Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц25 9 сар х. 14-19
  • Бусдыг хүндлээрэй

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Бусдыг хүндлээрэй
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • БУСДЫГ ХҮНДЭЛНЭ ГЭЖ ЯАХЫГ ХЭЛДЭГ ВЭ?
  • ГЭРИЙНХНЭЭ
  • ИТГЭЛ НЭГТНҮҮДЭЭ
  • БУСАД ХҮМҮҮСИЙГ
  • Та бусдыг хүндлэхийн үлгэр жишээ үзүүлдэг үү?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2008
  • Эрх мэдэлд яагаад захирагдах хэрэгтэй вэ?
    Бурхнаараа хайрлуулж явъя
  • Эрх мэдлийг хүндэтгэхийн учир
    «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
  • Та итгэл нэгтнээ өөрөө эхэлж хүндэтгэдэг үү?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2010
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
хц25 9 сар х. 14-19

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 38

ДУУ 21 Энэрэнгүй хүмүүс жаргалтай

Бусдыг хүндлээрэй

«Алт мөнгөтэй байснаас хүндлүүлсэн нь дээр» (СУР. 22:1, ШЕ).

ГОЛ САНАА

Бид яагаад бусдыг хүндлэх ёстой вэ? Хүндлэхэд амаргүй санагдвал яах вэ?

1. Хүмүүс яагаад хүндлүүлэх дуртай вэ? (Сургаалт үгс 22:1).

ТА ХҮНДЛҮҮЛЭХ дуртай юу? Тийм гэдэг нь эргэлзээгүй. Хүндлүүлэх гэдэг нь бүх хүний хэрэгцээ юм. Бид хүндлүүлж байгаагаа мэдрэхлээрээ жаргалтай болдог. Тийм учраас Библид «Алт мөнгөтэй байснаас хүндлүүлсэн нь дээр» гэж байдаг (Сургаалт үгс 22:1-ийг уншина, ШЕ).

2, 3. Бусдыг хүндлэх яагаад тэр бүр амаргүй санагддаг вэ? Бид хэнийг хүндлэх ёстой вэ?

2 Харин бусдыг хүндлэх тэр бүр амар байдаггүй. Нэг шалтгаан нь эргэн тойрны маань хүмүүсийн алдаа дутагдал илэрхий харагддаг. Бас үл хүндэтгэх хандлага өнөөдөр түгээмэл болсон. Гэхдээ бид өөр байх ёстой. Яагаад? Учир нь «ямар ч хүнийг хүндлэхийг» Ехова биднээс хүсдэг (1 Петр 2:17).

3 Одоо, бусдыг хүндэлнэ гэж яахыг хэлдгийг болон 1) гэр бүлийнхэн, 2) итгэл нэгтнүүд, 3 )хурлын биш хүмүүсийг хэрхэн хүндлэхийг ярилцана. Бас хүндлэх амаргүй санагдахад яах ёстойг үзнэ.

БУСДЫГ ХҮНДЭЛНЭ ГЭЖ ЯАХЫГ ХЭЛДЭГ ВЭ?

4. Хүндлэх гэдгээр яахыг хэлдэг вэ?

4 Хүндлэх гэдгээр бусдыг хэрхэн үзэх, тэдэнд хэрхэн хандахыг хэлдэг. Сайхан зан чанартай, хийж бүтээсэн юмтай эсвэл эрх мэдэлтэй хүнийг ер нь бид хүндэлдэг. Гэхдээ хүндэтгэл нь чин сэтгэлийнх байх нь чухал (Мат. 15:8).

5. Бид яагаад бусдыг хүндэлдэг вэ?

5 Бусдыг хүндлээсэй гэж Ехова биднээс хүсдэг. Жишээ нь «дээд эрх мэдлүүдийг» хүндлэхийг шаарддаг (Ром 13:1, 7). Харин зарим хүн: «Биеэ зөв авч явдаг хүнийг хүндлэлгүй яах вэ» гэдэг. Ийм бодолтой байх нь зөв үү? Үгүй. Бид хүмүүсийн юу хийсэн, хийгээгүйгээс үл хамааран Еховаг хайрладаг, түүнийг баярлуулахыг хүсдэг учраас бусдыг хүндэлдэг (Иош. 4:14; 1 Петр 3:15).

6. Таныг хүндэлдэггүй хүнийг ч та хүндэлж чадах уу? Тайлбарлана уу (Бас зургийг үзээрэй).

6 Зарим хүн: «Намайг хүндэлдэггүй хүнийг би хүндэлж чадна гэж үү?» хэмээн боддог. Тийм ээ, чадна. Зарим жишээ үзье. Саул хаан хүү Ионатанаа олны өмнө доромжилсон (1 Сам. 20:30–34). Гэсэн ч Ионатан эцгээ ямагт хүндэлж, бүр Саулыг нас барах өдөр хүртэл хамтдаа тулалдаж явсан (Ег. 20:12; 2 Сам. 1:23). Тэргүүн тахилч Ели Ханнаг согтуу байна гэж зэмлэдэг (1 Сам. 1:12–14). Мөн Елиг эцгийн болон тэргүүн тахилчийн үүргээ биелүүлэхгүй байгааг Израйл даяар мэддэг байсан ч Ханна түүнтэй хүндэтгэлтэй ярьсан (1 Сам. 1:15–18; 2:22–24). Афины эрчүүд Паулыг «чалчигч» гэж доромжилсон (Үйлс 17:18). Гэсэн ч Паул тэдэнд хүндэтгэлтэй хандсан (Үйлс 17:22). Еховаг чин сэтгэлээсээ хайрлаж, таалагдахгүй юмыг нь хийчих вий гэж эмээдэг бол амаргүй санагдсан ч бусдыг хүндэлж чадна гэдгийг дээрх жишээнүүд харуулдаг. Одоо хэнийг, яагаад хүндлэх ёстойг ярилцъя.

Ионатан, Саул болон израйлын цэргүүд илд, жад, бамбай агсан тулалдаж байна.

Хаан эцэг нь өөртэй нь муухай харьцаж байсан ч Ионатан түүнийг дэмжиж, хамгаалж байв (6-р догол мөрийг үзээрэй)


ГЭРИЙНХНЭЭ

7. Юунаас болж гэрийнхнээ хүндлэх хэцүү санагдаж болох вэ?

7 Бэрхшээл. Бид гэр бүлийнхэнтэйгээ олон цагаар хамт байдаг. Тиймээс сайн, муу талыг нь мэддэг. Өвчин туссан нэгнээ асарч тойлох заримдаа амаргүй байдаг. Зарим нь хэтэрхий санаа зовомтгой. Бас сэтгэлийг маань шархлуулах юм хэлж, хийх нь ч бий. Гэртээ тайван амгалан амьдрах хэрэгтэй байтал нэг нэгнээ үл хүндэтгэн уурлуулдаг. Тиймээс хоорондоо эвтэй байж чаддаггүй. Гэр бүлийг хүний биетэй зүйрлэж болох юм. Өвчин тусвал бие махбод хэвийн ажиллаж чадахгүйд хүрдэг. Үүн шиг гэр бүлийнхэн нэг нэгнээ хүндэтгэдэггүй бол эв нэгдэлтэй байж чадахгүй. Гэхдээ ихэнх өвчнийг анагааж болдог шиг гэр бүлийн гишүүд нэг нэгнээ хүндэтгэж сурах боломжтой.

8. Гэр бүлийнхнээ хүндлэх нь яагаад чухал вэ? (1 Тимот 5:4, 8).

8 Яагаад хүндлэх ёстой вэ? (1 Тимот 5:4, 8-ыг уншина). Паул Тимотод бичсэн эхний захидалдаа гэр бүлийн гишүүд бие биедээ санаа тавих ёстойг дурджээ. Бид үүрэгтэй гээд бус, юуны түрүүнд «Бурханд үнэнч гэдгээ» батлахын тулд гэрийнхнээ хүндлэх учиртайг тэрбээр тайлбарласан. Өөрөөр хэлбэл гэрийнхэндээ санаа тавьдаг нь бид Еховаг хайрладаг, бас шүтлэгийн маань нэг хэсэг учраас юм. Ехова анх гэр бүлийг санаачилсан (Эф. 3:14, 15). Тиймээс гэрийнхэндээ хүндэтгэлтэй хандвал гэр бүлийг Санаачлагч Еховаг хүндэтгэж байгаа хэрэг юм. Гэрийнхнээ хүндлэх үнэхээр чухал шалтгаан байгаа биз!

9. Нөхөр, эхнэрүүд нэг нэгнээ хэрхэн хүндлэх вэ? (Бас зургийг үзээрэй).

