Иов
20 Наамат хүн Зофар хариулсан нь:
2 «Ийм л учраас түгшүүрт бодол намайг хатган, хариулахад хүргэв.
Учир нь сэтгэл минь үймж байна.
3 Өөр лүү минь дайрч доромжлохыг би үзлээ.
Ухаарал минь намайг хариулахад хүргэлээ.
4 Угаасаа л чи үүнийг мэддэг байж таарна.
Учир нь хүнийг* дэлхий дээр тавьснаас хойш ийм л байсан.
5 Бузар муу нэгний баярын уухай зуурдынх,
Бурхангүй* нэгний баяр баясгалан хормынх.
6 Алдар суу нь тэнгэрт тулж,
Тэргүүн нь үүлэнд хүрлээ ч
7 Тэрбээр баас шигээ үүрд мөхнө.
Түүнийг хардаг байсан хүмүүс “Тэр хаана байна вэ?” гэж хэлнэ.
8 Тэрбээр зүүд шиг үгүй болно, тэд түүнийг олохгүй.
Тэрбээр шөнийн үзэгдэл мэт замхран алга болно.
9 Түүнийг харж байсан нүд түүнийг дахин хэзээ ч харахгүй.
Орон гэр нь ч түүнийг дахин үзэхгүй.
10 Үр хүүхэд нь ядуусаас тусламж гуйна.
Тэрбээр бусдаас авсан баялгаа өөрийн гараар буцааж өгнө.
11 Тэрбээр залуугийнх шигээ бяр чадал ихтэй байлаа.
Гэвч энэ нь* түүнтэй хамт шороо тоосон дунд хэвтэх болно.
12 Муу юм түүний аманд чихэрлэг санагдвал,
Тэрбээр түүнийг хэлэн доороо нуувал,
13 Амтлаад залгихгүй байвал,
Аман дотроо байлгаад байвал
14 Тэр хоол ходоодонд нь ороод гашуун болно.
Гэдсэн дотор нь ороод наж могойн хор* шиг болно.
15 Тэрбээр эд баялгийг залгисан ч бөөлжиж гаргана.
Бурхан гэдсийг нь хоосолно.
16 Тэрбээр наж могойн хорыг сорж,
Хорт могойн шүдэнд* амиа алдана.
17 Тэрбээр урсаж буй усыг ч,
Зөгийн бал, цөцгийн тосон голыг ч огт үзэхгүй.
18 Тэрбээр өөрийн өмч хөрөнгийг ашиглахгүйгээр* буцааж өгнө.
Худалдаа хийж олсон эд баялгаасаа таашаал авахгүй.
19 Учир нь тэрбээр ядуусыг бяцалж хөсөр хаясан.
Өөрийн бариагүй байшинг булаан авсан.
20 Тэрбээр амар заяагаа үзэхгүй.
Эд баялаг нь ч түүнийг аврахгүй.
21 Түүнд цөлмөх юм үлдээгүй тул
Хангалуун амьдрал нь удаан үргэлжлэхгүй.
22 Эд баялаг нь дүүрэхийн цагт сэтгэлийн зовлонд ороогдоно.
Золгүй явдал хамаг хүчээрээ түүн рүү дайрна.
24 Төмөр зэвсгээс зугтаж байхад нь
Зэс нумаар харвасан сум түүнийг сүлбэнэ.
25 Нурууг нь нэвтэлж цөсийг нь сүлбэсэн
Гялтганасан сумыг суга татаад
Тэрбээр айдаст автана.
26 Түнэр харанхуй түүний эрдэнэсийг хүлээж байна.
Хэний ч хөөрөгдөөгүй гал түүнийг шатаана.
Майханд нь амьд үлдсэн бүхэн дээр гамшиг бууна.
27 Тэнгэр түүний гэм бурууг илчилж,
Дэлхий түүний эсрэг босно.
28 Бурхан уур хилэнгийнхээ өдөр үерийн ширүүн урсгалаар
Гэр орныг нь урсгаж хаяна.
29 Энэ бол муу хүний хувь,
Бурхнаас заяасан өв юм».