Иов
32 Иов өөрийнхөө зөв гэдэгт итгэлтэй байсан* тул өнөө гурав хариу хэлэхээ ч больжээ. 2 Тэгтэл Рам овгийн буз хүн Барахелын хүү Елиху ихэд уурлав. Иов өөрийгөө Бурхнаас илүү зөв гэж батлахыг оролдсон учраас тэрбээр дүрс хийн уурлажээ. 3 Бас Иовын гурван найзад ихэд уурлав. Тэд юу гэж хариулахаа мэдэхгүй мөртлөө Бурхныг муулж байсан юм. 4 Тэд өөрөөс нь ахмад учраас Елиху үг хэлэхээ азнаж байсан ажээ. 5 Өнөөх гурвыг юу ч хэлж чадахгүй байгаад Елихугийн уур хүрэв. 6 Ингээд буз хүн Барахелын хүү Елиху ярьж эхэлсэн нь:
«Би залуу,
Та нар ахмад билээ.
Та нарыг хүндлээд дуугүй байж,
Мэддэг юмаа хэлж зүрхлээгүй юм.
7 “Насаар ахмад нь ярьж,
Он жилүүдийг элээсэн нь мэргэн ухааныг тунхаглах ёстой” гэж бодож байлаа.
8 Гэтэл Бурхны агуу хүч,
Төгс хүчит Нэгний амьсгал л хүмүүст ухаарлыг өгдөг юм байна.
9 Нас* л хүнийг ухаантай болгодог юм биш,
Өндөр настнууд л юу нь зөв болохыг ухаардаг юм биш ажээ.
10 Тийм л учраас “Намайг сонсооч.
Мэддэг юмаа би бас ярья” гээд байна.
11 Та нарыг ярьж байхад саатан хүлээлээ.
Тайлбарыг тань сонсоод л сууж байлаа.
Хэлэх үгээ олж ядан байхад тань хүлээж л байлаа.
12 Та нарыг би анхааралтай чагналаа.
Та нарын нэг нь ч Иовын бурууг баталж*,
Хэлснийг нь няцааж чадсангүй.
13 Тиймээс “Бид мэргэн ухааныг олсон.
Түүнийг няцаадаг нь хүн биш, Бурхан” гэж битгий хэлээрэй.
14 Иов надад хандаж үг хэлээгүй учраас
Би түүнд та нарын үгээр хариулахгүй.
15 Энэ хүмүүс* балмагдаад юу хариулахаа мэдэхгүй байна.
Хэлэх үг нь ч барагджээ.
16 Хүлээгээд л байлаа.
Гэвч эд нар яриагаа үргэлжлүүлэхгүй юм.
Юу ч хариулахгүй зогсоод л байх юм.
17 Тиймээс би одоо хариулъя.
Мэдэж байгаагаа ч өгүүлье.
18 Надад хэлэх юм их байна.
Дотроос минь агуу хүч намайг яриулах гээд байна.
19 Дарсаар дүүргэж бөглөсөн шинэ тулам
Дэлбэрэх шахдагийн адил би дотроо тийм л байна.
20 Намайг яриулаад өгөөч, би санаагаа амраая!
Би амаа нээж хариу хэлье.
21 Хэнд ч тал засахгүй.
Хэзээ ч долигонон зулгуйдахгүй*.
22 Учир нь би долигонохыг мэддэггүй.
Тийм байсан бол Бүтээгч минь намайг зайлуулах байсан.