10 сарын 28, мягмар
[Ехова] чиний цаг хугацааны бат суурь (Ис. 33:6).
Еховагийн үнэнч үйлчлэгчид бусадтай адил зовлон ч амсдаг, өвчин эмгэг ч тусдаг. Түүнчлэн Бурхны ард түмэн биднийг үзэн яддаг хүмүүсийн эсэргүүцэл, хавчлагыг тэвчих хэрэг гардаг. Ехова энэ бүхнээс хамгаалахгүй ч туслахаа амласан (Ис. 41:10). Түүний тусламжтайгаар бид хатуу бэрх үед ч баяр хөөрөө алдахгүй байж, зөв шийдвэр гаргаж, үнэнч үйлчилсээр байна. Ехова бидэнд «амар тайвныг» өгөхөө амладаг (Флп. 4:6, 7). Энэ амар тайван гэдгээр Еховатай дотно хүний л мэдэрдэг ухаан бодол, зүрх сэтгэлийн тайван байдлыг хэлнэ. Мөн энэ нь «хүний ухаанаас давуу» буюу бидний төсөөлж чадахааргүй гайхалтай зүйл юм. Та Еховад залбирсныхаа дараа ийм амар тайвныг мэдэрч байсан уу? Тэр нь Бурхны өгдөг «амар тайван» юм. хц24.01 х. 20 д/м 2; х. 21 д/м 4
10 сарын 29, лхагва
Сэтгэл минь ээ, [Еховаг] магтагтун. Дотор минь байгаа бүхэн ч Түүний ариун нэрийг магтагтун (Дуу. 103:1).
Үнэнч хүмүүс Бурхныг гэсэн хайрандаа хөтлөгдөн нэрийг нь чин сэтгэлээсээ магтан алдаршуулдаг. Еховагийн нэрийг магтах нь өөрийг нь магтаж буй хэрэг гэдгийг Давид хаан ойлгож байсан. Еховагийн нэр түүний нэр хүндтэй холбоотой бөгөөд ямар Бурхан гэдгийг хэлж өгдөг. Нэрийг нь сонсохлоор сайхан зан чанарууд болон гайхалтай үйлс нь санаанд буудаг. Давид тэнгэрийн Эцгийнхээ нэрийг ариусгаж, «байгаа бүхнээрээ» буюу чин зүрхнээсээ магтахыг хүсжээ. Левичүүд ч түүний адилаар Еховаг магтаж үлгэр жишээ үзүүлсэн. Гэхдээ ариун нэрийг нь хэзээ ч зохих ёсоор, бүрэн алдаршуулж чадахгүйгээ даруухнаар хүлээн зөвшөөрсөн нь магтаалаас нь харагддаг (Нех. 9:5). Тэдний чин сэтгэлийн магтаал Еховагийн зүрхийг баярлуулсан нь гарцаагүй. хц24.02 х. 9 д/м 6
10 сарын 30, пүрэв
Ахиж дэвшихийн төлөө хийсэн бүхнээ хийсээр байя (Флп. 3:16).
Биелшгүй зорилго тавиад биелүүлж чадаагүй хүнийг Ехова бүтэлгүй хүн гэж үзэхгүй (2 Кор. 8:12). Саад бол сурах боломж гэдгийг санаарай. Юу амжуулснаа санаарай. Библид «Шударга Бурхан та бүхний үйл хэргийг ... мартахгүй» гэж байдаг (Евр. 6:10). Тиймээс та ч гэсэн мартах ёсгүй. Та юу юу амжуулснаа бодоод үз дээ. Бурхантай дотносож, түүний тухай бусдад ярьдаг болж, баптисм хүртсэн. Та өмнөх зорилгуудаа биелүүлж чадсан шигээ одоогийн зорилгоо ч Еховагийн тусламжтайгаар биелүүлж чадна. Зорилгоо биелүүлэхийн тулд хичээж мэрийж байхдаа Ехова хэрхэн тусалж, ивээж байгааг анхаарч баяр баясгалантай байгаарай (2 Кор. 4:7). Бүү бууж өгөөрэй. Тэгвэл ирээдүйд бүр ч илүү их ивээл хүртэнэ (Гал. 6:9). хц23.05 х. 31 д/м 16–18