Ехова биднээс өнөөдөр юу шаарддаг вэ?
«Үүлнээс „Энэ бол Миний хайртай Хүү мөн. Түүнд Миний таалал бий. Түүнийг сонсогтун“ гэх дуу гарав» (МАТАЙ 17:5).
1. Хууль зорилгоо хэзээ биелүүлсэн бэ?
ЕХОВА Израилийн ард түмэнд олон арван заалт бүхий Хууль өгсөн. Энэ тухай элч Паул: «Хуулийн эдгээр шаардлага нь махан биед хамаатай бөгөөд тогтоон олгосон хугацаа болтол залруулахын тулд бий болгосон болой» хэмээн бичжээ (Еврей 9:10, ШЕ). Израильчуудын үлдэгсдийг Мессиа Есүс буюу Христийг хүлээн зөвшөөрөхөд хүргэснээрээ Хууль зорилгоо биелүүлсэн. Иймээс Паул: «Христ бол... хуулийн төгсгөл мөн» гэж бичжээ (Ром 10:4; Галат 3:19–25; 4:4, 5).
2. Хуулинд хэн захирагддаг байсан бэ? Тэд түүнээс хэдийд чөлөөлөгдсөн бэ?
2 Энэ нь бид Хуулийг заавал мөрдөх албагүй гэсэн үг мөн үү? «Тэрбээр [Ехова] Өөрийн үгийг Иакобт, Өөрийн зарлиг, хууль тогтоомжийг Израильд илэрхийлсэн! Тэр өөр аль ч улсад ийнхүү үйлдээгүй. Тэд Түүний хууль тогтоомжийг мэддэггүй» хэмээн дуулалчийн тайлбарласанчлан ерөнхийдөө хүн төрөлхтний дийлэнх хэсэг нь Хуулинд хэзээ ч захирагдаж байгаагүй (Дуулал 147:19, 20). Бурхан, Есүсийн золиосны үндсэн дээр шинэ гэрээ тогтоосноос хойш Израилийн ард түмэн ч Хуулийг заавал сахих албагүй болжээ (Галат 3:13; Эфэс 2:15; Колоссай 2:13, 14, 16). Тэгвэл Хууль нэгэнт хүчингүй болчихсон бол өөрт нь үйлчлэхийг хүссэн хүмүүсээс Ехова өнөөдөр юу шаарддаг юм бэ?
Ехова юу шаарддаг тухай
3, 4. а) Ехова биднээс өнөөдөр ер нь юу шаарддаг вэ? б) Бид яагаад Есүсийн мөрөөр явах ёстой вэ?
3 Есүс үйлчлэлийнхээ сүүлчийн жил Пэтр Иакоов Иохан гурвын хамт өндөр ууланд гарав. Энэ нь Ермоны салбар уул байсан бололтой. Тэнд зөгнөлийн үзэгдэл үзэгдэн Есүс, мөнөөх гурвын өмнө агуу алдраа дуурьсган зогсох бөгөөд тэд «Энэ бол Миний хайртай Хүү мөн. Түүнд Миний таалал бий. Түүнийг сонсогтун» гэх Бурхны дууг сонсжээ (Матай 17:1–5). Хүүд нь дуулгавартай байж, түүний жишээ ба сургаалыг дагах нь Еховагийн биднээс шаарддаг гол зүйл юм (Матай 16:24). Тиймээс ч элч Пэтр: «Христ та нарын төлөө зовлон эдэлсэн бөгөөд ингэхдээ та нарыг мөрөөрөө дагуулахын тулд үлгэр дуурайлыг үлдээсэн» хэмээн бичжээ (1 Пэтр 2:21).
4 Бид яагаад Есүсийн мөрөөр явах ёстой юм бэ? Яагаад гэвэл, бид түүнийг дуурайснаараа Ехова Бурхныг дуурайна. Есүс дэлхийд ирэхээсээ өмнө тоолж баршгүй олон жилийг Эцгийнхээ хамт тэнгэрт өнгөрүүлсэн болохоор түүнийг маш сайн мэддэг байв. (Сургаалт үгс 8:22–31; Иохан 8:23; 17:5; Колоссай 1:15–17). Есүс дэлхий дээр байхдаа өөрийнхөө Эцгийг яг ёсоор нь мэдүүлсэн. Тэрбээр: «Эцгийнхээ заасанчлангаар хэлдэг» гэжээ. Есүс «Хэн Намайг харсан нь Эцгийг минь харсан байлтай» гэж хэлж чадсанаараа Еховаг яг таг дагадгаа харуулсан (Иохан 8:28; 14:9).
5. Христосын шашинтнууд ямар хуулинд захирагддаг вэ? Энэ хууль хэзээ хүчин төгөлдөр болсон бэ?
5 Есүст дуулгавартай байж, түүнийг дуурайх гэдэгт юу юу орох вэ? Ямар нэгэн хуульд захирагдана гэсэн үг мөн үү? Паул: «[Би] хуулийн дор байгаагүй» гэж бичжээ. Энд тэр, израильчуудтай тогтоосон Хуулийн гэрээ болох «хуучин гэрээг» хэлжээ. Гэхдээ «Христийн хууль дор байдаг» гэдгээ зөвшөөрсөн байна (1 Коринт 9:20, 21; 2 Коринт 3:14). Хуулийн хуучин гэрээ татан буугдахад Еховагийн өнөөгийн бүх албатууд захирагдах ёстой «Христийн хуулийг» өөртөө багтаасан «шинэ гэрээ» хүчин төгөлдөр болсон (Лүүк 22:20; Галат 6:2; Еврей 8:7–13).
6. «Христийн хуулийг» хэрхэн дүрсэлж болох вэ? Эл хуулинд бид яаж захирагдах вэ?
6 Ехова «Христийн хуулийг» Хуулийн хуучин гэрээний адил зүйл ангид хуваан, хуулийн хэлбэртэйгээр хэлж бичүүлээгүй. Христийн шавь нарт зориулсан эл шинэ хуулинд хорио цээр, зарлиг тушаалын урт жагсаалт ороогүй. Гэхдээ Ехова өөрийнхөө Үгэнд амины тухай, Хүүгийнхээ сургаалын тухай нилээд нарийн дөрвөн хүүрнэлийг хэвээр үлдээсэн. Түүнээс гадна хувийн зан байдал, хурлын үйл ажиллагаа, гэр бүлийн ёс суртахууны зарчим болон бусад асуудалтай холбоотой заалтыг Есүсийн эхний хэдэн дагалдагчаар бичүүлсэн (1 Коринт 6:18; 14:26–35; Эфэс 5:21–33; Еврей 10:24, 25). Бид Есүс Христийн жишээ болон сургаалд зохицуулан амьдралаа хөтөлж, I зуунд Бурхны онгод оруулан бичүүлсэн сургаал зааврыг мөрдвөл «Христийн хуулинд» захирагдаж байгаа хэрэг. Ехова үүнийг албатуудаасаа өнөөдөр шаардаж байна.
Хайрын чухал нь
7. Есүс Өнгөрсний баярыг элч нарын хамт сүүлчийн удаа тэмдэглэхдээ онцгой анхаарлыг хуулийнхаа мөн чанарт хэрхэн хандуулсан бэ?
7 Хууль үйлчилж байх тэр үед багагүй ач холбогдолтой байсан хайр Христийн хуулийн гол судас, мөн чанар нь болдог. Есүс МЭ 33 онд Өнгөрсний баярыг элч нарын хамт тэмдэглэж байхдаа үүнийг онцлон тэмдэглэсэн. Тэр үдэш болж өнгөрсөн үйл явдлын талаар бичсэн элч Иоханы өгүүллэгт хайрын тухай 28 удаа дурссан Есүсийн чин сэтгэлийн яриа орсон байдаг. Тийнхүү элч нар Христийн хуулийн сүнс буюу мөн чанарт онцгой анхаарлаа хандуулжээ. Иохан тэрхүү гайхамшигт үдэш болсон явдлын тухай өгүүлэхдээ «Өнгөрсний баяраас өмнө, Есүс энэ дэлхийгээс буцаж Эцэгтээ очих цагаа болсныг мэдээд, дэлхийд байгаа өөрийн хүмүүсийг хайрлаж, тэднийг эцэст нь хүртэл хайрлав» гэсэн үгээр эхэлсэн нь анхаарууштай (Иохан 13:1).
8. а) Элч нарын хоорондох маргаан нь ужиг шинжтэй байсан нь юу өгүүлнэ вэ? б) Есүс элч нарт даруу зангийн жишээг хэрхэн үзүүлсэн бэ?
8 Шавь нарынхаа эрх мэдэл, өндөр албан тушаалд хэтэрхий санаархдаг дутагдлыг нь засах гэсэн оролдлого нь мэдэгдэм үр дүнд хүрээгүй хэдий ч Есүс элч нараа хайрласан хэвээр байсан. Тэд Иерусалимд ирэхээсээ өмнө хэдэн сарын турш «хэн нь бусдаасаа илүү вэ гэдгээр маргалджээ». Ингээд тэд Иерусалимд ирж Өнгөрсний баярыг тэмдэглэхийнхээ өмнөхөн тэргүүн байрын төлөө дахин маргаан дэгдээв (Марк 9:33–37; 10:35–45). Элч нар Өнгөрсний баярыг сүүлчийн удаа хамтдаа тэмдэглэхээр дээд давхарын тасалгаанд орсны дараахан болсон үйл явдал уг асуудлын ужиг шинжтэйг харуулдаг юм. Есүс элч нарт даруу зангийн жишээг үзүүлэхийн тулд өөрөө тэдний хөлийг угаасан (Иохан 13:2–15; 1 Тимот 5:9, 10).
9. Өнгөрсний баярыг сүүлчийн удаа тэмдэглэсний дараа бий болсон нөхцөл байдлыг Есүс хэрхэн шийдвэрлэсэн бэ?
9 Ийм сургамж байгаа хэдий ч Есүсийн, хаяанд тулаад ирчихсэн үхлийг нь дурсан санах Оройн зоог барьж, Өнгөрсний баяр тэмдэглэсний дараа дахин юу болсонд анхаарлаа хадуулаарай. Лүүк номд: «Тэрчлэн тэдний дунд хэн нь хамгийн агуу нь байх талаар маргаан үүсчээ» гэсэн буй. Элч нарт уурлан, тэднийг хараан загнахын оронд Есүс энэ дэлхийн эрх мэдэлд дурлагч захирагч нарын адил байж болохгүй тухай зөвлөгөөг аядуу зөөлнөөр хэлж өгчээ (Лүүк 22:24–27). Дараа нь тэрбээр Христийн хуулийн амин сүнс гэж хэлж болох үгийг ийн хэлжээ: «Та нарт шинэ тушаал өгч байна. Бие биеэ хайрлагтун. Би та нарыг яаж хайрласны адил бие биеэ хайрлагтун» (Иохан 13:34).
10. Есүс шавь нартаа ямар тушаал өгсөн бэ? Уг тушаал нь өөртөө юу юу багтаадаг вэ?
10 Есүс тэр үдэш Христийн хайр шиг хайр ямар хэмжээтэй байх ёстойг илэрхийлэн хэлсэн. Есүс: «Миний тушаал энэ мөн. Би та нарыг яаж хайрласан шиг бие биеэ хайрлагтун. Нөхдийнхөө төлөө амиа алдахаас өөр агуу их хайр гэж байхгүй» гэжээ (Иохан 15:12, 13). Есүс шавь нартаа итгэл нэгтнүүдийнхээ төлөө шаардлагатай бол үхэхэд бэлэн байх хэрэгтэй гэж хэлсэн үү? Болсон явдлыг нүдээрээ үзсэн Иохан чухам тийн ойлгожээ. Үүнийгээ хожим нь «Тэр [Есүс Христ] бидний төлөө амиа өгсөн тул үүгээр бид хайрыг мэднэ. Мөн бид ч ах дүүсийнхээ төлөө амиа өгөх ёстой» хэмээн бичсэн аж (1 Иохан 3:16).
11. а) Бид Христийн хуулийг яаж биелүүлэх вэ? б) Есүс ямар жишээ үзүүлсэн бэ?
11 Тэгэхлээр Христийн хуулийг биелүүлэхэд бид зөвхөн Есүсийн талаар бусдад зааж сургах нь хангалттай бус. Есүс шиг амьдарч, биеэ авч явах хэрэгтэй. Тэрбээр үг хэлэхдээ зөв сонгож авсан аятайхан үгээр санаагаа илэрхийлдэг байсан. Тэгэхдээ өөрөө үлгэр жишээ болдог байв. Есүс тэнгэрт байхдаа аугаа хүчирхэг сүнсэн бүтээл байсан хэдий ч Эцгийнхээ хүслээр дэлхийд үйлчилж, бидний яаж амьдрах ёстойг үзүүлэх шаардлагатай болсон. Есүс дарлагдаж зовсон хүмүүст тусалж даруу зан, сайхан сэтгэл, анхаарал халамж үзүүлж байв (Матай 11:28–30; 20:28; 1 Иохан 3:8; Филиппой 2:5–8). Түүнээс гадна Есүс өөрөө тэднийг хэрхэн хайрлаж байсны адил бие биеэ тэгж хайрлахыг дагалдагч нартаа уриалсан.
12. Христийн хууль Еховаг хайрлахын ач холбогдлыг бууруулдаггүй гэж ямар учраас хэлж болох вэ?
12 Хуулийн хамгийн агуу тушаал болох Еховаг хайрлах хайр Христийн хуулинд ямар байр эзэлдэг вэ? (Матай 22:37, 38; Галат 6:2). Хоёрдугаар байр эзэлдэг үү? Мэдээжээр үгүй! Христосын шашинтан бусад нөхдөө хайрлах нь Еховаг хайрлах хайртай салшгүй холбоотой. Ахан дүүгээ хайрлаж чаддаггүй хүн Еховаг жинхэнэ ёсоор хайрлаж чадахгүй. Энэ тухай элч Иохан: «Хэрэв хэн „Би Бурхныг хайрладаг“ гэж хэлээд, ах дүүгээ үзэн ядна, тэр нь худалч мөн. Учир нь харж байгаа ах дүүгээ хайрладаггүй нэгэн үзээгүй Бурхныг хайрлаж чадахгүй биз ээ» гэж хэлсэн бөлгөө (1 Иохан 4:20; 1 Иохан 3:17, 18 харьцуулна уу).
13. Дагалдагчид Есүсийн өгсөн шинэ тушаалыг биелүүлсэн нь ямар үр дүнтэй байсан бэ?
13 Есүс өөрөө тэднийг хэрхэн хайрласан шиг бие биеэ хайрлах тухай шинэ тушаал дагалдагчдадаа өгсөн. Ингэхдээ тэрээр энэхүү тушаалыг биелүүлэх нь ямар үр дүнд хүргэхийг онцлон: «Үүгээр чинь бүх хүн та нарыг Миний дагалдагчид мөн гэдгийг мэднэ. Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол» гэж хэлсэн (Иохан 13:35). Христийг үхсэнээс хойш зуу гаруй жилийн дараа амьдарч байсан Тертулианы хэлснээр бол анхны христосын шашинтнуудын ахан дүүгийн хайр чухам тийм үйлчлэл үзүүлж байжээ. Христосын шашинтан биш хүмүүс Христийн дагалдагч нарын тухай: «Тэд бие биеэ хэрхэн хайрлаж, нэгнийхээ төлөө үхэхэд ч хэрхэн бэлэн байдгий нь хараач» хэмээн хэлснийг Тертулиан иш татжээ. Христосын шашинтан бусад нөхдөө хайрлах хайр минь намайг Есүсийн дагалдагч нарын тоонд багтдагийг минь батлан харуулж байна уу? гэж бид өөрөөсөө асууж болно.
Хайраа батлан илэрхийлэх нь
14, 15. Христийн хуулинд захирагдах нь ямар учраас хэцүү байж болох вэ? Бидэнд юу тус болох вэ?
14 Еховагийн албатууд Есүсийнх шиг хайраар бусдад хандах нь туйлын чухал юм. Гэхдээ хувиа хичээх хандлагатай итгэл нэгт христосын шашинтныг хайрлах нь танд хэцүү юу? Элч нар хүртэл хоорондоо эвдрэлцэж, хувийн ашиг сонирхлоо хөөж явсныг бид мэдэх билээ (Матай 20:20–24). Галатчууд ч хоорондоо ам мурийж байсан. Бусдыг хайрлах нь Хуулийг биелүүлсэн хэрэг мөн гэдгийг Паул анхааруулаад: «Хэрэв та нар нэг нэгнээ зуудаг, залгидаг бол бие биеэ хөнөөвүүзэй» хэмээн урьдчилан сануулжээ. Паул махан биеийн үйл хэргийг Бурхны сүнсний үр жимстэй харьцуулан: «Бид бие биедээ атаархан харилцан тэмцэлдэж, нэг нэгнээ сөрөх замаар нэр алдрыг хайгч болохгүй байя» гэж захиад, цааш нь: «Нэг нэгнийхээ илүү ачаанаас үүрэлц. Тийнхүү Христийн хуулийг хэрэгжүүлэгтүн» гэж уриалжээ (Галат 5:14–6:2).
15 Христийн хуулинд захирагдахыг тушааснаараа Ехова биднээс хэтэрхий ихийг шаардаж байна гэж үү? Бидэнтэй хатуу ширүүн харьцаж, сэтгэл зүрхийг маань шархлуулсан хүмүүстэй сайхан харьцана гэдэг амаргүй хэдий ч бид «онцгой хайрлагдсан хүүхдүүд адил Бурхныг дууриаж, хайр дотор явах» ёстой билээ (Эфэс 5:1, 2). Бид цаашдаа ч Бурхныг жишээ болгон дууриах хэрэгтэй. Учир нь «биднийг нүгэлтнүүд байсаар атал Христ бидний төлөө үхсэн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа таниулжээ» (Ром 5:8). Бид бусдад тэр тусмаа биднийг гомдоосон хүмүүст ч туслах санаачилга гаргаснаараа Бурхныг дууриаж, Христийн хуулинд захирагддаг гэдгээ мэдэрч улмаар сэтгэлийн баяр цэнгэл амсах болно.
16. Бурхан болон Христийг хайрладгаа бид хэрхэн батлан илэрхийлэх вэ?
16 Бид хайраа зөвхөн үг яриагаар бус мөн үйл хэргээрээ батладаг гэдгийг санах хэрэгтэй. Тэр ч байтугай биелүүлэхэд хэцүү байснаас нэгэн удаа Есүст Бурхны тааллыг хүлээн авах нь амаргүй байжээ. Есүс: «Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол энэ аягатайг Надаас холдуулаач» хэмээн гуйсан хэдий ч «Минийх бус, харин Таны хүсэл биелэгдэг» гэж нэмэн өгүүлжээ (Лүүк 22:42). Есүс бүхнийг амсах ёстой байсан ч Бурхны тааллыг биелүүлсэн (Еврей 5:7, 8). Дуулгавартай байдал гэдэг бол бидний хайрын баталгаа мөн бөгөөд Бурхны зам хамгийн шилдэг нь юм гэж бид хүлээн зөвшөөрдгийг харуулдаг болой. Библид: «Түүний айлдваруудыг сахих явдал нь Бурхныг хайрлах хайр мөн» гэсэн байдаг (1 Иохан 5:3). Есүс элч нартаа: «Хэрэв та нар намайг хайрлаж байгаа бол, Миний тушаалуудыг сахи» гэж хэлсэн (Иохан 14:15).
17. Есүс дагалдагчдадаа ямар онцгой тушаал өгсөн бэ? Энэ нь бидэнд хамаатай гэдэг нь хаанаас илэрхий болдог вэ?
17 Бие биеэ хайрла гэдгээс өөр ямар онцлог тушаалыг Есүс дагалдагчдадаа өгсөн бэ? Тэрээр тэднийг дэлгэрүүлэх ажилд сургаж байсан бөгөөд үүнийг хийхийг тушаажээ. «Тэр... ард олонд дэлгэрүүлэхийг бидэнд тушаасан юм» гэж Пэтр хэлжээ (Үйлс 10:42). Тэгвэл Есүс: «Иймээс яв, бүх үндэстнийг дагалдагч болго. Эцэг, Хүү болоод Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээ. Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заагтун» гэж тов тодорхой тушаажээ (Матай 28:19, 20; Үйлс 1:8). Түүнчлэн, Есүс эдгээр тушаал нь өнөөгийн «төгсгөлийн цаг үе»-д амьдарч буй дагалдагчдад нь ч хамаатай юм гэдгийг «Тэнгэрийн хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх ард түмэнд гэрчлэл болж дэлхий даяар дэлгэрүүлэгдэнэ. Дараа нь төгсгөл ирнэ» хэмээн хэлснээрээ харуулжээ (Даниел 12:4, ШЕ; Матай 24:14). Бурхан биднийг дэлгэрүүлээсэй гэж хүсдэг нь эргэлзээгүй. Гэвч, Бурхан биднийг энэ үйл хэрэгт оролцохыг шаардснаараа биднээс хэтэрхий ихийг хүсэн хүлээж байгаа бус уу гэж бодож болох юм. Энэ үнэхээр тийм гэж үү?
Хэцүү санагдаж болохын учир
18. Еховагийн шаардлагыг биелүүлснээсээ болоод бид зовлонд унавал юу гэж үзэх хэрэгтэй вэ?
18 Бидний урд үзсэнчлэн Ехова түүхийн явцад хүмүүст янз бүрийн шаардлага тавьдаг байсан. Гэхдээ тэдэнд өгөгдсөн даалгавар ч, тэдэнд оногдсон сорилтынн шинж чанар ч өөрчлөгддөг байжээ. Бурхны хайртай Хүү нь хамгийн хүнд хэцүү сорилтуудыг даван туулсан ба эцсийн эцэст Бурхны шаардлагыг биелүүлснийхээ төлөө хамгийн харгис хэрцгий үхлийг амссан. Гэхдээ бид Еховагийн шаардлагыг биелүүлж байгаагаасаа болоод зовж зүдэрдэг бол бидэнд тулгарсан сорилтын хариуцлагыг Бурхан хүлээхгүй гэдгийг санах хэрэгтэй (Иохан 15:18–20; Иакоов 1:13–15). Сатаны дэгдээсэн самуун нь нүгэл, зовлон зүдүүр, үхлийн уршгийг хойноосоо дагуулсан. Учир иймээс Бурхны шаардлагыг биелүүлэх гэсэн Еховагийн албатуудад их түвэг учруулдаг нөхцөл байдлын хариуцлагыг зөвхөн Сатан хүлээнэ (Иоб 1:6–19; 2:1–8).
19. Еховагийн Хүүгээрээ дамжуулан өгсөн тушаалыг биелүүлэх нь ямар учраас нэр төртэй хэрэг вэ?
19 Ехова Хүүгээрээ дамжуулан, хүн төрөлхтний бүх зовлон зүдүүрийг зөвхөн Хаанчлалын удирдлага арилгана гэдгийг сүүлчийн цаг үед бүх дэлхий даяар зарлан тунхаглахыг албатууддаа тушаажээ. Энэхүү Бурхны засгийн газар нь дэлхийг дайн дажин, гэмт хэрэг, ядуурал хоосрол, өтөл хөгшрөл, өвчин эмгэг, үхэл хагацал гээд бүх л зовлон зүдүүрээс ангижруулах болно. Түүнчлэн, Хаанчлал дэлхий дээр гайхамшигт диваажин байгуулах ба тэнд үхэгсэд хүртэл амилна (Матай 6:9, 10; Лүүк 23:43; Үйлс 24:15; Илчлэлт 21:3, 4). Энэхүү сайн мэдээг дэлгэрүүлэх нь яасан нэр төртэй хэрэг вэ! Тэгэхлээр бидэнд тохиолддог зовлон бэрхшээлүүд нь Еховагийн биднээс шаарддаг зүйлээс бус, харин Сатан Диабол болоод түүний дэлхийгээс урган гардаг бөлгөө.
20. Сатаны далдуур хөнөөх арга бүхнийг бид хэрхэн амжилттай эсэргүүцэж болох вэ?
20 Бид Сатаны далдуур хөнөөх арга бүхнийг хэрхэн амжилттай эсэргүүүцэж болох вэ? «Хүү минь, мэргэн байгтун. Зүрхийг минь баярлуул. Энэ нь элдвээр хэлэгчдэд хариу барихын тулд юм» гэдэг үгсийг санаарай (Сургаалт үгс 27:11). Есүс Эцгийнхээ хүсэл тааллыг биелүүлэхийн тулд аюул осолгүй тэнгэр дэх амьдралаа орхин дэлхийд ирснээрээ Сатаны доог тохууд хариу өгөх боломжийг Еховад олгосон (Исаиа 53:12; Еврей 10:7). Есүс хүн байхдаа өөрт нь оногдсон бүх сорилтыг, тэр дундаа, тарчлаах шонгийн үхлийг ч үл хайхран эцсээ хүртэл тэвчсэн. Хэрэв түүнийг Үлгэр дууриал болгон дагах аваас бид ч гэсэн Еховагийн шаарддаг зүйлийг биелүүлж, зовлон зүдүүрийг даван туулж чадна (Еврей 12:1–3).
21. Ехова болон түүний Хүүгийн биднийг гэсэн хайр танд ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?
21 Биднийг гэсэн Бурхны болон Хүүгийнх нь хайр хичнээн агуу вэ! Есүсийн золиосын ачаар дуулгавартай хүмүүс Диваажинд мөнх амьдрах найдвартай болсон. Бидний найдварыг юу ч бүү халхлаг. Харин ч хүн болгон Паулын адилаар Есүсийн бий болгосныг ямагт санаж яваг. Паул: «Би... амьд байгаа нь намайг хайрлаж миний төлөө өөрийгөө өгсөн Бурхны Хүүд итгэх итгэлээр байгаа хэрэг юм» гэж хэлжээ (Галат 2:20). Биднээс хэзээ ч хэтэрхий ихийг шаарддаггүй хайрын Бурхан Еховадаа чин сэтгэлийн талархалаа илэрхийлцэгээе.
Давтах асуулт
◻ Ехова өнөөдөр биднээс юу шаарддаг вэ?
◻ Есүс элч нарынхаа хамт өнгөөрүүлсөн сүүлчийн үдэш хайрын чухал болохыг хэрхэн онцлон тэмдэглэсэн бэ?
◻ Бурханд хайртай гэдгээ бид хэрхэн баталж болох вэ?
◻ Еховагийн биднээс шаарддаг зүйлийг хийх нь ямар учраас нэр төрийн хэрэг вэ?