Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Танд ч бас хамаатай
    Харуулын цамхаг: Библи өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн түүх (хцтө1604) | Харуулын цамхаг: Библи өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн түүх (хцтө1604)
    • ОНЦЛОХ СЭДЭВ | БИБЛИ ӨНӨӨГ ХҮРТЭЛ ХАДГАЛАГДАЖ ИРСЭН ТҮҮХ

      Танд ч бас хамаатай

      Гартаа Библи барьсан эрэгтэй эргэлзсэн шинжтэй харагдаж байна

      Шашны номууд дотроос Библи хамгийн онцгой ном юм. Олон зууны турш олон хүнд хүрч нөлөөлсөн ийм ном Библиэс өөр байдаггүй. Нөгөөтээгүүр, Библи шиг нарийн судлагдаж, шүүмжлэлд өртсөн ном бас байхгүй.

      Жишээлбэл, зарим эрдэмтэн Библийг анх бичигдсэн тэр л янзаараа хадгалагдаж ирсэн эсэхэд эргэлздэг. Шашин судлалын нэг профессор хэлэхдээ «Эх бичвэрийг нарийн зөв сэргээн засварласан гэдэгт итгэхэд бэрх. Одоо байгаа Библийн хуулбар дүүрэн алдаатай. Ихэнх хэсэг нь анх бичигдсэнээсээ хэдэн зууны дараа хуулбарлагдсан болохоор хэдэн мянга дахин өөрчлөгдсөн байж таарна» гэжээ.

      Зарим хүн шашнаасаа болоод Библийн үнэн эсэхэд эргэлздэг. Жишээ нь христийн бус шашинтай гэр бүлд өсөж хүмүүжсэн Файзал гэдэг хүн Библийг ариун ном гэж үздэг ч анхныхаасаа их өөрчлөгдсөн гэж боддог ажээ. «Угаасаа эх бичиг нь байхгүй болохоор Библид зөндөө засвар орсон гэдэг яриа сонсож байсан болоод ч тэр үү, хүмүүс надтай Библийн тухай ярих гэхээр итгэж өгдөггүй байлаа» гэж Файзал ярьсан юм.

      Библи өөрчлөгдсөн үгүй нь тийм их чухал уу? Дараах асуултуудыг бодоод үз дээ. Одоогийн Библид ирээдүйн тухай тайвшруулах сайхан амлалт байдаг. Гэхдээ тэр амлалтыг эх бичвэрт байгаагүй гэвэл та итгэх үү? (Ром 15:4). Хэрэв одоо байгаа Библи дүүрэн алдаатай байсан юм бол, та ажил төрөл, гэр бүл, шүтлэгийн гэх мэт чухал асуудлаар шийдвэр гаргахдаа Библийн зарчмыг хэрэгжүүлэх байсан гэж үү?

      Одоо Библийн эх бичвэр байхгүй ч эртний хуулбарууд нь хэдэн мянгаараа бий. Эдгээр гар бичмэлүүд байгалийн нөлөө, хүмүүсийн эсэргүүцэл, эх бичгийг өөрчлөх гэсэн оролдлогыг хэрхэн тэсэж үлдсэн бэ? Одоо бидний гар дээр байгаа Библийг үнэн зөв гэдэгт итгэхэд юу туслах вэ? Сэтгүүлийн дараагийн өгүүллүүдээр Библи өнөөг хүртэл хэрхэн хадгалагдаж ирсэн тухай ярилцъя.

  • Байгалийн нөлөөг тэсэж үлдсэн нь
    Харуулын цамхаг: Библи өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн түүх (хцтө1604) | Харуулын цамхаг: Библи өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн түүх (хцтө1604)
    • ОНЦЛОХ СЭДЭВ | БИБЛИ ӨНӨӨГ ХҮРТЭЛ ХАДГАЛАГДАЖ ИРСЭН ТҮҮХ

      Байгалийн нөлөөг тэсэж үлдсэн нь

      АЮУЛ: Библийг бичигчид эсвэл, хуулан бичээчид голдуу папирус юм уу илгэн цаас хэрэглэдэг байсанa (2 Тимот 4:13). Ийм хэврэг материал дээр бичигдсэн Библи юунд өртөх аюултай байсан бэ?

