10 сарын 31, баасан
Эцэг өөрөө та нарыг хайрладаг. Учир нь та нар намайг хайрласан бөгөөд Бурхны төлөөлөгч болж ирсэн гэдэгт минь итгэсэн (Ёох. 16:27).
Ехова хайрладаг хүмүүсээ чин сэтгэлээсээ таалдгаа хэлэх дуртай. Тэрбээр Хүүгээ таалж, хайрладгаа хэлсэн 2 тохиолдлыг Сударт бичсэн байдаг (Мат. 3:17; 17:5). Та ч ийм үг сонсмоор байна уу? Ехова бидэнтэй шууд биш ч, Библиэр дамжуулан ярьдаг. Сайн мэдээний номуудад бичсэн Есүсийн үгийг уншвал биднийг таалж байгаагаа илэрхийлэх Еховагийн үгийг «сонсоно». Есүс Эцгийнхээ зан чанарыг төгс дуурайсан. Тиймээс төгс бус ч үнэнч дагалдагчдаа таалдгаа хэлсэн Есүсийн үгийг Ехова бидэнд хэлж байгаагаар төсөөлөөрэй (Ёох. 15:9, 15). Зовлон бэрхшээл тохиолдох нь Ехова биднийг таалж сайшаадгаа больсон гэсэн үг биш ээ. Харин ч өөрийг нь хэр их хайрлаж, өөрт нь итгэдгээ батлах боломж олгож байгаа хэрэг юм (Яак. 1:12). хц24.03 х. 28 д/м 10–11
11 сарын 1, бямба
Та хүүхдүүд ба нялхсаар магтуулна (Мат. 21:16).
Эцэг эхчүүд хүүхдийнхээ насанд тохируулаад хариулт бэлдэхэд нь туслаарай. Заримдаа бид гэр бүлд тохиолддог бэрхшээл юм уу ёс суртахууны сэдвээр хэлэлцүүлэг явуулдаг. Ийм үед ч хүүхэд нэг юм уу хоёр догол мөрийн асуултад хариулт бэлдэх боломжтой. Мөн гараа өргөх бүрд нь яагаад нэрийг нь дуудахгүй байж болохыг хүүхдэдээ ойлгуулаарай. Тэгвэл өөрт нь хариулах боломж олгоогүй үед сэтгэлээр унахгүй (1 Тим. 6:18). Бид бүгд Еховаг магтан алдаршуулах, итгэл нэгтнүүдээ урамшуулан зоригжуулах хариулт бэлдэх учиртай (Сур. 25:11). Заримдаа өөрт тохиолдсон явдлаа ярьдаг ч өөр лүүгээ хэтэрхий их анхаарал хандуулахаас зайлсхийх ёстой (Сур. 27:2; 2 Кор. 10:18). Харин Ехова, түүний Үг, ард түмнийх нь тухай үргэлж ярихыг хичээх учиртай (Илч. 4:11). хц23.04 х. 24–25 д/м 17–18
11 сарын 2, ням
Бусадтай адил унталгүй, харин сэргэг, ухаалаг байцгаая (1 Тес. 5:6).
Сэргэг, ухаалаг байхад хайр чухал үүрэгтэй (Мат. 22:37–39). Бурхныг хайрладаг хүн ямар ч бэрхшээлийг үл тоон дэлгэрүүлсээр байдаг (2 Тим. 1:7, 8). Бид Бурханд үйлчилдэггүй хүнийг ч хайрладаг учраас утсаар ярих, захиа бичих зэрэг бүхий л аргаар байнга дэлгэрүүлдэг. Хэсгийн маань хүмүүс хэзээ нэгэн цагт өөрчлөгдөж зөвийг үйлддэг болно гэдэгт бид найддаг (Езе. 18:27, 28). Бид ах дүүсээ ч хайрладаг. Тийм ч учраас «бие биеийнхээ урам зоригийг бадрааж» Бурхантай дотносоход нь тусалдаг (1 Тес. 5:11). Цэргүүд мөр зэрэгцэн тулалддаг шиг бид бие биеэ зоригжуулдаг. Бид ах дүүсээ санаатайгаар гомдоодоггүй, мууг муугаар хариулдаггүй (1 Тес. 5:13, 15). Хурлынхаа удирдах үүрэг гүйцэтгэдэг ах дүүсээ хүндэтгэж хайраа илэрхийлдэг (1 Тес. 5:12). хц23.06 х. 10 д/м 6; х. 11 д/м 10–11