9 Хэрхэн хүндлэх вэ? Эхнэрээ хайрладаг хүн хоёулхнаа байхдаа ч, олны дунд байхдаа ч ханиа хүндэлдэг (Сур. 31:28; 1 Петр 3:7). Эхнэрээ хэзээ ч зодох юм уу доромжилдоггүй, мөн хэрэггүй хүн гэсэн бодол төрүүлэх юм хийдэггүй. Аргентинд амьдардаг Ариэл:a «Эхнэр минь өвчтэй байгаа учраас заримдаа намайг үг хэлээрээ гомдоодог. Ийм үед үнэн голоосоо хэлээгүйг нь өөртөө сануулдаг. Маш хэцүү санагдсан үедээ ч уурлахын оронд түүндээ хүндэтгэлтэй хандахад 1 Коринт 13:5-ыг санах нь тустай байдаг» гэжээ (Сур. 19:11). Нөхрөө хүндэлдэг эхнэр түүнийхээ тухай бусдад сайнаар ярьдаг (Эф. 5:33). Нөхрөө ёжилж егөөдөх, дооглож тохуурхах, нэр хоч өгөхөөс зайлсхийдэг. Эдгээр нь гэр бүлийн харьцаа сэвтэхэд хүргэдгийг ойлгодог (Сур. 14:1). Италид амьдардаг нэг Гэрч эмэгтэйн нөхөр их санаа зовомтгой хүн ажээ. Тэрбээр: «Заримдаа манай нөхөр хэрэггүй юманд хэтэрхий их санаа зовдог юм шиг санагддаг. Урьд нь би нөхрөө үл хүндэлдгээ үг хэл, нүүр царайгаараа илэрхийлдэг байсан. Гэхдээ бусдыг хүндэлдэг хүмүүстэй нөхөрлөх тусам нөхрөө хүндлэх сэтгэл илүү их төрдгийг ойлгосон» гэжээ.

Зургууд: Нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж буй гэр бүлийн хоёр. 1. Гал тогоонд хамт хоол хийж байхдаа нөхөр нь эхнэртэйгээ эелдгээр ярьж байна. 2. Настай эрд хоол авчирч өгч байгаа нөхрөө эхнэр нь зочдодоо магтаж байна.

Гэрийнхэндээ хүндэтгэлтэй хандах нь гэр бүлийн Тэргүүн Еховаг хүндэтгэж байгаа хэрэг (9-р догол мөрийг үзээрэй)


10. Эцэг эхээ хэрхэн хүндлэх вэ?

10 Залуучууд аа, та нарын төлөө гаргасан эцэг эхийнхээ дүрэм журмыг дагаарай (Эф. 6:1–3). Тэдэнтэйгээ хүндэтгэлтэй яриарай (Ег. 21:17). Нас ахих тусам та нарын анхаарал халамж тэдэнд илүү их хэрэгтэй болох байх. Тиймээс санаа тавихын тулд чадах бүхнээ хийгээрэй. Мариа гэдэг Гэрч эмэгтэйн тухай бодъё. Өвчнөөсөө болоод муухай аашилдаг Гэрч биш аавыгаа асрахад Мариад хэцүү байжээ. Тэрбээр: «Би аавыгаа хүндэлж, үүнийгээ үйлдлээрээ харуулмаар байна гэж залбирсан. Хэрэв Ехова эцэг эхээ хүндлэхийг надад тушаасан юм бол ингэх хүч өгнө гэж бодсон. Аав минь хандлагаа өөрчлөхгүй байсан ч би хүндлэх ёстойгоо яваандаа ойлгосон» гэжээ. Сул талыг нь үл тоон гэрийнхнээ хүндэлдэг бол Еховагийн санаачилсан гэр бүл гэдэг арга хэмжээг эрхэмлэж байгаа хэрэг.

ИТГЭЛ НЭГТНҮҮДЭЭ

11. Итгэл нэгтнүүддээ хүндэтгэлтэй хандах яагаад хэцүү санагдаж мэдэх вэ?

11 Бэрхшээл. Итгэл нэгтнүүд маань Библийн хэм хэмжээний дагуу амьдардаг. Гэсэн хэдий ч заримдаа муугаар ханддаг, биднийг буруугаар ойлгодог, уур хүргэдэг. Тэд маань «гомдох шалтгаан» гаргаад байвал хүндэтгэлтэй хандах амаргүй санагдаж болох юм (Кол. 3:13). Ийм үед яах нь тустай вэ?

12. Итгэл нэгтнүүдээ хүндлэх нь яагаад чухал вэ? (2 Петр 2:9–12).

