Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Еховад итгэгтүн
    Харуулын цамхаг—2003 | 9/1
    • Ехова ямар учраас зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрдөг вэ?

      10, 11. а) Ром 8:19–22-ын дагуу «бүх бүтээлд» юу тохиолдсон бэ? б) Бүтээл хэний улмаас хоосонд захирагдсаныг хэрхэн тодорхойлж болох вэ?

      10 Элч Паул Ромын христиануудад бичсэн захидлынхаа нэгээхэн хэсэгт энэ чухал асуултыг хөнджээ. Паул: «Бүтээлийн тэсэж ядсан тэмүүлэл нь Бурхны хөвгүүдийн илчлэгдэхийг хүслэн болж хүлээдэг. Учир нь бүтээл нь өөрийнхөө хүслээр бус, харин өөрийг нь захирсан Түүний улмаас хоосонд захирагдсан юм. Энэ нь бүтээл нь өөрөө ч мөн ялзралын боолчлолоос чөлөөлөгдөж, Бурхны хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд авчрагдах болно гэсэн найдварын улмаас юм. Учир нь өнөөг хүртэл бүх бүтээл нь хамтдаа ёолон, хамтдаа төрөх зовлонг эдэлдгийг бид мэднэ» хэмээн бичжээ (Ром 8:19–22).

      11 Эдгээр зүйлийн утгыг ойлгохын тулд эхлээд зарим гол асуултын учрыг олъё. Жишээлбэл, бүтээл хэний улмаас хоосонд захирагдсан бэ? Шашны зарим удирдагч Сатаны улмаас гэж байхад нөгөө хэсэг нь Адамын улмаас гэж үздэг. Гэхдээ тэдний хэн нь ч ийнхүү захируулж чадахгүй юм. Яагаад гэвэл, бүтээлийг хоосонд захируулсан нэгэн нь «найдварын улмаас» захируулсан аж. Өөрөөр хэлбэл, үнэнч хүмүүс эцэстээ «ялзралын боолчлолоос чөлөөлөгдөнө» гэсэн найдвар юм. Адам ч, Сатан ч ийм найдвар өгч чадахгүй. Гагцхүү Ехова л чадна. Тэгэхлээр, бүтээлийг хоосонд захируулсан нэгэн гэдэг Ехова болох нь тодорхой.

      12. «Бүх бүтээл» гэдэг нь юунд хамаатай болох талаар ямар будлиан гарсан бэ? Энэ асуултад хэрхэн хариулж болох вэ?

      12 Гэхдээ энд бичсэн «бүх бүтээл» гэдэг үг юунд хамаатай вэ? «Бүх бүтээл» гэдэг нь ан амьтан, ургамал ногоог оруулаад байгаль дэлхийг бүхэлд нь хэлнэ гэж зарим хүн үздэг. Тэгвэл ан амьтан, ургамал ногоо «Бурхны хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд» хүрнэ гэж найддаг уу? Үгүй ээ (2 Петр 2:12). Тэгэхлээр, «бүх бүтээл» гэдэг нь хүн төрөлхтөнд л хамаатай байж таарна. Хүн төрөлхтөн бол Еденд дэгдсэн самууны уршгаар нүгэл болон үхлийн боолчлолд орсон, найдвар зайлшгүй хэрэгтэй болоод байгаа бүтээл мөн (Ром 5:12).

      13. Еденд дэгдсэн самуун хүн төрөлхтнийг юунд хүргэсэн бэ?

      13 Тэр самуунаас болж хүн төрөлхтөн юунд хүрсэн бэ? Паул үүнийг «хоосон» гэсэн ганцхан үгээр тодорхойлжээa. Нэгэн лавлах бичгийн дагуу энэ үг нь «зориулалтынхаа дагуу ажиллахаа больсон эд зүйлийн үр ашиггүй байдлыг» дүрсэлдэг байна. Хүн төрөлхтөн мөнх амьдарч, эв нэгдэлтэй, төгс гэр бүл мэт хамтдаа хөдөлмөрлөж, диваажин дэлхийгээ арчлан тордох зориулалттай билээ. Гэтэл үүний оронд ахар богино, зовлонтой, их төлөв утга учиргүй амьдардаг болсон. Иовын хэлсэнчлэн, «эмэгтэйгээс төрдөг хүн амьдралаар богино бөгөөд бэрхшээлээр дүүрэн ажгуу» (Иов 14:1). Үнэхээр л хоосон юм даа!

      14, 15. а) Ехова хүн төрөлхтнийг ялласан нь шударга байсныг юу баталдаг вэ? б) Бүтээл хоосонд захирагдсан нь «өөрийнх нь хүслээр бус» байсан гэж Паул ямар учраас хэлсэн бэ?

      14 Одоо бидний өмнө, «„Газар дэлхийн Шүүгч“ ямар учраас хүн төрөлхтнийг зовлонтой, утга учиргүй амьдралд захируулав?» гэсэн гол асуулт гарч ирээд байна (Эхлэл 18:25). Энэ нь шударга гэж үү? Юуны өмнө, бидний өвөг дээдэс юу хийснийг санацгаая. Тэд Бурхныг эсэргүүцэн босохдоо, Еховагийн хэмжээгүй эрх мэдлийн тухайд маргаантай асуудал дэгдээсэн Сатаны талд орсон. Самуун сүнсэн бүтээлийн удирдлагаар, хүн өөрийгөө захирч, Еховагүйгээр сайн сайхан явна гэж мэтгэснийг нь тэд үйл хэргээрээ дэмжсэн. Ехова самуун дэгдээгчдийг яллахдаа, уг чанартаа, тэдэнд хүсээд байсан юмыг нь өгчээ. Өөрөөр хэлбэл, Сатаны нөлөөн дор өөрийгөө захирахыг нь хүнд зөвшөөрсөн. Тухайн үед хүн төрөлхтнийг «хоосонд захируулах», гэхдээ «найдварын улмаас» тийн захируулахаас өөр ямар шударга шийдвэр гаргаж болох байсан бэ?

      15 Энэ нь бүтээлийн «өөрийнх нь хүсэл» биш байсан нь ойлгомжтой. Бид яах ч аргагүй, нүгэл ба ялзралын боол болон төрдөг. Гэсэн ч Ехова нигүүлслээрээ Адам Ева хоёрт үлдсэн амьдралаа туулж, үр хүүхэдтэй болох боломж олгожээ. Тэдний үр удам болсон бид нүгэл болон үхлийн хоосонд захируулсан ч гэлээ, өвөг дээдсийнхээ хийж чадаагүйг хийх боломжтой. Еховад дуулгавартай байж, Бурхны хэмжээгүй эрх мэдэл зөвт бөгөөд төгс байдаг бол, Еховагаас хараат бус хүний удирдлага зовлонтой, утга учиргүй, хоосон амьдралыг л авчирдаг гэдгийг таньж мэдэх боломж бий (Иеремиа 10:23; Илчлэлт 4:11). Нүгэл болон ялзралын боол болсон бидний байдлыг Сатаны нөлөө улам ч даамжруулдаг. Түүх үүнийг харуулдаг (Номлогчийн үгс 8:9).

      16. а) Өнөөгийн ертөнцөд байгаа зовлон зүдүүрийг Ехова учруулдаггүй гэдэгт итгэлтэй байхын учир юу вэ? б) Ехова өөрт нь дуулгавартай хүмүүст ямар найдвар өгсөн бэ?

      16 Хүн төрөлхтнийг хоосонд захируулах бат үндэслэлтэй шалтгаан Еховад байсан нь тодорхой. Тэгвэл энэ нь эдүгээ бид бүгдийг шаналгадаг зовлон зүдүүр, «хоосны» эх үндсийг Ехова тавьсан гэсэн үг үү? Энэ байдлыг гэмт этгээдэд шударга ял оноосон шүүгчийнхтэй харьцуулж үзье. Хэрэгтэн ял эдлэхдээ их зовж болох юм. Тэглээ гээд зовлонгийн эх үндсийг тавьсан гэж шүүгчийг буруутгах эрхтэй юү? Ямар ч эрхгүй! Түүнээс гадна, Ехова ёс бус байдлын эх булаг огтхон ч биш ээ. Иаков 1:13-т: «Бурхан бузар муугаар соригддоггүй бөгөөд хэнийг ч Өөрөө сорьдоггүй» гэж байдаг. Ехова «найдварын улмаас» ял оноосон гэдгийг ч бас санацгаая. Тэрээр Адам Ева хоёрын үр удмын үнэнч хүмүүст «хоосны» төгсгөлийг үзүүлж, тэднийг «Бурхны хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд» хүргэх арга хэмжээг хайрын сэтгэлээс авчээ. Бүх бүтээл ахиад зовлон зүдүүртэй, «хоосон» амьдардаг болох вий гэж Бурханд дуулгавартай хүн төрөлхтөн дахин хэзээ ч сэтгэл зовохгүй. Ехова энэ асуудлыг шударгаар шийдэн, хэмжээгүй эрх мэдэлтэй байх зүй ёсны эрхээ бүрмөсөн тогтооно (Исаиа 25:8).

  • Еховад итгэгтүн
    Харуулын цамхаг—2003 | 9/1
    • a Паулын ашигласан «хоосон» гэдэг грек үг нь «Номлогчийн үгс» номд Соломоны «бүгд хоосон» гэх мэтээр олонтаа ашигласан үгийг грек хэлний «Септуагинт» орчуулгад буулгасан үгтэй ижил үг юм (Номлогчийн үгс 1:2, 14; 2:11; 3:19; 12:8).

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах