Иов
16 Иов хариулсан нь:
2 «Иймэрхүү юм зөндөө л сонсож байлаа.
Та нар надад нэмэр биш, нэрмээс л болж байна*!
3 Хоосон* үгэнд чинь эцэс төгсгөл гэж байна уу?
Юу чамайг* ингэж хэлэхэд хүргэв?
4 Би ч гэсэн та нар шиг ярьж чадна.
Хэрэв өөрсдөд чинь ийм юм тохиолдсон бол
Би ч гэсэн та нарт цэцэрхэж
Толгой сэгсрэн тохуурхаж чадах л байсан.
5 Харин тэгэхийн оронд би та нарыг амаараа зоригжуулж,
Уруулаараа тайвшруулах сан.
6 Би ярилаа гээд өвдөлт минь намдахгүй байхад
Ярихаа болилоо гээд өвчин шаналлаасаа ангижрах нь юу л бол!
7 Тэрбээр намайг туйлдуулан,
Гэрийнхнийг минь* сүйрүүллээ.
8 Тэрбээр* намайг барьж авсныг хүмүүс харсан.
Турж эцсэн минь ч миний эсрэг гэрчилдэг.
9 Тэрбээр уурлан хилэгнэж намайг хэдэн хэсэг болгон тасчдаг.
Надад өс хонзон санаж, миний эсрэг шүдээ хавирдаг.
Дайснууд намайг цоо ширтдэг.
10 Тэд миний өөдөөс амаа том ангайдаг.
Намайг шоолон хацрыг минь алгаддаг.
Олуулаа нийлж миний эсрэг цугладаг.
11 Бурхан намайг балчир хөвгүүдийн гарт өгч,
Бузар муу хүмүүсийн мэдэлд тушаадаг.
12 Зовлон гэдгийг би мэддэггүй байж дээ.
Гэтэл тэрбээр амьдралыг минь орвонгоор нь эргүүллээ.
Шилэн хүзүүнээс минь барьж аваад шидэж бяцлав.
Тэгээд намайг бай болгов.
13 Түүний харваачид намайг тойрон бүчдэг.
Тэрбээр өрөвдөх сэтгэлгүйгээр бөөрийг минь сүлбэж,
Цөсийг минь газар асгадаг.
14 Тэрбээр намайг хана мэт олон дахин сүлбэж,
Тэнхээ мэдэн цэрэг мэт дайрдаг.
15 Би тааран хувцас хийж арьсан дээгүүрээ нөмрөн
Нэр нүүрээ* шороотой хутгасан.
16 Уйлснаас болж нүүр минь минчийж,
Зовсноос болж зовхи минь харлав*.
17 Замнал минь хүчирхийлэлгүй,
Залбирал минь ч цэвэр юм сан.
18 Өө газар дэлхий, цусыг минь бүү далдлаач!
Хашхирах дуунд минь амрах газар бүү өгөөч!
19 Одоо ч гэсэн миний гэрч тэнгэрт байна.
Намайг өмгөөлөх нэгэн өндөрт байна.
20 Бурхны өмнө нулимсаа урсгаж байхад* минь
Нөхөд минь намайг шоолох ч гэж дээ.
21 Хүмүүсийн хоорондох маргаантай асуудлыг шийддэг шиг,
Хэн нэг нь Бурхан, хүн хоёрын хоорондох асуудлыг шийдэх болтугай.
22 Учир нь би хэдхэн жилийн дараа
Эргэж ирэхгүйгээр явж одно.