Жинхэнэ христиан шашин «үлэмж хүчтэй тархаж» байна!
«Ийн Эзний үг үлэмж хүчтэйгээр тархан бэхэжсээр байлаа» (ҮЙЛС 19:20).
1. Нэгдүгээр зуунд христиан шашин хэрхэн тархаж байсныг тодорхойлон хэлнэ үү.
АРИУН сүнсний хүч авсан эртний христианууд Бурхны үгийг гандан буурахгүй идэвх чармайлттайгаар тунхаглаж байлаа. Нэгэн түүхч: «Христиан шашин Ромын эзэнт гүрнээр гайхалтай хурдан тархаж байлаа. 100 он гэхэд Газрын дундад тэнгисийн эргийн муж болгон христиан шашны нийгэмлэгтэй болсон байв» гэж бичжээ.
2. Сатан сайн мэдээний эсрэг юу сөргүүлэн тавьсан бэ? Үүнийг хэрхэн зөгнөсөн бэ?
2 Сатан Диавол эртний христиануудыг дуугүй болгож хүч хүрэхгүй байв. Тийм учраас сайн мэдээний үр нөлөөг нураахын тулд тэрс үзлийг сөргүүлэн тавьсан. Есүс буудай ба зэрлэг өвсний тухай сургаалт зүйрлэлээрээ тэрс үзэл бий болохыг зөгнөн хэлсэн (Матай 13:24–30, 36–43). «Хөнөөлт тэрс үзлийг» бий болгох хуурамч багш нар хурлын дотроос гарч ирнэ гэдгийг элч Петр бас урьдчилан сануулсан (2 Петр 2:1–3). Элч Паул ч мөн адил Еховагийн өдрийн өмнө тэрс үзэл бий болно гэдгийг онцгойлон сануулсан (2 Тесалоник 2:1–3).
3. Элч нарыг нас барсны дараа юу болсон бэ?
3 Элч нарыг нас барсны дараа сайн мэдээг хүний зохиосон болон гүн ухааны сургаалуудаар харлуулж эхэлсэн. Зөгнөсөн ёсоор хуурамч багш нар жинхэнэ үнэнийг гажуудуулан бузарласан. Жинхэнэ христиан шашин аажмаар «христ шашны ертөнц» гэдэг хуурамч шашинд халхлагдах болсон. Энгийн хүмүүсийг Библи уншихад нь элдэв аргаар саад хийдэг лам нарын анги бий болов. Өөрсдийгөө «христиан» гэж нэрлэдэг хүмүүс олширсон хэдий ч тэд зохих ёсоор шүтдэггүй байлаа. Христ шашны ертөнц газар нутгийн хувьд өргөжин тэлж, хүчирхэг байгууллага болсон бөгөөд барууны соёлд нөлөө бүхий хүч болж байсан хэдий ч түүнд Бурхны ивээл ба ариун сүнсний аль аль нь байгаагүй юм.
4. Бурхны санаа зорилгыг таслан зогсоох гэсэн Сатаны төлөвлөгөө яагаад нурсан бэ?
4 Гэвч Еховагийн санаа зорилгыг таслах гэсэн Сатаны төлөвлөгөө нуран унасан. Тэрс үзлийн хамгийн харанхуй өдрүүдэд хүртэл жинхэнэ христиан хүмүүс байсаар байсан. Библийг хуулан олшруулдаг хүмүүс алдаа гаргахгүйг хамаг хүчээрээ чармайж байв. Тийнхүү, хүмүүст Библи заах бүрэн эрхтэй гэж өөрсдийгөө үздэг хүмүүс Ариун Судрын санааг гажуудуулж байсан хэдий ч Бурхны Үг өөрлөгдөлгүй, хэвээрээ үлдсэн билээ. Ером Тиндал зэрэг эрдэмтэд олон зууны турш Бурхны Үгийг зоригтойгоор орчуулж, тарааж байлаа. Олон сая хүн Библи болоод жинхэнэ биш ч гэсэн христиан шашинтай танилцаж байсан.
5. Зөнч Даниел «жинхэнэ мэдлэгийн» талаар юу гэж зөгнөсөн бэ?
5 Эцсийн эцэст «Даниел» номд зөгнөснөөр «жинхэнэ мэдлэг өсөн нэмэгдсэн». Энэ үйл явдал «төгсгөлийн цаг үед» буюу бидний амьдарч байгаа үед болсон (Даниел 12:4, ШЕ). Ариун сүнс бүх дэлхийн үнэнд дуртай хүмүүст жинхэнэ Бурхан болон түүний санаа зорилгын тухай үнэн зөв мэдлэгтэй болох боломж олгосон. Тэрс үзэл сургаал ноёлоод олон зуун жил болсон хэдий ч Бурхны үг «үлэмж хүчтэй тархаж» байна! Өнөөдөр сайн мэдээ хүмүүст гайхамшигтай шинэ ертөнцөд амьдрах итгэл найдвар төрүүлэн, газар сайгүй тунхаглагдсаар байна (Дуулал 37:11). Одоо, бидний үед Бурхны үг хэрхэн өсөж байгааг судлан үзэцгээе.
Өнөөдөр үг хэрхэн өсөж байгаа нь
6. 1914 он гэхэд Библи Судлаачид ямар ямар үнэнийг ойлгодог болсон бэ?
6 XIX зууны төгсгөлөөр Библийн үнэн «Библи Судлаачид» гэдэг нэртэй нэгэн жижиг бүлэг хүмүүсийг урамшуулан зоригжуулсан бөгөөд өнөөдөр тэднийг «Еховагийн Гэрчүүд» гэдэг. 1914 он гэхэд тэдний хувьд Библи амилсан байлаа. Тэд Бурхны санаа зорилготой холбоотой гайхамшигтай олон үнэнийг ойлгожээ. Ехова хайраа илэрхийлэн, Хүүгээ дэлхий уруу илгээж, мөнхийн амьдралд хүрэх зам нээсэн нь тэдэнд гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн байна. Тэд Бурхны нэрийг мэддэг, эрхэмлэдэг болсны дээр Бурхан өөрөө ямар бодгаль болохыг ойлгодог болсон. Цаашлаад «харь үндэстний цаг» нэгэнт дууссан ба энэ нь Бурхны Хаанчлал хүн төрөлхтнийг ивээх цаг ойртсоны шинж гэдгийг ойлгосон (Лук 21:24). Үнэхээр тааламжтай сайн мэдээ! Эдгээр гайхамшигтай үнэнийг бүх хүнд, дэлхийн өнцөг булан бүрт хүргэх хэрэгтэй байлаа. Яагаад гэвэл энэ үнэн хүн төрөлхтний амьтай холбоотой байсан юм!
7. Орчин үед Библийн үнэн яаж «үлэмж хүчтэйгээр тархсан» бэ?
7 Ехова ариун сүнсээр тослогдсон тэрхүү цөөн хэдэн христианыг ивээсэн. Өнөөдөр жинхэнэ христиан шашныг сонгосон хүмүүсийн тоо зургаан сая давжээ. Тэрчлэн Бурхны үг өргөн уудам нутгаар түгэн тархаж, дэлхийн 235 оронд Еховагийн Гэрчүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнээс гадна Библийн үнэн, шашин болон бусад бүх саад тотгорыг даван «үлэмж хүчтэйгээр тархсан». Дэлхий даяар дэлгэрүүлж байгаа энэхүү өргөн цар хүрээтэй ажил бол Есүс, хааны эрхээ хүлээн аваад залран байгаагийн хөдөлшгүй нэгэн нотолгоо мөн (Матай 24:3, 14).
8. Еховагийн Гэрчүүдийн өсөлтийн талаар хүмүүс юу хэлдэг вэ?
8 Түүхчид нэгдүгээр зуунд христиан шашин яаж гайхалтай хурдан тархаж байсныг тэмдэглэж байсанчлан өнөөдөр ч гэсэн олон эрдэмтэн Еховагийн ард түмэн хэрхэн өсөж байгаа талаар ярьж байна. АНУ-ын хоёр эрдэмтэн хамтын бүтээлдээ: «Еховагийн Гэрчүүдийн тоо сүүлийн 75 жилд дэлхий даяар... ер бусын хурдтайгаар өслөө» хэмээн бичжээ («Journal of Contemporary Religion»). Дорнод Африкийн нэгэн хэвлэлд Гэрчүүдийг «Библийн сургаалыг чин үнэнчээр сахин мөрддөгөөрөө дэлхий даяар алдартай, хамгийн хурдан тархаж, хамгийн их хүндэтгэл хүлээж байгаа шашин» гэж нэрлэжээ («UNAD News»). Европт хэвлэсэн, хуучныг баримтлагч нэгэн католик шашны сэтгүүлд «Еховагийн Гэрчүүдийн хэт өсөлтийн» талаар дурджээ («Il Sabato»). Энэ өсөлтөд юу тусалсан бэ?
Өнөөдөр ариун сүнс хэрхэн үйлчилдэг нь
9. а) Өнөөдөр Бурхны үг «үлэмж хүчтэйгээр тархаж» байгаагийн нэг гол шалтгаан юу вэ? б) Ехова хүмүүсийг өөртөө хэрхэн татдаг вэ?
9 Өнөөдөр Бурхны үг нэгдүгээр зууных шиг «үлэмж хүчтэйгээр тархаж» байгаа нь юуны түрүүнд Еховагийн сүнс хүчтэй үйлчилж байгаагийн ач юм. Есүс: «Намайг илгээсэн Эцэг хэн нэгнийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй» гэж хэлсэн (Иохан 6:44). Бурхан хүний зүрх сэтгэлийг хардаг ба зөв зүрх сэтгэлтэй хүмүүст анхаарлаа хандуулдгийг энэ үг харуулж байна. Ехова Гэрчүүдийнхээ дэлгэрүүлдэг ажлаар дамжуулан «бүх үндэстний эд баялгийг» нь буюу бүх дэлхийн хонь адил номхон даруу хүмүүсийг өөртөө татдаг (Хаггай 2:6, 7).
10. Ямар хүмүүс Бурхны үгийг хүлээн авч байсан бэ?
10 Ариун сүнс Бурхны үгийг дэлхийн хязгаар хүргүүлэх гэж зөвхөн Бурхны ард түмэнд хүч өгөөд зогсоогүй, сайн мэдээ хүлээн авахад нь янз бүрийн хүнд нөлөөлсөн. Үнэндээ, «бүх овог, хэл, ард түмэн болон үндэстнүүдийн» хүмүүс Бурхны үгийг хүлээж авч байгаа билээ (Илчлэлт 5:9; 7:9, 10). Тэдний дунд баян хоосон, боловсролтой боловсролгүй янз бүрийн хүн бий. Үгийг зарим нь дайн байлдаан буюу харгис хатуу хавчлага мөрдөлтийн нөхцөлд хүлээж авсан байхад нөгөө зарим нь тайван амгалан, таатай сайхан үед хүлээж авсан байх жишээтэй. Ямар ч засаг төр хийгээд соёл иргэншлийн үед, бөөнөөр хорих лагериас авахуулаад орд харшуудад хүртэл хаана л бол хаана эрэгтэй эмэгтэй гэлтгүй үй олон хүн сайн мэдээг дуртайяа хүлээн авч байлаа.
11. Ариун сүнс Бурхны ард түмэнд хэрхэн үйлчилдэг вэ? Өнөөдөр хэн юуг ялгадаг болсон бэ?
11 Бурхны ард түмэн янз бүрийн хүмүүсээс бүрддэг хэдий ч тэдний дунд эв нэгдэл ноёлж байдаг (Дуулал 133:1–3). Энэ бол Бурханд үйлчлэгч хүмүүст ариун сүнс үйлчилдгийн баталгаа юм. Ариун сүнс бол Бурхны үйлчлэгчдэд хайр, баяр баясгалан, амар тайван, сайхан сэтгэл болон дур булаам өөр олон сайхан чанар илэрхийлэх боломж олгодог аугаа хүч юм (Галат 5:22). Өнөөдөр бид зөнч Малахийн олон жилийн өмнө: «Та нар зөв шударга ба хорон муугийн хоорондохыг, Бурханд үйлчилдэг нэгэн ба Түүнд үйлчилдэггүй нэгний хоорондохыг... ялгадаг болно» хэмээн зөгнөн хэлсэн үг биелж байгааг тов тодорхой харж байна (Малахи 3:18).
Идэвх зүтгэлтэй үйлчлэгчдийн ачаар Бурхны үг «үлэмж хүчтэйгээр тархаж» байна
12. Еховагийн Гэрчүүд сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд яаж ханддаг вэ? Хүмүүс яаж ханддаг вэ?
12 Еховагийн орчин үеийн Гэрчүүд бол сүмүүдийн идэвхгүй сүсэгтнүүд шиг биш, харин сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд идэвх зүтгэлтэй оролцдог Бурхны үйлчлэгчид юм. Тэд эртний христиануудын адил Хаанчлалтай холбоотой Еховагийн амлалтын талаар илүү ихийг мэдэхэд нь бусдад туслахыг чармайн, Бурхны хүсэл тааллыг дуртайяа гүйцэлдүүлдэг. Гэрчүүд бол Еховад үйлчлэх хүсэлтэй хүмүүсийг ариун сүнсний удирдлага дор цуглуулдаг Бурхны хамтран зүтгэгчид юм. Тийн ажилласнаараа тэд итгэгч биш хүмүүст Еховагийн үзүүлдэг энэрэнгүй сэтгэл хийгээд хайрыг тусгадаг. Ингэхдээ тэд ертөнцийн зүгээс учруулдаг хайхрамжгүй хандлага, доог тохуу болон мөрдөлт хавчилтыг тоодоггүй юм. Хүмүүс сайн мэдээнд янз бүрээр хандах болно гэдгийг Есүс дагалдагчдадаа сануулан хэлж байсан. Тэрбээр: «Боол эзнээсээ илүү агуу биш... Хэрэв тэд Намайг хавчсан бол, та нарыг бас хавчих болно. Хэрэв тэд Миний үгийг сахьсан бол, та нарынхыг бас сахих болно» хэмээн хэлсэн (Иохан 15:20).
13. Христ шашны ертөнцийнхөнд байдаггүй ямар чанарууд Еховагийн Гэрчүүдэд тод илэрдэг вэ?
13 Еховагийн Гэрчүүд болон нэгдүгээр зууны жинхэнэ христиануудын хоорондох ижил төстэй байдлыг харахад сэтгэл хөдлөхгүй байх аргагүй. Тэрчлэн Еховагийн Гэрчүүд болон христ шашны ертөнцийнхний хоорондох ялгаа түүнээс ч дутуугүй гайхал төрүүлдэг юм. Нэгэн эрдэмтэн эртний христиануудын сайн мэдээ дэлгэрүүлж байсан идэвх чармайлтын талаар бичсэнийхээ дараа: «Хэрэв орчин үеийн христ шашны үйл ажиллагааг, баптисм хүртсэн христ шашинтан болгонд сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг дахин үүрэг болгон ноогдуулж, амьдралыг нь итгэгч бус хүмүүсийнхээс чанарын хувьд илүү байлгахаар өөрчлөхгүйгээр бид урагшаа явах нь юу л бол» хэмээн харамсан өгүүлжээ (Майкл Грин, «Evangelism in the Early Church»). Христ шашны ертөнцийнхөнд байдаггүй чанарууд Еховагийн Гэрчүүдэд тод илэрдэг! Тэдний итгэл бол Библийн үнэнд үндэслэсэн амьд бөгөөд жинхэнэ итгэл юм. Тэд итгэлээ сонсох хүсэлтэй хүмүүстэй дуртайяа хуваалцдаг (1 Тимот 2:3, 4).
14. Есүс дэлгэрүүлэх ажилд хэрхэн ханддаг байсан бэ? Түүний шавь нар мөн яаж ханддаг вэ?
14 Есүс дэлгэрүүлэх ажилд туйлын буурь суурьтай хандаж байсан бөгөөд энэ нь түүний хувьд бүхнээс чухал байсан билээ. Есүс Пилатад: «Би үнэний тухай гэрчлэхээр төрсөн бөгөөд үүний тулд л ертөнцөд ирсэн» хэмээн хэлжээ (Иохан 18:37). Бурхны ард түмэн ч мөн адил ханддаг. Бурхны үйлчлэгчид Библийн үнэнийг сэтгэл зүрхэндээ тээн, аль болох олон хүнд хүргэхийн тулд боломжтой арга болгоныг эрэлхийлдэг юм. Эдгээрийн зарим нь гайхалтай мэргэн болдог.
15. Зарим Гэрч сайн мэдээ дэлгэрүүлэх ажилдаа ямар мэргэн арга хэрэглэдэг байсан бэ?
15 Өмнөд Америкийн нэгэн орны Гэрчүүд Амазон мөрний нэг салаагаар урсгал уруудан хүмүүст Библийн үнэнийг дэлгэрүүлэн аялдаг байжээ. Гэтэл 1995 онд тус оронд үймээн самуун дэгдсэнээс болоод ард иргэдийг голоор зорчихыг хоригложээ. Гэрчүүд сонирхогч хүмүүсээ Библид үндэслэсэн ном хэвлэлээр хангах ажлаа үргэлжлүүлэхээр хатуу шийдэн, голоор урсгадаг болсон байна. Тэд захиа бичээд «Харуулын цамхаг» «Сэрцгээ!» зэрэг сэтгүүлийн хамт хоосон хуванцар лонхонд хийж бөглөөд голоор урсгадаг байлаа. Ард иргэдэд голоор зорчихыг дахин зөвшөөрөх хүртэл тэд дөрвөн жил хагас энэ аргаа үргэлжлүүлжээ. Хэвлэл илгээж байсанд нь голын дагуу амьдардаг хүмүүс Гэрчүүдэд гүн талархлаа илэрхийлжээ. Урьд нь Гэрчүүдтэй Библи судалж байсан нэгэн эмэгтэй тэднийг тэврээд, нүдэндээ нулимс цийлэгнүүлэн байж: «Би та нартай дахин уулзалдахгүй байх гэж бодож байлаа. Харин лонхонд хийсэн хэвлэл аваад намайг мартаагүй юм байна гэдгийг ойлгосон» хэмээн хэлжээ. Тэр голын эргээр амьдардаг өөр хүмүүс сэтгүүлүүдийг дахин дахин уншдаг байснаа ярьсан билээ. Олон суурин өөрийн гэсэн «шуудангийн салбартай» байсан бөгөөд энэ нь голоор урсаж ирдэг юмс хэсэг хугацаанд саатан тогтдог усны жижигхэн эргүүлэг байлаа. Сонирхогчид «шуудан» ирсэн эсэхийг мэдэх гэж тийшээ эргэн очдог байжээ.
16. Дэлгэрүүлэх ажилд чин сэтгэлээсээ хандан, идэвх чармайлт гаргах аваас заримдаа шавь бэлдэх ямар боломж нээгддэг вэ?
16 Сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг Ехова Бурхан болон түүний хүчирхэг тэнгэр элчүүд удирдан чиглүүлж, дэмжин тусалдаг (Илчлэлт 14:6). Хэрэв бид дэлгэрүүлэх ажилд чин сэтгэлээсээ хандан, идэвх чармайлт гаргах аваас шавь бэлтгэх санаанд оромгүй боломж өмнө маань нээгдэж болно. Кени улсын Найроби хотын хоёр христиан эмэгтэй хуваарьтай хэсгээрээ дэлгэрүүлээд дууссан байна. Тэгтэл нэгэн залуу эмэгтэй тэр хоёр дээр гэнэт хүрч ирээд сэтгэл догдлонгуйгаар: «Би та нар шиг хүмүүстэй уулзах юмсан гэж залбирсан» хэмээн хэлжээ. Тэр эмэгтэй Гэрчүүдийг гэртээ урьж оруулан ярилцсан бөгөөд тэд тэр өдрөө уг эмэгтэйтэй Библи судалж эхэлсэн байна. Тэр эмэгтэй ямар учраас хоёр христиан эмэгтэй уруу тийм яаруу очих хэрэгтэй болсон бэ? Ойролцоогоор хоёр долоо хоногийн өмнө бяцхан хүү нь нас барсан байжээ. Гэтэл «Насан өөд болсон ойр дотнын маань хүмүүс ямар ирээдүйтэй вэ?» гэсэн танилцуулга барьж явсан нэгэн хүүг хараад түүнийг нь уншмаар санагдан хүүгээс гуйжээ. Хүү танилцуулгаа өгөөгүй боловч түүнийг Еховагийн Гэрчүүд бэлэглэсэн гэж хэлсэн байна. Тэр эмэгтэй сүнслэг талаараа хурдан өсөж, хүүгээ алдсан уй гашууд автах нь багасчээ.
Бурхны хайр «үлэмж хүчтэйгээр тархах» ёстой
17-19. Золиос бий болгосноор Ехова хүн төрөлхтнийг хэрхэн хайрласан бэ?
17 Бурхны үг дэлхий даяар хэрхэн тархах нь Есүс Христийн золих тахилтай нягт холбоотой. Дэлгэрүүлэх ажил бол золиос лугаа адил дэлхийн өнцөг булан бүрд амьдрагч хүмүүст Еховагийн үзүүлж байгаа хайрын илрэл юм. Онгодоор хөглөгдсөн элч Иохан: «Бурхан ертөнцийг [хүн төрөлхтнийг] үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм» хэмээн бичсэн (Иохан 3:16).
18 Бидний төлөө Хүүгээ золиослон байж илэрхийлсэн Еховагийн хайрын талаар бодож үзэгтүн! Бурхан «[өөрийнхөө] бүтээлийн Анхдагч» нь болох бүхнээс хайртай, цорын ганц Хүүтэйгээ тоо томшгүй олон жилийн турш ойр дотно харьцаатай байж, баясан жаргаж байсан (Илчлэлт 3:14). Есүс Эцэгтээ хязгааргүй хайртай байсан бөгөөд Ехова Хүүгээ бүр «ертөнцийн сууриас өмнө» хайрладаг байсан (Иохан 14:31; 17:24). Хүмүүст мөнх амьдрах боломж олгохын тулд Ехова хайртай Хүүгээ үхүүлэхийг зөвшөөрчээ. Хүн төрөлхтөнд зориулсан юутай бишрэм хайр вэ!
19 Иохан 3:17-д: «Бурхан Өөрийн Хүүг ертөнцийг яллахын тулд биш, харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахын тулд ертөнц уруу илгээсэн билээ» хэмээн бичжээ. Өөрөөр хэлбэл Ехова Хүүгээ, шүүх буюу шийтгэхийн тулд бус, харин хайрандаа хөтлөгдөн авралын элч болгон илгээсэн аж. Энэ нь: «[Ехова] хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй, бүгдийг гэмшилд ирээсэй хэмээн хүсдэг» гэж хэлсэн Петрийн үгтэй тохирдог (2 Петр 3:9).
20. Хүмүүсийн аврагдах эсэх нь сайн мэдээ дэлгэрүүлэх ажилтай ямар холбоотой вэ?
20 Ехова өөрийнх нь хувьд хэдийгээр их үнэтэй ч гэсэн хүмүүсийг аврахын тулд хууль ёсны арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бөгөөд үүнийг аль болох олон хүн ашиглаасай гэж хүсдэг. Элч Паул: «„Эзний [«Еховагийн», ШЕ] нэрээр дуудах хэн ч аврагдах болно“. Тэгвэл Түүнд итгээгүй тэд яаж Түүнийг дуудах вэ? Түүнийг сонсоогүй тэд яаж Түүнд итгэх вэ? Тэд номлогчгүйгээр [дэлгэрүүлэгчгүйгээр] яаж сонсох вэ?» хэмээн бичжээ (Ром 10:13, 14).
21. Дэлгэрүүлэх ажилд оролцох боломжийн талаар бид юу бодох ёстой вэ?
21 Дэлхий даяар явуулж байгаа дэлгэрүүлэх болоод сургах ажилд оролцох нь юутай баяр хөөртэй бөгөөд аз завшаантай хэрэг вэ! Энэ ажил хэдийгээр амаргүй ч гэсэн ард түмэн нь үнэнч шударгаар амьдарч, бусад хүмүүстэй сайн мэдээ хуваалцаж байгааг хараад Ехова ямар их баярладаг бол оо! Тийм болохоор таны хувьд нөхцөл байдал ямар ч байлаа гэсэн Бурхны сүнс болоод хайр энэ ажилд оролцох хүсэл зоригийг зүрх сэтгэлд тань асаах болтугай. Бидний нүдэн дээр дэлхий даяар явагдаж байгаа ажил нь Ехова Бурхан «зөвт байдал оршдог шинэ тэнгэр, шинэ газрыг» тогтоох гайхамшигтай амлалтаа удахгүй биелүүлэхийн хөдлөшгүй баталгаа мөн гэдгийг санагтун (2 Петр 3:13).
Та санаж байна уу?
• Тэрс үзэл сайн мэдээ дэлгэрүүлэгчдийг яагаад дуугүй болгож чадаагүй вэ?
• Өнөөдөр Бурхны үг хэрхэн «үлэмж хүчтэйгээр тархаж» байна вэ?
• Бурхны сүнс өнөөдөр ямар байдлаар үйлчилж байна вэ?
• Золиос дэлгэрүүлэх ажилтай ямар холбоотой вэ?