Ехова «биднийг бүх зовлон дотор маань тайвшруулдаг»
«Бүх тайвшралын Бурхан ... биднийг бүх зовлон дотор маань тайвшруулдаг» (2 КОР. 1:3, 4).
1, 2. Ехова биднийг зовох цагт хэрхэн тайвшруулдаг вэ? Библиэс юу мэдэж болох вэ?
ГАНЦ БИЕ Гэрч залуу 1 Коринт 7:28-д байдаг «[Гэрлэвэл] махан биедээ зовлонтой болно» гэсэн үгийг боджээ. Тэрээр нэг ахлагчаас «“Зовлон” гэж юу вэ? Хэрвээ би гэрлэвэл энэ зовлонг яаж давах вэ?» гэж асуув. Гэр бүлтэй, ахимаг насны тэр ахлагч элч Паулын бичсэн өөр нэг зүйлийг бодож үзэхийг зөвлөлөө. Паул Еховаг «бүх тайвшралын Бурхан мөн» гээд «Тэр биднийг бүх зовлон дотор маань тайвшруулдаг» хэмээн бичжээ (2 Кор. 1:3, 4).
2 Ехова бол үнэхээр халамжтай Эцэг мөн. Тэрээр биднийг зовох цагт тайвшруулдаг. Та тэнгэрийн Эцгийнхээ тусламж дэмжлэг, удирдамж зааврыг Библиэс олон удаа авч байсан биз ээ. Ехова эртний үйлчлэгчдэдээ сайн сайхныг хүсдэг байсан шигээ бидэнд ч хамгийн сайн сайхныг хүсдэгийг Библиэс мэдэж болно (Иеремиа 29:11, 12-ыг уншина).
3. Ямар асуултуудыг авч үзэх вэ?
3 Шалтгааныг нь мэдчихвэл бэрхшээл зовлонгоо даван туулахад илүү хялбар байдаг. Тэгвэл гэрлэх юм уу үр хүүхэдтэй болохлоор яагаад зовдог вэ? Библи бичигдэж байх үеийн болон орчин үеийн ямар жишээг бодож үзвэл тайвшрах вэ? Эдгээр асуултын хариуг мэдвэл бэрхшээлээ давж чадна.
ГЭРЛЭЛТ БА ЗОВЛОН
4, 5. Гэрлэвэл «махан биедээ зовлонтой болно» гэдэг нь юу гэсэн үг вэ?
4 Бурхан эмэгтэй хүнийг бүтээж эр хүнд авчирч өгөхөд тэд эхнэр нөхөр болжээ. Дараа нь Ехова: «Эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлэн, тэр хоёр нэгэн бие болох ажгуу» хэмээн айлдсан (Эх. 2:24). Өнөөдөр төгс хүн нэг ч байхгүй (Ром 3:23). Тиймд гэрлэвэл янз бүрийн бэрхшээл тохиолдох нь зүйн хэрэг. Жишээлбэл эмэгтэй хүн гэрлэхээсээ өмнө эцэг эхийнхээ үгэнд орох ёстой байдаг. Харин гэрлэвэл нөхрийнхөө үгийг дагах ёстой гэсэн заавар Бурхны Үгэнд бий (1 Кор. 11:3). Эхнэрээ захирна гэдэг шинэхэн нөхрүүдэд эхэндээ амаргүй байж болох юм. Эцэг эхдээ биш, нөхөртөө захирагдана гэхлээр шинэхэн эхнэрүүдэд бас хэцүү санагдаж магадгүй. Түүнчлэн шинэ хосууд хадмуудтайгаа таарч тохирохгүй байж мэднэ. Энэ нь зовлон болдог.
5 Хүүхэдтэй болсноо мэдэх тэр мөчид эхнэр нөхөр хоёрт санаа зовох зүйл нэмэгддэг. Хүүхэдтэй болсондоо баярлах нь мэдээж. Гэхдээ үүний зэрэгцээ эх хүүхдийн эрүүл мэндийн талаар санаа зовох юм гарч ирнэ. Хүүхэд маань эхийнхээ хэвлийд эрүүл саруул бойжих болов уу, эсэн мэнд төрөх болов уу гэж боддог. Бас зардал нэмэгдэхийг ч тооцдог. Хүүхэд төрсний дараа олон зүйлийг өөрчлөх хэрэгтэй болно. Ээж болоод удаагүй бүсгүйчүүд юуны өмнө хүүхдэдээ хамаг анхаарлаа хандуулдаг. Үүнээс болоод эхнэртээ хаягдсан мэт сэтгэгдэл нөхрүүдэд төрөх нь бий. Нөгөөтээгүүр, тэд аав болсон учраас үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Шинэ хүнд санаа тавьж, хэрэгцээг нь хангах шаардлага гарч ирдэг.
6-8. Хүүхэдтэй болох гэсэн хүсэл нь биелэхгүй бол хосуудад ямар санагддаг вэ?
6 Гэтэл зарим хосуудад өөр зовлон учирдаг. Хүүхэдтэй болохыг хэчнээн хүсээд ч хүсэл нь биелдэггүй. Жирэмслэхгүйгээсээ болоод эхнэр нь сэтгэл санааны хямралд ордог (Сур. 13:12). Библи бичигдэж байх үед хүүсэр эмэгтэйчүүд олны шившиг болдог байжээ. Иаковын эхнэр Рахел олон хүүхэд төрүүлсэн эгчтэйгээ өөрийгөө харьцуулаад хүүхэд олдоггүйдээ ихэд шаналсан байдаг (Эх. 30:1, 2). Зарим улс орны иргэд олон хүүхэдтэй байхыг чухал гэж үздэг. Тийм газар үйлчилдэг миссионеруудаас яагаад хүүхэдгүй байгааг нь хүмүүс байнга асуудаг. Хэчнээн сайн тайлбарлалаа ч тэд хариуд нь «Та хоёрын төлөө залбирна аа!» гэдэг ажээ.
7 Англид амьдардаг Гэрч эмэгтэй хүүхэдтэй болохыг маш их хүсдэг байжээ. Гэвч хүсэл нь биелсэнгүй. Цэвэршиж эхэлснээ мэдмэгцээ хүүхэдтэй болохоосоо нэгэнт өнгөрснөө ойлгоод сэтгэл санаагаар их унажээ. Ингээд нөхөртэйгөө зөвлөлдөн хүүхэд өргөж авахаар шийдэв. Гэхдээ л нэг хэсэгтээ хэцүү байжээ. Тэрээр: «Уй гашуу тийм амархан тайлагдаагүй. Яагаад гэвэл хүүхэд өргөж авна гэдэг бол өөрөө төрүүлэхтэй адилгүй шүү дээ» гэж ярьсан юм.
8 Эмэгтэй хүн «хүүхэд төрүүлэхээрээ аврагдана» гэж Библид бий (1 Тим. 2:15). Гэхдээ энэ нь хүүхэд төрүүлбэл эсвэл хүүхэдтэй хүн мөнхийн амьтай болно гэсэн үг биш юм. Тэгвэл юу гэсэн үг вэ? Эх хүн хүүхдэдээ санаа тавьж, гэрийн ажлаа анхаардаг учраас хов жив ярих, бусдын хэрэгт хошуу дүрэх зэрэг асуудалд орохгүй гэсэн үг (1 Тим. 5:13). Гэхдээ л гэр бүлийн янз бүрийн асуудлаас болж зовлон үзэх нь дамжиггүй.
Хайртай хүнээсээ хагацахын зовлонг хэрхэн давах вэ? (9, 12-р догол мөрийг үзээрэй)
9. Гэрлэсэн хүмүүс өөр ямар зовлон амсдаг вэ?
9 Гэрлэсэн хүмүүс «махан биедээ зовлонтой болно» гэхлээр нэг юм санаанд шууд орж ирэхгүй байж болох юм. Энэ бол үхэл хагацал. Хайртай ханиа алдахын зовлонг олон хүн үздэг. Ер нь хүн хань ижлээ алдана гэж хэзээ ч боддоггүй. Нас барагсдыг амилуулна гэсэн Есүсийн амлалтад Гэрчүүд бат итгэдэг (Иох. 5:28, 29). Бэлэвсэрч үлдсэн нэг нь энэ сайхан ирээдүйг бодоод тодорхой хэмжээгээр тайвширдаг. Зовлон амсаж буй биднийг тайвшруулах өөр олон аргыг хайр халамжтай тэнгэрийн Эцэг маань Үгэндээ бичүүлсэн байдаг. Бурхны үйлчлэгчид хэрхэн тайвширдаг байсан, энэ нь тэдэнд хэр тустай байсныг батлах хэдэн жишээ үзье.
ЗОВОХ ЦАГТ ХЭРХЭН ТАЙВШРАХ ВЭ?
10. Ханна яаж тайвширсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).
