Та Бурхны өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж байна уу?
«[Жинхэнэ] Бурхан аливаа ажил үйлсийг хийгээд сайн муу бүх далд зүйлийг өөрөө шүүнэ» (НОМЛОГЧИЙН ҮГС 12:14, ШЕ).
1. Ехова ард түмэндээ юу өгдөг вэ?
ӨӨРИЙГ НЬ Бүтээгчээ хэмээн санадаг бүх хүнд Ехова тусалдаг билээ. Түүний Үг өөрт нь таалагдахад хэрэгтэй бүх мэдлэгийг тэдэнд өгдөг. Бурхны хүслийг биелүүлж, «сайн ажил бүхэндээ үр дүнтэй байхад» нь Бурхны ариун сүнс тэднийг хөтөлдөг (Колоссай 1:9, 10). Түүнээс гадна, Ехова «итгэлтэй мэргэн боолоор» дамжуулан теократ удирдамж болон сүнслэг хоол өгдөг (Матай 24:45–47). Тийнхүү, Еховад үйлчилдэг, Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх эрхэм чухал ажлыг гүйцэтгэдэг Бурхны ард түмэн олон талаараа дээрээс ирэх ивээл хүртдэг аж (Марк 13:10).
2. Еховад үйлчлэхтэй холбогдуулан ямар ямар асуултууд урган гардаг вэ?
2 Жинхэнэ христосын шашинтнууд Еховагийн ариун үйлсэд өөрсдийгөө баяр хөөртэйгөөр зориулдаг. Гэвч зарим нэг нь сэтгэлээр унаж, хий дэмий их хүч гаргалаа гэж бодож болох юм. Заримдаа үнэнч христосын шашинтнууд сайн дурын хичээл зүтгэл нь үнэ цэнтэй эсэхэд эргэлзэх нь бий. Өрхийн тэргүүн, гэр бүлийн судлал болон бусад ажлаа хэрхэн явуулдгаа эргэцүүлэхдээ бидний хийж буй зүйл Еховагийн сэтгэлд нийцдэг болов уу? Бид Бурхны өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж байна уу, үгүй юу? гэсэн асуулттай тулгардаг. Иймэрхүү асуултуудад хариулахад Номлогчийн мэргэн үг тусална.
Бүх юм дэмий хоосон уу?
3. Номлогчийн үгс 12:8-д бичсэнээр орчлонд юуг дэмий хоосны туйл гэж үзэж болох вэ?
3 Мэргэн хүний үг нь залуу, хөгшин ямар ч хүний урам зоригийг тэгтлээ их хөдөлгөхгүй байгаа мэт хэн нэгэнд санагдаж болох юм. «„Агуу их хоосон! Бүх юм дэмий хоосон“ хэмээн дуудан ирүүлэгч хэлэв» (Номлогчийн үгс 12:8, ШЕ). Залуудаа Бүтээгчээ үл тоомсорлон, түүнд үйлчлэлгүй насыг элээж, олон жил амьдарсны эцэст өтөл настайгаа золгосон нь үнэхээр л дэмий хоосны туйл билээ! Тийм хүн бузар муу Сатан Диаболын эрхшээлд байгаа энэхүү дэлхийд алдартай, баян байлаа ч, үхэхэд нь бүх юм дэмий хоосон байдаг (1 Иохан 5:19).
4. Ямар учраас бүх зүйлийг дэмий хоосон биш гэж хэлж болох вэ?
4 Харин Еховад үнэнчээр үйлчлэн, тэнгэрт эд баялгийг хурааж байгаа хүмүүсийн тухайд бүх юм дэмий хоосон биш юм (Матай 6:19, 20). Тэдэнд Эзний үйл хэрэгт баяр хөөр авчрах их ажил байдаг агаад тэр ажлыг нь дэмий хоосон гэж хэлж болохгүй (1 Коринт 15:58). Гэхдээ бид Бурханд өөрсдийгөө зориулсан бол сүүлчийн өдрүүдэд гүйцэтгэхийг даалгасан тэр ажлыг нь идэвх зүтгэлтэй хийж байгаа бил үү? (2 Тимот 3:1). Эсвэл бид бусад шашныхнаас бараг ялгагдахгүй байдлаар амьдарч байна уу? Тэд янз янзаар нүглээ наманчилж, байнга мөргөл хийж, шашныхаа заавар зөвлөгөөг биелүүлэхийг хичээх гэх зэргээр итгэлдээ тун сүрхий ханддаг. Мэдээж, тэднийг Хаанчлалын тухай мэдээ тунхагладаг гэж хэлж болохгүй л дээ. Тэдэнд «төгсгөлийн цаг үед» амьдарч байна гэсэн нарийн зөв мэдлэг ч байхгүй, энэ цаг үе нь хүмүүсээс хойшуулшгүй үйл хийхийг шаардаж байна гэсэн мэдрэмж ч байхгүй (Даниел 12:4, ШЕ).
5. Өдөр тутмын үйл хэрэг маань бидний санааг зовоосон зүйл болсон бол яах хэрэгтэй вэ?
5 Есүс Христ өнөөгийн аюултай цаг үеийн талаар: «Ноагийн өдрүүд ямар байсанчлан Хүний Хүүгийн залран ирэх нь түүнчлэн байх юм. Үерийн өмнөх тэр өдрүүдэд, Ноаг хөвөгч саравчиндаа ортол тэд идэж ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа. Үер бууж бүгдийг үхүүлэх хүртэл тэд ойлгоогүй юм. Хүний Хүүгийн залран ирэх нь түүнчлэн байх болно» гэж хэлжээ (Матай 24:37–39). Хир тааруу идэж уух нь зохисгүй зүйл огтхон ч биш. Бурхан өөрөө гэр бүлийг бий болгосон учраас эхнэр авах, нөхөрт гарах ч мөн адил буруушаах зүйл биш ээ (Эхлэл 2:20–24). Харин өдөр тутмын үйл хэрэг маань бидний санааг зовоосон гол зүйл болсныг ухаарсан бол Бурханд яагаад залбирч болдоггүй билээ? Хаанчлалын эрх ашгийг бүхнээс дээгүүр тавих, зөвийг хийх, хүлээсэн үүргээ биелүүлэхэд маань Ехова бидэнд туслах болно (Матай 6:33; Ром 12:12; 2 Коринт 13:7).
Бурханд өөрийгөө зориулах хийгээд түүний өмнө хүлээсэн бидний үүрэг
6. Баптисм хүртсэн зарим христосын шашинтнууд Бурхны өмнө хүлээсэн үүргээ ямар чухал асуудлын хувьд биелүүлдэггүй вэ?
6 Бид Еховад өөрсдийгөө зориулснаараа Бурханд үйлчлэх үүрэг хүлээдэг. Гэтэл баптисм хүртсэн христосын шашинтнуудын зарим нь энэ үүргийнхээ дагуу амьдардаггүй учраас шаргуу залбирах хэрэгтэй байдаг. Сүүлийн хэдэн жил дараалан жил бүр 300 000 гаруй хүн баптисм хүртсээр ирсэн ч идэвхтэй Гэрчийн нийт өсөлт энэ үзүүлэлтээс бага байна. Хаанчлалын дэлгэрүүлэгч болсон зарим хүн сайн мэдээг зарлан тунхаглахаа больдог. Хүн баптисм хүртэхээсээ өмнө христосын шашны үнэт үйлчлэлд оролцох хэрэгтэй. Тиймд Есүсийн: «Иймээс яв, бүх үндэстнийг дагалдагч болго. Эцэг, Хүү болоод Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээ. Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заагтун» хэмээн дагалдагчдадаа өгсөн тушаалыг шинэ хүмүүс сайн мэддэг (Матай 28:19, 20). Хэрэв өөрсдөөс нь үл шалтгаалах хүчин зүйл юм уу эрүүл мэндтэй нь холбоотой ямар нэг онцгой нөхцөл байдал саад болоогүй л бол Бурхан болон Христийн идэвхтэй Гэрч байхаа больсон, баптисм хүртсэн христосын шашинтнуудыг Бүтээгчийнхээ өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхгүй байна гэж хэлж болно (Исаиа 43:10–12).
7. Шүтэхийн тулд яагаад байнга цуглах ёстой вэ?
7 Эртний Израилийн ард түмэн Бурханд өөрсдийгөө зориулсан байсан агаад Хуулийн гэрээ энэ ард түмэнд Еховагийн өмнө тодорхой үүрэг хүлээлгэжээ. Жишээлбэл, бүх эрчүүд нь жил бүр болдог гурван баяраар цуглах ёстой байв. Хэрэв Өнгөрсний баярыг санаатайгаар тэмдэглээгүй бол тэр хүнийг «үхүүлдэг» байжээ (Тооллого 9:13, ШЕ; Левит 23:1–43; Дэд хууль 16:16). Израильчууд Бурханд өөрсдийгөө зориулсан ард түмэн болохын хувьд Бурхны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд мөргөл үйлдэхээр цуглах ёстой байв (Дэд хууль 31:10–13). «Энэ зарлиг чиний санаанд нийцвэл л түүнийг биелүүл» гэж Хуулийн хаана нь ч байдаггүй. Израильчуудад хамаатай цугларах тухай тушаал Еховад өөрсдийгөө зориулсан өнөө үеийн хүмүүст хандаж хэлсэн Паулын: «Бие биедээ халамжтай байя. Ингэхдээ хайр ба сайн үйлсийг хөхүүлэн урамшуулж, зарим хүмүүст зуршил бий болсончлон хамтдаа цуглахаа үл больж, харин тэр өдөр ойртох тусам нэг нэгнээ улам зоригжуулъя» хэмээсэн үгийг батжуулдаг нь гарцаагүй (Еврей 10:24, 25). Тийм ээ, үнэнч христосын шашинтнуудын хувьд итгэл нэгтнүүдтэйгээ хамт байнга цуглах нь Бурхны өмнө хүлээсэн үүргийн нь нэг юм.
Сайн бодож байж шийдвэрээ гарга!
8. Бурханд өөрийгөө зориулсан залуу хүн ариун үйлчлэлийнхээ талаар яагаад бодож, залбирах хэрэгтэй вэ?
8 Таныг Еховад өөрийгөө зориулсан залуу хүн байна гэж бодъё. Хэрэв Хаанчлалын эрх ашиг таны амьдралын хамгийн гол зүйл хэвээр байвал таныг элбэг баян ивээл хүлээж байна (Сургаалт үгс 10:22). Амьдралынхаа ядаж л залуу насыг бүрэн цагийн үйлчлэлийн аль нэг хэлбэрээр өнгөрүүлэхэд тань залбирал болон нарийн төлөвлөгөө туслах болно. Энэ нь Бүтээгчээ санаж байгааг тань харуулах сайн арга юм. Эс тэгвээс таны цаг зав, анхаарлын дийлэнхийг сүнслэг бус сонирхол эзэлчихийг үгүйсгэх аргагүй. Магадгүй, та бусдын адил эрт гэрлэж, янз бүрийн юм олж авахын тулд зээл авч болох юм. Ашигтай албан тушаал бол цаг зав болоод хүч чадлын үлэмж хэсгийг эзэлнэ. Хэрэв та хүүхэдтэй болбол нэг бус арван жилд гүйцэтгэх гэр бүлийн үүрэгтэй болно (1 Тимот 5:8). Ингэлээ гээд Бүтээгчээ мартах албагүй л дээ. Гэхдээ аль болох эрт төлөвлөх эсэхээс таны боловсорсон амьдрал яаж төлөвших нь хамаарч болдог. Олон жилийн дараа урьдын явдлаа эргэн харж, залуу байхдаа л Бүтээгчдээ илүү их үйлчилдэг байж гэж харамсах хэрэг юу байна? Еховагийн ариун албанаас залуу насандаа таашаал авахын тулд ирээдүйн амьдралаа яг одооноос төлөвлөж яагаад болохгүй гэж?
9. Урьд өмнө нь хуралд олон үүрэгтэй байж байгаад хөгширсөн хүнд юу хүч өгөх вэ?
9 Нэгэн цагт «Бурхны хонин сүргийг» хариулж байсан хүнд бий болж болох бусад нөхцөл байдлын талаар бодож үзье (1 Пэтр 5:2, 3). Тэр хүн ямар нэгэн шалтгаанаар энэ хүндтэй үйлчлэлийг сайн дураараа орхижээ. Тийм ээ, тэр хүн хөгширч, Бурханд үйлчлэхэд нь хэцүү болжээ. Гэхдээ теократ томилолт авах гэж дахин эрмэлзэж болдоггүй юм болов уу? Тийм хүн хуралд томоохон үүрэг биелүүлэх хүч дахин авснаараа хэчнээн сайхан ивээгдэх бол! Хэн ч гагцхүү өөрийнхөө төлөө амьдардаггүй болохоор үйлчлэлээ Бурхны алдраар өргөжүүлж чадвал ойр дотнынхон нь болоод найз нөхөд нь баяртай байх болно (Ром 14:7, 8). Хамгийн гол нь Ехова өөрт нь үйлчилж буй хүн бүрийн юу хийдгийг мартахгүй (Еврей 6:10–12). Тэгэхлээр, Бүтээгчээ санахад маань бидэнд юу туслах вэ?
Бүтээгчээ санахад юу тус болох вэ?
10. Ямар учраас номлогч бидэнд Бүтээгчээ хэрхэн санах талаар зөвлөгөө өгч чадах байв аа?
10 Бүтээгчээ хэрхэн санах талаар зөвлөгөөг Номлогч бидэнд өгч чадах байв. Ехова түүний чин сэтгэлийн залбиралд нь хариу өгч, түүнд ер бусын мэргэн ухаан хайрласан билээ (Хаант улсын дээд 3:6–12). Соломон хүний үйл ажиллагааны бүх хүрээг нарийн нягт судалжээ. Түүнчлэн, тэрбээр Бурхны сүнсний үйлчлэлээр судалгааныхаа үр дүнг бусдын тусын тулд бичгээр үлдээжээ. Тэрээр: «Номлогч мэргэн ухаантай хүн болохын хажуугаар хүмүүсийг байнга сургадаг байв. Тэрээр бүхнийг цэгнэн бодож, нягт нямбай судлаад олон зүйр үгийг бичжээ. Номлогч таатай сайхан үгсээр үнэний тухай оновчтой зөв бичихийг хичээжээ» гэж бичсэн байна (Номлогчийн үгс 12:9, 10).
11. Ямар учраас бид Соломоны мэргэн зөвлөгөөг хүлээн авах хэрэгтэй вэ?
11 Грек хэл дээрх Септуагинт орчуулгад дээрх үгсийг ийн бичжээ: «Номлогч ухаантай хүн байсан төдийгүй хүмүүсийг мэргэн ухаанд сургадаг байв. Номлогч сэтгэлд таатай үгсийг сайтар нягтлан сонгож, сайн сайхны тухай уран яруу бичсэн нь үнэний үг юм» гэж тэмдэглэжээ («The Septuagint Bible» Чарлз Томсоны орчуулгаар). Соломон үнэхээр сонирхолтой, анхаарал татсан сэдвийг тайлбарлан, сургаалаа уран яруу илэрхийлэн бичсэн нь уншигдын зүрх сэтгэлд хүрэхийг хичээсэн хэрэг юм. Библид буй түүний бичсэн үгс нь ариун сүнсний нөлөөн доор байсан болохоор эргэлзэж тээнэгэлзэлгүйээр түүний хүрсэн дүгнэлттэй санаа нэгдэж, мэргэн зөвлөгөөг нь хүлээн авч болно (2 Тимот 3:16, 17).
12. Номлогчийн үгс 12:11, 12—т Соломоны бичсэн үгийг та хэрхэн тайлбарлах вэ?
12 Соломоны амьдарч байсан тэр үед орчин үеийнх шиг хэвлэлийн арга үгүй байсан хэдий ч олон ном байв. Тийм ном хэвлэлд хэрхэн хандах хэрэгтэй байсан бэ? Тэрбээр: «Мэргэн ухаант хүмүүсийн үг нь шилбүүр адил бөгөөд (сургаалыг) сонирхон цуглуулагчид нь бат хадагдсан хадаас адил ба тэдгээрийг нэг хоньчин өгчээ. Үүнээс өөрт болгоомжтой бай, хүү минь. Олон ном зохиож туурвих нь эцэс төгсгөлгүй хэрэг мөн агаад тэдгээрийг ихэд бишрэх нь биед алжаалтай» гэжээ (Номлогчийн үгс 12:11, 12).
13. Бурхны ухааныг хүртсэн хүмүүсийн үг нь мал амьтныг туухдаа ашигладаг шилбүүртэй адилхан гэдэг ямар утгатай вэ? Хэн «бат хадагдсан хадаастай» адил вэ?
13 Бурхны ухааныг хүртсэн хүмүүсийн үг нь хүн мал амьтныг туухдаа ашигладаг шилбүүртэй адилхан юм. Яаж тэр билээ? Тэдгээр үг нь хүмүүс уншсан, сонссон мэргэн ухааныхаа дагуу дэвжин дээшилж, урагш тэмүүлэхийг өдөөдөг. Түүнээс гадна, үнэхээрийн мэргэн, үнэ цэнтэй сургаалыг «цуглуулагчид» нь «бат хадагдсан хадаас» адил гэдэг нь тэд байрандаа бат зогсдог юм. Үүний учир нь тийм хүмүүсийн үгнээс Еховагийн мэргэн ухаан илэрдэг. Яагаад гэвэл тэдний үг уншигчид болон сонсогчдод гуйвшгүй байхад нь тусладаг ба дэмждэг юм. Бурхнаас эмээгч эцэг эхчүүд энэхүү мэргэн ухаан үр хүүхдийнх нь оюун ухаан болон зүрх сэтгэлд суугаасай гэж бүх хүчээрээ чармайх нь зөв бус уу? (Дэд хууль 6:4–9).
14. а) Ямар номыг «ихэд бишрэх» нь ашиггүй вэ? б) Юуны түрүүнд бид ямар номд анхаарах ёстой вэ? Энэ нь ямар учраас вэ?
14 Соломон номны талаар яагаад ингэж хэлсэн бол оо? Еховагийн үгнээс ялгаатай нь энэ дэлхийнхний зохиосон эцэс төгсгөлгүй боть номнууд хүний л эргэцүүллийг бичсэн байдаг. Энэ номнуудад Сатан Диаболын үзлийг тусгасан олон зүйл байдаг (2 Коринт 4:4). Учир иймээс дэлхийн номыг «ихэд бишрэх» нь урт удаан хугацааны ашиг тус багатай болно. Мөн ийм материалын ихэнх хэсэг нь сүнслэг байдалд хор уршигтай байдаг. Соломоны адилаар Бурхны Үг амьдралын талаар юу өгүүлдгийг эргэцүүлэн бодоцгооё. Энэ нь итгэлийг маань бэхжүүлж, биднийг Еховатай улам дотно болгоно. Өөр ном зохиол болон мэдээллийн эх үүсвэрт хэт их анхаарах нь биднийг туйлдуулна. Харин тэр мэдээлэл Бурхны мэргэн ухаантай зөрчилддөг дэлхийн үзэл бодлын үр дүн мөн бол Бурханд болон Бурхны санаа зорилгод итгэх итгэлд онцгой хор хөнөөлтөй бөгөөд үл тохирно. Иймээс Соломоны үед ч өнөө үед ч хамгийн ашигтай мэдээлэл бол «нэг хоньчин» буюу Ехова Бурхны мэргэн ухааныг тусгасан тэр л мэдээлэл юм гэдгийг санаж явъя. Тэрээр бидэнд Ариун Бичээсийн 66 номыг өгсөн ба бид ч юуны түрүүнд үүнд анхаарах хэрэгтэй. Библи болон «итгэлтэй боолын» өгдөг ашиг тустай хэвлэлүүд нь «Бурхны тухай мэдлэгийг» олж авахад маань тусладаг (Сургаалт үгс 2:1–6, ШЕ).
Бурхны өмнө хүлээх бидний үүрэг
15. а) «Бүх үүрэг» гэсэн Соломоны үгийг та хэрхэн тайлбарлах вэ? б) Бурхны өмнө хариуцлагаа биелүүлэхийн тулд бид юу хийх шаардлагатай вэ?
15 Номлогч буюу Соломон судалснаа нэгтгээд хэлсэн нь: «Сонссон бүхнээ дүгнэхэд: Жинхэнэ Бурхнаас эмээж, түүний тушаалуудыг биелүүл. Учир нь энэ бол хүний хүлээх бүх үүрэг юм. Жинхэнэ Бурхан сайн, саар ямар ч байлаа гэсэн нууц далд хэрэг бүрийг шүүх болно» гэжээ (Номлогчийн үгс 12:13, 14, ШЕ). Бүтээгчээсээ эмээх буюу Бүтээгчээ хүндэтгэх гэдэг нь зөв зохистой бөгөөд энэ нь биднийг болон ойр дотныхныг маань үгээр илэрхийлэхийн аргагүй зовлон бэрхшээл ба уй гуниг авчрах амьдралын утгагүй хэв маягаас хамгаална гэж найддаг. Бурхнаас эмээх нь зөв зохистой ба ариун явдал хийгээд мэргэн ухаан ба мэдлэгийн эхлэл мөн (Дуулал 19:10; Сургаалт үгс 1:7). Хэрэв бид Бурхны Үгэнд үндэслэсэн хэрсүү ухаантай байж, бүх зүйл дээр түүний зөвлөгөөг дагадаг бол Бурхны өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж байна гэж хэлж болно. Ингэхдээ хүлээх үүргийн жагсаалт гэж бичих хэрэггүй. Бид бэрхшээлийг шийдэхдээ Бичээст хандан, ямагт Бурханд таатайгаар үйл хэргээ явуулах шаардлагатай.
16. Ехова юуг шүүх вэ?
16 Бүтээгчийн маань хараанаас юу ч мултарч гардаггүй гэдгийг бид санах ёстой (Сургаалт үгс 15:3). «Бурхан... хэрэг бүрийг шүүх болно». Тийм ээ, Хэмжээгүй эрхэт Бурхан бүхнийг тэр дундаа хүний нүднээс далдуур бүхнийг шүүнэ. Үүнийг мэдэх нь Бурхны тушаалыг биелүүлэхийг өдөөдөг. Гэвч үүнээс илүүтэйгээр тэнгэрийн Эцгээ хайрлах хайр маань үүнийг өдөөх ёстой. Учир нь элч Иохан: «Түүний айлдваруудыг сахих явдал нь Бурхныг хайрлах хайр мөн. Түүний айлдварууд хүнд хүчир биш юм» гэж бичсэн билээ (1 Иохан 5:3). Бурхны тушаалууд нь бидний мөнхийн сайн сайхны төлөө байдаг болохоор тэдгээрийг биелүүлэх нь зөв төдийгүй ухаалаг хэрэг мөн. Бүтээгчийг хайрладаг хүмүүст энэ нь хэцүү биш ээ. Түүний өмнө үүргээ биелүүлэхийг тэд хүсдэг юм.
Үүргээ бүрэн биелүүлэх нь
17. Бурхны өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн биелүүлэхийг хүсдэг бол бид яах вэ?
17 Хэрэв бид мэргэн ухаантай байж, Бурхны өмнө хүлээсэн үүргээ хүртэл биелүүлэхийг үнэхээр хүсдэг аваас бид түүний тушаалыг биелүүлээд зогсохгүй түүний таалалд нийцэхээ болих вий гэж эмээх болно. Үнэхээр ч «Эзнийг хүндэтгэх нь цэцэн ухааны эх үндэс» мөн бөгөөд харин тушаалыг нь сахин биелүүлдэг хүмүүсийг «ухаалаг» хэмээн нэрлэж болох ажээ (Дуулал 111:10; Сургаалт үгс 1:7) Иймд мэргэн ухаалаг байж, бүх зүйл дээр Еховад дуулгавартай байя. Энэ нь Хаан Есүс Христ аль хэдийн ирчихсэн байгаа бөгөөд Бурхнаас томилогдсон Шүүгчийн хувиар шүүх өдөр нь тун ойртчихсон байгаа тул өнөө үед онцгой чухал юм (Матай 24:3; 25:31, 32).
18. Хэрэв бид Ехова Бурхны өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлвэл биднийг юу хүлээж байна вэ?
18 Одоо Бурхан хүн нэг бүрийг гярхай ажиглаж байгаа. Бид сүнслэг талыг чухалчилдаг уу эсвэл дэлхийн нөлөө Бурхантайгаа холбогдох холбоог сулруулахыг зөвшөөрдөг үү? (1 Иохан 2:15–17; 1 Коринт 2:10–16). Хөгшин залуугүй бүгдээрээ Бүтээгчийнхээ таалалд нийцэхийн тулд чадах бүхнээ хийцгээе. Хэрэв бид Еховад дуулгавартай байж, тушаалыг нь биелүүлвэл өнгөрөн одож буй хуучин дэлхийн санал болгодог дэмий хоосон бүхнийг үл хайхрах болно. Тэр цагт бид Бурхны шинэ ертөнцөд мөнх амьдрах найдвартай болно (2 Пэтр 3:13). Бурхны өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлдэг хүмүүсийг ямар гайхамшигтай ирээдүй угтан хүлээнэ вэ!
Та юу гэж хариулах вэ?
◻ Ямар учраас бүх зүйлийг дэмий хоосон биш гэж хэлж болох вэ?
◻ Залуу христосын шашинтан хүн ариун үйлчлэлийнхээ талаар яагаад бодож залбирах хэрэгтэй вэ?
◻ Ямар номыг «ихэд бишрэх» нь ашиггүй вэ?
◻ Хүний «бүх үүрэг» гэж юу вэ?