Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • бх бүлэг 16 х. 183-195
  • Диавол ба түүний заль мэхийг эсэргүүцэгтүн

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Диавол ба түүний заль мэхийг эсэргүүцэгтүн
  • «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • «АРХИРАХ АРСЛАН МЭТ» ЯВДАГ ДИАВОЛ
  • «БИДНИЙ ТЭМЦЭЛ БОЛ ... БУЗАР МУУГИЙН СҮНСЛЭГ ХҮЧНИЙ ЭСРЭГ БИЛЭЭ»
  • ИД ШИДЭЭР ХӨӨЦӨЛДӨХ НЬ БУРХНААС УРВАСАН ХЭРЭГ
  • ДИАВОЛ АСУУЛТ ТАВЬЖ, ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛДЭГ
  • ДУР СОНИРХОЛ, ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГААР МААНЬ ДАЛИМДУУЛДАГ
  • ЧӨТГӨРҮҮДИЙН ТУХАЙ ЯРИА
  • Еховагаас тусламж авч чөтгөрүүдийг эсэргүүцье
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2019
  • Сатан Диавол гэж хэн бэ?
    Бурхан биднээс юу шаарддаг вэ?
  • Сонор сэрэмжтэй бай! Сатан таныг залгихыг хүсдэг
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
  • Диаволыг эсэргүүц
    Бурхнаараа хайрлуулж явъя
Илүү дэлгэрэнгүй харах
«Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
бх бүлэг 16 х. 183-195
[184-р хуудасны зураг]

БҮЛЭГ 16

Диавол ба түүний заль мэхийг эсэргүүцэгтүн

«Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна» (ИАКОВ 4:7).

1, 2. Хүмүүсийг баптисм хүртэхэд хэн хэн баярладаг вэ?

ХЭРЭВ та Еховад олон жил үйлчилж байгаа бол олон чуулганд сууж, баптисм хүртэх хүмүүст зориулсан илтгэлийг олон удаа сонссон биз ээ. Тийм илтгэлийг хэдэн ч удаа сонссон бай, танхимын урд эгнээнд суугаа хүмүүсийг баптисм хүртэхэд бэлэн гэдгээ мэдэгдэхээр босохыг харах бүрд таны сэтгэл хөдөлдөг байх. Тэр мөчид танхимд байгаа бүх хүн догдлон баярлаж, алга нижигнүүлэн ташдаг. Еховагийн талд зогсохоор эргэлт буцалтгүй шийдсэн хүмүүсийг хараад та баярын нулимс унагадаг ч байж болох юм. Ийм сайхан үйл явдал христианууд биднийг үнэхээр их баярлуулдаг.

2 Хүмүүсийн баптисм хүртэхийг үзэх сайхан завшаан бидэнд жилд хэдхэн удаа тохиодог байхад тэнгэр элчүүдэд их олон удаа тохиодог. Долоо хоног тутам олон мянган хүн баптисм хүртэж, Еховагийн байгууллагын үзэгдэх хэсэг өргөжин тэлэхэд тэнгэр элчүүд хэчнээн их баяр хөөр болдгийг төсөөлөөд үз дээ (Лук 15:7, 10). Тэд сүнслэг өсөлтийг үзээд үнэхээр их баярладаг (Хаггаи 2:7).

«АРХИРАХ АРСЛАН МЭТ» ЯВДАГ ДИАВОЛ

3. Сатан «архирах арслан мэт» явдаг нь ямар учиртай вэ? Сатаны зорилго юу вэ?

3 Хүмүүсийн баптисм хүртэхийг хараад хилэгнэн уурладаг сүнсэн бүтээлүүд бас бий. Сатан болон чөтгөрүүд энэ ёс бус ертөнцөөс нүүр буруулсан олон мянган хүнд уурлан хорсдог. Еховаг чин хайрын үүднээс шүтдэг хүн ганц ч байхгүй, бас хүнд сорилтод ороод Бурханд үнэнч үлдэх хүн нэг ч байхгүй гэж мэтгэсэн этгээд бол Сатан юм (Иов 2:4, 5). Гэтэл Еховад өөрийгөө зориулах хүний тоогоор Сатаны худалч гэдэг нь батлагддаг. Нэг ёсондоо, Сатан долоо хоног бүр төчнөөн удаа алгадуулдаг гэсэн үг. Тиймээс Диаволыг «хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт» явдагт гайхах хэрэггүй (1 Петр 5:8). Энэ «арслан» Бурхантай тогтоосон харьцаанд маань сэв суулгах, цаашлаад, тэр харьцааг маань бүрмөсөн таслах буюу биднийг залгихыг оролддог (Дуулал 7:1, 2; 2 Тимот 3:12).

Бурханд өөрийгөө зориулах хүний тоогоор Сатаны худалч гэдэг нь батлагддаг

4, 5. а) Ехова Сатаны хүчинд хязгаар тогтоосныг ямар хоёр зүйл харуулдаг вэ? б) Христианууд юунд итгэлтэй байж болох вэ?

4 Христианууд бид харгис дайсантай тэмцдэг боловч айж сүрддэггүй. Учир нь Ехова «архирах арслангийн» хүчинд хязгаар тогтоосныг бид дараах хоёр зүйлээс мэддэг. Нэгдүгээрт, Ехова «үй олон хүн» буюу үнэнч христианууд «үлэмж их зовлонг» эсэн мэнд давна гэдгийг зөгнөсөн (Илчлэлт 7:9, 14). Бурхны хэлсэн зөгнөл заавал биелдэг. Тиймээс Бурхны ард түмнийг бүгдийг нь урхидаж дийлэхгүй гэдгээ Сатан өөрөө ч мэддэг.

5 Хоёрдугаарт, эрт цагт Бурханд үйлчилж байсан нэгэн хүний хэлсэн үгнээс Сатаны хүч хязгаартай гэдгийг мэдэж болно. Зөнч Азариа: «Та нар ЭЗЭНтэй хамт байх үед Тэрээр та нартай хамт байна» хэмээн Аса хаанд хэлсэн байдаг (Шастирын дэд 15:2; 1 Коринт 10:13). Бурхантай дотно харьцаатай байсан эртний үйлчлэгчдээс ганцыг нь ч Сатан залгиж дийлээгүйг Библид бичсэн олон жишээ харуулдаг (Еврей 11:4–40). Тэгэхлээр, өнөөдөр христиан хүн Бурхантайгаа дотно харьцаатай л байх аваас Диаволыг эсэргүүцээд зогсохгүй ялж чадна гэсэн үг. Тэгээд ч Библид: «Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна» гэж байдаг (Иаков 4:7).

«БИДНИЙ ТЭМЦЭЛ БОЛ ... БУЗАР МУУГИЙН СҮНСЛЭГ ХҮЧНИЙ ЭСРЭГ БИЛЭЭ»

6. Сатан христиануудтай ямар ямар аргаар тэмцдэг вэ?

6 Сатан сүнслэг дайнд ялж чадахгүй ч сонор сэрэмж алдсан хүнийг олзолж чадна. Тэрбээр Еховатай тогтоосон харьцааг маань сулруулж байгаад биднийг залгиж дөнгөнө гэдгээ мэддэг. Энэ зорилгодоо хүрэхийн тулд хүчтэй дайрах, хүн нэг бүр рүү дайрах, заль мэх хэрэглэх гэсэн гол аргуудаа хэрэглэдэг. Одоо, эдгээрийг авч үзье.

7. Сатан ямар учраас Еховагийн ард түмэн рүү хүчтэй дайрч байна вэ?

7 Хүчтэй дайрах. Элч Иохан: «Бүх ертөнц нь муу нэгний дотор байдаг» хэмээжээ (1 Иохан 5:19). Энэ үг христиануудад бүгдэд нь сэрэмжлүүлэг болдог. Сатан ертөнц буюу Бурхнаас хөндийрсөн хүмүүсийг залгичихсан учир өөрт нь баригдахгүй байгаа хүмүүс буюу Бурхны ард түмэнд хамаг анхаарлаа хандуулж, тэдэн рүү хүчтэй дайрч байна (Мика 4:1; Иохан 15:19; Илчлэлт 12:12, 17). Гэвч өөрт нь цаг бага үлдсэн тул үлэмж уур хилэнтэй байгаа. Тиймээс бидэн рүү урьдынхаасаа ч илүү хүчтэй довтлон, Бурхантай тогтоосон харьцааг маань эвдэн бусниулах гэж эцсийн хүчээрээ дайрч байгааг нь харж байна. Тийм учраас, одоо бид «цаг үеэ мэдэрч, ... юу хийх ёстойгоо ...мэдэх» хэрэгтэй (Шастирын дээд 12:32).

8. Элч Паул бидний «тэмцэл» бол муу сүнснүүдийн эсрэг гэж бичсэн нь ямар учиртай вэ?

8 Хүн нэг бүр рүү дайрах. Элч Паул итгэл нэгтнүүддээ: «Бидний тэмцэл бол ... тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ» хэмээн сануулжээ (Ефес 6:12). «Тэмцэл» гэж орчуулсан грек үг нь бөхийн барилдаан гэсэн утгатай аж. Тэгэхлээр, бид дайсантайгаа гардан тулалддаг гэсэн үг. Христиан хүн бүр муу сүнснүүдтэй тэмцдэг гэдгийг онцлон Паул ийм үг хэрэглэжээ. Эргэн тойрны тань хүмүүс муу сүнс байдаг гэдэгт итгэдэг ч бай, үгүй ч бай, та Еховад өөрийгөө зориулахдаа бөхийн дэвжээнд гарсан гэдгээ бүү мартаарай. Бурханд өөрийгөө зориулсан хүн бүр ийм тэмцэл заавал хийдэг учиртай. Тиймээс Паул Ефесийн христиануудад «бат зогсохыг» гурван ч удаа уриалсанд гайхах хэрэггүй (Ефес 6:11, 13, 14).

9. а) Сатан болон чөтгөрүүд ямар учраас олон янзын «заль мэх» хэрэглэдэг вэ? б) Сатан бидний үзэл бодлыг завхруулахыг оролддогийн учир юу вэ? Үүнийг нь хэрхэн эсэргүүцэх вэ? (192, 193-р хуудасны хавсралтыг үзнэ үү). в) Одоо Сатаны ямар заль мэхний талаар үзэх вэ?

9 Заль мэх хэрэглэх. Паул христиануудад Сатаны «заль мэхний» эсрэг бат зогсох чадвартай байхыг уриалсан (Ефес 6:11). Муу сүнснүүд ганц нэг бус, олон янзын заль мэх хэрэглэдэг бөгөөд энэ нь цаанаа нарийн учиртай аж. Бурханд олон жил үнэнч үйлчилсэн христиануудын зарим нь нэг төрлийн сорилтод унаагүй хэр нь өөр төрлийн сорилтод унасан байдаг. Тийм ч учраас Диавол болон чөтгөрүүд хүн нэг бүрийн хамгийн сул талыг олж мэдэхийн тулд анхааралтай ажигладаг. Тэгээд тэр сул талыг нь ашиглан Бурхантай тогтоосон харьцааг нь сулруулахыг оролддог. Гэхдээ бид Библийн ачаар Диаволын олон янзын заль мэхийг ялгаж таньдаг (2 Коринт 2:11). Тухайлбал, эд баялаг юм уу муу нөхрөөр урхидах, садар самуунд уруу татах зэргээр оролддогийг нь өмнөх бүлгүүдэд ярилцсан. Одоо, Сатаны өөр нэг заль мэх буюу ид шидийн талаар үзье.

ИД ШИДЭЭР ХӨӨЦӨЛДӨХ НЬ БУРХНААС УРВАСАН ХЭРЭГ

10. а) Ид шидийн зарим хэлбэрийг хэлнэ үү. б) Ехова ид шидийг юу гэж үздэг вэ? Та юу гэж үздэг вэ?

10 Мэргэ төлөг буулгах, хараал шившлэг хийх, сүнс дуудах гэх мэтийн ид шидээр хөөцөлддөг хүн муу сүнснүүдтэй шууд харьцдаг. Ид шид нь «ЭЗЭНд жигшүүртэй» юм гэдгийг бид мэддэг (Дэд хууль 18:10–12; Илчлэлт 21:8). Түүнээс гадна, бид «бузар мууг жигших» ёстой учраас муу сүнснүүдтэй харьцахыг огт хүсдэггүй (Ром 12:9). Ид шидээр хөөцөлдвөл тэнгэрийн Эцэг Ехова Бурхнаасаа урвасан, жигшүүртэй хэрэг болно!

11. Сатан биднийг ид шидээр уруу татаж чадвал ялалт байгуулна гэж хэлэхийн учрыг жишээгээр тайлбарлана уу.

11 Ид шид сонирхох нь Еховагаас урвасан жигшүүртэй хэрэг гэдгийг Сатан мэддэг учраас биднийг ид шидээр хөөцөлдүүлэх гэж улайран зүтгэдэг. Христиануудаас нэгийг нь ч болов ид шидээр уруу татаж чадвал энэ нь түүний хувьд том ялалт болдог. Үүнийг ойлгуулах нэг жишээ үзье. Хэрэв цэрэг хүн дайсны ятгалгад автаж, армиасаа урвавал дайсны дарга баярлах нь гарцаагүй. Тэгээд өнөөх цэргийг олон түмэнд харуулан, даргыг нь доог тохуу болгож болох юм. Үүнтэй адилаар, христиан хүн ид шидээр хөөцөлдвөл Еховагаас санаатайгаар урван Сатаны удирдлагад сайн дураараа орж байгаа нь тэр. Тэгвэл Сатан урвагчийг харуулахдаа бах тав нь хэчнээн их ханах бол оо? Христиан хүн Диаволыг ялаасай гэж хүснэ гэж үү? Мэдээж, үгүй! Бид Еховагаас урвахыг хүсэхгүй.

ДИАВОЛ АСУУЛТ ТАВЬЖ, ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛДЭГ

12. Ид шидэд өөрөөр ханддаг болгохын тулд Сатан ямар арга хэрэглэдэг вэ?

12 Ид шидийг жигшиж байсан цагт Сатан биднийг ид шидээр хуурч чадахгүй. Тиймээс үзэл бодлыг маань өөрчлөхийг оролддог. Тэрбээр христиануудыг «мууг сайн, сайныг муу» гэж боддог болтол нь төөрөлдүүлэх арга хайдаг (Исаиа 5:20). Үүний тулд цаг хугацааны шалгуурыг давсан нэг аргаа хэрэглэдэг. Тэр нь асуулт тавьж, эргэлзээ төрүүлэх арга юм.

13. Сатан асуулт тавьж, эргэлзээ төрүүлэх аргыг хэрхэн хэрэглэдэг байсан бэ?

13 Сатан энэ аргыг дээр үед яаж хэрэглэж байсныг санацгаая. Еден цэцэрлэгт Евагаас: «Та нарт энэ цэцэрлэгт байгаа бүх модны жимснээс идэж болохгүй гэж Бурхан үнэхээр хэлсэн үү?» хэмээн асуусан. Иовын үед тэнгэр элчүүдийг Бурхны өмнө цуглахад: «Иов утга учиргүйгээр Бурхнаас эмээдэг гэж үү?» гэсэн асуулт тавьсан. Бас Есүсийг дэлхийд үйлчилж эхлэхэд нь: «Хэрэв Чи Бурхны Хүү мөн бол энэ чулуунуудыг талх бол гэж тушаа» гэж хэлдэг. Есүстэй ийн ярилцахдаа ердөө зургаахан долоо хоногийн өмнө Еховагийн: «Энэ бол Миний хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог» гэж хэлснийг няцааж зүрхэлсэн гээд бод доо (Эхлэл 3:1; Иов 1:9; Матай 3:17; 4:3).

14. а) Сатан ид шидийн талаар буруу ойлголт төрүүлэхийн тулд ямар заль мэх хэрэглэдэг вэ? б) Одоо юуны талаар ярилцах вэ?

14 Диавол ид шидийг бузар юм гэж хүмүүст мэдүүлэхгүйн тулд өнөөдөр ч гэсэн заль мэхээ хэрэглэсээр байна. Зарим христиан энэ мэхэнд хууртдаг нь харамсалтай. Тэд ид шидийн зарим хэлбэрийн хор хөнөөлтэй эсэхэд эргэлзэж, «Үнэхээр тийм аюултай гэж үү?» хэмээн боддог (2 Коринт 11:3). Тэднийг буруу үзлээ засахад нь яаж туслах вэ? Бас өөрсдөө Сатаны заль мэхэнд хууртахгүйн тулд яах хэрэгтэй вэ? Эдгээр асуултын хариуг мэдэхийн тулд Сатаны ид шидээр бузарлагдсан хоёр зүйлийг авч үзье. Энэ нь амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх, эмчилгээ сонгох асуудал юм.

ДУР СОНИРХОЛ, ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГААР МААНЬ ДАЛИМДУУЛДАГ

15. а) Барууны орнуудад ид шидийг хэрхэн үздэг вэ? б) Зарим христиан ид шидийн талаарх ертөнцийн үзэлд хэрхэн автдаг вэ?

15 Ид шидийн янз бүрийн хэлбэрийг жирийн зүйл гэж үзэх нь барууны орнуудад улам бүр газар авч байна. Кино, ном зохиол, телевизийн нэвтрүүлэг, компьютерийн тоглоом зэрэгт ид шидийг гэм хоргүй зүйл, уран арга, зугаа наадам мэтээр дүрсэлдэг. Далдын хүчний тухай өгүүлсэн кино, ном зэргийг олон нийт таашаан хүлээн авдаг төдийгүй шүтэн бишрэгчид нь клуб хүртэл байгуулдаг болжээ. Эндээс харахад, чөтгөрүүд ид шидийг аюулгүй юм мэтээр хүмүүст ойлгуулж үнэхээр чадсан байна. Тэгвэл христиануудад нөлөөлдөг болов уу? Зарим христианд нөлөөлж чаджээ. Ганцхан жишээ татъя. Нэг христиан ид шидийн сэдэвтэй кино үзсэнийхээ дараа: «Би кино л үзсэн болохоос, ямар ид шид үйлдсэн биш дээ» гэж хэлсэн байна. Ингэж бодох нь ямар аюултайг одоо ярилцъя.

16. Ид шидийн сэдэвтэй юм сонирхох нь яагаад аюултай вэ?

16 Ид шид үйлдэх, ид шидийг харуулсан кино зэргийг үзэх нь хоёр өөр юм боловч тийм юм үзэж харахын аюулыг үл тоомсорлож болохгүй. Бодоод үз дээ. Сатан болон чөтгөрүүд хүний зүрх сэтгэлийг харж чаддаггүй нь Библиэс харагддаг.a Тиймээс тэд бидний үзэл бодол, сул талыг олж илрүүлэхийн тулд бүх үйлдлийг маань, тэр дундаа, юу үзэж хардаг, уншиж сонсдогийг маань анхааралтай ажигладаг гэдгийг дээр ярилцсан. Хэрэв христиан хүн сүнснүүдтэй харьцдаг, хараал шившлэг хийдэг хүний тухай юм уу чөтгөрүүдийн үйл хэрэг болон ид шидийн бусад хэлбэрийг сурталчилсан кино үзэж, ном унших дуртайгаа харуулбал чөтгөрүүдэд сул талаа хэлээд өгчихөж байгаа нь тэр. Хариуд нь чөтгөрүүд сул талаар нь далимдуулан, олон янзын мэх угсруулан хийсээр өвдөг шороодуулна. Ид шидийн сэдэвтэй кино, ном зэргээс болж ид шид сонирхож эхэлсэн хүмүүсийн зарим нь яваандаа ид шид үйлддэг болжээ (Галат 6:7).

[191-р хуудасны зураг]

Өвдөж шаналах цагтаа Еховагаас тусламж дэмжлэг аваарай

17. Сатан өвчтэй хүнийг ямар аргаар мэхэлдэг вэ?

17 Сатан христиануудыг үзэж харах дуртай зүйлээр нь төдийгүй хэрэгцээ шаардлагаар нь далимдуулан, хуурч мэхлэхийг оролддог. Жишээ нь, христиан хүн биеэ эмчлүүлэх гэж хэчнээн оролдоод ч сайжрахгүй болохлоор нь сэтгэлээр унажээ гэж бодъё (Марк 5:25, 26). Яг энэ байдлыг нь Сатан болон чөтгөрүүд ашигладаг. «Жигшүүрийг үйлдэгчдийн тусламж» эрж хайхыг Библид хориглодгийг Сатан болон чөтгөрүүд сайн мэддэг (Исаиа 31:2, ШЕ). Тэд өвдөж шаналаад, арга нь барагдсан хүнээр уг хоригийг зөрчүүлэх гэж Еховагийн жигшдэг, «далдын хүч» буюу ид шидтэй холбоотой эмчилгээгээр сорьж болох юм (Исаиа 1:13, ШЕ). Христиан хүн ийм мэхэнд хууртвал Бурхантай тогтоосон харьцаанд нь аюул учирна. Ямар аюул учрах вэ?

18. Христиан хүн эмчилгээ, оношлогооны ямар аргаас, яагаад татгалздаг вэ?

18 Ехова «далдын хүчинд» найддаг болсон израильчуудад: «Та нар гараа өргөх үед, Би та нараас мэлмийгээ нууна. Тийм ээ, та нар олонтаа залбирсан ч Би сонсохгүй» гэж хэлсэн байдаг (Исаиа 1:15). Бид Еховаг цаг ямагт, тэр тусмаа, өвдөж шаналах үед маань залбирлыг маань сонсоосой, тусалж дэмжээсэй гэж хүсдэг учир Еховад жигшүүртэй ямар ч юм хийх учиргүй (Дуулал 41:3). Тиймээс христиан хүн оношлогоо, эмчилгээний ямар нэг аргыг ид шидтэй холбоотой гэж мэдвэл татгалзах ёстойb (Матай 6:13). Тэгвэл Еховагийн тусламж дэмжлэгийг авна (194-р хуудасны «Энэ нь ид шидтэй үнэхээр холбоотой юу?» гэдэг хавсралтыг үзнэ үү).

ЭНЭ НЬ ИД ШИДТЭЙ ҮНЭХЭЭР ХОЛБООТОЙ ЮУ?

Библийн зарчим: «Махан биеийн үйлс нь илэрхий юм. Эдгээр нь ... ид шид, ... хагарал, тэрс үзэл санаа ... юм. [...] Ийм зүйлсийг үйлдэгчид нь Бурхны хаанчлалыг өвлөхгүй» (Галат 5:19–21).

Дараах асуултыг бодож үзнэ үү

  • Миний сахидаг ёс заншлын аль нэг нь хуурамч шашны сургаалтай холбоотой юу? (2 Коринт 6:16, 17).

  • Миний эд зүйлсийн дунд ид шидтэй шууд холбоотой зүйл байдаг юм биш биз? (Үйлс 19:19).

  • Миний хийлгэх гэж байгаа эмчилгээ ид шидийн ямар нэг хэлбэртэй холбоотой юм биш биз? (Левит 19:26).

ЧӨТГӨРҮҮДИЙН ТУХАЙ ЯРИА

19. а) Диавол олон хүнийг юунд итгүүлсэн бэ? б) Жинхэнэ христианууд юуны тухай ярьдаггүй вэ?

19 Барууны орнуудад Сатаны хүчийг дутуу үнэлдэг байхад бусад газар байдал өөр байна. Диавол олон хүнийг мэхлэн, өөрийгөө байгаагаасаа илүү хүч чадалтай мэтээр итгүүлжээ. Идэж уух, ажиллаж хөдөлмөрлөх, унтаж амрахдаа хүртэл муу сүнснүүдээс айдаг хүн олон. Чөтгөрүүдийн хийсэн ер бусын үйл хэргийн талаарх яриа хаа сайгүй байдаг бөгөөд хүмүүс иймэрхүү юмыг бие биедээ гайхуулан ярих дуртай. Тэгвэл бид иймэрхүү юм ярих нь зөв үү? Жинхэнэ Бурхны үйлчлэгчид хоёр чухал шалтгааны улмаас тийм юм ярьдаггүй.

20. Христиан хүн яавал өөрийн мэдэлгүй Сатаны суртал ухуулгыг тараасан болох вэ?

20 Нэгдүгээрт, чөтгөрүүдийн талаар бусдад ярих нь Сатаныг дэмжсэн хэрэг болно. Библид Сатаныг хүчирхэг бодгаль гэж бичсэн байдгийн зэрэгцээ «тэмдгүүд», «заль мэх» хэрэглэдгийг нь ч сануулдаг (2 Тесалоник 2:9, 10). Тэрбээр гарамгай мэхлэгч учраас ид шидэд дуртай хүмүүсийн үзэл бодлыг өөрчилж, худал юманд яаж итгүүлэхээ мэддэг. Тийм хүмүүс үзсэн, сонссон юмандаа чин сэтгэлээсээ итгээд, бусдад ярьдаг байж болох юм. Тэр яриа нь олны ам дамжсаар, нэмэр хачиртай болсоор, анхныхаасаа өөрчлөгддөг. Хэрэв христиан хүн иймэрхүү юм яривал «худал хуурмагийн эцгийн» хүсэл тааллыг биелүүлэн, суртал ухуулгыг нь тараасан хэрэг болно (Иохан 8:44; 2 Тимот 2:16).

21. Христиан хүн, гол нь, юуны тухай ярих нь зүйтэй вэ?

21 Хоёрдугаарт, христиан хүн урьд өмнө нь муу сүнснүүдтэй үнэхээр харьцаж үзсэн байлаа ч, энэ талаар итгэл нэгтнүүддээ сонин болгож яриад байх нь зохисгүй. Учир нь Библи: «Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд бүрэн дүүрэн Төгсгөгч болох Есүс рүү хараагаа чиглүүлье» гэж уриалдаг (Еврей 12:2). Тиймээс, христиан хүн Сатанд бус, Христэд анхаарлаа хандуулах ёстой. Есүс шавь нартаа Сатаны юу чаддаг, юу чаддаггүйг ярьж болох байсан ч энэ талаар сонин болгож ярьдаггүй байсныг тэмдэглүүштэй. Харин ч, Хаанчлалын тухай мэдээнд анхаарлаа хандуулдаг байсан. Тиймээс, бүгдээрээ Есүс болон элч нарыг дуурайн, «Бурхны агуу үйлсийн тухай» ярьж байцгаая (Үйлс 2:11; Лук 8:1; Ром 1:11, 12).

22. Биднийг яавал «тэнгэрт» баяр хөөр болох вэ?

22 Сатан Еховатай тогтоосон харьцааг маань эвдэн бусниулахын тулд ид шид гэх мэтийн олон янзын заль мэх хэрэглэдэг нь үнэн. Гэхдээ бузар мууг жигшин, сайнаас зуурдаг хүнийг яаж ч оролдоод, ид шидээр хөөцөлдүүлж дийлэхгүй (Ефес 4:27). Сатаныг үгүй болтол «заль мэхнийх нь эсрэг бат зогсож» чадвал «тэнгэрт» хэчнээн их баяр хөөр болохыг төсөөлөөд үз дээ! (Ефес 6:11).

a Сатаныг эсэргүүцэгч, гүтгэгч, мэхлэгч, соригч, худалч гэх зэргээр тодорхойлсон байдгийг үзвэл хүний зүрх сэтгэлийг харж, бодол санааг нь мэдэх чадваргүй гэж дүгнэж болно. Харин Еховаг «хүмүүний зүрхийг шалгадаг», Есүсийг «оюун санаа хийгээд зүрхийг Нягтлагч» гэж бичсэн байдаг (Сургаалт үгс 17:3; Илчлэлт 2:23).

b «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1994 оны 12-р сарын 15-ны дугаарын 19–22-р хуудас, «Сэрцгээ!» сэтгүүлийн 2001 оны 1-р сарын 8-ны дугаарын 26, 27-р хуудсыг үзнэ үү (англи).

САТАНЫ ЗАЛЬ МЭХНЭЭС БОЛГООМЖЛОГТУН!

Олон мянган жилийн тэртээгээс гарамгай мэхлэгч Сатан «үл итгэгчдийн бодол санааг сохолсон» (2 Коринт 4:4). Бас Бурхны үйлчлэгчдийн үзэл бодлыг завхруулахын тулд цөхрөлтгүй оролдож ирсэн. Учир нь тэрбээр хүний бодол санаа үйл хэрэг хоёр шууд холбоотой байдгийг мэддэг. Үзэл бодлыг нь завхруулбал муу юм хийлгэж дөнгөнө гэдгээ ч мэддэг (Иаков 1:14, 15).

Сатан Еваг яаж хуурсан билээ? «Могой залиараа Еваг мэхэлсэн шигээ Христ рүү хандсан... та нарын санаа бодлуудыг төөрүүлчих вий гэхээс би айж байна» хэмээн элч Паул бичжээ (2 Коринт 11:3). Сатан Еваг буруу замд хөтлөхийн тулд могойн цаанаас ярьж, зүрх сэтгэлийг нь татжээ. Тэрбээр Евагийн үзэл бодлыг өөрчлөх арга хайж байсан бөгөөд сэдсэн арга нь ч үр дүнд хүрсэн. Ева Сатаны үгийг сонссоны гайгаар бодлоо өөрчлөн, Бурхны хориглосон юмыг хийх хүсэлтэй болжээ. Ийнхүү үзэл бодол нь гажуудсан учир амархан уруу татагдаж, нүгэл үйлджээ (Эхлэл 3:1–6; Илчлэлт 12:9).

Сатан өнөөдөр ч гэсэн тэр зарчмаа баримталдаг. «Үзэл бодлыг нь гажуудуулбал хүн аяндаа нүгэл үйлдэнэ» гэсэн үндсэн арга нь хэвээрээ байгаа. Тэрбээр суртал ухуулгаа тараахын тулд энэ ертөнцийн улс төр, шашин, бизнесийн тогтолцоо, зугаа цэнгэлийн хэлбэрүүдийг өргөн ашигладаг (Иохан 14:30). Сатан ихэнх хүний үзэл бодол, ухамсар сэтгэлгээг өөрчлөн, ухаан санааг нь завхруулж чадсан. Урьд нь хүмүүс ижил хүйстэнтэйгээ явалдах, гэрлээгүй хэр нь хамт амьдрах, бутач хүүхэд төрүүлэх зэргийг нүгэл гэж үздэг байсан бол одоо жирийн явдалд тооцдог, бүр, таашаах хандлагатай болжээ. Сатан хэр зэрэг амжилтад хүрсэн бэ? «Бүх ертөнц нь муу нэгний дотор байдаг» гэж Библи хэлдэг (1 Иохан 5:19).

Сатан христианууд биднийг ч мэхэлж чадна (1 Коринт 10:12). Тэрбээр өөрт нь богино хугацаа үлдсэнийг мэддэг учир «үлэмж их уур хилэнтэй» байгаа бөгөөд ялангуяа, Бурхны ард түмнийг хуурч мэхлэхийг зорьдог (Илчлэлт 12:12). Болгоомжтой байхгүй бол Сатан бидний ухаан санааг суртал ухуулга болон гар хөлөө болгодог «мэхлэгчдээрээ» завхруулж, улмаар нүгэл үйлдүүлэх аюултай (Тит 1:10).

Жишээ болгон, гэрлэлтийн талаарх хүмүүсийн үзэл бодлыг авч үзье. Библийн дагуу, гэр бүл бол ариун байгууламж бөгөөд нөхөр эхнэр хоёр бие биедээ насан туршдаа үнэнч байх учиртай (Матай 19:5, 6, 9). Гэтэл өнөөдөр кино, телевизийн нэвтрүүлэгт гэр бүлийг хүссэн үедээ цуцалж болдог, түр зуурын холбоо мэтээр харуулдаг болжээ. Христианууд бид Сатаны энэ ухуулгад автахаас сэргийлэх хэрэгтэй. Эс бөгөөс ертөнцийн үзэлд уусан, ханьдаа үнэнч байж чадахгүйд хүрч мэднэ. Гэр бүлийн амьдралд бэрхшээл гарч ханиасаа өөр хүнээс сэтгэл санааны дэмжлэг хайлаа гэж бодъё. Тэгтэл ажлын юм уу хурлын нэг хүн таны сэтгэлийг ойлгодог юм шиг санагдаж болох юм. Тэгээд тэр хүнтэй хайр сэтгэлийн холбоотой болбол нүгэл үйлдэх аюултай.

Сатаны ертөнцөд газар авсан бас нэг хандлага бол хэнээс ч хараат бус байх үзэл юм. Өнөөгийн нийгэмд «сагсуурагчид», «биеэ тоодог» хүн олон болжээ (2 Тимот 3:2, 4). Хэрэв бид ийм үзэлд уусвал христиан ёсоор дуулгавартай байж, захирагдаж чадахгүйд хүрнэ. Тухайлбал, хараат бус байх үзэлтэй болсон христиан эрэгтэй ахлагчдын зөвлөгөөнд дургүйцнэ (Еврей 12:5). Харин христиан эмэгтэй Бурхны санаачилсан тэргүүллийн зарчмыг сахих дургүй болно (1 Коринт 11:3).

Сатаны башир аргыг хэлж өгдөгт нь бид Еховад талархдаг (2 Коринт 2:11). Сатаны суртал ухуулгыг ухаан санаандаа хэзээ ч нэвтрүүлэхгүй байцгаая. Бурхны хайран дотор байхын тулд оюун ухаанаа «дээгүүрх зүйлс дээр төвлөрүүлцгээе» (Колоссай 3:2).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах