Ехова гэдэг Бурхны ариун нэрийг бичсэн еврей үсгийг Тетраграмматон гэдэг. Еврейгээр баруунаас зүүн тийш нь бичдэг.
Жижигхэн ч жинтэй еврей үсэг
Бурхны бүх амлалт биелнэ гэдэгт бид яагаад итгэж болох вэ? Бурхны амлалтад Есүс итгэдэг байсан. Мөн түүний сургаалыг сонссон хүмүүсийн итгэл бэхэждэг байв. «Ууланд айлдсан номлол»-доо Есүсийн хэлсэн нэг жишээг авч үзье. Үүнийг Матай 5:18-д «Би та нарт батлан хэлье. Тэнгэр газар үгүй болсон ч Хуульд бичигдсэн бүхэн биелтэл хамгийн жижиг үсэг, нэг цэг тэмдэг ч үгүй болохгүй» гэж бичсэн байдаг.
Еврей хэлний хамгийн жижиг үсэг нь י (ёд) юм. Энэ үсэг Ехова Бурхны ариун нэр болох Тетраграмматоны эхэнд ордог.a Хуулийн багш нар болон фарисайчуудын хувьд Бурхны хуульд байдаг үг үсэг төдийгүй «нэг цэг тэмдэг» хүртэл чухал байжээ.
Есүс тэнгэр газар үгүй болсон ч хуульд бичигдсэн зүйлс биелэхгүйгээр, хамгийн жижиг хэсэг ч арилж үгүй болохгүй гэж хэлсэн. Харин Библид тэнгэр, газар үүрд оршино гэж бичсэн байдаг (Дуулал 78:69). Тиймээс хуулийн хамгийн жижиг хэсэг ч гэсэн заавал биелнэ гэдгийг ойлгож болно.
Ехова Бурхан жижиг сажиг зүйлийг ч анхаардаг. Жишээ нь, израйлчуудад Дээгүүр өнгөрөх баярын хурганы ямар ч ясыг нь хугалж болохгүй гэж хэлсэн (Египетээс гарсан нь 12:46). Жижиг гэмээр заавар өгчээ. Ямар ч ясыг хугалж болохгүйн учрыг израйлчууд ойлгосон болов уу? Үгүй байх. Харин энэ үйл явдал хожим нь Мессиаг шонд хадуулан нас барахад нэг ч яс нь хугарахгүй гэсэн зөгнөлийн утгатайг Ехова мэдэж байсан (Дуулал 34:20; Ёохан 19:31–33, 36).
Есүсийн хэлсэн үг бидэнд ямар сургамжтай вэ? Еховагийн бүх амлалт нэг бүрчлэн яг таг биелнэ гэдэгт бүрэн итгэж болно. Тийм ээ, еврей хэлний хамгийн жижиг үсэг чухал ач холбогдолтой.
a Грек цагаан толгойн хамгийн жижиг үсэг болох иота нь еврейн цагаан толгойн י (ёд) үсэгтэй бараг адилхан. Мосегийн хууль анх еврей хэлээр бичигдэж, хадгалагджээ. Тийм учраас Есүс энэ еврей үсгийн тухай хэлсэн бололтой.