10 Елканагийн хайртай эхнэр Ханна хүүхэдтэй болохыг хэчнээн хүсдэг ч хүүсэр байв. Харин Елканагийн хоёр дахь эхнэр Пенинна олон хүүхэд төрүүлжээ (1 Самуел 1:4–7-г уншина). Пенинна Ханнаг бухимдуулахын тулд «жил бүр» өддөг байв. Үүнээс болоод Ханнагийн сэтгэл маш их шаналдаг байжээ. Тэрээр тайвшрахын тулд хамаг асуудлаа Еховад хэлж залбирна. Түүгээр ч барахгүй нэг удаа мөргөлийн асарт очиж удаан залбирчээ. Хүүтэй болгож өгөхийг Еховагаас гуйж, тусална гэдэгт нь итгэж найджээ. Залбирч дуусаад тайвширч «нүүр царай нь уйтгар гуниггүй болов» (1 Сам. 1:12, 17, 18). Ехова хүүтэй болгоно эсвэл ямар нэгэн аргаар тайвшруулна гэдгийг Ханна мэдэж байлаа.
11. Залбирвал яагаад тайвширдаг вэ?
11 Бид төгс бус, бас Сатаны ертөнцөд амьдарч байгаа цагтаа зовлонгоос хэзээ ч салахгүй (1 Иох. 5:19). Гэхдээ Еховаг «бүх тайвшралын Бурхан» гэж бодохлоор хэчнээн сайхан бэ! Тохиолдоод буй бэрхшээл зовлонгоо давах нэг арга бол залбирах юм. Ханна хэрхэн зовж байгаагаа, санаа сэтгэл нь ямар байгаагаа Еховад хэлж, тусламж гуйн залбирсан шүү дээ. Бид ч бас зовлон тохиолдсон үед залбирах хэрэгтэй. Гэхдээ Еховад бэрхшээлийнхээ тухай дурдаад өнгөрөх бус, харин Ханна шиг сэтгэлээ уудлан залбирч хичээнгүйлэн гуйх нь чухал (Флп. 4:6, 7).
12. Анна яаж тайвширсан бэ?
12 Үр хүүхэдгүйдээ эсвэл хань ижлээ алдсандаа маш их сэтгэлийн зовлон эдэлж байлаа ч тайвширч болдог. Есүсийн үед амьдарч байсан зөнч Анна гэрлээд 7-хон жилийн дараа бэлэвсэрч үлджээ. Тэрээр үр хүүхэдгүй байсан бололтой. Яаж тайвширсан бол? Лук 2:37-д «Тэр эмэгтэй мацаг барилт болон залбирлаар өдөр шөнөгүй үйлчлэн, сүмийг хэзээ ч орхисонгүй» гэж бичжээ. Бүр 84 настай хэр нь сүмд очиж, залбирч, Еховаг шүтдэг байсан учраас тайвширч тайтгаран, баяр баясгалантай болдог байжээ.
13. Зовох цагт жинхэнэ найз хэрхэн тайвшруулдгийг жишээгээр хэлнэ үү.
13 Итгэл нэгтнүүдтэйгээ үргэлж ойр дотно байхлаар жинхэнэ найзтай болдог (Сур. 18:24). Поолаг 5-хан настай байхад ээж нь үнэний замаас гарчээ. Энэ нь түүнд ямар хэцүү байсныг одоо ч санадаг гэнэ. Тэр үед хурлынх нь Ээнн гэдэг эхлэгч Поолатай хамт Библийн хичээл хийдэг болжээ. Поола: «Ээнн эгч хамаатан садан биш мөртлөө намайг маш их хайрлаж, чин сэтгэлээсээ санаа тавьж байгааг би ойлгодог байсан. Еховадаа тасралтгүй үйлчлэхэд минь Ээнн эгч их үүрэг гүйцэтгэсэн» гэж ярьсан юм. Одоо Поола ээжтэйгээ хамт нэг хуралд дахин үйлчилж байгаадаа баяртай байдаг гэнэ. Ээнн ч бас Поолад Еховагийн үйлчлэгч болоход нь тусалсандаа сэтгэл өег явдаг ажээ.
14. Бусдыг тайвшруулах нь ямар ач тустай вэ?
14 Хүн бусдад санаа тавихын хэрээр өөрийнхөө зовлонг мартдаг. Нөхөртэй эмэгтэйчүүд ч, ганц бие эмэгтэйчүүд ч сайн мэдээг дэлгэрүүлдгээ Бурхантай хамтран ажиллаж байгаа хэрэг гэж мэддэг учраас баяр хөөртэй байдаг. Тэдний зорилго бол Бурхнаа магтан алдаршуулж хүсэл тааллыг нь биелүүлэх юм. Зарим нь бүр, дэлгэрүүлэх ажлыг сэтгэл сэргээх зүйл гэж үздэг. Бид бүгдээрээ хэсгийнхээ хүмүүст ч, хурлынхаа гишүүдэд ч санаа тавьж чадна. Тэгвэл хурлынхантайгаа улам дотносно (Флп. 2:4). Элч Паул энэ талаар сайхан жишээ үзүүлжээ. Тэрээр Тесалоникийн хурлынханд «хүүхдүүдээ асран байгаа эх хүн мэт» байсан. Бас «Эцэг хүн өөрийн хүүхдэдээ ямар байдаг шиг», тийм байсан тухайгаа бичжээ (1 Тесалоник 2:7, 11, 12-ыг уншина).
ГЭР БҮЛ БА ТАЙВШРАЛ
15. Хүүхдэд үнэнийг заах гол хүн нь хэн бэ?
15 Хуралдаа байгаа гэр бүлүүдийг тайвшруулъя, тус дэм болъё гэвэл яах хэрэгтэй вэ? Гэрч болоод удаагүй хүмүүс хүүхэдтэйгээ Библийн хичээл хийх болохоороо бусдаас тусламж хүсдэг. Тэр байтугай туршлагатай Гэрчүүдэд хүүхдээ даатгачихдаг. Библийн зарчмаар бол, хүүхдийг сурган хүмүүжүүлэх гол үүрэг нь эцэг эхэд оногддог (Сур. 23:22; Еф. 6:1–4). Онцгой тохиолдолд бусдаас тусламж авч болно. Гэхдээ хүүхдэдээ үнэнийг заах үүргээсээ чөлөөлөгдөх учиргүй. Үр хүүхэдтэйгээ байнга ярилцаж, санаа бодлыг нь сонсож мэдэх нь амин чухал.
16. Хүүхдэд туслахдаа юуг санах хэрэгтэй вэ?
16 Итгэл нэгтэн тань танаар хүүхдэдээ Библийн хичээл заалгахыг хүсжээ. Эсвэл үнэнийг сонирхдоггүй эцэг эхтэй хүүхдэд та хичээл заахаар боллоо гэж бодъё. Тэгвэл юу анхаарах хэрэгтэй вэ? Та тэр хүүхдэд үнэнийг ойлгоход нь туслах гэж байгаагаас бус, эцэг эх нь болсон гэсэн үг биш гэдгийг санаарай. Хичээлийг гэрт нь хийхээр бол эцэг эхийг нь эсвэл төлөвшсөн Гэрчийг байхад хийгээрэй. Харин хоёулхнаа хийхээр бол олон нийтийн газар очсон нь дээр. Ийнхүү ухаалаг байвал бусдад буруу сэтгэгдэл төрүүлэхгүй. Яваандаа эцэг эх нь хүүхдэдээ Еховагийн тухай заадаг болж болох юм.
17. Хүүхдүүд гэрийнхнийхээ сэтгэлийг хэрхэн «амраадаг» вэ?
17 Хүүхэд нь жинхэнэ Бурхныг хайрлаж, заавар зөвлөгөөг нь дагадаг бол эцэг эхийнх нь сэтгэл амар байдаг. Тийм хүүхдүүд эцэг эхээ хүндэлж, тус дэм болохыг хичээдэг. Бас Еховад үнэнч үйлчилдэг учраас гэрийнхэн нь урамшин зоригждог. Сетийн удмын Ламех гэдэг хүн Еховаг шүтдэг байжээ. Тэрээр хүү Ноагаа төрөхөд нь «ЭЗЭНий хараасан газар шороог хагалах хүнд хүчир ажил болон гарын маань хүнд хөдөлмөрөөс энэ хүү биднийг амраана» гэжээ. Үерийн дараа Ехова: «Газрыг дахин хэзээ ч хараахгүй» хэмээн амласан. Ийнхүү Ламехийн зөгнөл биелжээ (Эх. 5:29; 8:21). Орчин үед ч бас үнэний замаар явдаг хүүхдүүд гэрийнхнийхээ сэтгэлийг «амраадаг». Одоогийн зовлонгоо тэвчихэд нь, ирээдүйд болох аймшигт үйл явдлыг эсэн мэнд давж гарахад нь тэд гэрийнхэндээ тусална.
18. Бид яагаад аливаа зовлонг даван туулах урам зоригтой болдог вэ?
18 Бурхны орчин үеийн үйлчлэгчид залбирч, Библийн жишээг эргэцүүлэн бодож, итгэл нэгтнүүдтэйгээ ойр дотно байдаг учраас хэцүү бэрх цагт тайвширч чаддаг (Дуулал 145:18, 19-ийг уншина). Ехова биднийг тайвшруулахад хэзээд бэлэн байдгийг бодохлоор ямар ч зовлонг даван туулах урам зоригтой болдог.