БҮЛЭГ ГУРАВ
Насаараа ханилахад туслах хоёр түлхүүр
1, 2. а) Нөхөр эхнэр хоёр хэр удаан хамт амьдрах учиртай байсан бэ? б) Яавал насан турш жаргалтай амьдрах вэ?
БУРХАН анхны эрэгтэй эмэгтэй хоёрыг нөхөр эхнэр болгохдоо гэр бүлийн холбоог түр зуурынх гэсэн санаа огт цухуйлгаагүй. Адам Ева хоёр үүрд хамт амьдрах учиртай байв (Эхлэл 2:24). Бурхны тогтоосноор бол нэг эрэгтэй нэг л эмэгтэйтэй гэр бүл болох учиртай. Гэрлэсэн хоёрын нэг нь юм уу хоёулаа садар самуун явдалд орооцолдсон тохиолдолд л Библийн үндэслэлтэйгээр гэр бүлээ цуцлуулж, дахин гэрлэж болдог (Матай 5:32).
2 Хоёр хүн насаараа хамт, жаргалтай амьдрах боломжтой юу? Боломжтой! Хоёр чухал хүчин зүйл буюу түлхүүр байдгийг Библи хэлж өгдөг. Нөхөр эхнэр хоёрын хэн хэн нь эдгээр түлхүүрээр түлхүүрдвэл аз жаргал, ивээл хишгийн үүдийг нээж чадна. Энэ хоёр түлхүүр нь чухам юу вэ?
НЭГ ДЭХ ТҮЛХҮҮР
Бие биеэ хайрлаж, хүндэтгэдэг бол жаргалтай амьдардаг
3. Нөхөр эхнэр хоёр ямар гурван хайраар бие биеэ хайрлах ёстой вэ?
3 Нэг дэх түлхүүр нь хайр юм. Сонирхолтой нь, Библид янз бүрийн хайрын талаар бичсэн байдаг. Эдгээрийн нэг нь анд нөхдийн бие биеэ гэсэн халуун сэтгэлийг илэрхийлдэг (Иохан 11:3). Нөгөө нь гэр бүлийн гишүүдийн нэг нэгнээ хайрлах хайр юм (Ром 12:10). Гуравдугаарх нь эрэгтэй эмэгтэй хүний хайр сэтгэлийг хэлдэг (Сургаалт үгс 5:15–20). Нөхөр эхнэр хоёр эдгээрийн аль алинаар нь бие биеэ хайрлах ёстой нь үнэн. Гэхдээ эдгээрээс илүү чухал өөр нэг хайр байдаг.
4. Хайрын дөрөв дэх хэлбэр нь юу вэ?
4 Христиан Грек Сударт дөрөв дэх хайрын талаар өгүүлэхдээ агапи гэдэг грек үгийг хэрэглэжээ. 1 Иохан 4:8-д «Бурхан бол хайр» гэж бичихдээ энэ үгийг хэрэглэсэн байдаг. Үнэндээ, «эхлээд [Бурхан] биднийг хайрласан тул бид хайрладаг юм» (1 Иохан 4:19). Христиан хүн ийм хайраар эхлээд Ехова Бурхнаа, дараа нь бусдыг хайрлаж сурдаг (Марк 12:29–31). «Христ та нарыг хайрласан бөгөөд Өөрийгөө бидний төлөө Бурханд анхилуун үнэрт өргөл ба тахил болгон өргөсний адил хайр дотор яв» хэмээн уриалсан Ефес 5:2-т агапи гэдэг үгийг бичсэн байдаг. Чухамдаа агапи хайр жинхэнэ дагалдагчдынх нь онцлог шинж байхыг тэмдэглэн «Хэрэв та нар бие биеэ хайрлах [агапи] юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно» гэж Есүс хэлсэн (Иохан 13:35). 1 Коринт 13:13-т мөн энэ үгийг хэрэглэн «Эдүгээ итгэл, найдвар, хайр гурав үлддэг боловч хамгийн агуу нь хайр [агапи]» хэмээжээ.
5, 6. а) Ямар учраас хайр нь итгэл, найдвараас агуу вэ? б) Ханиа хайрладаг бол насан турш жаргалтай амьдарна гэхийн учир юу вэ?
5 Агапи хайр нь итгэл, найдвараас юугаараа агуу вэ? Энэ хайр зөв зарчим буюу Бурхны Үгэнд байдаг зарчимд тулгуурладаг (Дуулал 119:105). Хүнийг ялгаварлахгүйгээр, Бурхны зөв, сайн гэж үздэг зүйлийг амин хувиа бодолгүй хийх чин сэтгэл юм. Хоёр биенээ ингэж хайрладаг нөхөр эхнэр «нэг нэгнээ хүлцэж, бие биеэ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн уучилсны адил та нар бас уучил» хэмээсэн Библийн зөвлөгөөг ажил хэрэг болгож чаддаг (Колоссай 3:13). Хань ижлээ гэсэн сэтгэлтэй нөхөр эхнэр хоёр агапи хайраар «бие биеэ халуунаар хайрлаж», энэ хайраа лавшруулахыг үргэлж хичээдэг. «Учир нь хайр бол тоо томшгүй нүглийг далдалдаг» (1 Петр 4:8). Хайр алдаа дутагдлыг далдалдаг гэснээс бус, алдаа дутагдлыг бүрмөсөн арилгадаг гээгүйг анхаараарай. Төгс бус хүн огт алдахгүй байна гэж байхгүй шүү дээ (Дуулал 130:3, 4; Иаков 3:2).
6 Нөхөр эхнэр хоёр Бурхныг болон бие биеэ ингэж хайрладаг бол насан турш жаргалтай амьдарна. Учир нь «хайр хэзээ ч дуусдаггүй» (1 Коринт 13:8). Бас «хайр бол эв нэгдлийн төгс холбоос юм» (Колоссай 3:14). Яавал та ч, таны хань ч ингэж хайрладаг болох вэ? Бурхны Үгийг хамт уншиж ярилцаж байгаарай. Есүс бусдыг хэрхэн хайрлаж байсныг судалж, үг яриа, үйл хэргийг нь дууриагаарай. Бурхны Үгийг судлах бас нэг арга бол цуглаанд тогтмол явах юм. Ариун сүнснийх нь үр жимсний хэсэг болсон агапи хайраар хайрлаж сурахад туслахыг гуйн Бурханд залбирч байгаарай (Сургаалт үгс 3:5, 6; Иохан 17:3; Галат 5:22; Еврей 10:24, 25).
ХОЁР ДАХЬ ТҮЛХҮҮР
7. Яахыг хүндэтгэх гэх вэ? Нөхөр эхнэр хоёрын хэн нь хэнийгээ хүндэтгэх ёстой вэ?
7 Гэрлэсэн хоёр нэг нэгнээ үнэн сэтгэлээсээ хайрладаг бол бас хүндэтгэдэг. Хүндэтгэл бол гэр бүлийн аз жаргалын хоёр дахь түлхүүр юм. Хүндэтгэх гэдгийг нэгэн тольд «эрхэм чухал болгож хичээнгүйлэн хүндэлж үзэх» гэж тодорхойлжээ. Бурхны Үг христиан хүн бүрд, нөхөрт ч, эхнэрт ч «Бие биеэ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл» хэмээн уриалдаг (Ром 12:10). Элч Петр: «Нөхрүүд ээ, эхнэр чинь эмэгтэй хүн тул ... түүнийг хүндэтгэ» гэж бичжээ (1 Петр 3:7). Бас эхнэрүүдэд «нөхрөө гүн хүндэтгэ» хэмээн зөвлөжээ (Ефес 5:33, ШЕ). Бид хүндэтгэдэг хүндээ сайхан сэтгэл гаргаж, өөрийгөө хүндэтгэх сэтгэл болоод үзэл бодлыг нь чухалд үзэж, гуйлт хүсэлтийг нь чадахаараа биелүүлэхийг хичээдэг.
8–10. Нөхөр эхнэр хоёр бие биеэ хүндэтгэдэг бол гэр бүл жаргалтай, бат бэх байдаг гэхийн учир юу вэ?
8 Ханьтайгаа жаргалтай амьдрахыг хүсдэг хүн «зөвхөн хувийн ашиг сонирхлыг бус, харин [ханийнхаа] ашиг сонирхлыг хар[ж]» хүндэтгэдгээ илэрхийлдэг (Филиппой 2:4). Би л болж байвал боллоо гэж хар амиа боддоггүй. Харин ханийнхаа сайн сайхныг бодож, эрх ашгийг нь өөрийнхөөсөө дээгүүр тавьдаг.
9 Бие биеэ хүндэтгэдэг нөхөр эхнэр хоёр үзэл бодлын ялгаа гардгийг хүлээн зөвшөөрдөг. Бүх юман дээр санал нийлэхгүй нь мэдээж. Нөхөрт нь чухал юм эхнэрт нь чухал биш, эхнэрт нь таалагддаг юм нөхөрт нь таалагдахгүй байж мэднэ. Гэхдээ Еховагийн тогтоосон хууль, зарчмыг зөрчихгүй бол нэг нь нөгөөгийнхөө үзэл бодол, хүсэл сонирхлыг харгалзан үзэх учиртай (1 Петр 2:16; Филемон 14-тэй харьцуулна уу). Түүнээс гадна, өөрийгөө хүндэтгэх сэтгэлийг нь бодож, олны дунд ч, хоёулхнаа байхдаа ч ханиа дорд үзэж, элэглэн шоолж болохгүй.
10 Тийм ээ, гэр бүлээрээ жаргалтай амьдрахад хэрэгтэй хоёр түлхүүр бол Бурхныг болон бие биеэ хайрлаж, хүндэтгэх явдал юм. Тэгвэл энэ хоёр түлхүүр буюу зарчмыг гэр бүлийн амьдралын илүү нарийн асуудалд яаж баримтлах вэ?
ХРИСТИЙГ ДУУРИАДАГ ТЭРГҮҮН
11. Библид бичсэнээр, өрхийн тэргүүн хэн бэ?
11 Бурхан эр хүнийг өрх гэр тэргүүлэх чадвартайгаар бүтээснийг Библи хэлж өгдөг. Ехова эр хүнд эхнэр, хүүхдийнхээ сүнслэг болон махан биеийн хэрэгцээг хангах үүрэг оноожээ. Еховагийн хүсэл тааллын дагуу шийдвэр гаргахдаа дүн нуруу алддаггүй, Бурханд таалагдах ёсоор биеэ авч яван үлгэр жишээ үзүүлдэг байх учиртай. «Эхнэрүүд ээ, Эзэнд захирагддаг шиг нөхрүүддээ захирагд. Учир нь Христ чуулганы толгой байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ толгой юм» (Ефес 5:22, 23). Гэхдээ нөхөр хүн ч тэргүүнтэй бөгөөд түүндээ захирагдах ёстойг Библид бичсэн байдаг. Элч Паул: «Христ бол эр хүн бүрийн тэргүүн, эр хүн бол эмэгтэй хүний тэргүүн, Бурхан бол Христийн тэргүүн мөн гэдгийг та нар ойлгоосой гэж би хүсэж байна» хэмээн бичжээ (1 Коринт 11:3). Ухаалаг нөхөр тэргүүний эрх мэдлээ зөв хэрэгжүүлж сурахын тулд тэргүүн Христ Есүсийг дууриадаг.
12. Есүс тэргүүндээ захирагдахын болон тэргүүн байхын ямар сайхан жишээ үзүүлсэн бэ?
12 Есүс бас Ехова гэдэг Тэргүүнтэй бөгөөд Еховад дуртайяа захирагддаг. Есүс: «Би Өөрийнхөө хүслийг бус, харин Намайг Илгээгчийн хүслийг хайдаг» гэж хэлсэн (Иохан 5:30). Ямар сайхан жишээ үзүүлээ вэ! Есүс «бүх бүтээлийн Ууган нь» билээ (Колоссай 1:15). Бас Мессиа болсон. Тэрбээр тослогдсон христиануудын хурлын Тэргүүн, Бурхны Хаанчлалын Хаан болж бүх тэнгэр элчээс илүү эрх мэдэлтэй болох байв (Филиппой 2:9–11; Еврей 1:4). Өндөр байр суурь эзэлдэг, хожим нь бүр илүү эрх мэдэлтэй болох байсан хэр нь хэзээ ч догшин ширүүн, хатуу чанд, хэтэрхий их юм шаарддаг хүн байгаагүй. Өөрт нь дуулгавартай байхыг шавь нараасаа байнга шаарддаг дарангуйлан захирагч байгаагүй. Харин ч хүмүүсийг, ялангуяа, дарлагдаж зовсон олныг өрөвдөн хайрлаж, энэрэнгүй ханддаг байсан. Тэрбээр: «Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн» гэж хэлсэн (Матай 11:28–30). Есүсийн хажууд байх нь хэн бүхэнд таатай байсан.
13, 14. Есүсийг дууриадаг халамжтай нөхөр тэргүүний үүргээ хэрхэн биелүүлдэг вэ?
13 Гэр бүлээ сайн сайхан авч явахыг хүсдэг нөхөр Есүсийн зан чанарыг дууриахыг хичээдэг. Сайн нөхөр эрх мэдлээрээ далайлган ширүүн авирлаж, дарлан захирдаггүй. Харин эхнэрээ хайрлаж, хүндэтгэдэг. Есүс «зүрх сэтгэлдээ ... даруу» байсан юм бол алдаж энддэг төгс бус хүн бүр ч даруу байх учиртай. Алдаа дутагдал гаргалаа гэхэд эхнэр минь намайг ойлгоосой гэж хүсэх нь лав. Тиймээс «Намайг уучлаарай, чиний зөв байж» гэж хэлэх амаргүй үед ч даруу зантай нөхөр хүн алдаагаа хүлээн зөвшөөрдөг. Нөхөр хүн бардам зөрүүд биш, дөлгөөн даруу байдаг бол эр нөхрөө хүндэтгэх нь эхнэрт хавьгүй амар байна. Нөгөө талаас, нөхрөө хүндэтгэдэг эхнэр ч алдаж эндлээ гэхэд нөхрөөсөө уучлал гуйдаг.
14 Бурхан эмэгтэй хүнийг ч гэр бүлээрээ жаргалтай амьдрахад хувь нэмэр оруулах чадвартайгаар бүтээсэн. Ухаалаг нөхөр, эхнэрийнхээ чадварыг үнэлж эрхэмлэнэ үү гэхээс дорд үздэггүй. Ер нь эмэгтэй хүн нарийн мэдрэмжтэй, өр нимгэн учир гэрийнхэндээ санаа тавьдаг, хүмүүсийн ая эвийг олж чаддаг. Бас гэр орныг өөд нь татаж чаддаг. Сайхан зан чанар, авьяас чадвартай, гэр бүлийнхнээ халамжилдаг эмэгтэйг «Сургаалт үгс» номын 31-р бүлэгт «арван хуруу тэгш эхнэр» хэмээжээ. «Нөхөр нь түүнд бүрэн итгэдэг» аж (Сургаалт үгс 31:10, 11).
15. Христийг дууриадаг нөхөр хүн эхнэрээ яаж хайрлаж, хүндэтгэдэг вэ?
15 Зарим оронд нөхрийн эрх мэдлийг хэтэрхий өндөрт тавьдаг, бүр нөхрөөсөө юм асуухыг хүндэтгэлгүй хэрэг гэж үздэг. Эхнэр хүнийг боол мэт үзэх нь бий. Эрх мэдлээ хэтрүүлэх нь эхнэртэйгээ, цаашлаад Бурхантай сайн харьцаатай байхад саад болдог (1 Иохан 4:20, 21-тэй харьцуулна уу). Нөгөөтээгүүр, зарим нөхөр тэргүүний үүргээ үл тоомсорлодгоос эхнэр нь гэр бүлээ тэргүүлэхэд хүрдэг. Христэд захирагддаг нөхөр хүн эхнэрээ дарладаггүй, нэр хүндийг нь унагадаггүй. Харин өөрийгөө золиосолсон Есүсийг дууриаж, элч Паулын «Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла» хэмээн зөвлөснийг дагадаг (Ефес 5:25). Христ Есүс дагалдагчдаа үнэн голоосоо хайрладаг учир тэдний төлөө амиа өгсөн. Сайн нөхөр амин хувиа хичээдэггүй Есүсийг дууриан, эхнэрийнхээ сайн сайхныг бодно уу гэхээс элдвийн юм шаарддаггүй. Нөхөр хүн Христэд захирагддаг, Христийг дууриан эхнэрээ хайрлаж, хүндэтгэдэг бол эхнэр нь нөхөртөө дуртайяа захирагдана (Ефес 5:28, 29, 33).
НӨХӨРТӨӨ ЗАХИРАГДДАГ ЭХНЭР
16. Эхнэр хүн ямар зан чанартай байх ёстой вэ?
16 Ехова Бурхан Адамыг бүтээснээсээ хойш хэсэг хугацааны дараа «Хүн ганцаараа байх нь сайн биш учир Би түүнд тохирох туслагчийг бүтээе» гэж айлджээ (Эхлэл 2:18). Бурхан Еваг «туслагч» болгон бүтээснээс бус өрсөлдөгч болгох гээгүй. Гэр бүл бол хоёр ахмадтай хөлөг онгоц биш ээ. Нөхөр нь тэргүүний үүргээ хайрын сэтгэлээр биелүүлж, эхнэр нь нөхрөө хайрлан хүндэтгэж, дуртайяа захирагдах учиртай байв.
17, 18. Эхнэр хүн ямар байвал нөхрийнхөө жинхэнэ туслах байх вэ?
17 Гэхдээ нөхөртөө захирагддаг л бол сайн эхнэр гэсэн үг биш ээ. Нөхрийнхөө жинхэнэ туслах байх учиртай. Өөрөөр хэлбэл, шийдвэрийг нь дэмжинэ гэсэн үг. Мэдээж, санал нэгтэйгээр шийдвэр гаргавал дэмжихэд амар л даа. Гэхдээ санал нийлэхгүй байлаа ч нөхрөө чин сэтгэлээсээ дэмждэг бол ажил үйлс нь илүү бүтэмжтэй байна.
18 Тэргүүний үүргээ сайн биелүүлэхэд нь тус нэмэр болъё гэвэл нөхөртөө өөр олон талын дэмжлэг үзүүлж болно. Шүүмжилж, өө хайх юм уу юу ч хийсэн санаанд нь хүрэхгүй юм байна гэсэн бодол төрүүлэхийн оронд тэргүүний үүргээ сайн биелүүлэх гэж хичээдгийг нь үнэлдгээ хэлээрэй. «Дөлгөөн ба даруу» зангаар нөхөртэйгөө харьцдаг бол нөхөр хүнд сайхан санагддаг. Бас ийм зан чанар «Бурхны өмнө асар үнэтэй» гэдгийг санаж яваарай (1 Петр 3:3, 4; Колоссай 3:12). Нөхөр нь Еховаг шүтдэггүй бол яах вэ? Еховаг шүтдэг ч бай, үгүй ч бай, «нөхөр ба хүүхдүүдээ хайрладаг, нөхөртөө захирагдан ухаалаг, цэвэр, гэрийн эзэгтэй, энэрэнгүй байхыг» Библи уриалдаг. «Тэгвэл Бурханы үг муу хэлэгдэхгүй» (Тит 2:4, 5). Библид хориглоогүй боловч мөс чанар нь зөвшөөрөхгүй юм хийхийг нөхөр нь шаардвал эхнэр нь үзэл бодлоо «дөлгөөн болон хүндэтгэлтэйгээр» тайлбарлахад ихэнх нөхөр ойлгодог. Зарим нөхөр «эхнэрүүдийнхээ үггүйгээр, биеэ авч явах байдлаар аврагд[даг]. Тэд [эхнэрийнхээ] журамт байдал болоод эелдэг зан байдлыг ... ажигла[даг]» (1 Петр 3:1, 2, 15; 1 Коринт 7:13–16).
19. Нөхөр нь Бурхны хуулийг зөрчүүлэх гэвэл яах вэ?
19 Нөхөр нь Бурхны хориглодог юмыг хийлгэх гэвэл яах вэ? Бурхан бол хамгийн дээд Захирагч гэдгийг эхнэр хүн ийм үед санах ёстой. Есүсийн элч нарыг дууриах учиртай. Эрх баригчид Бурхны хуулийг зөрчүүлэх гэхэд нь Петр болон бусад элч: «Бид хүнийг дагахаасаа илүү Бурханыг дагах ёстой» гэж хариулсныг Үйлс 5:29-д тэмдэглэсэн байдаг.
ИЛЭН ДАЛАНГҮЙ ХАРИЛЦАА
20. Хайр, хүндэтгэл юунд чухал үүрэгтэй вэ?
20 Гэр бүлийн харилцаанд хайр, хүндэтгэл чухал үүрэгтэй. Халамжтай нөхөр хүн эхнэрийнхээ ажил төрөл, тулгарч буй бэрхшээлийнх нь талаар ярилцаж, аливаа зүйл дээр ямар бодолтой явдгийг нь сонсдог. Ингэж ярилцах нь эхнэр хүнд чухал байдаг. Цаг зав гарган ярилцдаг, яриаг нь чин сэтгэлээсээ сонсдог бол эхнэрээ хайрлаж, хүндэтгэдгийн шинж юм (Иаков 1:19). Нөхөр нь өөртэй нь ярилцах цаг бараг гаргадаггүйд зарим эхнэр сэтгэл дундуур явдаг. Ийм байдаг бол үнэхээр харамсалтай. Өнөө үед нөхөр хүн олон цагаар ажилладаг болжээ. Бас мөнгө төгрөгний асуудлаас болоод эзэгтэй нар ч хөдөлмөр эрхэлдэг болсон. Гэхдээ нөхөр эхнэр хоёр бие биедээ зориулж цаг гаргаж байх шаардлагатай. Эс бөгөөс бие биеэсээ холдож хөндийрч мэднэ. Хэрэв ханиасаа өөр хүнээс сэтгэл санааны дэмжлэг эрдэг болбол ноцтой аюул учирна.
21. Нөхөр эхнэр хоёр яаж харьцах нь зүйтэй вэ?
21 Нөхөр эхнэр хоёр бие биетэйгээ яаж харьцдаг нь бас чухал. «Тааламжит үгс ... сэтгэлд амтат бурам ба ясанд эм болой» (Сургаалт үгс 16:24). Хань нь Еховад итгэдэг ч бай, үгүй ч бай «Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй бөгөөд давсаар амт оруулсан мэт байг» гэсэн Библийн зөвлөгөөг сахих хэрэгтэй (Колоссай 4:6). Хань тань ядарчихсан иржээ гэж бодъё. Ханиа ойлгож, оновчтой хэдэн үг хэлбэл сайхан санагдах нь лав. «Цагаа олсон зөв үг болбоос мөнгөн хээ угалзны дунд шигтгэсэн алтан алим мэт буюу» (Сургаалт үгс 25:11). Ямар үг сонгож, ямар өнгө аястай хэлэх нь их чухал. Жишээлбэл: «Наад хаалгаа хаагаач!» гэж уурлаж уцаарлахын оронд «Хаалгаа хаагаарай» гэж аядуу зөөлөн, «давсаар амт оруулсан» мэт ярих нь ухаалаг юм.
22. Сайн харьцаатай байя гэвэл нөхөр эхнэр хоёр юу анхаарах хэрэгтэй вэ?
22 Чин сэтгэлийн үг, зөөлөн харц, аятайхан дохио зангаа, сайхан сэтгэл, ялдам дөлгөөн зан, бие биеэ ойлгох чадвар хүмүүсийн харилцааг таатай сайхан болгодог. Нөхөр эхнэр хоёрын хэн хэн нь сайн харьцаатай байхыг хичээдэг бол юу хэрэгтэйгээ илэн далангүй ярилцдаг. Бас нэгийнх нь урам хугарах, сэтгэл санаа тавгүйтэх цагт нөгөө нь тайвшруулж чадна. Бурхны Үг «гутарсан хүмүүсийг тайвшруул» хэмээн уриалдаг (1 Тесалоник 5:14, ШЕ). Сэтгэлээр унах үе нөхөр эхнэрийн хэн хэнд нь л гарна. Тийм үед нэг нь нөгөөгөө «тайвшруулж», босгон байгуулах учиртай (Ром 15:2).
23, 24. Бие биеэ хайрлаж, хүндэтгэдэг нөхөр эхнэр хоёр санал зөрөлдлөө гэхэд яадаг вэ? Жишээ хэлнэ үү.
23 Бие биеэ хайрлаж, хүндэтгэдэг нөхөр эхнэр хоёр санал зөрөлдлөө гэхэд нөгөөгөө муугаар боддоггүй. Бие биедээ «хатуу ханд[ахгүй]» байхыг хичээдэг (Колоссай 3:19). «Эелдэг хариулт уур хилэнг зайлуулна» гэдгийг хэн хэн нь санаж явах учиртай (Сургаалт үгс 15:1). Сэтгэлээ уудлан ярихад нь дорд үзэх юм уу буруутган зэмлэхээс зайлсхийж, харин ч үзэл бодлыг нь мэдэх боломж гарлаа гэж үзээрэй. Санал зөрөлдлөө гэхэд учир зүйгээ олж, эв түнжингээ хадгалахыг хичээгээрэй.
24 Нэгэн удаа Сара нөхөр Абрахамдаа саналаа хэлтэл нөхөр нь өөр саналтай байв. Гэтэл Бурхан Абрахамд «Сарагийн чамд хэлсэн бүгдийг сонс» гэж хэлдэг (Эхлэл 21:9–12). Абрахам Бурхны хэлснээр байж ивээл хүртсэн. Үүнээс харахад эхнэр нь өөр саналтай байлаа ч нөхөр хүн ядаж яриаг нь сонсох ёстой байх нь. Нөгөөтэйгүүр, эхнэр хүн саналаа тулгалгүй нөхрийнхөө хэлэх үгийг сонсох хэрэгтэй (Сургаалт үгс 25:24). Нөхөр эхнэрийн аль нэг нь дандаа өөрийнхөөрөө зүтгэдэг бол нөгөөгөө хайрлаж, хүндэтгэдэггүйн илрэл юм.
25. Илэн далангүй яриа бэлгийн амьдралд ямар ач холбогдолтой вэ?
25 Илэн далангүй ярилцах нь бэлгийн амьдралд ч чухал байдаг. Амиа боддог, биеэ захирч чаддаггүй бол энэ ариун нандин харьцаандаа ноцтой аюул учруулдаг. Тэвчээртэй байхын зэрэгцээ илэн далангүй ярилцах нь амин чухал юм. Нөхөр эхнэр хоёр хэн хэнийгээ боддог бол бэлгийн амьдралд бэрхшээл гарах нь ховор байдаг. Энэ тухайд ч «өөрийн ашгийг бүү эр, харин бусдынхыг эр» (1 Коринт 7:3–5; 10:24).
26. Гэр бүл болгонд жаргал зовлон тохиолддог ч Бурхны Үгэнд байдаг зөвлөгөөг сахивал ямар ач тустай вэ?
26 Бурхны Үгэнд үнэхээр тустай зөвлөгөө байдаг юм байна! Үнэндээ, гэр бүл болгонд л жаргал зовлон тохиодог. Гэхдээ нөхөр эхнэр хоёр Еховагийн үзэл бодлыг Библиэс мэдэж аваад Библийн зарчмыг баримтлан бие биеэ хайрлаж, хүндэтгэдэг бол насан туршдаа жаргалтай явна. Ингэвэл гэр бүлийг Санаачлагч Ехова Бурхныг ч алдаршуулна.