11 сарын 7, баасан
Огт эргэлзэхгүй, итгэлтэй гуйж бай (Яак. 1:6).
Ехова хайр халамжтай Эцгийнхээ хувьд биднийг зовоосой гэж хүсдэггүй (Ис. 63:9). Гэхдээ ус, галтай зүйрлэм бэрхшээл болгоноос биднийг хамгаалахгүй (Ис. 43:2). Харин ус «гатлах» буюу бэрхшээлийг тэвчихэд туслахаа амласан. Тэгээд ч сорилт бэрхшээлээс болоод үүрд хохирохыг Ехова зөвшөөрөхгүй. Бас агуу хүчээ өгч тэвчихэд маань тусалдаг (Лук 11:13; Флп. 4:13). Тиймээс Еховагийн тусламжтайгаар бид үнэнч, тэвчээртэй байж чадна. Ехова өөрт нь найдаасай гэж хүсдэг (Евр. 11:6). Зарим сорилт дааж давшгүй мэт санагдаж болох юм. Бүр Ехова тусална гэдэгт ч эргэлзэж эхэлдэг. Гэхдээ Бурхны хүчээр бид «хана давж» чадна гэж Библид батлан хэлжээ (Дуу. 18:29). Тиймээс эргэлзэхийн оронд Ехова залбиралд маань хариулна гэж найдан итгэл төгс залбирах учиртай (Яак. 1:6, 7). хц23.11 х. 22 д/м 8–9
11 сарын 8, бямба
[Хайрын] гялбаа нь галын гялбаа агаад [«Яагийн», ШЕ] дөл билээ. Их ус хайрыг унтрааж үл чадна. Гол ч түүнийг хальж үл чадна (Сол. 8:6, 7).
Жинхэнэ хайрыг яасан сайхнаар дүрслээ вэ! Энэ үг гэрлэсэн хосуудад урам зориг хайрладаг. Та хоёр чин үнэнчээр нэг нэгнээ үргэлж хайрлаж чадна. Гэрлэсэн хүмүүс насан туршдаа бие биеэ үнэнчээр хайрлах эсэх нь өөрсдөөс нь шалтгаална. Жишээ нь мод нэмээд л байвал гал дүрэлзэн ассаар байна. Тэгэхгүй бол унтарна. Үүнтэй адилаар эхнэр нөхөр хоёр бие биеэ үргэлж хайрлахын тулд харьцаагаа сайжруулсаар байх хэрэгтэй. Гэхдээ заримдаа мөнгө төгрөгөөр гачигддаг, эрүүл мэнд мууддаг, хүүхэд өсгөж хүмүүжүүлэхэд бэрхшээл тохиолддог. Ялангуяа эдгээр тохиолдолд нэг нэгнээ гэсэн хайр хөрж болох юм. Тийм ээ, «Яагийн дөлийг» унтраахгүйн тулд эхнэр нөхөр хоёрын хэн хэн нь Еховатай тогтоосон харьцаагаа сайжруулахыг хичээх ёстой. хц23.05 х. 20–21 д/м 1–3
11 сарын 9, ням
Бүү ай (Дан. 10:19).
Зоригтой болохын тулд юу хийх хэрэгтэй вэ? Эцэг эх маань зоригтой байхыг уриалдаг ч эр зоригийг өвлүүлэх боломжгүй. Зоригтой болох нь шинэ арга эзэмшихтэй адил. Шинэ аргыг эзэмшихийн тулд багшийнхаа юуг яаж хийхийг сайтар ажиглаад яг таг дуурайх хэрэгтэй. Үүнтэй адилаар бид зоригтой хүмүүсийг сайтар ажиглаад дуурайвал тэдэн шиг болно. Даниел шиг бас Бурхны Үгийг сайн мэддэг болох учиртай. Мөн Еховад санаа бодлоо ний нуугүй хэлэн байнга залбирч түүнтэй дотносох хэрэгтэй. Түүнээс гадна Ехова биднийг дэмждэгт итгэх ёстой. Ингэдэг бол итгэл маань соригдоход зоригтой байж чадна. Зоригтой хүнийг бусад нь хүндэлдэг. Бас зөв хандлагатай хүмүүс Еховаг таньж мэдэх хүсэлтэй болдог. Тиймээс бид зоригтой болохын тулд хичээх хэрэгтэй байх нь ээ. хц23.08 х. 2 д/м 2; х. 4 д/м 8–9