11 сарын 6, пүрэв
Бурхандаа талархаж бай (1 Тес. 5:18).
Еховад талархах шалтгаан маш олон бий. Сайн бэлэг бүрийг Ехова өгдөг тул сайн сайхан бүхнийхээ төлөө бид талархах учиртай (Яак. 1:17). Жишээлбэл гоо үзэсгэлэнтэй дэлхий, мөн түүн дээрх гайхалтай бүтээлүүдийн төлөө талархаж болно шүү дээ. Бас амь, гэр бүл, найз нөхдийг өгч, найдвар бэлэглэсэнд нь талархах учиртай. Түүнчлэн өөртэй нь найзлах завшаан хайрласанд талархаж болохгүй нь юу билээ? Еховад талархах ямар шалтгаан надад байгаа вэ гэдгийг мэдэхийн тулд онцгой хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Учир нь өнөөдөр олон хүн ийм сэтгэлгүй, гол төлөв хүссэн юмаа олж авахыг бодохоос бус байгаа юмандаа сэтгэл ханахыг мэддэггүй. Хэрвээ бид ийм хандлагад автвал залбирал маань хүсэлт гуйлтын жагсаалт болж хувирна. Ийм болохоос сэрэмжлэхийн тулд бидний төлөө хийсэн бүхэнд нь үргэлж талархах хэрэгтэй (Лук 6:45). хц23.05 х. 4 д/м 8–9
11 сарын 7, баасан
Огт эргэлзэхгүй, итгэлтэй гуйж бай (Яак. 1:6).
Ехова хайр халамжтай Эцгийнхээ хувьд биднийг зовоосой гэж хүсдэггүй (Ис. 63:9). Гэхдээ ус, галтай зүйрлэм бэрхшээл болгоноос биднийг хамгаалахгүй (Ис. 43:2). Харин ус «гатлах» буюу бэрхшээлийг тэвчихэд туслахаа амласан. Тэгээд ч сорилт бэрхшээлээс болоод үүрд хохирохыг Ехова зөвшөөрөхгүй. Бас агуу хүчээ өгч тэвчихэд маань тусалдаг (Лук 11:13; Флп. 4:13). Тиймээс Еховагийн тусламжтайгаар бид үнэнч, тэвчээртэй байж чадна. Ехова өөрт нь найдаасай гэж хүсдэг (Евр. 11:6). Зарим сорилт дааж давшгүй мэт санагдаж болох юм. Бүр Ехова тусална гэдэгт ч эргэлзэж эхэлдэг. Гэхдээ Бурхны хүчээр бид «хана давж» чадна гэж Библид батлан хэлжээ (Дуу. 18:29). Тиймээс эргэлзэхийн оронд Ехова залбиралд маань хариулна гэж найдан итгэл төгс залбирах учиртай (Яак. 1:6, 7). хц23.11 х. 22 д/м 8–9
11 сарын 8, бямба
[Хайрын] гялбаа нь галын гялбаа агаад [«Яагийн», ШЕ] дөл билээ. Их ус хайрыг унтрааж үл чадна. Гол ч түүнийг хальж үл чадна (Сол. 8:6, 7).
Жинхэнэ хайрыг яасан сайхнаар дүрслээ вэ! Энэ үг гэрлэсэн хосуудад урам зориг хайрладаг. Та хоёр чин үнэнчээр нэг нэгнээ үргэлж хайрлаж чадна. Гэрлэсэн хүмүүс насан туршдаа бие биеэ үнэнчээр хайрлах эсэх нь өөрсдөөс нь шалтгаална. Жишээ нь мод нэмээд л байвал гал дүрэлзэн ассаар байна. Тэгэхгүй бол унтарна. Үүнтэй адилаар эхнэр нөхөр хоёр бие биеэ үргэлж хайрлахын тулд харьцаагаа сайжруулсаар байх хэрэгтэй. Гэхдээ заримдаа мөнгө төгрөгөөр гачигддаг, эрүүл мэнд мууддаг, хүүхэд өсгөж хүмүүжүүлэхэд бэрхшээл тохиолддог. Ялангуяа эдгээр тохиолдолд нэг нэгнээ гэсэн хайр хөрж болох юм. Тийм ээ, «Яагийн дөлийг» унтраахгүйн тулд эхнэр нөхөр хоёрын хэн хэн нь Еховатай тогтоосон харьцаагаа сайжруулахыг хичээх ёстой. хц23.05 х. 20–21 д/м 1–3