Иов
7 Дэлхий дээрх мөнх бус хүний амьдрал албадлагын ажил мэт,
Түүний өдрүүд хөлсний ажилчны өдрүүд мэт биш үү?
2 Тэрбээр зарц боол мэт сүүдрийг хүсэмжилж,
Хөлсний ажилчин мэт цалингаа хүлээдэг.
3 Ийнхүү би саруудыг үр ашиггүй үдэж,
Зовлонт шөнүүдийг өнгөрүүлж байна.
4 Орондоо орохдоо би: “Хэзээ босох бол доо?” гэж боддог.
Гэвч шөнө өнгөрч өгөхгүй зовооно.
Эргэж хөрвөөсөөр үүр цайлгана.
5 Бие минь өтөнд баригдаж, бөөгнөрсөн шороонд дарагдаж,
Арьс минь яр шарх, идээ бээрд идэгджээ.
6 Хоног өдрүүд минь нэхмэлчний багажаас ч хурдан өнгөрч,
Хожмын төгсгөл рүүгээ ямар ч найдваргүй ойртож байна.
7 Миний амьдрал салхи гэдгийг бүү умартаач.
Миний нүд дахин жаргал* үзэхгүйг санаач.
8 Мэлмийд тань би одоо сүүмэлзэж байгаа ч хойшид үзэгдэх ч үгүй.
Мэлмийгээрээ та намайг хайх боловч би ор мөргүй арилсан байна.
9 Буснин сарних үүл адил,
Булшинд* орсон нэгэн буцах гарцгүй.
10 Орон гэртээ орж ирэхгүй,
Орон гэр нь ч түүнийг танихгүй.
11 Тиймээс би амаа хамхихгүй.
Шаналсан сэтгэлийнхээ улмаас ярина.
Гашуун зовлонгийнхоо улмаас гомдоллоно.
12 Би тэнгис эсвэл тэнгисийн мангас болоод
Та надад харуул манаа тавьж байгаа юм уу?
13 “Түшигтэй суудал минь намайг тайвшруулж,
Тухлах ор минь зовлонг нимгэлнэ” гэж хэлэхэд минь
14 Та намайг зүүдээр айлгаж,
Үзэгдлээр сүрдүүлдэг.
15 Иймээс би боож үхэхийг сонгох сон.
Энэ биеэс* үхлийг илүүд үзэх сэн.
16 Хорвоогийн энэ амьдралдаа би хорсож байна.
Хойшид амьдраад ч яах юм бэ!
Хоног өдрүүд минь амьсгал мэт учир ганцааранг минь орхиоч.
17 Мөнх бус хүн гэгч юу болоод та түүнд санаа тавьж,
Сэтгэл зүрхээ зориулна вэ?
18 Та яагаад түүнийг өглөө бүр шинжиж,
Хором бүрд сорино вэ?
19 Агшин зуур ч гэсэн та надаас харцаа салгахгүй юм уу?
Амныхаа шүлсийг залгих төдийд ганцааранг минь орхихгүй юм уу?
20 Би нүгэл үйлдлээ гээд хүмүүсийг ажигладаг танд хор хүргэж дөнгөнө гэж үү?
Би яагаад таны бай болно вэ?
Би танд дарамт болсон юм уу?
21 Яагаад та нүглийг минь өршөөхгүй байна вэ?
Юунд та алдааг минь уучлахгүй байна вэ?
Хөрс шороондоо би удахгүй буцна шүү дээ.
Хэчнээн хайгаад ч та намайг олохгүй л болов уу».