Иов
6 Иов хариу өчсөн нь:
2 «Зовлон шаналлыг минь дэнсэлж,
Золгүй явдалтай минь хамт жинлэдэг ч болоосой!
3 Энэ нь тэнгисийн элснээс ч хүнд байна.
Тиймдээ ч би бодлогогүй* үг хэлчхээд байна.
4 Төгс хүчит Нэгний сумнууд намайг сүлбэж,
Төрсөн биеэр минь хор нь тархжээ.
Бурхан над руу дайрч, би айдаст автсан.
5 Өвстэй бол хулан орилох уу?
Тэжээлтэй бол үхэр мөөрөх үү?
6 Амтгүй хоолыг давслахгүй иддэг билүү?
Жамба цэцгийн шүүсэнд амт байдаг билүү?
7 Тийм хоолыг амсмааргүй байна.
Бохир заваан санагдаж байна.
8 Гуйлт минь биелдэг ч болоосой.
Хүслийг минь Бурхан хангадаг ч болоосой.
9 Бурхан намайг няцлаасай.
Мутраа сунган амийг минь аваасай.
10 Энэ нь надад тайвшрал болж,
Энгүй их зовлонг үл тоон баярлан цовхчих сон.
Учир нь би Ариун Нэгний үгийг үгүйсгэж байгаагүй.
11 Надад тэвчих хүч үлдсэн гэж үү?
Нартад яана гэж амьд явах юм бэ?
12 Миний хүч чулуу гэж үү?
Миний бие зэс гэж үү?
13 Хэн ч надад туслахгүй байхад
Би өөрөө өөртөө тусална гэж үү?
14 Хүнийг үнэнчээр хайрладаггүй хүн
Төгс хүчит Нэгнээс айхгүй.
15 Өөрийн минь ах дүү нар найдваргүй.
Хайлан урсавч ширгэж хатдаг
Өвөл цагийн горхи мэт юм.
16 Мөстөж харласан тийм горхинд
Хайлмагтсан цас нуугдаж байдаг.
17 Зун болоход урсах усгүй болж,
Халуу төөнөхөд хатаж ширгэдэг.
18 Урдах зам нь чиглэлээ өөрчилж,
Урсгал нь явсаар цөлд шургадаг.
19 Темагийн жинчид түүнийг хайж,
Шебагийн аянчид* түүнийг хүлээдэг.
20 Тэнд очоод тэдний сэтгэл гонсойно.
Найдвар нь талаар болсонд тэд ичнэ.
21 Та нар яг л тийм горхи шиг найдваргүй.
Тамлагдан зовж байгааг минь хараад айчхаж.
22 “Надад юм өгөөч” гэж би гуйсан уу?
“Эд хөрөнгөөсөө бэлэглээч” гэж би хүссэн үү?
23 “Дайснаас авраач”,
“Дарлагчаас хамгаалаач” гэж би гуйсан уу?
24 Анд наддаа заа л даа, дуугүй суугаад сонсъё.
Алдаагаа ойлгоход минь тусал л даа.
25 Үнэн үг өвтгөдөггүй юм.
Үглэж та нар зэмлэлээ гээд
Үнэндээ ямар ашигтай юм бэ?
26 Цөхөрсөн хүний үг салхинд хийсэж байхад
Цөвтэй үг хайгаа юу, та нар?
27 Өнчин хүүхдийг боолчлох гэж шавга орхих нь ээ!
Өөрийн андыг арилжиж худалдах нь ээ!
28 Над руу эргээд хар даа.
Нүүрэн дээр чинь би худал хэлэхгүй.
29 Дахиад нэг бодоод үзээч, гуйя! Намайг битгий буруу шүүгээч.
Дахиад бодоод үз л дээ! Учир нь одоо ч миний зөв хэвээрээ.
30 Хэл минь зөвийг өчихгүй байна гэж үү?
Тагнай минь бурууг мэдрэхгүй байна гэж үү?