Торгон цэргүүд сайн мэдээ сонссон нь
МЭ 59 он. Аяншиж ядарсан цэргүүд ялтнуудыг харгалзаж явсаар Капена хаалгаар Ром хотод орж ирэв. Палатины толгод дээр эзэн хаан Нероны ордон сүндэрлэн харагдах аж. Ёслолын хувцасныхаа дотор талд илд нуусан торгон цэргүүд ордныг хамгаалдаг байв.a Зуутын дарга Юлиусаар удирдуулсан цэргүүд хоригдлуудыг харгалзаж Ромын Форум буюу төв талбайгаар дамжин Виминал толгод өөд өгслөө. Замдаа Ромын бурхдад зориулсан тахилын ширээнүүд бүхий цэцэрлэг дундуур өнгөрч, цэргийн сургууль хийдэг жагсаалын талбайгаар дайрав.
Торгон цэргүүдийн энэхүү сийлбэрийг МЭ 51 онд Клавдийн бариулсан нуман хаалганых гэж үздэг
Хоригдлуудын дунд элч Паул байлаа. Хэдэн сарын өмнө түүний сууж явсан онгоц далайн шуурганд өртөхөд Бурхны тэнгэр элч: «Чи Цезарийн өмнө зогсох ёстой» гэж хэлсэн ажээ (Үйлс 27:24). Тэр цаг ч боллоо доо гэж Паул бодсон биз ээ. Ромын эзэнт гүрний нийслэлийг харж зогсохдоо Иерусалим дахь Антониа цамхгийн дэргэд өөрт нь хэлсэн Эзэн Есүсийн үгийг санасан нь эргэлзээгүй. Есүс: «Зоригтой байгтун. Учир нь чи Намайг Иерусалимд яаж гэрчилсний адил Ромд ч мөн гэрчлэх ёстой юм» хэмээн айлдсан аж (Үйлс 23:10, 11).
Паул Кастра Преториа гэдэг торгон цэргийн том цайзыг харж хэсэг зогссон болов уу. Энэ нь олон цамхаг бүхий, өндөр хана хэрэмтэй улаан тоосгон цайз байлаа. Тэнд Ромын эзэн хааны бие хамгаалагч торгон цэргийн 12 ангиb болон хотын хэдэн мянган цагдаа, морин цэргүүд амьдардаг. Кастра Преториа цайз эзэн хааны сүр хүчийг илтгэх аж. Торгон цэргүүд янз бүрийн мужаас ирсэн ялтнуудыг харгалзах үүрэгтэй байв. Зуутын дарга Юлиус ялтнуудыг дагуулсаар дөрвөн гол хаалганы нэгээр орж, зорьсон газраа ирснээр хэдэн сар үргэлжилсэн аюул осол ихтэй аялал нь дуусжээ (Үйлс 27:1–3, 43, 44).
ЭЛЧ ПАУЛ «ЯМАР Ч СААДГҮЙГЭЭР» ДЭЛГЭРҮҮЛСЭН НЬ
Ром руу явах замд гайхмаар явдлууд тохиолджээ. Хөлөг онгоц сүйрсэн ч тэнгэр элчийн хэлснээр бүх хүн амьд гарав. Паул хорт могойд хазуулсан ч үхсэнгүй. Мальт арлынхан өвчнөөс нь эдгээж өгсөн Паулыг бурхан хэмээн өргөмжлөв. Мухар сүсэгтэй торгон цэргүүд энэ бүхнийг бусдадаа сонин болгон ярьсан биз ээ.
Паул зорьсон газраа очихоосоо өмнө өөрийг нь «угтахаар Аппиу Форум болон „Гурван дэн буудал“ хүртэл ирсэн» Ромын ах дүүстэйгээ уулзаж амжжээ (Үйлс 28:15). Харин одоо Ромд очихлоороо сайн мэдээ тунхаглах гэсэн хүслээ яаж биелүүлэх бол? Хорионд байгаа шүү дээ (Ром 1:14, 15). Ялтнуудыг эхлээд торгон цэргийн дээд захирагчид хүргэж өгдөг байсан байх гэж зарим хүн таамагладаг. Хэрэв тийм бол Паулыг эзэн хааны дараа орох эрх мэдэлтэй Афраниус Буррус гэдэг захирагч руу аваачсан байх.c Ямар ч байсан, зуутын дарга нар бус, жирийн нэг торгон цэрэг Паулыг хамгаалах болжээ. Амьдрах байр олохыг зөвшөөрснөөр үл барам, эргэж тойрохоор ирсэн хүмүүст дэлгэрүүлэхэд нь саад болоогүй аж (Үйлс 28:16, 30, 31).
ПАУЛ «ИХ, БАГА ХҮМҮҮСТ ГЭРЧИЛСЭН» НЬ
Кастра Преториагийн хэрэм өнөөдөр
Элч Паулыг Эзэн хаан Неронд аваачихын өмнө Буррус түүнийг торгон цэргийн цайз юм уу хааны ордонд байцаасан байх. Паул ч «их, бага хүмүүст гэрчлэх» энэ хосгүй боломжийг алдаагүй (Үйлс 26:19–23). Буррус юу гэж дүгнэсэн нь тодорхойгүй ч Паулыг торгон цэргийн цайз дахь шоронд хориогүй юм.d
Паул хөлсөлсөн байрандаа «иудейчүүдийн тэргүүлэгчид» болон өөр олон хүнийг хүлээн авч, сайн мэдээ дэлгэрүүлдэг байлаа. Ирсэн хүмүүст «өглөөнөөс үдэш болтол» Хаанчлал болон Есүсийн талаар гэрчлэн ярихыг нь торгон цэргүүд ч сонсдог байв (Үйлс 28:17, 23).
Захиа бичүүлэхийг нь цэргүүд сонсдог байсан
Ордны хамгаалалтад гарсан торгон цэргийн анги өдөр бүр 8 цаг болоод солигддог байжээ. Паулыг харгалздаг харуулууд ч ээлжээр гардаг байв. Элчийг хорионд байх хоёр жилийн хугацаанд олон харуул сайн мэдээ сонсжээ. Учир нь Паул тэдний нүдэн дээр Ефес, Филиппой, Колоссай хотын итгэл нэгтнүүд болон еврей христиануудад захиа хэлж бичүүлэн, Филемон гэдэг христианд өөрөө захидал бичиж байсан билээ. Тэрбээр хорионд байсан атал Онесим гэгч боолыг эзнээсээ зугтаж ирэхэд нь эцэг хүн шиг санаа тавьж байгаад, эзэн рүү нь буцаан явуулдаг (Флм. 10). Бас өөрийг нь манадаг харуулуудтай ярьж хөөрч, сонирхсон юмаа асуудаг байсан нь лавтай (1 Кор. 9:22). Жишээ нь, цэргийн зэр зэвсэг, хуяг дуулгын зориулалтыг асууж мэдэж аваад, оновчтой жишээ зохиосон байх (Еф. 6:13–17).
БУРХНЫ ҮГИЙГ ЗОРИГТОЙ ЯРЬСАН НЬ
Торгон цэргүүд Ромын эзэнт гүрний янз бүрийн хүнтэй, тухайлбал, эзэн хааны гэр бүл, сайд түшмэл, зарц барлагуудтай харилцаа холбоотой байж, дуулж сонссоноо ярьдаг байсан нь мэдээж. Тийм болохоор сайн мэдээг зөвхөн торгон цэргүүд биш, өөр олон хүн сонсож, тэр бүү хэл, зарим нь христиан болжээ (Флп. 1:12, 13; 4:22). Паул ийнхүү зоригтой дэлгэрүүлж байсан учир Ром дахь итгэл нэгтнүүд нь Бурхны үгийг айлгүй ярих зүрх зоригтой болсон юм (Флп. 1:14).
Бид хаана ч, хэзээ ч боломж бүрийг алдалгүй дэлгэрүүлдэг
Паулын энэ жишээг уншихлаараа бид бас урамшин зоригждог. Тийм учраас, бид таатай, таагүй ямар ч нөхцөлд «үгийг тунхагладаг» (2 Тим. 4:2). Жишээ нь, зарим маань асрамжийн газар амьдардаг. Эмнэлэгт хэвтсэн, эсвэл итгэл үнэмшлээсээ болоод шоронд орсон христиан ч бий. Гэсэн хэдий ч эргэж тойрдог, эмчилж сувилдаг, хянаж харгалздаг хүмүүст тэд дэлгэрүүлдэг. Боломж бүрийг алдалгүй, зоригтой ярьдаг бол «Бурханы үг хүлэгдээгүйг» батлан харуулж чадна (2 Тим. 2:8, 9).
a «Нероны үеийн торгон цэргүүд» гэсэн хавсралтыг үзнэ үү.
b Торгон цэргийн нэг анги 1 000 хүртэлх тооны цэрэгтэй байжээ.
c «Сэкстус Афраниус Буррус» гэсэн гарчигтай хавсралт үзнэ үү.