БҮЛЭГ 14
Жаргалтай айл гэр
1, 2. Ехова гэр бүлийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?
ЕХОВА БУРХАН анхны гэр бүлийг бий болгосон. Тэрээр эмэгтэй хүнийг бүтээгээд «Адамд авчирч өгөв» гэж Библид бий. Адам ихэд баярлан «Энэ бол яснаас минь авсан яс, махнаас минь тасалсан мах» гэж хэлжээ (Эхлэл 2:22, 23). Ехова гэр бүлийн хоёрыг жаргалтай амьдраасай гэж хүсдэг нь энэ түүхээс харагдаж байна.
2 Гэр бүлийн амьдралдаа сэтгэл дундуур явдаг хүмүүс олон байдаг нь харамсалтай. Гэхдээ Библид гэр бүлийн гишүүн бүрд зориулсан зарчим байдаг. Эдгээрийг дагавал гэр бүлээрээ жаргалтай, сэтгэл хангалуун амьдарна (Лук 11:28).
НӨХӨР ХҮН ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?
3, 4. а) Нөхөр хүн эхнэртэйгээ яаж харьцах ёстой вэ? б) Бие биеэ уучлах нь яагаад чухал бэ?
3 Сайн нөхөр эхнэрээ хайрлаж, хүндэлдэг. Эфэс 5:25–29-ийг уншаарай. Тийм хүн эхнэрээ хайр халамжаар огт дутаадаггүй. Бас эхнэрээ хамгаалдаг, анхаарч халамжилдаг. Түүнээс гадна хэзээ ч эхнэрийнхээ сэтгэл зүрхийг шархлуулах үг хэлэх юм уу гар хүрдэггүй.
4 Эхнэрээ алдаа гаргахад нөхөр хүн яах хэрэгтэй вэ? «Нөхрүүд ээ, эхнэрээ хайрлаж яв. Тэдэнд хатуурхаж болохгүй» гэж Библид бичжээ (Колосай 3:19). Тийм үед өөрөө ч гэсэн алдаа гаргадгаа санах хэрэгтэй. Бурхны өршөөлийг хүртье гэвэл эхлээд эхнэрээ уучлах ёстой (Матай 6:12, 14, 15). Эхнэр нөхөр хоёр бие биеэ уучилдаг бол гэр бүл тогтвортой байна.
5. Эхнэрээ яагаад хүндлэх ёстой вэ?
5 Ехова нөхрүүдээс эхнэрээ хүндэтгээсэй гэж хүсдэг. Нөхөр нь эхнэрийнхээ бие махбодын болон сэтгэл санааны хэрэгцээг хангахыг онцгой анхаарах ёстой. Энэ бол хөнгөн хуумгай хандах асуудал биш юм. Эхнэрээ анхаарч халамжилдаггүй хүний залбирлыг Ехова сонсохгүй (1 Петр 3:7). Ехова эрэгтэй хүнийг эмэгтэй хүнээс илүүд үздэггүй. Харин өөрийг нь хайрладаг хүнийг л эрхэмд үздэг.
6. Эхнэр нөхөр хоёрыг «нэг бие» гэсэн нь ямар утгатай вэ?
6 Есүс эхнэр нөхөр хоёрыг «цаашдаа хоёр биш, нэг бие» гэж хэлжээ (Матай 19:6). Эхнэр нөхөр хоёр бие биедээ үргэлж үнэнч байх ёстой бөгөөд нэгнийхээ итгэлийг эвдэх ёсгүй (Сургаалт үгс 5:15–21; Еврей 13:4). Амин хувиа бодолгүй, нэг нэгнийхээ бэлгийн хэрэгцээг хангах хэрэгтэй (1 Коринт 7:3–5). «Хүн хэзээ ч өөрийгөө үзэн яддаггүй, харин тэжээдэг, хайрладаг» гэдгийг нөхрүүд мартах учиргүй. Тийм учраас эхнэрээ хайрлаж, энхрийлэх ёстой. Эхнэр хүний хувьд нөхрийнх нь хайр халамж юу юунаас илүү чухал байдаг (Эфэс 5:29).
ЭХНЭР ХҮН ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?
7. Айл гэрт яагаад тэргүүн хэрэгтэй вэ?
7 Айл гэрт тэргүүн хэрэгтэй. Өөрөөр хэлбэл гэр бүлээ тэргүүлээд авч явах хүн байсан цагт гэр бүл эмх журамтай байна. Библид «Христ бол эр хүний тэргүүн, эр хүн бол эмэгтэй хүний тэргүүн, Бурхан бол Христийн тэргүүн юм» гэж байдаг (1 Коринт 11:3).
8. Нөхрөө гүнээ хүндэлдэг эмэгтэй ямар байдаг вэ?
8 Алдаа гаргадаггүй нөхөр гэж байдаггүй. Гэлээ ч нөхрийнхөө гаргасан шийдвэрийг дэмждэг, нөхөртэйгөө нэг баг мэт хамтран ажилладаг бол гэр бүлээрээ жаргалтай амьдарна (1 Петр 3:1–6). «Эхнэр хүн нөхрөө гүнээ хүндэтгэх ёстой» гэж Библид байдаг (Эфэс 5:33). Хэрэв нөхөр нь Еховаг шүтдэггүй бол яах вэ? Тийм байсан ч нөхрөө гүнээ хүндэтгэх ёстой. «Эхнэрүүд ээ, нөхөртөө захирагд. Тэгвэл Бурхны үгийг дагадаггүй нөхрөө үгээрээ биш, харин биеэ авч явах байдлаараа талдаа оруулж болох юм. Учир нь тэд цэвэр ариун байдгийг тань, өөрсдийг нь гүнээ хүндэлдгийг тань ажиглана шүү дээ» гэж Библид бий (1 Петр 3:1, 2). Эхнэр нь биеэ үлгэр жишээ авч явдаг бол нөхөр нь итгэл үнэмшлийг нь ойлгож, хүндэлдэг болно.
9. а) Нөхөртэйгөө санал нийлэхгүй үед яах нь зүйтэй вэ? б) Тит 2:4, 5-д эхнэрүүдэд зориулсан ямар зөвлөгөө байдаг вэ?
9 Нөхөртэйгөө санал нийлэхгүй үед яах нь зүйтэй вэ? Санал бодлоо эвтэйхэн хэлэх хэрэгтэй. Жишээ нь Абрахамд Сарагийн хэлсэн үг таалагдаагүй ч Ехова түүнд: «Сарагийн чамд хэлсэн бүгдийг сонс» гэжээ (Эхлэл 21:9–12). Хэрэв нөхрийнх нь эцэслэн гаргасан шийдвэр Библийн зарчимтай зөрчилдөхгүй бол эхнэр нь тэр шийдвэрийг дагах ёстой (Үйлс 5:29; Эфэс 5:24). Сайн эхнэр гэр бүлээ халамжилдаг (Тит 2:4, 5-ыг уншина). Тийм эмэгтэй үр хүүхэд, ханийнхаа төлөө нөр их хөдөлмөрлөдөг учраас тэднийхээ хайр, хүндэтгэлийг хүлээдэг (Сургаалт үгс 31:10, 28).
Сара эхнэрүүдэд ямар сайхан жишээ үлдээсэн бэ?
10. Тусдаа амьдрах болон салах талаар Библид юу гэж байдаг вэ?
10 Зарим хос юу юуны туханд хүрэлгүй тусдаа амьдрах юм уу салахыг боддог. Библид «Эхнэр хүн нөхрөөсөө салж болохгүй. ... Нөхөр хүн эхнэрээсээ салж болохгүй» гэж байдаг (1 Коринт 7:10, 11). Туйлын хүнд нөхцөлд тусдаа амьдарч болох ч энэ нь сэтгэл хөдлөлөөр шийдэх асуудал биш юм.a Тэгвэл салах тухайд юу хэлж болох вэ? Салж болох Библийн үндэстэй цорын ганц шалтгаан бий. Эхнэр нөхрийн хэн нэг нь ханиасаа өөр хүнтэй бэлгийн харьцаанд орсон тохиолдолд л салж болдог (Матай 19:9).
ЭЦЭГ ЭХЧҮҮД ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?
Есүс гэр бүлийн гишүүн бүрд дуурайвал зохих жишээ үлдээсэн
11. Эцэг эхчүүдийн тусламж хэзээ бүр ч их хэрэгтэй вэ?
11 Эцэг эхчүүд үр хүүхдэдээ аль болох их цаг гаргах ёстой. Хүүхдэд тань та нар хэрэгтэй. Ялангуяа Еховагийн тухай сурч мэдэхэд нь та нарын тус дэм бүр ч их хэрэгтэй (Дэд хууль 6:4–9).
12. Эцэг эхчүүд үр хүүхдээ хамгаалахын тулд яах ёстой вэ?
12 Сатаны ертөнц өдөр ирэх тусам бузар муу болж байгаа учраас хүүхдүүдийг ёс бус, бүр садар самуун явдалд уруу татдаг хүмүүс олширч байна. Энэ аюулын талаар хүүхэдтэйгээ ярилцахаас халгадаг эцэг эхчүүд байдаг. Гэхдээ хүүхдэдээ ийм хүмүүсийн тухай хэлж, тэднээс өөрийгөө хэрхэн хамгаалахыг зааж өгөх нь зайлшгүй чухал. Эцэг эхчүүд ээ, та нар л хүүхдүүдээ хамгаалах үүрэгтэй шүү дээb (1 Петр 5:8).
13. Эцэг эхчүүд хүүхдэдээ яаж зааж сургах ёстой вэ?
13 Эцэг эхчүүд хүүхдэдээ яаж биеэ зөв авч явахыг зааж сургах үүрэгтэй. Хүүхдээ сургахдаа харгис хэрцгий, хатуу ширүүн хандаж хэрхэвч болохгүй (Иеремиа 30:11). Тиймээс ууртай үедээ хүүхдээ битгий шийтгээрэй. «Илдээр дүрэхтэй адил» бодлогогүй ярьж, хүүхдийнхээ сэтгэлийг шархлуулахыг бидний хэн маань ч хүсэхгүй (Сургаалт үгс 12:18). Хүүхдээ хүмүүжүүлэхийн гол зорилго нь дуулгавартай байхын чухлыг ойлгуулах юм (Эфэс 6:4; Еврей 12:9–11; Тайлбар 30-ийг үзнэ үү).
ХҮҮХДҮҮД ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?
14, 15. Хүүхдүүд яагаад ээж аавдаа дуулгавартай байх ёстой вэ?
14 Есүс үргэлж, бүр амаргүй үед ч Эцэгтээ дуулгавартай байсан (Лук 22:42; Ёохан 8:28, 29). Ехова хүүхдүүдээс ч бас эцэг эхдээ дуулгавартай байгаасай гэж хүсдэг (Эфэс 6:1–3).
15 Хүүхдүүд ээ, ээж аавынхаа үгэнд ороход хэцүү санагдсан ч, дуулгавартай байвал Ехова болон ээж аав чинь баярлана гэдгийг битгий мартаарайc (Сургаалт үгс 1:8; 6:20; 23:22–25).
Хорхой хүргэм зүйл тулгарахад Бурханд үнэнч байхын тулд яах хэрэгтэй вэ?
16. а) Сатан хүүхдүүдээр буруу юм хийлгэхийн тулд яадаг вэ? б) Еховаг хайрладаг найз нөхөдтэй болох нь хэр чухал бэ?
16 Диавол хүүхдүүдийг найзууд болон үе тэнгийнхнээр нь дарамтлуулж, буруу юм хийлгэх гэж оролддог. Яагаад гэвэл үе тэнгийнхнийхээ дарамт шахалтыг сөрөн зогсох үнэхээр хэцүү гэдгийг мэддэг. Жишээ нь Иаковын охин Дина Еховаг хайрладаггүй найзуудтай байжээ. Үүнээсээ болоод өөртөө болон гэрийнхэндээ гай тарьсан (Эхлэл 34:1, 2). Чи бас Еховаг хайрладаггүй найзуудтай бол тэд чамаар Еховагийн үзэн яддаг зүйлийг хийлгэх гэж дарамталж мэднэ. Тэдний хүссэнийг хийвэл чи өөртөө, гэрийнхэндээ гай тариад зогсохгүй Еховагийн сэтгэлийг гонсойлгоно (Сургаалт үгс 17:21, 25). Тиймээс Еховаг хайрладаг найз нөхөдтэй болох нь туйлын чухал (1 Коринт 15:33).
ТАНАЙХ ГЭР БҮЛЭЭРЭЭ ЖАРГАЛТАЙ АМЬДРАХ БОЛОМЖТОЙ
17. Гэр бүлийн гишүүн бүр ямар үүрэгтэй вэ?
17 Гэр бүлийн гишүүн бүр Бурхны өгсөн заавар зөвлөгөөг дагадаг бол олон бэрхшээлээс хол байна. Нөхрүүд ээ, эхнэрээ хайрлаж, анхаарч халамжилж байгаарай. Эхнэрүүд ээ, нөхрөө хүндэлж, захирагдаж байгаарай. Бас Сургаалт үгс 31:10–31-д дүрсэлсэн арван хуруу тэгш эхнэрийг дуурайгаарай. Хэрэв та хүүхэдтэй бол Бурхныг хайрладаг хүн болгон өсгөж хүмүүжүүлээрэй (Сургаалт үгс 22:6). Эцгүүд ээ, гэр бүлээ сайхан авч явдаг «өрхийн сайн тэргүүн байгаарай» (1 Тимот 3:4, 5; 5:8). Хүүхдүүд ээ, ээж аавынхаа үгэнд үргэлж орж байгаарай (Колосай 3:20). Алдаа гаргадаггүй хүн байдаггүйг гэр бүлийн гишүүн бүр санадаг бол даруу байж нэг нэгнээсээ уучлалт гуйж чадна. Ехова гэр бүлийн гишүүн бүрд зориулсан ач тустай зөвлөгөөг Библид бичүүлсэн.
a Тусдаа амьдрах талаар Еховагийн Гэрчүүдийн хэвлэсэн «Бурхнаараа хайрлуулж явъя» номын 250, 251-р хуудаснаас үзнэ үү.
b Хүүхдээ хэрхэн хамгаалах талаар «Еховагийн найз болъё» цувралын 17 дугаар хичээлээс үзнэ үү.