Агуу Вавилон гэж юу вэ?
Библид юу гэж байдаг вэ?
«Илчлэл» номд нэгэн «эмэгтэйн» тухай гардаг. Тэрбээр «“Агуу Вавилон” гэсэн нууц нэртэй» «агуу янхан» ажээ (Илчлэл 17:1, 3, 5). Энэ эмэгтэйгээр «Бурхны тухай үнэнд бус, худал хуурмагт итгэдэг», дэлхий дахины хуурамч бүх шашныг төлөөлдөг (Ром 1:25).a Тэдгээр шашин хоорондоо олон талаараа ялгаатай ч бүгд жинхэнэ Бурхан Еховагаас хүмүүсийг ямар нэгэн байдлаар холдуулдаг (Дэд хууль 4:35).
Агуу Вавилоныг хэрхэн таних вэ?
Агуу Вавилон нь бодит эмэгтэй биш. «Илчлэл» номд «үзэгдлээр илчилснийг» бичсэн тул Агуу Вавилоныг бодит эмэгтэй биш гэж дүгнэх нь зүйд нийцнэ (Илчлэл 1:1). Мөн тэрбээр «ард түмэн, үндэстнүүд, хэлтнүүдийг» төлөөлдөг «их усан дээр суудаг» (Илчлэл 17:1, 15). Бодит эмэгтэй ингэх боломжгүй.
Агуу Вавилон нь олон улсыг хамарсан тогтолцоо. Түүнийг «дэлхийн хаадыг захирдаг агуу хот» гэжээ (Илчлэл 17:18). Тэгэхээр олон улсыг хамарсан нөлөө бүхий тогтолцоо юм.
Агуу Вавилон нь улс төр юм уу худалдааны бус, шашны тогтолцоо. Эртний Вавилон нь «ид шид» үйлдэж, «тарни» уншдагаараа алдартай, шашны нөлөө ихтэй хот байв (Исаиа 47:1, 12, 13; Иеремиа 50:1, 2, 38). Үнэндээ, оршин суугчид нь жинхэнэ Бурхан Еховаг эсэргүүцэн хуурамч шашин шүтдэг байсан (Эхлэл 10:8, 9; 11:2–4, 8). Вавилоны бардам захирагчид өөрсдийгөө Еховагаас дээгүүр тавьдаг байв (Исаиа 14:4, 13, 14; Даниел 5:2–4, 23). Үүний нэгэн адил Агуу Вавилон «ид шид» үйлддэгээрээ алдартай. Тэгэхээр тэр эмэгтэй шашны байгууллага гэдэг нь тодорхой байна (Илчлэл 18:23).
Агуу Вавилон нь улс төрийн ч, худалдааны ч тогтолцоо байж таарахгүй. Учир нь «дэлхийн хаад» болон «дэлхийн худалдаачид» түүнийг устгагдахад гашуудан уйлна гэж Библид бичжээ (Илчлэл 17:1, 2; 18:9, 11, 15).
Photograph taken by courtesy of the British Museum
Вавилоны хаан Набонидын дүрс болон Син, Иштар, Шамаш гэсэн гурвал бурхдын бэлгэ тэмдэг бүхий чулуун хавтан
Агуу Вавилоны онцлог шинж хуурамч шашныхтай яг таг нийцдэг. Шашнууд хүмүүст жинхэнэ Бурхан Еховатай хэрхэн дотносохыг заахын оронд өөр бурхад шүтэхийг заадаг. Өөр бурхан шүтэхийг Библид «завхайрахтай» зүйрлэсэн (Левит 20:6, зүүлт; Египетээс гарсан нь 34:15, 16). Хуурамч олон шашин эртний Вавилон хотод номлодог байсан гурвал, үхэшгүй мөнхийн сүнс, шүтээн шүтэх зэрэг худал сургаалыг заадаг. Бас тэдний сургаалд Бурхантай дайсагнадаг ертөнцийг хайрлах хайр шингэсэн байдаг. Библид ийм үнэнч бус үйлдлийг завхай явдалтай зүйрлэдэг (Яаков 4:4, зүүлт).
Хуурамч шашнууд эд баялагтай ба үүгээрээ гайхуулдаг. Энэ нь Агуу Вавилоныг «ягаан, улаан өнгийн хувцас өмсөж, алт, үнэт чулуу, сувдаар гоёсон» гэж Библид дүрсэлж бичсэнтэй яг тохирдог (Илчлэл 17:4). Агуу Вавилон бол «дэлхийн жигшүүрт юмсын» эх буюу заадаг сургаал, үйл хэрэг нь үнэн хэрэгтээ Бурхныг гутаан доромжилдог (Илчлэл 17:5). Агуу Вавилоныг дэмждэг «ард түмэн, үндэстнүүд, хэлтнүүд» гэдэг нь хуурамч шашныг шүтэгчид юм (Илчлэл 17:15).
Агуу Вавилон нь «дэлхий дээр хөнөөгдсөн бүх хүний» үхэлд буруутай (Илчлэл 18:24). Түүхийн туршид хуурамч шашин дайн дажин, террорист халдлагад өдөөн турхираад зогсохгүй хүмүүст хайрын Бурхан Еховагийн тухай үнэнийг заадаггүй (1 Ёохан 4:8). Үүний улмаас олон хүний цус урссан.
Бурхан Агуу Вавилоныг хэрхэн үздэг вэ?
Бурхны нүдэнд Агуу Вавилон нь «тэнгэрт тулам их нүгэлтэй» (Илчлэл 18:4, 5). Өөрийнх нь тухай худал ташаа юм зааж, сүсэгтнүүдээсээ шударга бусаар мөнгө хураадаг хуурамч шашнуудад Бурхан уурладаг.
Агуу Вавилоныг яах вэ?
Бурхан Агуу Вавилоныг «шүүж, шийтгэсэн» гэж Библид байдаг (Илчлэл 18:20). Тэрбээр бүх хуурамч шашныг устгахаа Библид зөгнөжээ (Илчлэл 18:8). Бурхан час улаан өнгөтэй араатан буюу улс төрийн хүчирхэг тогтолцоог хөдөлгөх учраас улс төрийнхөн хуурамч шашин руу дайрч, бүрмөсөн устгана (Илчлэл 17:16, 17). «Агуу хот Вавилоныг ... үтэр түргэн доош хаяна. Тэр хойшид олдохгүй» (Илчлэл 18:21). Бурханд таалагдахыг хүсдэг хүмүүс хуурамч шашнаас «холдож, тусгаар байх» нь үнэхээр чухал (2 Коринт 6:14–17).
a «Жинхэнэ шашныг яаж олох вэ?» өгүүллийг үзээрэй.