Агуу Бүтээгчээ сана!
«Хүнд өдрүүд ирэхээс өмнө Агуу Бүтээгчээ сана» (Номлогчийн үгс 12:1, ШЕ).
1. Бурханд өөрсдийгөө зориулсан залуучууд залуу нас болоод хүчээ хэрхэн ашиглах хэрэгтэй вэ?
ЕХОВА хүсэл тааллаа биелүүлэхийн тулд албатууддаа хүч өгдөг (Исаиа 40:28–31). Энэ хүчийг бүх насныханд өгдөг. Харин Бурханд өөрсдийгөө зориулсан залуучууд идэр нас хийгээд хүч чадлаа ухаалаг мэргэн ашиглах нь маш чухал. Тийм учраас тэд эртний Израилийн хаан Соломон номлогчийн зөвлөгөөг сэтгэл зүрхэндээ хүлээн авдаг. Тэрбээр: «Хүнд өдрүүд ирж, “энэ амьдралд над баяр хөөр алга„ гэж ярих он жилүүд болохоос өмнө, идэр залуу насандаа Агуу Бүтээгчээ санаж явагтун» хэмээн уриалсан билээ (Номлогчийн үгс 1:1; 12:1, ШЕ).
2. Үнэнч христосын шашинтнуудын хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ?
2 Залуу насанд нь Бүтээгчийг сануулах гэсэн Соломоны уриа эхний ээлжинд израиль охид, хөвгүүдэд хандсан байдаг. Тэд төрөх цагаасаа л Еховад өөрсдийгөө зориулсан ард түмэнд харьяалагддаг байв. Тэгвэл өнөөгийн үнэнч христосын шашинтнуудын хүүхдүүд яадаг вэ? Мэдээж, тэд Бүтээгчээ мартаж болохгүй нь ойлгомжтой. Ингэснээрээ түүнийг хүндэтгэх болно, энэ нь ч тэдэнд сайн (Исаиа 48:17, 18).
Дээр үеийнхний сайн жишээ
3. Иосеф Самуел Давид гурав ямар жишээ үзүүлсэн бэ?
3 Библид гардаг олон залуус Бүтээгчээ санаж явах сайн жишээ үзүүлсэн байдаг. Иакобын хүү Иосеф амьдралынхаа эхнээс Бүтээгчээ мартаагүй. Потифарын эхнэр Иосефийг өдөж, өөртэйгөө унтахыг санал болгоход нь эрс татгалзаж, «Би яаж ийм их муухай хэрэг үйлдэж, Бурхандаа нүгэл үйлдэх вэ?» хэмээн өгүүлжээ (Эхлэл 39:9). Самуел нэрт Леви хүн Бүтээгчээ бага балчир үедээ төдийгүй насан туршдаа санаж явсан (1 Самуел 1:22–28; 2:18; 3:1–5). Бетлехемийн залуу Давид ч мөн Бүтээгчээ санаж байжээ. Тэрбээр Голиат хэмээгч аварга филистин хүний өөдөөс гарч ирж, «Чи илд, бамбай, жад барьж над уруу ирж байгаа бол харин би чиний доромжилсон Израилийн бүх цэргийн Бурхан, түмэн цэргийн Эзний нэрээр чам уруу очно. Өнөөдөр Эзэн чамайг миний гарт өгнө. Би чамайг алаад, чиний толгойг биенээс чинь таслан авч... Бүх улсууд Израильд Бурхан байна гэдгийг мэдэх болно. Энэ цугласан олон ч Эзэн илд, жад хэрэглэлгүй аварна гэдгийг мэдэх буй заа. Энэ тулалдаан бол Эзний тулалдаан. Эзэн та нарыг бидний гарт өгнө» гэж хашгирснаас Бурханд итгэж байсан нь илэрхий харагдана. Удалгүй Голиат үхэж, филистинчүүд зугтацгаасан (1 Самуел 17:45–51).
4. а) Сирийнхэнд олзлодсон израиль охин болон залуу хаан Иосиа нар Бүтээгчээ санаж явсан нь юунаас харагддаг вэ? б) 12 настай Есүс Бүтээгчээ санаж явдгаа хэрхэн харуулсан бэ?
4 Олзонд байсан израиль охин ч бас Бүтээгчээ санаж явдаг байсан. Тэр охин Сирийн жанжин Наамангийн эхнэрт гайхамшигтай сайхан гэрчлэл өгснөөр Нааман Бурхны зөнч дээр очиж, нойтон хамуу өвнөөсөө ангижран, Еховаг шүтэх болжээ (Хаадын дэд 5:1–19). Залуу хаан Иосиа Еховаг цэврээр шүтэхийн төлөө эр зориг гаргаж байв (Хаадын дэд 22:1–23:25). Гэхдээ танхил бага насандаа Бүтээгчээ санаж явах хамгийн сайн жишээг Назаарын Есүс үзүүлсэн билээ. Есүсийг 12 настай байхад ийм явдал болжээ. Эцэг эх нь Иерусалимд болдог Өнгөрсний баяраар түүнийг авч явжээ. Тэд харих замдаа Есүсийг байхгүй байгааг ажиглаад, хайхаар буцаж явав. Гурав дахь өдөр нь түүнийг дуганд багш нартай сүнслэг асуудлыг шүүн хэлэлцээд сууж байхад нь олжээ. Сэтгэл нь зовсон ээжийнхээ асуултад Есүс: «Та нар юунд Намайг хайсан юм бэ? Эцгийндээ байх ёстойг минь та нар мэдэхгүй гэж үү?» гэж хариулжээ (Лүүк 2:49). Дуганд, Эцгийндээ олж авсан, сүнслэг үнэ цэнтэй мэдлэг нь Есүст ашиг тусаа өгсөн юм. Тэгвэл өнөөдөр Бүтээгчийнхээ талаар нарийн зөв мэдлэг олж авах маш сайн газар бол Хаанчлалын Танхим билээ.
Еховаг өнөөдөр санаж явагтун!
5. Номлогчийн үгс 12:1-д Соломоны бичсэн зүйлийг та өөрийн үгээр хэрхэн хэлэхсэн бол?
5 Еховатай ойр дотно харьцдаг хүн Бурханд аль болохоор эрт үйлчилж, үлдсэн бүх амьдралаа зориулахыг хүсдэг. Харин Бүтээгчээ санаж яваагүйн харгайгаар залуу насаа хий дэмий өнгөрөөсөн хүнийг юу хүлээдэг бол? Бурхны онгод оруулсан үгийг Номлогч ийн хэлсэн: «Хүнд өдрүүд ирж, “энэ амьдралд над баяр хөөр алга„ гэж ярих он жилүүд болохоос өмнө, идэр залуу насандаа Агуу Бүтээгчээ санаж явагтун» (Номлогчийн үгс 12:1, ШЕ).
6. Өндөр настай Симэон Анна нар Агуу Бүтээгчээ санаж байсан нь юунаас харагддаг вэ?
6 Өтөл насны «хүнд өдрүүд» хэнд аятай сайхан санагдах билээ дээ? Гэхдээ Бүтээгчийг санаж явдаг хөгшчүүд баяр хөөрийг амсан эдэлдэг. Өндөр настай болсон Симэон дуганд ирж, нялх Есүсийг тэврэн аваад: «Эзэн минь, Та хэлсэн үгийнхээ дагуу боол намайгаа амар тайван явуултугай. Миний нүд Таны авралыг харлаа.Та үүнийг бүх ард түмний өмнө бэлдсэн билээ. Энэ нь харь үндэстэнд илчлэлийн гэрэл, Таны ард түмэн болох Израилийн алдар суу нь болой» хэмээн баяр хөөртэйгөөр зарлан мэдэгджээ (Лүүк 2:25–32). Наян дөрвөн настай Анна ч мөн Агуу Бүтээгчээ санаж байв. Тэрбээр дуганд байнга байдаг байсан ба нялх Есүсийг хэрхэн авчирсныг харжээ. «Энэ мөчид Анна хүрч ирж Бурханд алдрыг нь өргөөд, Иерусалимын золиосыг хүлээгч бүхэнд Түүний тухай үргэлжлүүлэн ярив» (Лүүк 2:36–38).
7. Хөгшин болтлоо Бурханд үйлчилсэн хүмүүсийн байдал ямар вэ?
7 Хөгшин болтлоо Бурханд үйлчилж буй өнөөгийн Еховагийн Гэрчүүд нас хөгширснөөс өвчин хуучтай болж, насны туйлд хүрч болно. Гэхдээ тэд хэчнээн жаргалтай байж, бид тэдний үнэнч үйлчлэлийг хэчнээн өндөр үнэлдэг гээч! Тэд Еховаг дийлдэшгүй хүчээ дэлхий уруу илгээж, Есүс Христийг тэнгэрийн аугаа хүчирхэг Хаан болгосон гэдгийг нь мэдээд «Еховагийн баяр баясгаланг» амсан баярладаг (Нехемиа 8:10, ШЕ). Тэгэхээр одоо бол хөгшин, залуугүй «Харчууд ба бүсгүйчүүд, хөгшчүүл ба хүүхдүүд Эзний нэрийг магтаг! Учир нь Түүний нэр ганцаараа эрхэм дээд! Түүний цог жавхлан нь тэнгэр, газрын дээр байдаг» гэсэн уриаг дагах цаг юм (Дуулал 148:12, 13).
8, 9. а) «Хүнд өдрүүд» хэнд баяр хөөргүй вэ? Яагаад? б) Номлогчийн үгс 12:2-ыг та бүхэн хэрхэн тайлбарлах вэ?
8 Бүтээгчийг санаж байгаагүй, алдарт санаа зорилго нь юу юм гэдгийг мэддэггүй хүмүүсийн хувьд өтөл насны «хүнд өдрүүд» баяр хөөргүй буюу эсвэл бүр тэсэхүйеэ бэрх байдаг. Тэдэнд Сатаныг тэнгэрээс хөөгдсөнөөс хойш хүн төрөлхтнийг зовоож буй гай түйтгэр, хөгшрөхийн зовлонг нимгэлж өгдөг сүнслэг ойлголт байдаггүй (Илчлэлт 12:7–12). Номлогч, бидэнд «нар, гэрэл, сар, од бүүдийж, борооны үүл гарахаас өмнө» Бүтээгчээ санаж явахыг уриалсны учир нь энэ юм (Номлогчийн үгс 12:2, ШЕ). Энэ үгийг юу гэж ойлгох вэ?
9 Соломон идэр залуу насыг үүлгүй тэнгэрт нь нар, сар, од гэрэлтдэг Палестины зунтай зүйрлэсэн байна. Тэр үеэр орчин тойрон бүхэлдээ солонгын гэрэлд автдаг байв. Хүмүүний өтөл насны өдрүүд бороотой, хүйтэн өвөлтэй адилхан. Тийм өвөл ширүүн бороо тасралтгүй орж таагүй байдаг (Иоб 14:1). Бүтээгчийг мэддэг байсан хирнээ түүнд насныхаа зун цагт үйлчлээгүй хүн юутай харамсалтай! Ялангуяа, хоосон эрмэлзлээсээ болж Еховад үйлчлэх боломжоо залуу насандаа алдсан хүмүүст өтөл насанд нь буюу насных нь өвөл бүх зүйл баргар байдаг. Гэхдээ нас маань ямар ч байлаа гэсэн зөнч Мосегийн чин үнэнч хань Калебийн адилаар «Эзнийг дүүрэн зүрх сэтгэлээр» дагацгаая (Иошуа 14:6–9).
Өтөл нас юу дагуулж ирдэг тухай
10. а) «Гэрийн манаач нар» гэж юу вэ? б) «Эр чадал» гэж юу вэ?
10 Соломон цааш нь «гэрийн манаач нар салганан чичирч, эр чадал нь бөхийх үес тээрэмдэж буй эмэгтэйчүүд ажиллахаа больдог. Яагаад гэвэл, тэд цөөхүүлээ үлджээ. Цонхоор харж буй эмэгтэйчүүдийн нүд будангуйрдаг» тэр үед бий болдог бэрхшээлийг дүрслэн бичжээ (Номлогчийн үгс 12:3, ШЕ). «Гэр» гэдэг нь хүний бие юм (Матай 12:43–45; 2 Коринт 5:1–8). «Гэрийн манаач нар» гэдэг нь биеийг хамгаалж, хэрэгцээг нь хангаж байдаг гар юм. Тэд өтөл насныхаа сул дорой, хийрхүү байдал юм уу саа өвчиндөө байнга салганан чичирдэг. Хүчит баганатай адилгүй болсон «эр чадал» буюу хөл нь тамирдан, тахийж, арай ядан гэлдэрнэ. Гэвч бид христосын шашны хурлын өндөр настай итгэл нэгтнүүдээ хараад баярладаггүй гэж үү?
11. Дүрслэн хэлэхэд, ямар зүйлийг «тээрэмдэж буй» болон «цонхоор харж буй эмэгтэйчүүд» гэж нэрлэж болох вэ?
11 «Тээрэмдэж буй эмэгтэйчүүд ажиллахаа больдог. Яагаад гэвэл, тэд цөөхүүлээ үлджээ». Энэ нь юу гэсэн үг вэ? Шүд сулран унаж, үлдлээ гэхэд цөөн хэд л үлддэг. Хатуу зүйлийг «тээрэмдэх» нь хэцүү болж, сүүлдээ бүр боломжгүй болдог. «Цонхоор харж буй эмэгтэйчүүд» нь нүд бөгөөд хэрэв бие огт гэрэлгүй үлдэж хоцорвол харах чадвар нь бүр ч будангуйрдаг.
12. а) «Гудамж уруу гарах хаалганууд хаагддаг» гэдэг нь ямар утгатай үг вэ? б) Хаанчлалын өндөр настай дэлгэрүүлэгчдийн талаар та юу гэж боддог вэ?
12 «Тээрэмдэх дуу намжихад гудамж уруу гарах хаалганууд хаагддаг. Шувууны дуунаар хүн босож, дууны охидын хоолой нь сөөнө» хэмээн Номлогч үргэлжлүүлэн хэлсэн (Номлогчийн үгс 12:4, ШЕ). «Гэр» буюу биен дотроо юу болж буйг хэлэх гэхэд нь Бурханд үйлчилдэггүй насан өндөр болсон хүмүүсийн амны «хаалга» болох уруул нь бараг огт нээгддэггүй. Ямар ч санаа нийгмийн амьдралын «гудамжинд» гардаггүй. Тэгвэл Хаанчлалыг идэвх зүтгэлтэй бөгөөд өндөр настай дэлгэрүүлэгчдийн талаар юу хэлж болох вэ? (Иоб 41:6). Магадгүй тэд айлуудаар тийм ч хурдан явдаггүй, ярихад нь хэцүү байдаг байх. Гэлээ ч Еховаг алдаршуулдаг нь дамжиггүй! (Дуулал 113:1).
13. Хөгшчүүлд тохиолдох зарим бэрхшээлийн талаар Номлогч хэрхэн дүрсэлж вэ? Гэхдээ настай христосын шашинтнуудын талаар юу хэлж болох вэ?
13 Тээрэмдэх дуу намжих гэдэг нь хөгшин хүн шүдгүй буйлаараа хоолоо зажлах гэсэн үг. Тийм хүний нойр хулжимхай байдаг. Тэр байтугай шувуудын жиргээ түүнийг түгшүүлнэ. Дуу дуулах нь цөөрөх бөгөөд дуулъя ч гэсэн хоолой нь олигтой гарахаа больдог. «Дууны охидын хоолой нь сөөнө», өөрөөр хэлбэл, дууны ноотгүй болно гэсэн үг. Бусдын дуулж, хөгжимдөхийг хөгшин хүн муу сонсоно. Гэхдээ тослогдсон настангууд болон тэдний хань ижил нь христосын шашны цуглаануудад өөрийнхөө дуу хоолойгоор Бурхныг магтан дуулсаар байна. Тэднийг цуглаанд хүрэлцэн ирж, бидэнтэй хамт Еховаг магтан алдаршуулдагт нь бид тун их баяртай байдаг билээ! (Дуулал 149:1)
14. Настай хүмүүс юунаас айдаг вэ?
14 Бүтээгчийг үл тоомсорлодог хөгшчүүлийн хувь заяа яасан хөөрхийлөлтэй вэ! Номлогч: «Тэд өндрөөс айдаг ба тэдний замд айдас бий. Буйлс цэцэглэхэд дэвхрэг хүндэрч, каперс дэлгэрдэг. Учир нь хүн мөнхийн гэрээ орхин одож, уйлан хайлагчид түүнийг тойрон гудамжинд гарцгаах болно» (Номлогчийн үгс 12:5, ШЕ). Настай хүмүүс шатны дээд талд зогсохоороо унахаас айдаг. Мөн өндөрт байгаа зүйлийг харахаараа толгой нь эргэдэг. Хөл ихтэй гудамжинд гарах болохоороо гэмтэж бэртэх юм уу дээрэмдүүлэхээс айдаг.
15. «Буйлс цэцэглэх», «дэвхрэг хүндрэх» зэрэг үгийг юу гэж ойлгох вэ?
15 Өтөл насанд «буйлс цэцэглэдэг» гэдэг нь үс бууралтаж эхлээд, дараа нь дун цагаан болдог. Бууралтсан үс буйлсын цагаан цэцэг адил «унадаг». Хүний алхаа «лагс болж», нуруу нь бөгтийж, гар нь унждаг. Гараа ташаандаа авахад тохой нь ёрдойж, дэвхрэгийг санагдуулна. Энэхүү дүрслэл зарим нэг талаараа бидний хэн нэгэнд маань тохирч байлаа ч гэсэн Еховагийн удирддаг царцааны эрч хүчтэй, хурдан армийнхан гэдгээ бусдад үзүүлцгээе!
16. а) «Каперс дэлгэрэх» нь юуны шинж тэмдэг вэ? б) Хүний «мөнхийн гэр» гэж юу вэ? Үхэл ойрхон байгааг ямар ямар шинжээс мэдэх вэ?
16 Хөгшин хүн залуу хүн шиг хоолонд дурлахаа больдог. Каперс шиг амтлаг сайхан хоол ч дурыг нь татдаггүй. Хоол идэх дур хүргэхийн тулд каперсыг эртнээс хэрэглэсээр иржээ. «Каперс дэлгэрэх» гэдэг нь хөгшин хүний хоол идэх дур нь алга болж, энэ жимс ч идэх хүслийг нь төрүүлэхгүй байна гэсэн үг. Энэ нь юу өгүүлнэ вэ? гэвэл тэр хүний «мөнхийн гэр» булш нь ойртож буй хэрэг. Хэрэв тухайн хүн Бүтээгчээ санаж яваагүй, өдгөөг хүртэл гэм нүгэлтэй явж ирсэн бөгөөд Бурхан үхэгсдийг амилуулах үедээ түүнийг санахгүй бол булш түүний хувьд мөнхийн гэр нь болох болно. Үхэл ойрхон байгаагийн шинж тэмдэг нь хөгшин хүний «хаалга» буюу амнаас гарах зовлонт амьсгал, зовуурьт яраглалаар илэрдэг.
17. «Мөнгөн гинж тасрах» гэдэг нь юу гэсэн үг вэ? «Алтан аягаар» юуг төлөөлж болох вэ?
17 Бид Бүтээгчээ «мөнгөн гинжээ тасарч, алтан аягаа хагартал, булгийн дэргэдэх домбоо хагарч, худагны амны дугуйгаа эвдэртэл» санаж явах учиртай (Номлогчийн үгс 12:6, ШЕ). «Мөнгөн гинж» нь нугасыг төлөөлсөн байж болох юм. Мэдрэлийн импульс дамжин уураг тархинд хүрдэг энэ гайхамшигтай дамжуулагчийн засрашгүй гэмтэл нь үхэлд зайлшгүй хүргэдэг. «Алтан аяга»-аар аягатай зүйрлэм гавлын ясан дотор байдаг бөгөөд нугастай холбогддог уураг тархийг төсөөлж болох юм. Үнэ цэнээрээ алттай зүйрлэм тархи жагсаалаас гарахад үхдэг.
18. «Булгийн дэргэд байгаа домбо» юуг төлөөлдөг ба түүнийг хагарахад юу болдог вэ?
18 «Булгийн дэргэд байгаа домбо» нь биеэр эргэлдэгч цусны урсгалыг хүлээн авч, цааш нь явуулдаг зүрхийг төлөөлдөг. Хүн үхэхэд зүрх бие махбодийг тэжээж чийрэгжүүлэхэд шаардлагатай цусыг хүлээн авч, хадгалан, цааш нь шахах чадваргүй болдог бөгөөд энэ нь булгийн дэргэд байгаа хагарсан домботой адил болно гэсэн үг. «Худагны амсрын эвдэрсэн дугуй» эргэхээ больж, амьдралд чухал шаардлагатай цусны эргэлт зогсдог. Тийнхүү XVII зуунд эмч Уильям Гарвейн цусны эргэлтийг нээхээс олон зуун жилийн өмнө Ехова Соломонд тийм үзэгдэл байдгийг хэлж өгчээ.
19. Номлогчийн үгс номын 12:7-д бичигдсэн үгс үхэх үед хэрхэн биелдэг вэ?
19 Номлогч: «Тэрбээр авагдсан газар шороо уруугаа, харин сүнс нь өгсөн эзэн Бурхандаа эргэж очно» гэж нэмэж хэлсэн (Номлогчийн үгс 12:7). «Худагны амсрын дугуй эвдрэхэд» анхнаасаа газар шороогоор бүтээгдсэн хүний бие эргээд тоос шороо болно (Эхлэл 2:7; 3:19). Сүнс буюу Бурхны өгсөн амийн хүч Бүтээгч уруу маань эргэн очиж, түүнд хадгалагдан үлддэг учраас амьтан үхдэг (Езекиел 18:4, 20; Иакоов 2:26).
Санадаг хүмүүсийн ирээдүй ямар вэ?
20. Дуулал 90:12-т бичсэнээр Мосе юу хүсэж залбирсан бэ?
20 Бүтээгчээ санах нь хэр чухал болохыг Соломон маш тодорхой үзүүлсэн. Харьцангуй ахархан, тайван бус амьдрал бол Еховаг мартдаггүй, хүсэл тааллыг нь чин сэтгэлээсээ биелүүлдэг хүмүүсийн хүсэн хүлээж байдаг зүйл огтхон ч биш гэдэг нь маргаангүй юм. Тэд хөгшин ч бай, залуу ч бай «Өөрсдийнхөө өдрийг тоолохыг бидэнд зааж өгөөч! Бидэнд цэцэн ухаант сэтгэлийг хүртээгээч!» гэж залбирсан Мосегийн адилаар бодож сэтгэдэг. Еховагийн номхон даруу зөнч Ехова өөрийг нь болон Израилийн ард түмнийг «амьдралын өдөр хоногуудаа» мэргэн ухаанаар үнэлж, тэдгээрийг Бурхны таалалд нийцүүлэн захирч сургаасай хэмээн их хүсдэг байсан (Дуулал 90:10, 12).
21. Еховагийн алдраар «өөрсдийнхөө өдрийг тоолж» сурахыг хүсвэл яах ёстой вэ?
21 Бүтээгчээ мартахгүй байх тухай Номлогчийн хэлсэн зөвлөгөөг, ялангуяа, христосын шашинтан залуучууд дагах нь бүр чухал. Бурхны ариун албанд оролцох сайхан боломжийг тэнд бичсэн байдаг шүү дээ! Харин бид нас харгалзахгүйгээр Еховагийн алдраар «өдрийг тоолж» сурвал эцэс төгсгөлгүй тоолох ирээдүй бидний өмнө харагдаж байна (Даниел 12:4; Иохан 17:3). Үүний тулд Бүтээгчээ санаж байх хэрэгтэй нь лавтай. Мөн Бурхны өмнө хүлээсэн үүргээ эцсээ хүртэл биелүүлэх ёстой.
Та юу гэж хариулах вэ?
◻ Ямар учраас залуучуудад Бүтээгчээ санахыг уриалдаг вэ?
◻ Бүтээгчээ санаж явсан хүмүүсийн ямар ямар жишээ Библид байдаг вэ?
◻ Соломоны тодорхойлон бичсэнээр өтөл нас юу дагуулж ирдэг вэ?
◻ Еховаг мартдаггүй хүмүүсийг ямар ирээдүй хүлээж байна вэ?