-
«Бурхны тухай мэдлэгтэй зөрчилддөг аливаа саадыг» нураая!Харуулын цамхаг (Судлахад зориулсан)–2019 | 6 сар
-
-
«ОЮУН УХААНАА БАЙНГА ШИНЭЧИЛ»
7. Дотроосоо хэрхэн өөрчлөгдөх вэ?
7 Хандлагаа өөрчлөх буюу дотроосоо өөрчлөгдөх боломж байдаг уу? Бурхны Үгэнд хариу нь бий. «[Та нар] оюун ухаанаа байнга шинэчлэх ёстой гэж заалгасан. Түүнчлэн, шударга сайн, үнэнч байхыг сургадаг Бурхны хүслийн дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмсөх учиртай гэж заалгасан» (Эф. 4:23, 24). Тэгэхээр, дотроосоо өөрчлөгдөх боломжтой. Гэхдээ амархан биш. Хүслээ хорьж, буруу юм хийхээ болих нь хангалтгүй. «Оюун ухаанаа» өөрчлөх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хүсэл, хандлага, сэдлээ өөрчилнө гэсэн үг. Үүний тулд байнга хичээх учиртай.
8, 9. Нэг Гэрчид тохиолдсон явдлыг бодож үзвэл яаж өөрчлөгдөх нь чухал вэ?
8 Гэрч болохоосоо өмнө архидан согтуурч, зодоон цохион хийдэг байсан нэг хүний тухай ярилцъя. Түүнийг муу зуршлаасаа салж баптисм хүртэхэд нутгийнхан нь гайхан шагшжээ. Ийнхүү тэрээр Еховаг алдаршуулсан байна. Гэвч баптисм хүртээд удаагүй байхдаа нэгэн орой гэнэт соригдов. Согтуу эр тэднийд ирээд зодолдох гээд өдөж эхлэв. Эхэндээ Гэрч биеэ барьж байлаа. Гэтэл нөгөө эр Еховагийн нэрийг доромжилж гарав. Шинэхэн Гэрчийн хувьд энэ нь тэвчихийн аргагүй явдал байлаа. Тэрээр гадагш гарч мань эрийг зодчих нь тэр. Яагаад ийм юм болов? Библи судалсны ачаар зодоон цохион хийх хүслээ дарсан ч «оюун ухаанаа» шинэчлээгүй байжээ. Өөрөөр хэлбэл, дотроосоо өөрчлөгдөөгүй хэрэг.
9 Гэхдээ итгэл нэгтэн маань бууж өгсөнгүй (Сур. 24:16). Ахлагчдын тус дэмээр сайжирсаар байлаа. Яваандаа ахлагч болжээ. Тэгтэл нэг орой цуглааны танхимын гадаа хэдэн жилийн өмнөхтэй төстэй явдал болох нь тэр. Хөлчүү эр ахлагчдын нэгийг зодох гэж дайрчээ. Нөгөө Гэрч эрэгтэй яасан бэ? Тайван, дөлгөөн байж, хөлчүү эртэй эвтэйхэн ярьж тайвшруулаад хурцадмал байдлыг намжаасан төдийгүй хөл дээрээ арай ядан тогтож байсан тэр хүнийг гэрт нь хүргэж өгчээ. Яагаад ингэж чадав? Оюун ухаанаа өөрчилжээ. Дотроосоо өөрчлөгдсөн учраас тайван, даруу хүн болсон байна. Ийнхүү Еховаг алдаршуулжээ!
10. Дотроосоо өөрчлөгдөхийн тулд яах шаардлагатай вэ?
10 Хүн хормын төдийд эсвэл хар аяндаа л өөрчлөгддөг юм биш ээ. Олон жилийн турш «хүчээ дайчлан» ажиллах шаардлагатай (2 Петр 1:5). Еховад он удаан жил үйлчлэхээр л ийм өөрчлөлт гарчихгүй. Дотроосоо бүрэн өөрчлөгдөхийн тулд маш их хичээж мэрийх ёстой. Ийнхүү өөрчлөгдөхөд тус болох үндсэн хэдэн арга бий. Одоо заримыг нь үзье.