12 Яагаад хүндлэх ёстой вэ? (2 Петр 2:9–12-ыг уншина). Петр агуу хүчээр удирдуулан бичсэн хоёр дахь захидалдаа I зууны хурлын зарим хүн «алдарт хүмүүс» буюу ахлагчдад хүндэтгэлгүй хандсаныг дурджээ. Энэ явдлыг харсан үнэнч тэнгэрийн элч нар яасан бэ? «Еховаг хүндэлдэг» тэд ийм хүмүүсийн тухай нэг ч муу юм яриагүй. Гайхалтай биш гэж үү? Төгс тэнгэрийн элч нар их зан гаргасан тэр хүмүүст хатуу ширүүн үг ерөөсөө хэлээгүй. Харин шүүж, зэмлэхийг Еховад даатгасан (Ром 14:10–12; Юуда 9-тэй харьцуулаарай). Тэнгэрийн элч нараас юу сурах вэ? Бид эсэргүүцэгчдэд хүндэтгэлгүй хандах ёсгүй юм бол итгэл нэгтнүүддээ бүр ч тэгж болохгүй нь ойлгомжтой. Харин ч тэднийгээ «өөрөө эхлээд хүндлэхийн» тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй (Ром 12:10). Ингэснээрээ бид Еховаг хүндэлдгээ харуулна.

13, 14. Хурлынхнаа хэрхэн хүндлэх вэ? Жишээ хэлнэ үү (Бас зургийг үзээрэй).

13 Хэрхэн хүндлэх вэ? Ахлагчид аа, үргэлж хайрын сэтгэлдээ хөтлөгдөн бусдад зааж байгаарай (Флм. 8, 9). Зөвлөгөө өгөх шаардлага гарвал эелдэг хандахын тулд уурласан үедээ зөвлөхөөс зайлсхийгээрэй. Гэрч эмэгтэйчүүд ээ, та нар хов жив, гүтгэлэг ярьдаггүй бол хуралд халуун дотно орчинг бий болгож, үүнийг хамгаалахад ихээхэн хувь нэмэр оруулж чадна (Тит 2:3–5). Цуглаан болон дэлгэрүүлэх ажлыг удирдаж, «замаасаа хазайсан хүнд» туслахын тулд нөр их хөдөлмөрлөдөг ахлагчдадаа бид бүгдээрээ талархлаа илэрхийлж, хамтран ажилладаг бол тэднийгээ хүндэлдгээ харуулна (Гал. 6:1; 1 Тим. 5:17).

14 Өөрт нь зөвлөгөө өгсөн ахлагчийг хүндлэхэд Росио гэдэг Гэрч эмэгтэйд амаргүй байжээ. Тэрбээр: «Тэр ахлагч надад хатуу ширүүн хандсан юм шиг санагдсан. Гэртээ ирээд түүнийг муулсан. Надад үнэхээр санаа тавьсангүй гэж бодогдож, би ч зөвлөгөөг нь тоогоогүй. Гэхдээ үүнийгээ ил харуулаагүй ээ» гэжээ. Дараа нь юу болсон бэ? Росио: «Библи уншиж байхад 1 Тесалоник 5:12, 13 анхаарлыг минь татсан. Тэндээс би ахлагчид хүндэтгэлгүй хандсанаа ойлгоод мөс чанар минь өвдсөн.Тэгээд Еховад залбирав. Хандлагаа өөрчлөхөд тустай мэдээлэл олох гэж байгууллагын ном хэвлэлээс судаллаа. Эцэст нь, тэр ахлагчийн бус, бардам зан гаргасан миний буруу болохыг ухаарсан. Хэрэв би даруу биш бол бусдыг хүндэлж чадахгүй гэдгээ одоо сайн ойлгодог. Тиймээс ч хичээсээр байна. Ехова намайг хараад баярлаж байгаа байх» гэж ярьжээ.

Зургууд: Библи уншиж буй настай Гэрч эмэгтэй хичээнгүйлэн ажилладаг ахлагчдын талаар эргэцүүлэн бодож байна. 1. Ахлагч цуглаан дээр илтгэл тавьж байна. 2. Тэрбээр тэргэнцэртэй Гэрч эрэгтэйд тусалж байна. 3. Тэрбээр цуглааны танхимын гадаах цасыг хүрзээр цэвэрлэж байна.

Бид бүгд нөр их хөдөлмөрлөдөг ахлагчдад талархлаа илэрхийлж, хамтран ажиллавал тэднийгээ хүндэлдгээ харуулна (13, 14-р догол мөрийг үзээрэй)


БУСАД ХҮМҮҮСИЙГ

15. Зарим хүнийг хүндлэх яагаад амаргүй байж болох вэ?

15 Бэрхшээл. Дэлгэрүүлж явахдаа уулздаг хүмүүсийн маань ихэнх нь Бурхан болон Библийн тухай сонирхдоггүй (Эф. 4:18). Тэдний зарим нь суурь хүмүүжлээсээ болоод бидний яриаг үл ойшоодог. Хамт ажилладаг юм уу сурдаг хүмүүсийн зарим нь бидэнтэй бүдүүлэг харьцаж магадгүй. Мөн ажлын газрын дарга юм уу сургуулийн багш бидэнд дургүй байж болох юм. Тиймээс бид тэднийг хүндэлье гэсэн сэтгэлгүй болж, аятайхан хандахаа больж мэднэ.

16. Еховад үйлчилдэггүй хүмүүсийг хүндлэх нь яагаад чухал вэ? (1 Петр 2:12; 3:15).

16 Яагаад хүндлэх ёстой вэ? Итгэгч бус хүмүүст хэрхэн ханддагийг маань Ехова анхаардгийг санаарай. Бид биеэ зөв авч явбал хүмүүс Бурхныг өөрийн эрхгүй «алдаршуулахыг» элч Петр Христийн дагалдагчдад сануулсан. Тиймээс итгэл үнэмшлийнхээ талаар тайлбарлахдаа сонсогчоо «гүнээ хүндэтгэж, дөлгөөн байхыг» зөвлөсөн (1 Петр 2:12; 3:15-ыг уншина). Христийн дагалдагч хүн албаны хүмүүс зэрэг хэнд ч итгэл үнэмшлийнхээ талаар ярихдаа үргэлж хүндэтгэлтэй хандах ёстой. Бидний юуг, хэрхэн ярьж байгааг Ехова хардаг, сонсдог. Энэ нь Гэрч биш хүмүүсийг хүндлэх үнэхээр чухал шалтгаан биш гэж үү?

17. Хурлын бус хүмүүсийг хэрхэн хүндлэх вэ?

17 Хэрхэн хүндлэх вэ? Дэлгэрүүлж явахдаа бид Библийн тухай бараг эсвэл огт мэддэггүй хүмүүстэй таардаг. Дорд үзэж байгаа мэт мэдрэмжийг тэдэнд төрүүлэх ёсгүй. Харин ч тэднийг Бурханд эрхэм, өөрөөсөө дээр гэж бодох ёстой (Хаг. 2:7; Флп. 2:3). Хэрэв итгэл үнэмшлээс маань болж бүдүүлэг хандвал бүү адилхан хандаарай. Жишээ нь өөрийгөө илүү ухаантай юм шиг харагдуулах үг хэлж уурыг нь хүргэх хэрэггүй (1 Петр 2:23). Та буруу юм хэлснээ анзаарвал даруй уучлалт гуйгаарай. Ажил дээрээ бусдыг хэрхэн хүндлэх вэ? Ажлаа сайн хийж, хамт ажилладаг хүмүүс болон даргынхаа сайн талыг олж харахыг хичээгээрэй (Тит 2:9, 10). Ажлаа үнэнч шударга, нягт нямбай, чин сэтгэлээсээ хийгээрэй. Заримынх нь сэтгэлд нийцэж, нөгөө заримд нь таалагдахгүй байж болох ч Бурхны таалалд заавал нийцнэ (Кол. 3:22, 23).

18. Яагаад хүмүүсийг хүндэлж сурах, хүндэлдгээ үйлсээрээ харуулах ёстой вэ?

18 Бусдыг хүндэлж сурах, хүндэлдгээ үйлсээрээ харуулах үнэхээр чухал чухал шалтгааныг үзлээ. Гэр бүлийнхнээ эрхэмлэн хүндэлдэг бол өрхийн Тэргүүн Еховагаа хүндэлж байгаа хэрэг. Үүнтэй адилаар хурлынхаа ах дүүсийг хүндэлдэг бол тэнгэрийн Эцгээ хүндэлж байгаагаа харуулна. Мөн хурлын биш хүмүүст хүндэтгэлтэй ханддаг бол тэд нэг л өдөр агуу Бурхныг маань алдаршуулж болох юм. Биднийг огт хүндэлдэггүй хүнийг ч хүндэлдэг байх нь маш чухал. Яагаад гэвэл Ехова биднийг ивээнэ. Тэрбээр: «Намайг хүндэлдэг хүнийг би хүндэлнэ» гэж амласан (1 Сам. 2:30, ШЕ).

ТА ЮУ ГЭЖ ХАРИУЛАХ ВЭ?

  • Гэрийнхнээ хэрхэн хүндлэх вэ?

  • Итгэл нэгтнүүдээ хэрхэн хүндлэх вэ?

  • Хурлын биш хүмүүсийг хэрхэн хүндлэх вэ?

ДУУ 154 Эцсээ хүртэл тэвчицгээе

a Зарим нэрийг өөрчлөв.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах