Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwyp өгүүлэл 59
  • Ижил хүйстэнтэйгээ явалдах нь буруу юу?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Ижил хүйстэнтэйгээ явалдах нь буруу юу?
  • Залуучуудын асуулт
  • Дэд гарчгууд
  • Библид юу гэж байдаг вэ?
  • Энэ нь ...
  • Хэрвээ ...
Залуучуудын асуулт
ijwyp өгүүлэл 59
Хөтлөлцсөн хоёр эрэгтэй, хоёр эмэгтэйн дүрс

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Ижил хүйстэнтэйгээ явалдах нь буруу юу?

«Би багаасаа ижил хүйсийнхээ хүмүүст татагддагаа анзаарсан. Надад үнэхээр хэцүү байсан. Нэг хэсэгтээ ингэж байгаад больчихно гэж бодсон ч одоо хүртэл энэ асуудал намайг зовоодог» (Дэвид, 23 настай).

Дэвид Еховагийн Гэрч учраас Бурханд таалагдахыг хүсдэг. Гэвч ижил хүйстнээ сонирхдог хүн Бурханд таалагдах уу? Ижил хүйстэнтэйгээ явалдахыг Бурхан юу гэж үздэг вэ?

  • Библид юу гэж байдаг вэ?

  • Энэ нь ...

  • Хэрвээ ...

Библид юу гэж байдаг вэ?

Ижил хүйстнүүдийн талаарх хүмүүсийн үзэл бодол соёлын ялгаа, цаг үеэсээ шалтгаалаад өөрчлөгдөж болох юм. Гэхдээ Христийн дагалдагчид олон нийтийн санаа бодол, түгээмэл хандлагад автах юм уу «янз бүрийн номлолын салхинд туугдаж, давалгаанд» шидэгдэх ёсгүй (Эфэс 4:14). Харин ижил хүйстэнтэйгээ явалдах болон өөр бусад үйлдлийн талаарх тэдний үзэл бодол Библийн хэм хэмжээнд үндэслэх учиртай.

Ижил хүйстэнтэйгээ явалдахыг Бурхан юу гэж үздэгээ маш тодорхой илэрхийлдэг. Бурхны Үгэнд ингэж байдаг:

  • «Эр хүн эмэгтэйтэй унтдагийн адил, чи эр хүйстэнтэй бүү унт» (Левит 18:22).

  • «Өөрсдөө хүссэн болохоор нь ... хүсэл тачаалдаа захирагддаг тэднийг Бурхан зөнд нь орхисон. Учир нь эмэгтэйчүүд нь жам ёсны бэлгийн харьцааг жам ёсны бус болгосон» (Ром 1:24, 26).

  • «Бүү мэхлэгд! Садар самуун явдалтан, шүтээн шүтэгч, завхайрагч, эр хүнд биеэ үнэлдэг эр, ижил хүйстэнтэйгээ явалддаг эр, хулгайч, шуналтан, архичин, үг хэлээр дайрч доромжлогч, дээрэмчин Бурхны Хаант төрд багтахгүй» (1 Коринт 6:9, 10).

Үнэндээ бол, ижил хүйстнээ сонирхдог уу, эсрэг хүйстнээ сонирхдог уу гэдгээс үл шалтгаалан Бурхны хэм хэмжээ бүх хүнд хамаатай. Бурханд таалагддаггүй юм хийх хүсэл төрөх үед хүн болгон биеэ барьж, хүслээ хазаарлаж сурах ёстой (Колосай 3:5).

Энэ нь ...

Ижил хүйстнүүдийг үзэн ядахыг Библи уриалдаг гэсэн үг үү?

Үгүй. Библи ижил хүйстэн, эсрэг хүйстний хэнийг ч үзэн ядахыг уриалдаггүй. Харин ч амьдралын хэв маяг нь ямар байгаагаас үл хамааран «бүх хүнтэй эвтэй байхыг мөшгө» гэдэг (Еврей 12:14). Тиймээс ижил хүйстнүүдийг дээрэлхэх, үзэн ядах гэмт хэрэг хийх эсвэл тэдэнтэй өөр ямар нэгэн байдлаар зүй бусаар харьцах нь буруу.

Христийн дагалдагчид ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрсөн хуулийг эсэргүүцэх ёстой гэсэн үг үү?

Бурхны хэм хэмжээний дагуу, гэрлэлт гэдэг бол нэг эрэгтэй, нэг эмэгтэй хоёрын холбоо гэж Библид байдаг (Матай 19:4–6). Гэхдээ ижил хүйстний гэрлэлтийн талаарх хүний зохиосон хууль нь ёс суртахууны гэхээсээ илүү, улс төрийн шинжтэй байдаг. Христийн дагалдагчид улс төрийн хувьд төвийг сахидаг (Ёохан 18:36). Тийм учраас тэд ижил хүйстний гэрлэлт болон ижил хүйстэнтэй явалдах талаар засгийн газраас гаргасан хууль тогтоомжийг өмгөөлдөг ч үгүй, эсэргүүцдэг ч үгүй.

Хэрвээ ...

Хэрвээ хүн ижил хүйстэн бол яах вэ? Өөрчлөгдөж чадах уу?

Тийм ээ, чадна. Нэгдүгээр зуунд амьдарч байсан зарим хүн өөрчлөгдөж чадсан! Библид ижил хүйстэнтэйгээ явалддаг хүн Бурхны Хаант төрд багтахгүй гэж бичсэнийхээ дараа «Та нарын зарим нь тийм байсан» гэжээ (1 Коринт 6:11).

Ижил хүйстэн байхаа больсон хүн амьдралынхаа өмнөх хэв маягт огт татагдахгүй гэсэн үг үү? Үгүй. Библид «Шинэ хүнийг өмс. Шинэ хүн ... үнэн зөв мэдлэгийн дагуу ... шинэчлэгдэж байдаг» гэж бичжээ (Колосай 3:10). Хүн өөрчлөгдөхийн тулд тасралтгүй хичээх ёстой гэсэн үг.

Хэрвээ хүн Бурхны хэм хэмжээг баримтлахыг хүсдэг боловч ижил хүйстнээ сонирхсон хэвээр байвал яах вэ?

Ижил хүйстэнтэйгээ явалдах гэх зэрэг аливаа хүслээ дагах уу, дарах уу гэдэг нь тухайн хүний сонголт юм. Яагаад? Библид «Бурхны агуу хүчээр үргэлж удирдуулцгаа. Тэгвэл нүгэлт хүслээ огт дагахгүй» гэж бичсэн байна (Галат 5:16).

Дээрх зүйлд хүн нүгэлт хүсэлгүй болно гэж бичээгүй байгааг анхаараарай. Харин Библи судлах, залбирах сайн хэвшилтэй болбол тиймэрхүү хүслийг дарж чадна.

Өгүүллийн эхэнд гарсан Дэвид энэ үгний үнэнийг биеэрээ амсжээ. Ялангуяа санааг нь зовоож байсан асуудлаа Гэрч эцэг эхдээ ний нуугүй ярьсан нь их тустай байв. Тэрбээр: «Мөрөн дээрээс нэг их хүнд ачаа аваад хаячих шиг болсон. Хэрвээ би аав ээждээ эртхэн хэлсэн бол өсвөр насаа илүү жаргалтай өнгөрөөх байсан байх» гэж ярьжээ.

Дүгнэж хэлэхэд, хэрэв бид Еховагийн тогтоосон хэм хэмжээг сахивал илүү аз жаргалтай амьдарна. Еховагийн хэм хэмжээ «зөв, зүрхийг баярлуулдаг», «тэдгээрийг сахин биелүүлснээр агуу их шагнал байдаг» гэдэгт итгэж болно (Дуулал 19:8, 11).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах