Та Еховаг «мэдэх зүрхтэй» юү?
«Би тэдэнд Намайг мэдэх зүрхийг өгнө. Учир нь Би бол ЭЗЭН. ... Тэд Миний хүмүүс ... болно» (ИЕР. 24:7).
1, 2. Инжир ямар учраас бидний сонирхлыг татдаг вэ?
ТА инжир идэж үзсэн үү? Эртний иудейчүүд инжрийн ашиг тусыг мэддэг, өргөн хэрэглэдэг байжээ (Нах. 3:12; Лук 13:6–9). Энэ жимс эслэг ихтэй, антиоксидант болон эрдэс бодисоор баялаг учир зүрхэнд сайн гэлцдэг.
2 Ехова иудейчүүдийн зүрхний байдлыг дүгнэхдээ инжрийг жишээ болгон авчээ. Гэхдээ инжир хэр ашигтайг огт яриагүй. Харин бэлгэдлийн утгаар ярьжээ. Зөнч Иеремиагаар хэлүүлсэн тэр үг бидэнд болон хайртай хүмүүст маань хамаатай. Еховагийн хэлсэн үгийг авч үзэнгээ христиан хүний хувьд юу гэсэн үг болохыг бодъё.
3. «Иеремиа» номын 24-р бүлэгт гардаг инжир хэнийг төлөөлдөг вэ?
3 МЭӨ 617 он. Иудагийн ард түмэн Еховагийн жигшин зэвүүцдэг бүхнийг хийж байлаа. Тэдэнд юу тохиолдох гэж байгааг Бурхан зөнч Иеремиад гайхамшгаар үзүүлжээ. Иеремиа сайн муу хоёр төрлийн инжир харсан. Энэ нь хоёр бүлэг хүнийг бэлгэддэг (Иеремиа 24:1–3-ыг уншина уу). Муу инжир нь Зедекиа хаан болон бусад хүмүүс юм. Небухаднезар хааны цэрэг арми тэдэн рүү довтлох гэж байлаа. Харин сайн инжрээр хэнийг хэлэх гэсэн юм бол? Вавилонд аль хэдийн олзлогдсон Езекиел, Даниел, түүний гурван найз болон хараахан олзлогдоогүй иудейчүүд байв. Тэдний зарим нь хожмын цагт Иерусалимыг сүмтэй нь хамт сэргээн барих ажээ (Иер. 24:8–10; 25:11, 12; 29:10).
4. «Сайн инжрийн» талаар Бурхны хэлсэн үгэнд бид яагаад урамшдаг вэ?
4 Сайн инжрээр төлөөлүүлсэн хүмүүсийн талаар Ехова: «Би тэдэнд Намайг мэдэх зүрхийг өгнө. Учир нь Би бол ЭЗЭН. Тэд ... Миний хүмүүс ... болно» гэжээ (Иер. 24:7). Бурхан өөрийг нь «мэдэх зүрхийг» дуртайяа өгдөг гээд бод доо! Сайхан байгаа биз! Ийм зүрхтэй болсон хүн Бурхныг мэдэж, үйлчлэгчдийнх нь нэг байх хүсэлтэй болдог. Яавал Бурхныг «мэдэх зүрхтэй» хүн болох вэ? Библи судалж, юу сурснаа ажил хэрэг болгож, гэмшиж, амьдралын хэв маягаа өөрчилж, өөрийгөө Бурханд зориулж, эцэст нь Эцэг, Хүү, ариун сүнсний нэрээр баптисм хүртэх ёстой (Мат. 28:19, 20; Үйлс 3:19). Та эдгээр шаардлагыг аль хэдийнээ хангасан биз ээ. Эсвэл Еховагийн Гэрчүүдийн цуглаанд тогтмол явж, эдгээр шаардлагыг биелүүлэх гэж хичээдэг байх.
5. Иеремиа хэний тухай голчлон бичсэн бэ?
5 Дээрх шаардлагыг хангасан байлаа ч зөв хандлагатай байж, үйл хэргээ ямагт анхаарах ёстой. Үүний учрыг мэдэхийн тулд Иеремиа зүрхний талаар өөр юу гэж бичсэнийг авч үзье. «Иеремиа» номын зарим бүлэгт Иудагийн эргэн тойрны үндэстнүүдийн тухай гардаг. Гэхдээ Иудагийн ард түмэн болон тэдний таван хааны талаар голчлон бичсэн байдаг (Иер. 1:15, 16). Тэгэхлээр Иеремиагийн тунхагласан мэдээ, гол нь, Еховад өөрийгөө зориулсан ард түмэнд хамаатай юм. Тэдний өвөг дээдэс сайн дураараа Еховагийнх болсон (Ег. 19:3–8). Иеремиагийн үеийн хүмүүс ч бас Бурхны ард түмэн гэдгээ батлан: «Харагтун, Та бол бидний Бурхан ЭЗЭН тул бид Тан уруу ирдэг» гэж хэлжээ (Иер. 3:22). Гэхдээ зүрх нь ямар байсан бол?
«МЭС ЗАСАЛ» ХИЙХ ШААРДЛАГАТАЙ БАЙСАН
6. Зүрхний талаар хэлсэн Бурхны үгийг онцгой анхаарах хэрэгтэйн учир юу вэ?
6 Орчин үеийн эмч нар дэвшилтэт технологийн ачаар хүний зүрхийг харж, хэвийн ажиллаж байгаа эсэхийг мэдэж чаддаг. Харин Ехова зүрх гэдэг эрхтнийг төдийгүй бэлгэдлийн зүрх буюу дотор хүнийг ч харж чаддаг. Тэрбээр: «Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм. Үүнийг хэн ойлгож чадах билээ? ЭЗЭН Би зүрхийг эрэлхийлж, ... хүн бүрд замуудынх нь дагуу, үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм» хэмээн айлджээ (Иер. 17:9, 10). «Зүрхийг эрэлхийлэх» гэдэг нь 70, 80 жилийн турш гурван тэрбум удаа цохилдог зүрхний ажиллагааг шалгахтай адилгүй юм. Бурхан бэлгэдлийн зүрхийг буюу хүсэл эрмэлзэл, бодол санаа, сэдэл хандлага, зорилго төлөвлөгөөг харж чаддаг. Таны бэлгэдлийн зүрхийг ч шалгадаг. Та өөрөө ч зүрхээ тодорхой хэмжээгээр шалгаж чадна.
7. Иеремиа тухайн үеийнхээ иудейчүүдийн зүрхний байдлыг хэрхэн тодорхойлсон бэ?
7 Бэлгэдлийн зүрхээ шалгахын тулд Иеремиагийн үеийн ихэнх иудейчүүдийн бэлгэдлийн зүрх ямар байсныг бодож үзье. Иеремиа: «Израилийн хамаг гэр зүрхнийхээ хөвчийг хөндүүлээгүй» гэжээ. Тэрбээр: «„Харагтун! Хөвч хөндүүлсэн ч үнэндээ бол хөвч хөндүүлээгүй бүх хүнтэй тооцоо бодох өдрүүд ирж байна“ хэмээн Ехова айлдаж байна» гэж бичсэнийг үзвэл иудей эрчүүдийн хийлгэдэг хөвч хөндөлтийн талаар хэлээгүй нь тодорхой байна. Иудей эрчүүд хөвч хөндүүлсэн хэдий ч «зүрхнийхээ хөвчийг хөндүүлээгүй» ажээ (Иер. 9:25, ШЕ, 26). Үүнийг юу гэж ойлгох вэ?
8, 9. Ихэнх иудейчүүдийн зүрх ямар байсан бэ? Яах шаардлагатай байсан бэ?
8 «Зүрхнийхээ хөвчийг хөндүүлээгүй» гэдгийг ойлгохын тулд Бурхан иудейчүүдэд юу гэж хэлснийг авч үзье. «Иудагийн хүмүүс болон Иерусалимын оршин суугчид аа, ... зүрхэндээ хөвч хөндүүлэгтүн. Эс тэгвэл та нарын үйлсийн бузар булайгаас болж Миний уур хилэн ... шатна» гэжээ. Тэдний зүрх буюу дотор хүн нь хорон муу учир бузар булай юм хийдэг байсан (Марк 7:20–23-ыг уншина уу). Бурхан бузар булай явдлынх нь учир шалтгааныг зөв тогтоож, иудейчүүдийг «зөрүүд, тэрслэгч зүрхтэй хэмээн» Иеремиагаар хэлүүлжээ. Сэдэл хандлага, бодол санаа нь Бурханд таалагдаагүй (Иеремиа 5:23, 24; 7:24–26-г уншина уу). Тийм учраас, «ЭЗЭНий төлөө өөрсдөдөө хөвч хөндүүлж, зүрхэндээ хөвч хөндүүлэгтүн» хэмээн айлдсан (Иер. 4:4; 18:11, 12).
9 Иеремиагийн үеийн иудейчүүд Мосегийн үеийнхний адилаар бэлгэдлийн зүрхэндээ мэс засал хийлгэх буюу «хөвч хөндүүлэх» шаардлагатай байсан (Д.хууль 10:16; 30:6). «Зүрхэндээ хөвч хөндүүлэх» гэдэг нь Еховагийн хүсэл таалалтай зөрчилддөг бодол санаа, хүсэл эрмэлзэл, сэдэл хандлагаа өөрчилнө гэсэн үг байв (Үйлс 7:51).
ЕХОВАГ «МЭДЭХ ЗҮРХТЭЙ» БОЛОХ НЬ
10. Давидыг дууриаж бид юу хийх ёстой вэ?
10 Бэлгэдлийн зүрх маань ямар байгааг мэдүүлж өгдөг Бурхандаа талархаад баршгүй! «Гэхдээ Еховагийн Гэрчүүд энэ талаар санаа зовох хэрэгтэй юм уу?» гэж зарим хүн гайхаж магадгүй. Үнэндээ эртний иудейчүүдийн адилаар муу юм хийдэг, «муу инжир» шиг христиан олон байдаггүй. Бурхны орчин үеийн үйлчлэгчид үнэнч шударга, цэвэр ариун хүмүүс. Гэхдээ зөв шударга Давид хаан ч Еховад залбирч «Өө, Бурхан, намайг судлан, миний зүрхийг мэдээч. Намайг шалгаж, миний бодлуудыг мэдээч. Миний дотор ямар нэгэн хөнөөлт үйл буй эсэхийг хараач» хэмээн гуйсныг бодож үзээрэй (Дуу. 17:3; 139:23, 24).
11, 12. а) Бид зүрхээ шалгах ёстойн учир юу вэ? б) Бурхан юу хийхгүй вэ?
11 Ехова өөрийг нь таньж мэдээсэй, сайшаалыг нь хүлээдэг байгаасай гэж биднээс хүсдэг. Иеремиа: «Түмэн цэргийн ЭЗЭН, шударга нэгнийг сорьж, санаа бодол хийгээд зүрх сэтгэлийг хардаг» хэмээн бичжээ (Иер. 20:12). Төгс хүчит Нэгэн зөв шударга хүмүүсийн зүрхийг шалгадаг юм бол бид өөрсдийгөө чин үнэнээр нь шалгах хэрэгтэй биз дээ? (Дуулал 11:5-ыг уншина уу). Ийнхүү шалгах аваас биднийг мэдрэмжгүй болгодог санаа бодол, сэдэл хандлага, зорилго төлөвлөгөө зүрхний маань угт нуугдаж байгааг мэдээд, авч хаях хэрэгтэйгээ ухаарч болох юм. Зүрхнээсээ бузар булай юмыг авч хаяна гэдэг нь зүрхэндээ хөвч хөндүүлэх буюу бэлгэдлийн утгаар мэс засал хийлгэж байгаа хэрэг юм. Бэлгэдлийн зүрхээ шалгах нь зүйтэй гэж үзэж байгаа бол чухам юуг нь шалгах вэ? Доголдол дутагдал байвал яаж засах вэ? (Иер. 4:4).
12 Ехова биднийг хүчээр өөрчлөхгүй. Тэрбээр «сайн инжрийн» тухай хэлэхдээ өөрийг нь мэдэх зүрхийг «тэдэнд ... өгнө» гэсэн болохоос бус зүрх сэтгэлийг нь хүчээр өөрчилнө гээгүй. Иудейчүүд Бурхныг мэдье гэж чин сэтгэлээсээ хүсэх учиртай байсан. Бид бас тийм хүсэлтэй байх ёстой.
Зүрхээ шалгаж, зохисгүй юм хүсэхээ боливол ивээл хүртэнэ
13, 14. Христиан хүн зүрхээ шалгах нь яагаад чухал бэ?
13 Есүс: «Зүрхнээс хорон муу бодол, аллага, завхайрал, садар самуун, хулгай, худал гэрчлэл, гүтгэлэг зэрэг нь гардаг» гэж хэлсэн байдаг (Мат. 15:19). Жишээ нь, Гэрч хүн мэдрэмжгүй зүрхэндээ хөтлөгдөн садар самуун үйлдээд, гэмшихгүй бол Бурхны сайшаалыг бүрмөсөн алдах нь гарцаагүй. Ноцтой нүгэл үйлдэхгүй ч зохисгүй юм ургуулан бодоод, тийм бодлоосоо салахгүй байх аюул бас байдаг (Матай 5:27, 28-ыг уншина уу). Тэгэхлээр тийм хүсэл зүрхэнд байгаа эсэхийг шалгах нь туйлын чухал юм. Сайтар шалгаад үзтэл эсрэг хүйсний хүний талаар зохисгүй юм бодож явдаг бол яах вэ? Еховад таалагддаггүй энэ хүслийг зүрх сэтгэлээсээ авч хаях ёстой биз дээ?
14 Эсвэл итгэл нэгтэндээ гоморхон, уурлаж бухимдаад байвал яваандаа үзэн яддаг болж мэднэ (Лев. 19:17). Тиймээс энэ бүхнийг зүрхнээсээ авч хаяхын төлөө шаргуу тэмцэх ёстой биз дээ? (Мат. 5:21, 22).
15, 16. а) «Зүрхнийхээ хөвчийг хөндүүлээгүй» христиан ямар байдгийг жишээгээр хэлнэ үү. б) Таны бодлоор, «зүрхнийхээ хөвчийг хөндүүлээгүй» хүн Еховад таалагдах уу? Яагаад?
15 Христиануудын ихэнх нь ийм муухай юм хүсэж, боддоггүй нь сайшаалтай. Гэхдээ зүрхнээс «хорон муу бодол» гардаг гэж Есүс ярьсан. Жишээ нь бид эцэг эх, үр хүүхэд, ах дүүдээ үнэнч байх гээд юу ч хийхээс буцахгүй болж мэдэх юм. Хайраар дутсан өнөөгийн «эцсийн өдрүүдэд» христианууд гэрийнхнээ хайрладгаараа ертөнцийнхнөөс ялгардаг (2 Тим. 3:1, 3). Гэхдээ дүн нуруугаа алдаж болохгүй. Хүмүүс хохирч доромжлуулсан ойр дотныхоо хүнийг «мах цусны минь тасархай» хэмээн өмөөрч, юу ч хийхээс буцдаггүй. Динагийн ах нарт яг ийм явдал тохиолдсоныг санаарай (Эх. 34:13, 25–30). Абсалом зүрхэндээ нуугдаж байсан өшөө хорслоос болж эцэг нэгт Амнон ахыгаа хөнөөжээ (2 Сам. 13:1–30). Эдгээр явдал «хорон муу бодлоос» үүдэлтэй биш гэж үү?
16 Жинхэнэ христианууд хүн алдаггүй. Гэхдээ хэн нэг нь хайртай дотны хүнийг нь доромжлоход, эсвэл доромжилсон юм шиг санагдахад уур хорсол өвөрлөдөг хүн байдаг. Тэгээд сэтгэлд нь сэв суулгасан тэр хүнд яаж ханддаг вэ? Гэртээ урилаа гэхэд урилгыг нь хүлээж авахгүй, эсвэл өөрөө тэр хүнийг урихгүй байж мэдэх юм (Евр. 13:1, 2). Ах дүүгээ хайрладаг л бол христиан хүн ингэх учиргүй. Эс бөгөөс зүрхийг Шалгагч Ехова «зүрхнийхээ хөвчийг хөндүүлээгүй» хүн гэж үзнэ (Иер. 9:25, 26). Тэгээд «Зүрхэндээ хөвч хөндүүлэгтүн» хэмээн хэлнэ (Иер. 4:4).
БУРХНЫГ «МЭДЭХ ЗҮРХТЭЙ» БАЙЦГААЯ
17. Мэдрэмтгий зүрхтэй болохын тулд Еховагаас эмээх хэрэгтэй гэхийн учир юу вэ?
17 Та бэлгэдлийн зүрхээ шалгаж үзээд Еховагийн зөвлөгөөг тэр дор нь хүлээж авдаггүйгээ, тодорхой хэмжээгээр «хөвч хөндүүлээгүй» зүрхтэйгээ олж мэджээ. Жишээ нь, хүн юу гэх бол гэж айдаг эсвэл нэр алдарт дуртай, баян чинээлэг амьдрах хүсэлтэй, тэр байтугай зөрүүд, дур зоргоороо байх хандлагатайгаа анзаарчээ. Тийм бол ганцаараа биш гэдгээ санаарай (Иер. 7:24; 11:8). Иеремиа тухайн үеийнхээ үнэнч бус иудейчүүдийг «зөрүүд, тэрслэгч зүрхтэй» гээд цааш нь «Тэд зүрх сэтгэлдээ „ЭЗЭН Бурханаасаа одоо эмээцгээе“ гэдэггүй» хэмээн бичжээ (Иер. 5:23, 24). Тэгэхлээр Еховагаас эмээдэг буюу түүнийг гүнээ хүндэтгэдэг бол зүрхэндээ муу муухай юм байлгахгүй. Тийм хүний зүрх мэдрэмтгий болдог тул Бурхны тавьсан ямар ч шаардлагыг дуртайяа биелүүлдэг.
18. Ехова шинэ гэрээний нэг тал болох хүмүүсийн тухай ярихдаа юу гэж амласан бэ?
18 Хичээж мэрийгээд байвал Ехова бидэнд өөрийг нь «мэдэх зүрх» өгнө. Тэрбээр шинэ гэрээний нэг тал болох тослогдсон христиануудын тухай ярихдаа «Би Өөрийн хуулийг тэдний дотор хийж, зүрхэн дээр нь Би түүнийг бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно» хэмээн амлажээ. Тэгээд цааш нь «Хүн бүр хөршдөө, хүн бүр ах дүүдээ „ЭЗЭНийг мэд“ гэж тэд дахин заахгүй. Учир нь тэдний багаас том хүртэл нь тэд бүгд Намайг мэдэх болно. ... Учир нь Би тэдний гэм бурууг уучилж, тэдний нүглийг уучилж, тэдний нүглийг дахин санахгүй» гэсэн (Иер. 31:31–34).a
19. Жинхэнэ христианууд юуг тэсэн ядан хүлээдэг вэ?
19 Бурхны амлалт биелэх цагийг тэсэн ядан хүлээдэг бид бүгдээрээ Еховаг таньж мэдэн, ард түмнийх нь дунд байхыг хүсдэг. Гэхдээ Христийн золиосны үндсэн дээр нүглээ уучлуулсан цагт л Еховаг үүрд мөнхөд таньж мэдэх боломжтой. Уучлуулсан хүн ямар ч хүнийг уучлахыг хүснэ. Уур хорсол, өс хонзонгоо мартахын төлөө шаргуу тэмцэх ёстой. Ингэдэг бол Еховад үйлчлэхийг төдийгүй түүнийг илүү сайн мэдэхийг хүсдэг гэсэн үг. Ехова ийм хүмүүст «Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно. Би Та нарт олдоно» хэмээн Иеремиагаар хэлүүлжээ (Иер. 29:13, 14).
a «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2012 оны 1-р сарын 15-ны дугаарын 26–30-р хуудсанд шинэ гэрээний тухай бичсэн.