд итгүүлэхийг оролддог вэ? Жишээ хэлнэ үү.

5 Сатаны урхинд орохгүй. Сатан Еховад үйлчлэхийг маань болиулахын тулд юу ч хийхэд бэлэн байдгийг санаарай. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд уучлагдашгүй нүгэл үйлдсэн гэж бидэнд итгүүлэхийг оролдож болох юм. Садар самуун явдалд орооцолдож дагалдагч байх эрхээ хасуулсан Коринтын хурлын нэг хүний жишээг бодъё (1 Кор. 5:1, 5, 13). Хожим гэмшихэд нь хурлынхан түүнийг бүү уучлаасай, бүү хүлээж аваасай гэж Сатан хүссэн. Түүнчлэн гэмшсэн хүн өөрөө ч намайг уучлахгүй гэж бодсоор «хэтэрхий их шаналж» Еховад үйлчлэхээ болиосой гэж хүссэн. Сатаны санаа зорилго, арга заль одоо ч өөрчлөгдөөгүй. Гэхдээ «бид түүний арга барилыг мэддэг» (2 Кор. 2:5–11, зүүлт).

6. Яавал өөрийгөө буруутгахаа болих вэ?

6 Өөрийгөө буруутгахаа больж, дахин баяр хөөртэй болно. Хүн нүгэл үйлдэхлээрээ өөрийгөө буруутгадаг (Дуу. 51:17). Энэ нь сайн юм. Яагаад гэвэл алдаагаа засаж зөвийг үйлдэх хүсэлтэй болдог (2 Кор. 7:10, 11). Харин нүглээ гэмшээд удаан хугацаа өнгөрсөн ч өөрийгөө буруутгаад байвал сэтгэлээр унаж, Еховад үйлчлэхээ больж мэднэ. Гэхдээ Ехова уучилсан гэдэгт итгэвэл өөрийгөө буруутгахаа болино. Ингэвэл Еховагийн хүссэнээр цэвэр мөс чанартай, баяр хөөртэй үйлчилж чадна (Кол. 1:10, 11; 2 Тим. 1:3). Ехова уучилсныг зүрх сэтгэлээрээ хүлээн зөвшөөрөхийн тулд яах вэ?

ЯАВАЛ УУЧИЛСАНД НЬ ИТГЭХ ВЭ?

7, 8. Ехова Мосед өөрийнхөө тухай юу гэж хэлсэн бэ? Бид юунд итгэх ёстой вэ? (Египетээс гарсан нь 34:6, 7).

7 Ехова өөрийгөө ямар Бурхан гэж хэлснийг бодоорой. Жишээ нь Синаи ууланд Мосед юу гэж хэлснийг анхааръя (Египетээс гарсан нь 34:6, 7-г уншина).a Тэрбээр олон сайхан зан чанартай ч «өршөөнгүй, өрөвч» хэмээн эхлэх нь зохистой гэж үзсэн. Ийм Бурхан нүглээ үнэн голоосоо гэмшсэн үйлчлэгчээ уучлахгүй гэж үү? Огтхон ч үгүй! Ехова хатуу сэтгэлтэй Бурхан биш ээ.

8 Үнэний Бурхан Ехова өөрийнхөө талаар хэзээ ч худал хэлэхгүй (Дуу. 31:5). Тиймээс үгэнд нь итгээрэй. Хэрэв та өөрийгөө буруутгахаа больж чадахгүй байвал ийн бодоорой. «Ехова бол үнэхээр өршөөнгүй, өрөвч Бурхан бөгөөд гэмшсэн ямар ч хүнийг уучилдагт би итгэдэг үү? Тэгвэл намайг ч уучилсан гэдэгт нь итгэх ёстой юм биш үү?»

9. Бидний нүглийг уучилсан гэдгийг юу гэж ойлгох вэ? (Дуулал 32:5).

9 Ехова Библи бичигчдийг удирдан хэрхэн уучилдаг талаараа юу гэж бичүүлснийг бодоорой. Жишээ нь Давид юу гэж бичсэн бэ? (Дуулал 32:5-ыг уншина, ШЕ). Тэрбээр: «Та миний нүглийг уучилсан билээ» гэсэн. Энд «уучлах» гэж орчуулсан еврей үг нь «өргөх», «авч явах», «зөөх» гэсэн утгатай. Ехова Давидыг уучлахдаа нэг ёсондоо хүнд ачаатай зүйрлэм нүглийг нь өргөөд авч явсан. Тиймээс Давид өөрийгөө буруутгахаа больж тайвширсан (Дуу. 32:2–4). Бид ч бас ийнхүү тайвшрах боломжтой. Чин сэтгэлээсээ гэмшсэн бол өөрийгөө буруутгаад явах хэрэггүй. Ехова хүнд ачааг тань өргөөд хол авч явсан.

10, 11. «Уучлахад бэлэн» гэж бичсэнээс Еховагийн тухай юу мэдэж болох вэ? (Дуулал 86:5, ШЕ).

10 Дуулал 86:5-ыг уншина (ШЕ). Ехова «уучлахад бэлэн» гэж Давид хэлжээ. Нэг номд энэ үгийн тухай тайлбарлахдаа Еховагийн тухай «Тэрбээр уучилдаг Нэгэн. Энэ нь түүний мөн чанар» гэжээ. Яагаад ингэж хэлэх вэ? Дээрх зүйлд цааш нь «Таныг дуудагч бүхэнд та үнэнч хайраа харамгүй хүртээдэг» гэж бий. Өмнөх өгүүлэлд үзсэнээр Ехова үнэнч үйлчлэгчдээ үнэнчээр буюу халуун сэтгэлээр, үүрд хайрладаг. Гэмшсэн бүх хүнийг энэ хайрандаа хөтлөгдөн «өгөөмрөөр уучилдаг» (Ис. 55:7, ШЕ). Хэрэв Ехова уучилсан гэдэгт итгэх нь танд амаргүй байвал өөрөөсөө «Ехова бол уучилдаг Нэгэн бөгөөд гэмшсэн ямар ч хүнийг өршөөл гуйн дуудахад дуртайяа уучилдагт би итгэдэг үү? Тэгвэл уучилж өршөөхийг гуйсан намайг ч уучилсан гэдэгт би итгэх ёстой юм биш үү?» гэж асуугаарай.

11 Төрөлхийн нүгэлтэйг маань Ехова сайн ойлгодгийг мэдэхээр сэтгэл тайвширдаг (Дуу. 139:1, 2). Ехова уучилсан гэдэгт итгэхэд тустай өөр дуулалд байдаг Давидын үгийг одоо ярилцъя.

ЕХОВА БИДНИЙ ТУХАЙ ЮУГ САНАДГИЙГ БҮҮ МАРТААРАЙ

12, 13. Дуулал 103:14-т бичсэнээр Ехова бидний тухай юуг санадаг вэ? Тэгээд яадаг вэ?

12 Дуулал 103:14-ийг уншина (ШЕ). «Тоос шороо гэдгийг маань [Ехова] санадгийг» Давид хэлсэн. Тэрбээр энэ үгээрээ Ехова гэмшсэн үйлчлэгчдээ уучлахад бэлэн байдгийн нэг шалтгааныг хэлсэн. Ехова төрөлхийн нүгэлтэйг маань санадаг. Үүнийг илүү сайн ойлгохын тулд Давидын үгийг дэлгэрэнгүй ярилцъя.

13 «[Ехова] хэрхэн бүтсэнийг маань мэддэг» гэж Давид хэлжээ. Ехова Адамыг «тоос шороогоор» бүтээсэн тул төгс хүн ч идэх, унтах, амьсгалах зэрэг хэрэгцээтэйг сайн мэддэг (Эх. 2:7, ШЕ). Гэхдээ Адам Ева хоёрыг нүгэл үйлдсэнээс хойш, «тоос шороо» гэсэн нь бас өөр утга агуулах болсон. Тэдний үр удам бид төрөлхийн нүгэлтэй, буруу юм хийх хандлагатай. Ехова нүгэлтэйг маань мэддэг төдийгүй «санадаг» гэж Давид хэлсэн. Энд хэрэглэсэн еврей үг нь зөвхөн санаад зогсохгүй сайныг үйлдэх гэсэн утга агуулдаг. Тиймээс Давидын хэлсэн үгийг дүгнэвэл ийнхүү ойлгож болно. Ехова бидний алдаа гаргадгийг ойлгодог, мөн үнэн голоосоо гэмшихэд өрөвч сэтгэлээр уучилдаг (Дуу. 78:38, 39).

14. а) Ехова хэрхэн уучилдаг талаар Давид өөр юу гэж хэлсэн бэ? (Дуулал 103:12). б) Ехова бүрмөсөн уучилдаг нь Давидын жишээнээс хэрхэн харагддаг вэ? (Бас «Ехова уучилж, мартдаг» гэсэн хавсралтыг үзээрэй).

14 Ехова хэрхэн уучилдаг талаар өөр юу мэдэж авах вэ? (Дуулал 103:12-ыг уншина, ШЕ). Давид: «Нар мандах зүг [дорно] нар жаргах зүгээс [өрнөөс] хол байдаг шиг тэрбээр нүглийг маань биднээс тийн холдуулсан» гэж бичжээ. Өрнө дорноос хэзээд хамгийн хол байдаг бөгөөд энэ хоёр нийлнэ гэж үгүй. Эндээс юу ойлгох вэ? Нэг номд, Ехова нүглийг биднээс холдуулдгийг ямар нэгэн юмыг үнэр танар ч үгүй, ул мөр ч үгүй арилгахтай зүйрлэн тайлбарлажээ. Ямар нэг үнэр хуучин дурсамжийг сэргээх нь бий. Гэхдээ үнэр ор мөргүй арилсантай адил Ехова бүрмөсөн уучилдаг тул нүглийг санахгүй, бас биднийг шийтгэхгүй (Езе. 18:21, 22; Үйлс 3:19).

Зургууд: 1. Давид хаан угаал үйлдэж буй Батшебаг дээвэр дээрээс харж байна. 2. Тэрбээр шаргуу залбирч байна. 3. Тэрбээр юм бичиж байхдаа тунгаан бодож байна.

Ехова уучилж, мартдаг

Ехова уучилсан бол бидний нүглийг эргэж санахгүй гэж Библид бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл цаашид буруутгахгүй, шийтгэхгүй (Ис. 43:25). Давид хааны тухай бодъё. Түүний жишээнээс, бид ноцтой алдаа гаргасан ч Еховатай маш дотно байх боломжтойг ойлгоно.

Давид маш муу юм хийсэн. Жишээлбэл завхайрч, хүний аминд хүрсэн. Гэхдээ чин сэтгэлээсээ гэмшсэн учир Ехова уучилдаг. Тэрбээр зэмлэлийг сонсож, алдаагаа засаж, түүнээс хойш үнэнч үйлчилжээ (2 Сам. 11:1–27; 12:13).

Ехова Соломонд «Эцэг Давид шигээ буюу шударга сэтгэлээр ба зөвт байдлаар яваарай» гэж хэлсэн (Х.дээд 9:4, 5). Давидын үйлдсэн нүглийн тухай огт дурдаагүй. Харин үнэнч, шударга амьдарсан гэж дүгнэжээ. Бас үнэнч түүнийг «арвин ихээр ивээсэн» (Дуу. 13:6, ШЕ).

Бид юу мэдэж авах вэ? Ехова бидний нүглийг уучилсан бол тэр нүглийг бус, харин сайн үйлсийг маань анхаарч, шагнахыг хүсдэг (Евр. 11:6). Тиймээс бид Еховагийн мартахаар шийдсэн, өмнөх нүглээ санаад байх ёсгүй.

15. Өмнө гаргасан алдаанаас болж өөрийгөө буруутгаад явдаг бол яах хэрэгтэй вэ?

15 103-р дуулалд байдаг Давидын үг Ехова уучилсан гэдэгт итгэхэд тустай гэж яагаад хэлэх вэ? Өмнө үйлдсэн нүглээсээ болж өөрийгөө буруутгаад явдаг бол дараахыг бодоорой. «Ехова төрөлхийн нүгэлтэйг минь санадгийг, мөн гэмшсэн хүнийг, намайг ч уучилна гэдгийг би мартаад байна уу? Ехова уучилж, мартахаар шийдсэн байтал би нүглээ санаад шийтгүүлнэ гэж бодоод байдаг уу?» Өмнө үйлдсэн нүглийг маань Ехова анхаардаггүй. Бид ч ийм байх ёстой (Дуу. 130:3). Ехова уучилсанд итгэвэл өөрийгөө буруутгахаа больж, баяр хөөртэй үйлчилсээр байна.

16. Өмнө гаргасан алдаагаа бодож өөрийгөө буруутгаад байхын аюулыг жишээгээр тайлбарлана уу (Бас зургийг үзээрэй).

16 Нэг жишээ бодъё. Өмнө үйлдсэн нүглээ бодоод байх нь жолоо барьж байхдаа ардахаа толинд байнга харахтай адил юм. Аюул осол байгаа эсэхийг мэдэх зорилгоор үе үе харах нь зүйтэй. Гэхдээ жолооч хүн урдах замаа анхаарах нь чухал. Үүнтэй адилаар алдаагаа хааяа бодох нь сургамж авч, дахин давтахгүй байхад тустай. Гэхдээ байнга анхаараад байвал өөрийгөө буруутгаж, Еховад бүрэн дүүрэн үйлчилж чадахгүй. Үүний оронд урдах замаа анхаарч байцгаая. Бид амийн замаар явж байгаа. Энэ зам Бурхны амласан шинэ ертөнцөд хүргэх бөгөөд тэнд «урьдын юмс дурсагдахгүй» (Ис. 65:17, ШЕ; Сур. 4:25).

Муруй замаар машинаа жолоодож буй эрэгтэй толь руугаа түр харж байна.

Жолооч ардахаа толинд харахаас илүүгээр урдах замаа анхаардаг байх ёстой. Үүнтэй адилаар бид өмнө гаргасан алдаанаасаа илүүгээр ирээдүйд хүртэх ивээлээ анхаарах учиртай (16-р догол мөрийг үзээрэй)


ӨӨРТӨӨ ИТГҮҮЛСЭЭР БАЙ

17. Ехова биднийг хайрладаг, уучилдаг гэдгийг яагаад өөртөө итгүүлсээр байх ёстой вэ?

17 Ехова биднийг хайрладаг, уучилдаг гэдгийг бид өөрсдөдөө итгүүлсээр байх ёстой (1 Ёох. 3:19, зүүлт). Яагаад? Учир нь Ехова хайрладаггүй, уучилдаггүй гэж бидэнд итгүүлэхийг Сатан цаашдаа ч оролдоно. Тэрбээр Еховад үйлчлэхийг маань болиулах гэсэн ганц л зорилготой. Цаг хугацаа богино үлдсэнийг мэдэж байгаа тул энэ оролдлогоо улам эрчимжүүлнэ (Илч. 12:12). Бид Сатанд бууж өгөх ёсгүй!

18. Ехова хайрладаг, уучилдаг гэдгийг өөртөө хэрхэн итгүүлэх вэ?

18 Ехова таныг хайрладагт итгэх итгэлээ батжуулахын тулд өмнөх өгүүлэлд зөвлөснийг хэрэгжүүлээрэй. Ехова таныг уучилсныг өөртөө итгүүлэхийн тулд өөрийгөө ямар Бурхан гэж хэлснийг тунгаан бодоорой. Тэрбээр хэрхэн уучилдаг талаар Библид юу гэж байдгийг эргэцүүлэн бодох цаг гаргаарай. Төрөлхийн нүгэлтэйг маань санадаг бөгөөд өршөөж уучилна гэдгийг бүү мартаарай. Бас бүрмөсөн уучилдгийг нь санаарай. Тэгвэл Давид Ехова уучилсан гэдэгт итгэсний адилаар та: «“Миний нүглийг уучилсанд” баярлалаа, Ехова!» гэж хэлнэ (Дуу. 32:5, ШЕ).

ТА ЮУ ГЭЖ ХАРИУЛАХ ВЭ?

  • Ехова уучилсан гэдэгт яагаад итгэх хэрэгтэй вэ?

  • Ехова уучилсан гэдэгт яавал итгэх вэ?

  • Ехова уучилсан гэдгийг яагаад өөртөө итгүүлсээр байх ёстой вэ?

ДУУ 1 Еховагийн бахдам чанарууд

a «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2022 оны 6-р сарын дугаарт буй «Ехова бол хамгийн агуу ууч сэтгэлтэй Нэгэн» гэсэн өгүүллийн 4–7-р догол мөрийг уншаарай.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах