«Еховад боол мэт үйлчил»
«Хичээл зүтгэлд бүү хойрго бай. Эзэнд [«Еховад боол мэт», ШЕ] үйлчил» (РОМ 12:11).
1. Ром 12:11-д бичсэн боол хүмүүсийн төсөөлдөг боолоос ямар ялгаатай вэ?
БООЛ гэхлээр бусдын эрхэнд байдаг, дарлуулж мөлжүүлсэн хүн төсөөлөгддөг. Гэвч Бурхны боол үүнээс тэс өөр юм. Библид бичсэнээр, христиан хүн халамжит Эзэндээ үйлчлэх үү, үгүй юү гэдгээ өөрөө шийддэг. Элч Паул «Еховад боол мэт үйлчлэхийг» нэгдүгээр зууны христиануудад зөвлөхдөө хайрандаа хөтлөгдөхийг уриалжээ (Ром 12:11, ШЕ). Еховагийн боол байх гэж юу гэсэн үг вэ? Сатанд боолчлогдохгүйн тулд яах вэ? Еховад боол мэт үйлчилж, түүнд үнэнч байдаг бол ямар шагнал хүртэх вэ?
«БИ ЭЗЭНДЭЭ ... ХАЙРТАЙ»
2. а) Эртний Израильд ямар хүн боол хэвээрээ үлдэхээр шийддэг байсан бэ? б) Боол чихээ цоолуулдаг байсан нь ямар учиртай вэ?
2 Еховагийн боол ямар байх ёстойг эртний израильчуудад өгсөн Хуулиас мэдэж болно. Еврей боол зургаан жил зарагдаад, долоо дахь жилдээ чөлөөлөгдөж болдог байжээ (Ег. 21:2). Гэхдээ эзэндээ үнэхээр хайртай, цаашдаа ч үйлчлэх хүсэлтэй бол чөлөөлөгдөх албагүй байв. Ийм заалтыг Ехова израильчуудад өгсөн Хуульдаа оруулжээ. Эзэн нь тэр боолоо хаалга юм уу хатавчинд аваачаад чихийг нь шөвгөөр цоолох ёстой байлаа (Ег. 21:5, 6). Ямар учраас тэр вэ? Еврей хэлний дуулгавартай байх гэсэн утгатай үг нь сонсох, дуулах гэдэг үгтэй холбоотой. Тэгэхлээр чихээ цоолуулдаг нь эзэндээ цаашдаа ч дуулгавартай үйлчилнэ гэдгээ баталж байгаа хэрэг юм. Еховад өөрийгөө зориулах гэдэг нь юу болохыг эндээс ойлгож болно. Бид Бурханд хайртай учраас дуулгавартай байхаар шийдсэн.
3. Бурханд амь амьдралаа зориулдгийн гол шалтгаан юу вэ?
3 Бид Еховагийн боол болж, түүнд үйлчилнэ гэдгээ баптисм хүртэхээсээ өмнө шийдсэн. Дуулгавартай байж, хүсэл таалалд нь нийцүүлье гээд Еховад амь амьдралаа зориулсан. Ингэхийг хэн ч албадаагүй. Баптисм хүртсэн хүүхдүүд ч мөн ялгаагүй. Тэд эцэг эхийгээ баярлуулах гэсэндээ бус, өөрсдөө шийдээд Еховад өөрийгөө зориулсан. Ехова Эзэндээ өөрийгөө зориулдгийн гол шалтгаан нь хайр юм. Элч Иохан: «Бурханы[г] хайрлах нь Түүний тушаалуудыг сахих юм. Түүний тушаалууд нь хүнд дарамт биш билээ» гэж бичжээ (1 Иох. 5:3).
ЧӨЛӨӨЛӨГДСӨН Ч БООЛ ХЭВЭЭРЭЭ
4. Яавал «зөвт байдлын боол» болох вэ?
4 Ехова Бурхан боол нь болох завшааныг бидэнд олгосон билээ. Үүнийх нь төлөө талархаад баршгүй! Христийн золиосонд итгэвэл нүглийн боолчлолоос чөлөөлөгдөх боломжтой. Энэ нь нүглээс бүрмөсөн ангижирлаа гэсэн үг биш ч Ехова Есүс хоёрт дуулгавартай байх завшаантай болсон хэрэг юм. Паул үүнийг нэг захидалдаа тодорхой тайлбарлан «Та нар өөрсдийгөө нүгэлд үхсэн боловч Бурханд Христ Есүсээр амьд байгаа гэж тооц» хэмээн бичжээ. Цааш нь «Та нар өөрсдийгөө дуулгавартай байхаар боол болгон хэн нэгэнд өгөхдөө, үхэлд хүргэх нүглийн ч бай, эсвэл зөвт байдалд хүргэх дуулгавартай байдлын ч бай, дагах нэгнийхээ боол нь болдгоо мэдэхгүй гэж үү? Харин Бурханд талархал нь байг. Учир нь та нар нүглийн боолууд байсан боловч та нар өөрсдөд чинь өгөгдсөн уг сургаалын хэв маягт зүрхнээсээ дуулгавартай болж, нүглээс чөлөөлөгдөн зөвт байдлын боолууд болсон» гэжээ (Ром 6:11, 16–18). «Зүрхнээсээ дуулгавартай» байх гэдэг үгийг анхааръя. Энэ нь Еховад өөрийгөө зориулна гэсэн үг. Тэгсэн цагт бид «зөвт байдлын боол» болно.
5. Бид бүгдээрээ юутай тэмцэх ёстой вэ? Яагаад?
5 Гэхдээ Бурханд өөрийгөө зориулсныхаа дагуу амьдрахын тулд хоёр төрлийн тэмцэл явуулах шаардлагатай. Нэгдүгээрт, төгс бус байдалтайгаа тэмцэх учиртай. Паул ч тэмцэж байжээ. Энэ тухайгаа «Би доторх хүнийхээ хувьд Бурханы хуульд баярладаг. Гэвч миний эрхтнүүдэд өөр хууль байдаг бөгөөд тэр нь миний оюун ухааны хуультай дайтаж, намайг өөрийн минь эрхтнүүдэд байдаг нүглийн хуулийн хоригдол болгодог юм байна гэдгийг би харж байна» хэмээн бичжээ (Ром 7:22, 23). Бид төгс бус учир махан биеийн хүсэлдээ дийлдэхгүйн тулд байнга тэмцэх ёстой. Элч Петр: «Чөлөөт хүн мэт үйлд. Эрх чөлөөгөө муу муухайг далдлах халхавч болгон бүү ашигла, харин Бурханы зарц мэт үйлд» хэмээн уриалжээ (1 Петр 2:16).
6, 7. Сатан энэ ертөнцийг сэтгэл татам болгохын тулд ямар арга хэрэглэдэг вэ?
6 Хоёрдугаарт, чөтгөрүүдийн эрхшээлд байдаг энэ ертөнцөд татагдахгүйн тулд тэмцэх шаардлагатай. Христианууд биднийг Ехова Есүс хоёроос урвуулах гэж ертөнцийн захирагч Сатан хамаг хүчээ дайчилдаг. Түүний зорилго бол Бурхны боолуудыг ертөнцөд уусгаж өөрийн боол болгох явдал юм (Ефес 6:11, 12-ыг уншина уу). Зорьсондоо хүрэхийн тулд энэ ертөнцийг сэтгэл татам болгож харагдуулдаг. Элч Иохан: «Хэрэв хэн нэгэн нь ертөнцийг хайрладаг бол түүний дотор Эцэгийн хайр байхгүй. Учир нь ертөнцөд байгаа бүхэн, тухайлбал, махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдал нь Эцэгээс бус, харин энэ ертөнцөөс ирдэг юм» хэмээн анхааруулжээ (1 Иох. 2:15, 16).
7 Хөрөнгө чинээтэй байх хандлага дэлхий даяар өргөн тархжээ. Их мөнгөтэй бол жаргалтай амьдарна гэсэн үзлийг Сатан дэвэргэдэг. Том дэлгүүрүүд газар сайгүй бий. Баян цатгалан амьдарч, зугаацаж цэнгэхийг уриалсан зар сурталчилгааг хаанаас ч харж болно. Аялал жуулчлалын агентлагууд сонирхолтой газар орноор аялах санал тавьдаг. Тийм үед голдуу ертөнцийн хүмүүстэй хамт явах болдог. Амьдралын хэв маягаа өөрчлөхийг бидний эргэн тойронд байгаа бүхэн энэ мэтээр уриалдаг. Гэвч үүнийг хүлээж авбал ертөнцийнхний «сайн» гэж үздэг хэм хэмжээг баримтлахад хүрнэ.
8, 9. Ямар аюул байдаг вэ? Яагаад тийм ноцтой вэ?
8 Нэгдүгээр зууны христиануудын дунд ертөнцийнхөнтэй адилхан бодож сэтгэдэг хүмүүс байжээ. Тэдний талаар элч Петр бичихдээ «Тэд буруу үйлийнхээ төлөөст зовдог. Өдрийн цагаар наргиж, цэнгэхийг тэд жаргал хэмээн тооцдог байна. Толбо, өө сэв бүхий тэд та нартай хамт найрлахдаа өөрсдийн хуял тачаалдаа цэнгэдэг. Учир нь тэд хоосон ихэрхэг үгсийг ярьж, алдаа төөрөгдөл дотор амьдардаг нэгнээс арай ядан зугтдаг хүмүүсийг махан биеийн хүсэл, тачаалаар уруу татдаг бөгөөд хүмүүст эрх чөлөөг амладаг атлаа өөрсдөө ялзралын боол билээ. Учир нь хүн юунд дийлдэнэ, түүгээрээ боолчлогддог» хэмээн анхааруулжээ (2 Петр 2:13, 18, 19).
9 «Нүдний хүсэл тачаалаа» хангаж, хүссэн бүхнээ авлаа гээд эрх чөлөөтэй болдоггүй. Харин ч энэ ертөнцийн үл үзэгдэх захирагч Сатан Диаволын боол болно (1 Иох. 5:19). Эд хөрөнгөний боол болох нь үнэхээр аюултай. Учир нь энэ боолчлолоос чөлөөлөгдөх тун хэцүү.
ЖИНХЭНЭ ЁСООР СЭТГЭЛ ХАНГАЛУУН АМЬДРАХЫН ТУЛД
10, 11. Сатан өнөөдөр хэн рүү овоо хараагаа чиглүүлж байгаа вэ? Дээд боловсролын хойноос явбал юу болох вэ?
10 Туршлагагүй хүмүүсийг байгаа болгодог нь Сатаны эртний арга юм. Ялангуяа хүүхэд залуус руу овоо хараагаа чиглүүлдэг. Өнөөдөр ч энэ аргаа хэрэглэж байна. Ер нь Еховагийн боол болохоор шийдсэн хөгшин, залуу ямар ч хүнд Сатан дургүй. Тийм учраас, Еховад амь амьдралаа зориулсан бүх хүнийг үнэнч бус болгохыг хүсдэг.
11 Эртний израиль боолыг эргэн саная. Тэр боолын чихийг цоолоход хэсэг зуур хөндүүрлэн өвддөг байсан нь лавтай. Гэхдээ шарх нь удалгүй эдгэж, эзэндээ насан туршдаа үйлчлэхээр шийдсэнийг нь батлах тэмдэг үлддэг байжээ. Үеийнхнээсээ өөрөөр амьдрахаар шийдсэн охид хөвгүүдийн тухайд ч мөн эхэндээ хэцүү, тэр байтугай зовлонтой байж болох юм. Сэтгэл хангалуун амьдаръя гэвэл энэ ертөнцөд нэр нөлөөтэй болж, дээгүүр алба хаших хэрэгтэй гэсэн үзлийг Сатан дэвэргэдэг. Гэвч Еховаг эн тэргүүнд тавьсан цагт л жинхэнэ ёсоор утга учиртай амьдардгийг христиан хүн мартах ёсгүй. «Сүнслэг хэрэгцээгээ мэдэрдэг хүмүүс жаргалтай» гэж Есүс хэлсэн байдаг (Мат. 5:3, ШЕ). Христианууд Сатаны хүслийг бус, Бурхны хүслийг биелүүлэхийн төлөө амьдардаг. Тэд Еховагийн хуульд баярлаж, «өдөр шөнөгүй» эргэцүүлэн боддог (Дуулал 1:1–3-ыг уншина уу). Хэрэв Бурхны үйлчлэгч дээд боловсролын хойноос явбал эргэцүүлэн бодох, сүнслэг хэрэгцээгээ хангах цаг завгүй болно.
12. Өнөөдөр охид хөвгүүд ямар шийдвэр гаргах хэрэгтэй болдог вэ?
12 Ертөнцийн захирагч Сатан Еховагийн боолын амьдралыг ээдрээтэй болгож чадна. Паул Коринтын христиануудад бичсэн эхний захидалдаа «Чи боол байхдаа дуудагдсан уу?» гэсэн асуулт тавиад, «Үүндээ санаа бүү зов. Хэрэв чи чөлөөтэй болох боломжтой бол түүнийгээ ашигла» хэмээн зөвлөжээ (1 Кор. 7:21). Эрх чөлөөтэй болох шиг сайхан юм боол хүнд байхгүй биз дээ? Өнөөдөр олон орны хүүхдүүд суурь боловсрол заавал эзэмших үүрэгтэй байдаг. Харин дараа нь үргэлжлүүлэн суралцах эсэхээ өөрөө шийдэх эрхтэй. Энэ ертөнцөд нэр нөлөөтэй болж, дээгүүр алба хаших гэж дээд боловсрол эзэмшихээр шийдвэл Еховад бүрэн цагаар үйлчлэх эрх чөлөө хумигдана (1 Коринт 7:23-ыг уншина уу).
Та хэний боол баймаар байна вэ?
ДЭЭД БОЛОВСРОЛ БА ХАМГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ
13. Еховагийн үйлчлэгчид ямар сургууль сонгодог вэ?
13 Паул Колоссайн христиануудад анхааруулж «Хэн нэг нь та нарыг Христийн дагуу биш, харин ертөнцийн үндсэн зарчмууд, хүний уламжлалын дагуух гүн ухаан болон хоосон мэхлэлээр олзлох вий хэмээн сэрэмжлэгтүн» гэж бичжээ (Кол. 2:8). «Хүний уламжлалын дагуух гүн ухаан болон хоосон мэхлэл» заадаг багш олон. Дээд боловсрол олгодог сургуулиуд оюутнууддаа онол заахыг чухалчилдаг бөгөөд төгсөгчид нь амьдрах ухаанд суралцаагүй, амьдрахад хэрэгтэй наад захын чадвар ч эзэмшээгүй байдаг. Харин христианууд Бурхандаа үйлчилж, энгийн амьдрахын тулд мэргэжилтэй ажилчин бэлтгэх сургуулийг сонгон суралцдаг. Тэд Паулын зөвлөгөөг байнга санаж явдаг. Паул Тимотод «Сүсэглэл ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа байвал энэ нь агуу ашиг мөн. Хэрэв бидэнд хоол хүнс, хувцас хунар байвал эдгээрээр бид сэтгэл хангалуун байх болно» хэмээн зөвлөжээ (1 Тим. 6:6, 8). Жинхэнэ христианууд зэрэг дэв, цол хэргэмтэй болохыг бус, харин дэлгэрүүлэх ажилд чадлынхаа хэрээр оролцож «итгэмжлэлийн захиатай» болохыг чухалд үздэг. Өөрөөр хэлбэл, Христийн шавь болоход нь бусдад туслахыг голлон анхаардаг (2 Коринт 3:1–3-ыг уншина уу).
14. Филиппой 3:8-аас харвал, Ехова Есүс хоёрын боол байхыг Паул юу гэж үздэг байсан бэ?
14 Элч Паулын жишээг авч үзье. Хуулийн багш Гамалиелын гарын шавь байсан тэрбээр, одоогийнхоор бол, дээд боловсрол эзэмшсэн хүн байжээ. Энэ боловсролоо Ехова Есүс хоёрын боол байхтай харьцуулаад юу гэж үзсэн бол? «Би өөрийн Эзэн Христ Есүсийг таньж мэдэхийн давуу агуу байдлын төлөө бүх юмыг гарз хохирол болгон үздэг» гээд цааш нь «Би Түүний төлөө бүх юмны гарз хохирлыг амсаж, тэдгээрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд» хэмээн бичсэн байна (Флп. 3:8). Паулын энэ дүгнэлт боловсрол эзэмших талаар зөв шийдвэр гаргахад нь христиан охид хөвгүүд болон тэдний эцэг эхэд тус болдог (Зураг үзнэ үү).
ХАМГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛЫН АЧ ТУС
15, 16. Еховагийн байгууллага ямар боловсрол олгодог вэ? Зорилго нь юу вэ?
15 Оюутнууд ямар нөхцөлд дээд боловсрол эзэмшдэг билээ? Садар самуун, архидан согтуурах явдал тэдний дунд нийтлэг байдаггүй гэж үү? Их, дээд сургуулиуд эволюцийн онолын ач холбогдлыг өндөр үнэлдэггүй гэж үү? (Еф. 2:2). Харин христиануудын тухайд юу хэлж болох вэ? Еховагийн байгууллага тайван амгалан орчинд хамгийн дээд боловсрол олгодог. Бид бүгдээрээ долоо хоног бүр Дэлгэрүүлэгчийн сургуулиас их зүйлийг мэдэж авдаг. Бас ганц бие эхлэгч эрэгтэйчүүдэд болон эхлэгч нөхөр эхнэрүүдэд зориулж тусгай сургалтууд зохион байгуулдаг. Үүнийг Ганц бие эрчүүдэд зориулсан Библийн сургууль, Христиан хосуудад зориулсан Библийн сургууль гэж нэрлэдэг. Эзэн Еховадаа дуулгавартай байхад эдгээр сургуулийн ач тус их ээ.
16 «Харуулын Цамхаг Нийгэмлэгийн хэвлэлийн товъёг» юм уу «Харуулын цамхаг номын сан»-аас сүнслэг эрдэнэс арвин ихээр олборлох боломжтой. Библийн боловсрол эзэмшдэгийн маань гол зорилго нь Еховаг шүтэх юм. Ийм боловсрол эзэмшсэнээр хүмүүсийг Бурхантай эвлэрүүлэх арга ухаанд суралцдаг (2 Кор. 5:20). Үүний дүнд биднээр заалгасан хүмүүс бусдад заах чадвартай болдог (2 Тим. 2:2).
БООЛЫН ХҮРТДЭГ ИВЭЭЛ
17. Хамгийн дээд боловсрол эзэмшихээр шийдвэл ямар ивээл хүртэх вэ?
17 Есүсийн ярьсан талантын тухай үлгэрийн хоёр боолыг эзэн нь магтаж, илүү хариуцлагатай үүрэг оноодог. Тэгээд хоёр боол ч, эзэн нь ч баярласан (Матай 25:21, 23-ыг уншина уу). Хамгийн дээд боловсрол эзэмших шийдвэр гаргавал баяр баясгалантай, утга учиртай амьдарна. Жишээ болгон Майклын тухай ярилцъя. Майкл сурлага сайтай учир багш нар нь түүнтэй уулзаж, их сургуульд суралцуулах тухай ярилцсан байна. Тэгтэл Майкл мэргэжил олгох дамжаанд суралцахыг илүүд үзжээ. Байнгын эхлэгчээр үйлчлээд, амьдралаа залгуулахын тулд ингэж шийдсэн байлаа. Майкл буруу шийдвэр гаргасан гэж харамсдаг болов уу? «Би эхлэгч хүнд хэрэгтэй боловсрол олж авсныгаа, одоо хурлын ахлагчаар үйлчилж байгаагаа маш их үнэлдэг. Миний хүртдэг ивээл, хүлээдэг үүргийг энэ ертөнцөөс олж болох мөнгөтэй харьцуулшгүй. Би дээд боловсролын хойноос яваагүйдээ үнэхээр баяртай байна» гэж Майкл ярьсан юм.
18. Та ямар учраас хамгийн дээд боловсрол эзэмшихээр шийдсэн бэ?
18 Хамгийн дээд боловсрол эзэмшсэнээр Бурхны хүсэл тааллыг мэдэж, боол нь байхад суралцдаг. «Ялзралын боолчлолоос чөлөөлөгдөх» найдвартай болж, эцэстээ «Бурханы хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд авчрагдана» (Ром 8:21). Гол нь, Эзэн Еховадаа жинхэнэ ёсоор хайртайгаа батлан харуулах хамгийн сайн аргыг мэдэж авдаг (Ег. 21:5).