ОЮУН УХААНАА ХЭРХЭН ӨӨРЧЛӨХ ВЭ?
11. Оюун ухаанаа өөрчлөхийн тулд яагаад залбирах ёстой вэ?
11 Залбирах нь эхний чухал арга юм. «Бурхан, миний дотор цэвэр зүрхийг бүтээж, миний дотор зөв сүнсийг шинэчлээч» хэмээн дуулалч шиг залбирах нь зүйтэй (Дуу. 51:10). Оюун ухаанаа шинэчлэх шаардлагатайгаа хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ Еховагаас тусламж гуйх учиртай. Өөрчлөгдөхөд Ехова тусална гэдэгт итгэж болох уу? Езекиелийн үеийн зөрүүд израйлчуудад Ехова юу гэж амласныг үзвэл итгэж болно. Тэрээр: «Би тэдэнд ганц зүрхийг өгч, тэдний дотор шинэ сүнсийг тавина. Би ... тэдэнд махан [буюу Бурхны заавар зөвлөгөөг дуртайяа дагадаг] зүрхийг өгнө» хэмээн амлажээ (Езе. 11:19). Израйлчууд өөрчлөгдөх шаардлагатай байлаа. Ехова тэдэнд туслахад бэлэн байсан. Бидэнд ч туслахад бэлэн.
12, 13. а) Дуулал 119:59-д бичсэнээр, юуны талаар эргэцүүлэн бодох нь зүйтэй вэ? б) Өөрөөсөө юу гэж асуух вэ?
12 Эргэцүүлэн бодох нь хоёр дахь чухал арга юм. Бурхны Үгийг өдөр бүр шимтэн уншихдаа ямар бодол, хандлагаа өөрчлөх хэрэгтэйг цаг зав гаргаж байгаад эргэцүүлэн бодох шаардлагатай (Дуулал 119:59-ийг уншина; Евр. 4:12; Яак. 1:25). Ертөнцийнхний үзэл бодлын нөлөөнд автсан эсэхээ олж мэдэх нь чухал. Дутагдлаа хүлээн зөвшөөрч, түүнийгээ арилгахын тулд нөр их хөдөлмөрлөх ёстой.
13 Жишээ нь дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. «Өчүүхэн ч гэсэн атаархах сэтгэл надад төрдөг үү?» (1 Петр 2:1). «Өсөж хүмүүжсэн орчин, олж авсан мэдлэг боловсрол, мөнгө төгрөгний боломжтой гэдгээрээ жаахан ч гэсэн бардамнадаг уу?» (Сур. 16:5). «Надад байгаа юм нөгөө хүнд байхгүй байвал эсвэл тэр хүн өөр үндэстэн бол би түүнийг дорд үздэг үү?» (Яак. 2:2–4). «Сатаны ертөнцийн сурталчилгаанд татагддаг уу?» (1 Ёох. 2:15–17). «Садар самуун, зодоон цохионтой зугаа цэнгэлд дурладаг уу?» (Дуу. 97:10; 101:3; Ам. 5:15). Эдгээр асуултад хариулах явцдаа та юуг анхаарах хэрэгтэйгээ мэдэж авна. Ой ухаанд шингэсэн буруу үзэл бодолтойгоо тэмцэж ялбал тэнгэрийн Эцгээ баярлуулна (Дуу. 19:14).
14. Сайн найзтай байх нь яагаад чухал вэ?
14 Сайн найз нөхөдтэй байх нь гурав дахь чухал арга юм. Бид найз нөхдийнхөө нөлөөнд автсан байдаг (Сур. 13:20). Бурханд таалагдах үзэл бодолтой болоход туслах найз нөхдийг ажил, сургуулиас олох нь юу л бол. Харин цуглаанд очвол хамгийн сайн найзыг олж болно. «Сайн юм хийдэг, хайрладаг болох» хүслийг бадраахад цуглаан тустай (Евр. 10:24, 25).
-