      Папирус нь амархан урагдаж, өнгөө алддаг, хэврэг материал юм. «Папирусан цаас нь сүүлдээ сэмэрсэн мяндас эсвэл тоосны ширхэг болдог. Хуйлмал номыг амбаар савд хадгалахаар бол чийг, хөгцөнд идэгдэнэ. Газар булахлаар мэрэгч амьтад, ялангуяа цагаан шоргоолж гэх мэтийн хорхой шавжийн хоол болдог» гэж Египет судлаач Ричард Паркинсон Стивен Куирки нар хэлжээ. Папирусан олдворууд хожим нь хурц гэрэл чийгийн нөлөөгөөр хурдан элэгддэг.

      Илгэн цаас нь папирусыг бодвол хадгалалт даадаг. Гэхдээ болгоомжгүй харьцах эсвэл хэт халуун хүйтэн температурт, чийгтэй нөхцөлд юм уу гэрэлд байлгавал бас л элэгдэнэ.b Мөн илгэн цаас нь хорхой шавжийн идэш хоол болдог. «Грек-Ромын үед хамаарах Дорнодын өдөр тутмын бичээс» гэдэг номд эртний бичээсүүд «тэсэж үлдэнэ гэдэг бол байх боломжгүй ховор тохиолдол» гэж бичжээ. Библи ийнхүү элэгдээд алга болсон бол доторх мэдээ нь ч үгүй болно гэсэн үг.

      БИБЛИ ХЭРХЭН ТЭСЭЖ ҮЛДСЭН БЭ? Иудейчүүдийн хуульд зааснаар хаан болгон «хуулийг [Библийн эхний таван номыг] өөртөө хуйлмал ном дээр хуулан бичиж авах» ёстой байв (Дэд хууль 17:18). Түүнээс гадна, гарамгай хуулан бичээчид гар бичмэлийг асар олноор хуулбарладаг байсан болохоор I зуун гэхэд Израйл даяар, тэр бүү хэл, алс холын Македонд Библи хүрсэн байв (Лук 4:16, 17; Үйлс 17:11). Хамгийн хуучин гар бичмэл өнөөг хүртэл хэрхэн хадгалагдаж ирсэн бэ?

      1. Шавар ваар; 2. Сөнөсөн тэнгисийн хуйлмал бичгийн хэсгүүд

      Сөнөсөн тэнгисийн хуйлмал бичгүүд хэмээн алдаршсан гар бичмэлүүдийг ваарт хийгээд хуурай агаартай газрын агуйд хийж хадгалсан нь хэдэн мянган жил болжээ

      Энэ агуйгаас Библийн зарим гар бичмэлүүд олджээ

      «Иудейчүүд Судрын хуйлмал номыг ваар, домбонд хийж хадгалдаг байсан» гэж Шинэ Гэрээ судлаач Филип В Комфорт хэлжээ. Христийн дагалдагчид бас энэ уламжлалыг дагасан бололтой. Библийн хамгийн эртний гар бичмэлийг хуурайшилт ихтэй газрын агуй юм уу харанхуй өрөөн дотор шавар ваарт хийж хадгалсан нь олджээ.

      ҮР ДҮН: Библийн эртний хэдэн мянган гар бичмэл (зарим нь 2 000 гаруй жилийн өмнөх) өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн. Гар бичмэл нь ийм эртний, ийм олноороо олдсон ном зохиол өөр байхгүй.

      a Папирус гэдэг нь папирус нэртэй, усанд ургадаг ургамлаар хийдэг материал юм. Илгэн цаасыг амьтны арьсаар хийдэг.

      b Жишээ нь АНУ-ын тусгаар тогтнолын талаарх тунхаг бичгийн гарын үсэгтэй хуулбар илгэн цаасан дээр бичигдсэн байдаг. 250 жилийн дараа буюу одоо тэрийг харахад бүдгэрч бичиг үсэг нь харагдахгүй болсон байдаг.

  • Эсэргүүцлийг тэсэж үлдсэн нь
    Харуулын цамхаг: Библи өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн түүх (хцтө1604) | Харуулын цамхаг: Библи өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн түүх (хцтө1604)
    • ОНЦЛОХ СЭДЭВ | БИБЛИ ӨНӨӨГ ХҮРТЭЛ ХАДГАЛАГДАЖ ИРСЭН ТҮҮХ

      Эсэргүүцлийг тэсэж үлдсэн нь

      АЮУЛ: Төр засгийн удирдагчид болон шашны мяндагтнууд Библийн мэдээний эсрэг үйл ажиллагаа явуулж байжээ. Библитэй байх, Библийг эрхлэн гаргах, орчуулахыг тэд эрх мэдлээрээ далайлган хориглож байв. Хоёр жишээг авч үзье.

      • МЭӨ 167 оны орчим: Селевкид угсааны хаан Антиох Эпифан иудейчүүдийг грекийн шашинд дагаар оруулах гэж Еврей Судрын бүх хуулбарыг устга хэмээн тушаажээ. Түүний албатууд «Библийн хуйлмал бичгийг хаа сайгүй хайж, олсон даруйдаа урж тасдан, устгаж шатаах юм уу Библиэс эрч хүч, тайвшрал авах гэсэн хүмүүсийг алж хядаж байлаа» гэж түүхч Хайнрих Грец бичсэн байдаг.

      • Дундад зууны үед: Католик шашны зарим мяндагтнууд католик шашны номлолыг биш, Библийн сургаалыг зааж дэлгэрүүлдэг энгийн ард түмэнд дургүйцэж мөн латин хэлээрх «Дуулал» номоос өөр Библийн номтой хүмүүст тэрс үзэлтнүүд гэсэн нэр зүүлгэсэн байна. Нэгэн сүмийн зөвлөл, удирдлага доор нь ажилладаг хүмүүстээ «Жаахан ч гэсэн сэжигтэй санагдсан айл, зоориудаар явж, тэрс үзэлтнүүдийг үргэлж хичээнгүйлэн хай, юу ч үгүй нэгж. Тэрс үзэлтэн олдох л юм бол орон байртай нь устга» гэсэн тушаал өгчээ.

      Библийг устгаж үгүй хийх гэсэн оролдлого амжилт олсон бол доторх мэдээ нь ч устаж үгүй болох байлаа.

      Уильям Тиндалын англи хэлнээ орчуулсан Библийн хуудас

      Уильям Тиндалын англи хэлнээ орчуулсан энэ Библийг хэрэглэхийг хориглож, шатааж байжээ. Тиндалыг өөрийг нь 1536 онд цаазалжээ.

      БИБЛИ ХЭРХЭН ТЭСЭЖ ҮЛДСЭН БЭ? Антиох хаан Израйлын нутаг дэвсгэрийг гол байгаа болгосон боловч иудейчүүд өөр олон газар тархан суурьшжээ. МЭ I зуун гэхэд иудейчүүдийн 60 гаруй хувь нь Израйлаас гарч, өөр нутагт амьдран сууж байсан гэсэн эрдэмтэн судлаачдын таамаг байдаг. Иудейчүүд цуглардаг газраа Судрын хуйлмал бичгээ хадгалж орхисон байна. Тэр Судрыг нь Христийн дагалдагчдаас гадна, хойч үеийнх нь хүмүүс олоод хэрэглэж байжээ (Үйлс 15:21).

      Дундад зууны үед Бурхны Үгийг хайрладаг хүмүүс хавчлагаас айлгүй Судрыг орчуулж, хуулан бичсээр байв. XV зууны дунд үед үсэг өрөх аргаар хэвлэдэг хэвлэлийн машиныг зохион бүтээхээс өмнө Библийн номууд 33 хэлээр гарсан бололтой. Дараа нь Библи асар хурдан орчуулагдаж, уншигчдын хүртээл болсон.

      ҮР ДҮН: Библи харгис хэрцгий хаад болон хуурамч сургаалыг баримталдаг мяндагтнуудын эсэргүүцэл хавчлагатай нүүр тулсан боловч түүхэн дэх хамгийн өргөн тархсан, хамгийн олон хэлээр орчуулагдсан ном болсон. Библи олон улс орны хэл соёл, хууль дүрэм цаашлаад хүмүүсийн амьдралд нөлөөлсөн.

  • Мэдээг нь өөрчлөх гэсэн оролдлогыг тэсэж үлдсэн нь
    Харуулын цамхаг: Библи өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн түүх (хцтө1604) | Харуулын цамхаг: Библи өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн түүх (хцтө1604)
    • Библийг хуулан бичээч ажлаа хийж байна

      Масоретүүд Судрыг нямбайлан хуулдаг байв

      ОНЦЛОХ СЭДЭВ | БИБЛИ ӨНӨӨГ ХҮРТЭЛ ХАДГАЛАГДАЖ ИРСЭН ТҮҮХ

      Мэдээг нь өөрчлөх гэсэн оролдлогыг тэсэж үлдсэн нь

      АЮУЛ: Байгалийн нөлөө, эсэргүүцэл гэх мэт гадны хүчин зүйл Библийг устгаж дийлээгүй. Гэтэл хуулан бичээчид, орчуулагчдын зарим нь Библийн мэдээг өөрчлөх гэж оролдсон. Тэд сургаалаа Библид үндэслэхийн оронд Библийг өөрсдийнхөө сургаалд тохируулж өөрчлөхийг оролджээ. Хэдэн жишээг авч үзье.

      • Шүтлэгийн газар: МЭӨ IV–II зуунд «Самаричуудын таван ном»-ын бичээчид Египетээс гарсан нь 20:17-гийн зүйлийн араас нэмж «Геризим ууланд. Тэнд та нар тахил ширээ босгоно» гэж бичсэн байдаг. Самаричууд ингэж бичин, Геризим ууланд сүмээ барих нь Библийн үндэстэй гэж харуулахыг зорьжээ.

      • Гурвалын сургаал: Библи бичигдэж дууссанаас хойш 300 хүрэхгүй жилийн дараа Гурвалын сургаалыг баримталдаг бичээчид 1 Ёохан 5:7-д «тэнгэрт Эцэг, Үг, Ариун Сүнс бий: эдгээр нь нэг юм» гэж нэмж бичжээ. Энэ үг эх бичигт гардаггүй. Библи судлаач эрдэмтэн Брюс Мецгер: «МЭ VI зуунаас хойш энэ үг эртний латин хэлээр [латин] Вулгата гар бичмэлүүдэд улам олон удаа давтагдаж гарах болсон» хэмээн тэмдэглэсэн байдаг.

      • Бурхны нэр: Библийг орчуулсан хүмүүс иудейн шашны мухар сүсэгт автаж Бурхны нэрийг Судраас хасахад хүрчээ. Тэд Бурхны нэрийг «Бурхан», «Эзэн» гэдэг цолоор орлуулсан. Библид энэ цолыг Бүтээгчээс гадна, хүн, хуурамч бурхан, тэр байтугай Диаволыг хэлэхдээ хэрэглэдэг ажээ (Ёохан 10:34, 35; 1 Коринт 8:5, 6; 2 Коринт 4:4).a

      БИБЛИ ХЭРХЭН ТЭСЭЖ ҮЛДСЭН БЭ? Нэгдүгээрт, Библийг хуулан бичээчдийн зарим нь хайхрамжгүй, бүр худал бичдэг хүмүүс байсан. Гэхдээ олонх нь их чадварлаг, нягт нямбай хүмүүс байв. VI–X зуунд масоретүүд гэдэг хүмүүс Еврей Судрыг хуулан бичжээ. Тэдний хийсэн ажлыг масорет бичвэр гэх болсон. Тэд алдаа гаргасан эсэхээ хянан шалгахын тулд үгээ төдийгүй үсгээ тоолдог байв. Голлон хэрэглэдэг байсан гар бичмэл дээр алдаа байна гэсэн сэжиг төрвөл хуудасных нь захын зайд бичиж тэмдэглэдэг байжээ. Масоретүүд Библийн бичвэрийг өөрчилж зүрхэлдэггүй байсан. «Зориудаар өөрчилж бичих нь тэдний хувьд ноцтой гэмт хэрэг байв» гэж профессор Моше Гошен-Готтштайн бичжээ.

      Хоёрдугаарт, нэлээн олон гар бичмэл байгаа нь алдаа мадгийг ялган танихад Библи судлаач эрдэмтдэд дөхөм болж байна. Жишээ нь, шашны удирдагчид латин хэлээрх Библийг хамгийн найдвартай гэж олон зууны турш заасаар ирсэн. Гэхдээ дээр дурдсанчлан тэд 1 Ёохан 5:7-д худал үг нэмж бичсэн. Энэхүү алдаа нь нөлөө бүхий «Жеймс хааны орчуулга»-д хүртэл байсан. Гэвч бусад гар бичмэлүүдийг олсноор юу тодорхой болсон бэ? Брюс Мецгер: «[1 Ёохан 5:7-д байдаг] энэ үг латинаас бусад, эртний (сири, копт, армен, етиоп, араб, славон хэлээрх) бүх гар бичмэлд гардаггүй» гэж бичсэн байдаг. Тийм учраас «Жеймс хааны орчуулга»-ын шинэчлэгдсэн хувилбар болон бусад Библиэс тэр буруу ташаа хэсгийг хассан байдаг.

      Честер Битти P46. МЭ 200 оноос хойших, папирус дээр бичсэн Библийн гар бичмэл

      Честер Битти P46. МЭ 200 оноос хойших, папирус дээр бичсэн Библийн гар бичмэл

      Хуучны гар бичмэлүүд Библийн мэдээг үнэн зөвөөрөө хадгалагдан ирсэн гэдгийг баталдаг уу? 1947 онд Сөнөсөн тэнгисийн хуйлмал бичгүүд олдсоноор эрдэмтэн судлаачид еврей хэлээрх масорет бичвэрийг 1 000 гаруй жилийн өмнөхтэй нь харьцуулах боломжтой болсон. Сөнөсөн тэнгисийн хуйлмал бичгийн редакцын гишүүн «1 000 гаруй жилийн турш иудей хуулан бичээчид Библийн гар бичмэлийг үнэн зөв, нямбайлан бичсэн гэдэг нь [нэг хуйлмал бичгийг үзэхэд л] батлагдаж байна» гэж дүгнэн хэлжээ.

      Ирландын Дублинд байдаг Честер Биттигийн номын санд МЭ II зууны үеийнх буюу Библи бичигдэж дууссанаас хойш 100-гаадхан жилийн дараах гар бичмэлүүдийг багтаасан Грек Судар буюу Шинэ Гэрээний бараг бүх номын цуглуулга байдаг. Нэгэн Библийн тольд «Папирусаас бичвэрийн нарийн ширийний талаар хангалттай их мэдээллийг авч болохоос гадна Библийн бичвэр маш үнэн зөв дамжиж ирсэн түүх харагддаг» гэжээ (The Anchor Bible Dictionary).

      «Хуучны ном бичиг дунд ингэж үнэн зөв уламжлагдаж ирсэн зохиол бүтээл байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй»

      ҮР ДҮН: Гар бичмэл хуучин, арвин их байх тусмаа Библийн бичвэрийг гажуудуулах биш, харин ч илүү сайжруулсан. Грек Судрын талаар сэр Фредерик Кеньон: «Бичвэрийн хувьд ийм хуучны, ийм их нотолгоо бүхий эртний ном өөр байхгүй. Аливаад шударга ханддаг эрдэмтэн л бол Библийн бичвэр бүрэн бүтнээрээ, үнэн зөвөөрөө бидний гар дээр ирсэн гэдэгтэй маргахгүй л болов уу» гэж хэлжээ. Харин эрдэмтэн Уиллиам Хенри Грийн Еврей Судрын талаар «Хуучны ном бичиг дунд ингэж үнэн зөв уламжлагдаж ирсэн зохиол бүтээл байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй» гэжээ.

      a Илүү ихийг мэдэхийг хүсвэл «Бурхны Үгийг судлах хөтөч» товхимлын 1, 2-р хэсгийг үзнэ үү. Уг товхимол www.pr2711.com сайтад бий.

  • Библи яагаад хадгалагдан үлдсэн бэ?
    Харуулын цамхаг: Библи өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн түүх (хцтө1604) | Харуулын цамхаг: Библи өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн түүх (хцтө1604)
    • Нэгэн эрэгтэй Библи уншиж байна

      ОНЦЛОХ СЭДЭВ | БИБЛИ ӨНӨӨГ ХҮРТЭЛ ХАДГАЛАГДАЖ ИРСЭН ТҮҮХ

      Библи яагаад хадгалагдан үлдсэн бэ?

      Библи өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн учраас хүссэн хүн бүрийн хүртээл болж байна. Та үнэн зөв орчуулсан Библийг сонгосон бол анх бичигдсэн тэр л янзаараа байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Тэгвэл Библи байгалийн нөлөө, эсэргүүцэл хавчлага, өөрчилж бичих гэсэн оролдлогыг яагаад тэсэж гарч хадгалагдан үлдсэн бэ? Энэ ном бусад номоос юугаараа онцгой вэ?

      «Одоо байгаа энэ Библи маань Бурхны өгсөн бэлэг»

      Библийг уншиж судалдаг олон хүн «Судар бүрийг Бурхан бичүүлсэн» гэж хэлсэн Паулын үгтэй санал нийлдэг (2 Тимот 3:16). Тэд Библи бол Бурхны Үг, Бурхан өөрөө Үгээ өнөөг хүртэл хадгалж ирсэн гэдэгт итгэдэг. Эхний өгүүлэлд гарсан Файзал Библийг бие дааж судлахаар шийджээ. Христийн шашныхны зааж сургадаг олон сургаал Библид огт бичигдээгүйг олж мэдээд үнэхээр гайхжээ. Бас дэлхийн талаарх Бурхны санаа зорилгыг Библиэс мэдээд сэтгэл нь ихэд хөдөлсөн байна.

      Тэрбээр: «Одоо байгаа энэ Библи маань Бурхны өгсөн бэлэг. Орчлонт ертөнцийг бүтээсэн Нэгэн Библийг хадгалж бидний гар дээр авчрах чадалтай л байж таарна. Хэрэв тийм биш бол Бурхны хүч хязгаарлагдмал гэсэн үг. Би яаж Төгс хүчит Бурханд эргэлзэх билээ?» хэмээн хэлжээ (Исаиа 40:8).

      Библид итгэж болохын учир юу вэ?

      Энэхүү цуврал өгүүллээр Библи хэрхэн хадгалагдаж ирсэн тухай авч үзлээ. Тэгвэл Библийг үлгэр домгийн түүвэр биш үнэхээр «Бурхны үг» гэдэгт яагаад итгэж болох вэ? (1 Тесалоник 2:13). Манай www.pr2711.com сайт дахь «Библид итгэж болохын учир юу вэ?» гэсэн видеог үзээрэй (Хайх гэсэн хэсэгт нэрийг нь оруулж хайна уу).

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • Монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах