Иов
5 Дууд даа! Хэн нэг нь чамд хариулах нь уу?
Ариун тэнгэрийн элч нарын хэнээс нь чи тусламж гуйх вэ?
2 Уур бухимдал мунхаг нэгнийг алж,
Атаархал мулгуу нэгнийг хөнөөнө.
3 Үндэслэж буй ургамал адил амжилттай яваа мунхгийг би харлаа.
Гэтэл гэнэт түүний орон байр хараагдлаа.
4 Хөвгүүд нь аюулд орж,
Хотын хаалганы дэргэд бяцлагдахад тэднийг аврах хэн ч үгүй.
5 Өлссөн хүмүүс ургацыг нь идэж,
Өргөст ургамлын дундаас ч хаман авна.
Өмч хөрөнгө нь ч бусдын гарт орно.
6 Хөнөөлт зүйл хөрснөөс соёолдоггүй.
Гай гамшиг газраас ургадаггүй.
7 Оч өөдөө л үсэрдгийн адил
Хүн зовохын төлөө л төрдөг.
8 Би чиний оронд байсан бол Бурханд хандаж,
Өөрийн хэргийг танилцуулах сан.
9 Тэрбээр ухааршгүй бөгөөд агуу зүйлсийг хийж,
Тоолж баршгүй олон гайхамшгийг бүтээдэг.
10 Газар дэлхийд хур бороо оруулж
Талбайнуудыг усалдаг.
11 Дорд хүмүүсийг өргөмжилж,
Гутарсан хүмүүсийг авардаг.
12 Зальтнуудын төлөвлөгөөг нурааж,
Ажил үйлсийг нь бүтэмжгүй болгодог.
13 Мэргэдийг өөрсдийнх нь урхинд оруулж*,
Ухаантнуудын төлөвлөгөөнд саад хийдэг.
14 Өдрийн цагаар тэднийг харанхуй нөмөрч,
Үд дунд тэд шөнө мэт тэмтэчдэг.
15 Тэрбээр ядуу нэгнийг тэдний муу хэл амнаас*,
Хүчтэний гараас авардаг.
16 Тэгснээр дорд нэгэн итгэл найдварыг олж,
Зохисгүй нэгэн амаа хамхина.
17 Бурханд зэмлүүлдэг хүн жаргалтай.
Тиймээс Төгс хүчит Нэгэн сахилгажуулахад бүү дургүйц!
18 Учир нь тэр өвтгөдөг ч шархыг боодог,
Тасчдаг ч өөрийн гараар эдгээдэг.
19 Тэр чамайг зургаан гамшгаас аварна.
Долоо дахь нь ч чамд хор хүргэхгүй.
20 Өлсгөлөнгийн үед тэр чамайг үхлээс,
Дайны үед тэр чамайг илднээс аварна.
21 Чи муу хэл амнаас* хамгаалагдана.
Сүйрэл болоход чи айхгүй.
22 Сүйрэл хийгээд өлсгөлөнг чи шоолон инээж,
Хээрийн зэрлэг араатнуудаас ч айхгүй.
23 Газрын чулуу чамд хор хүргэхгүй*.
Араатан амьтад чамтай эвтэй байх болно.
24 Майхандаа чи аюулгүй байж,
Бэлчээрээ шалгахад чинь бүгд тоо ёсоороо байх болно.
25 Чи олон хүүхэдтэй болж,
Үр удам чинь өвс ургамал шиг өсөж үржинэ.
26 Цагт нь хурааж багцалсан тариа адил,
Чи булшинд орохдоо ч хүч тэнхээтэй байна.
27 Үүнийг бид шалгасан, үнэхээр ч тийм байдаг.
Сонсоод, хүлээж ав».